УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ? Д.Гантуяа

A- A A+
УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ? Д.Гантуяа

Д.Гантуяа
(Сэтгүүлч)

Парламентын 76 гишүүд дундаас сонгогдсон Ёс зүйн дэд хороо нь ийм эрх эдэлж болох уу. Хэрвээ тийм бол Ёс зүйн дэд хорооны гишүүдийг парламент өөрөө биш, харин сонгогч олон нийтээс санал авч тэд хүлээн зөвшөөрсөн байх ёстой  биш биз гэсэн асуултыг иргэн Ш.Батцэцэг Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумаас 2004 оны гуравдугаар сарын 24-нд зохион байгуулсан, УИХ-ын гишүүний ёс зүйн болон Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслүүдийг хэлэлцэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр тавьсан нь олон чухал асуудлыг өдөөлөө. Төв аймгийн Зуун мод суманд болсон энэ уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Алтай, УИХ-ын гишүүн Д.Төртогтох нар оролцов. Яг энэ сэдвээр Нээлттэй Нийгэм Форум өнгөрсөн оны 11дүгээр сард Улаанбаатар хотод уулзалт ярилцлага зохиосон бөгөөд энэ бол тус форумын хөдөө орон нутагт зохион байгуулсан анхны уулзалт юм.

УИХ-ын ажлын хэсгийнхний үзэж байгаагаар, энэхүү дүрмийн төсөл нь парламентын гишүүдийн зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа баримтлах ёстой  ёс зүйн нийтлэг хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, Монголын парламентчид албаны хүрээнд биеэ хэрхэн авч явах байдлыг энэ дүрмээр зохицуулах агаад бусад хүрээний асуудал энд хамаарахгүй. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн албан үүргээ гүйцэтгээгүй үедээ согтуугаар машин жолоодсон байлаа гэхэд үүнийг ёс зүйн дүрмээр биш, бусад хуулиар, тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ажээ.

Харин УИХ-ын гишүүн нь ёс зүйн алдаа гаргасан талаархи мэдээллийг иргэд, сонгогчид, хэвлэл мэдээлийн хэрэгслүүд, гишүүд дотроосоо хүсэлт болгон гаргасан нөхцөлд л Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх юм. Тэрчлэн ямар түвшний асуудлыг Дэд хороо, Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхийг нарийвчилан тогтооно. Хамгийн дээд арга хэмжээ нь гишүүнээс нь эгүүлэн татах явдал гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байна. Тэгэхээр сонгогчдын зүгээс өөрийн сонгосон гишүүнээ албаа хашиж байхдаа ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзвэл эгүүлэн татах хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдэх бололтой. Одоогийн УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь өөрийн үйл ажиллагаандаа баримтлах дүрэмгүй байгаа нь гишүүдтэй холбоотой янз бүрийн санал хүсэлтийг авч хэлэлцэхэд хүндрэлтэй, бараг боломжгүй болгож  байгааг уулзалтад оролцсон эрхэм гишүүд үндсэндээ хүлээн зөвшөөрөв.

Тойргийн сонгогчид нь өөрсдийгөө төлөөлүүлэх, эрх ашгаа хамгаалуулах гэж л УИХ-ын гишүүдийг сонгосон байлтай. Гэтэл тойргийнхоо төлөө ямар нэг зүйл хийхээр санал болгох бүрт  нь гишүүдийг “жалга довын үзэлтэн” гэдэг болжээ хэмээн өндөр настан Доржготов хэлээд энэ талаар тайлбарлахыг хүссэн бол сонгогдсон тойргоо хамгаалаад алдаа гаргавал яах вэ гэж зарим оролцогч бас сонирхож байлаа. Ер нь орон нутгийн сонгогчдын хувьд нэлээдгүй чухал энэ  асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Төртогтох хариулахдаа, төсөв хэлэлцэх үеэр энэ нь их хурцаар илэрдэг, харин үүнийг нь зөвхөн тойргийн эрх ашгийг хамгаалж байна гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ бол чөлөөтэй асуудал, эрх нь ч гишүүдэд байгаа гэж тайлбарлав. 

УИХ-ын гишүүн нь хууль тогтоогчийн хувьд ард түмний нийтлэг эрх ашгийг урьтал болгох ёстой. Сонгогдсон тойргоо ч хамгаална, ингэлээ гээд түүнтэй хариуцлага тооцох учиргүй. Гэхдээ тойрогт нь хохиролтой ч нийт улс орны эрх ашиг, хөгжилд хэрэгтэй сонголтын өмнө тулж ирвэл яах вэ гэдэгт эрх зүйн нарийн зохицуулалт хэрэгтэй гэж УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөлд хөндлөнгийн шүүмж хийсэн шинжээчдийн багийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн багш Х.Тэмүүжин үзэж байна. Түүний тайлбарласнаар, УИХ-ын гишүүн ард түмнээс парламентад суух эрхийг олж, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа тул тэр хэмжээгээрээ хууль тогтоогчийн хувьд өөртөө хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгодог. Тиймээс улс төрчийн нэр хүнд, ард түмний итгэл гэдэг хамаарлаараа тэрбээр өөрөө өөртөө хүсч, даган баримтлах ёстой болж буй тэр хэм хэмжээ бол УИХ-ын гишүүний ёс зүйн үндэс байх ёстой ажээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг боловсруулахдаа анхандаа төрийн өндөр алба хашиж буй 200 орчим хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбон үзэж байсан бол эхний уулзалтын үеэр гаргасан мэргэжлийн шинжээчдийн санал дүгнэлтэд үндэслэн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал өөрсдөө тус тусдаа дүрмээ боловсруулж батлуулахаар зарчмын өөрчлөлт оруулсан аж. Энэ дагуу УИХ-ын ажлын хэсэг Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн төслийг боловсруулж 2004 оны гуравдугаар сарын 18 –нд Засгийн газарт болон Төрийн албаны зөвлөлд санал авахаар хүргүүлсэн байна.  Төрийн албан хаагчийн ёс зүйг зохицуулах асуудал нь тухайн улс орны үндэсний уламжлал, соёл, зан заншил, эрх зүйн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Жишээлэхэд Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудад төрийн албан хаагчийн ёс зүйг нэлээд ерөнхий байдлаар томъёолсон байдаг бол Герман-Ромын эрх зүйн систэмтэй улсуудад аль болох нарийвчилсан байдлаар эрх зүйн актуудад тусгасан байдаг ажээ. Иймд өөрийн орны эрх зүйн тогтолцооны онцлогийг харгалзахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэх соёл тааруухан өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүний болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэмд аль болох тодорхой заалт буюу хэмжүүр, шалгуурыг хэрэгжүүлэх арга механизмын хамт суулгаж өгөхийг шинжээчид чухалчилж байна. 

Монголын төрийн хөгжил, парламент доторхи улс төрийн соёлыг зөв төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг нөлөөтэй энэхүү дүрмийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах эсэх талаар Д.Алтай хариулахдаа, Их Хурлын гишүүд өөрсдийнхөө үйл ажиллагааг хязгаарлах нь гэдэг үүднээс тун болгоомжтой ханддаг тул Байнгын хороо болон намын бүлэг дээр лобби хийж байгаа гэж мэдэгдлээ. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганаар Авилгын эсрэг хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ дүрмийн төслийг авч хэлэлцэх найдвар бас байгаа бололтой. Юутай ч 1995 оноос эхлэн яригдсан энэ асуудал шинэ парламент сонгогдтол  нээлттэй хэвээр үлдэх төлөвтэй.