Эрчим хүчний ”тариф” нэмэх шаардлагатай юу ?

A- A A+
Эрчим хүчний ”тариф” нэмэх шаардлагатай юу ?

Аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн цахилгаан дулааны хэрэглээний тариф хоорондоо бараг ялгаагүй шахам байсныг  2008 оны 1 дүгээр сарын 29 ний өдрийн тогтоолоор өөрчилж, тарифын бүтцийг боловсронгуй болгож, тоо төрлийг нь нэмжээ.
     Өнөөдөр манай улсад цахилгааны нийт 12 төрлийн, дулааны 4 төрлийн  тариф мөрдөж байна. Тодруулбал, энергийн энгийн тариф; айл өрхийн цагийн ялгавартай тариф, эмзэг бүлгийн тариф; үйлдвэр, аж ахуйн нэгжийн цагийн ялгавартай тариф; нийтийн зориулалттай зам, талбайн гэрэлтүүлгийн цагийн ялгавартай тариф; тоолуургүй нөхцөлд залгуур,  гэрлийн шилний тоогоор тооцох задгай тариф; тоолуургүй нөхцөлд цахилгаан хэрэгслийн үндсэн төлбөр болон гэрлийн шилний тоогоор тооцох тариф; тоолуургүй нөхцөлд сарын дундаж хэрэглээг батлагаажуулан төлбөр тооцох тариф; цахилгаан тээврийн тариф мөрддөг.
     Эрчим хүчний тухай хуульд зааснаар үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ зэргийг Эрчим хүчний зохицуулах газраас баталж, нийтлүүлээгүй бол ”үнэ” гэсэн ойлголтоор, харин уг газраас тус тусад нь буюу эдгээрийн аль нэгийг багтаан баталж, эрчим хүчний хэрэглэгчдэд мөрдүүлэхээр нийтэлж, нийтийн хүртээл болгосон бол ”тариф” гэсэн ойлголтоор тус тус хэрэглэдэг байна. Тарифуудыг нэг бүрчлэн тайлбарлахад сонины томоохон зай талбай шаардлагатай тул гол тарифуудын талаар товчхон өгүүлье.      
    Манай улсын бүх бүс нутагт  хамгийн өргөн хэрэглэгдэж буй нь энгийн тоолууртай тариф юм. Энэ тарифын квт/цаг нь 68 төгрөг юм. Харин айл өрхөд нэг цаг квт нь хэрэглээнээсээ шалтгаалаад гэр хороололд 50-66 төгрөг, орон сууцанд 60-68 төгрөг байна. Айл өрхийн хэрэглээний цахилгаан нь хүчдэлийн олон түвшинг дамжиж, бусад хэрэглэгчидтэй харьцуулахад их зардал гарган хэрэглэгчдэд хүрдэг тул бодит зардал нь өндөр байдаг ажээ. Иймээс ахуйн хэрэглээний цахилгааны тариф нь үйлдвэрлэлийн хэрэглээнийхээс өндөр тогтоогдох ёстой байдаг гэнэ. Харин манай улсын хувьд ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг удаан хугацааны туршид үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын үнээс доогуур тогтоон мөрдөж байв.
    Айл өрхөд мөрдөх цагийн ялгаварт тариф.  Цагийн ялгавартай гэж өдрийн хэрэглээ, оройн хэрэглээ, шөнийн хэрэглээнд харилцан адилгүй төлбөр тооцохыг хэлдэг. Айл өрхөд мөрдөх цагийн ялгаварт тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгжийн адил гурван шатлалтайгаар 2002 оныг дуустал мөрджээ. Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөл 2002 оны  арван хоёрдугаар сард энэ тарифыг өөрчлөн 2 шатлалтай болгохоор шийдсэн байна. Үүний дагуу, хэрэв айл өрхүүд цахилгааны тоолуураа сольж цагийн ялгавартай тоолуур тавиулбал  өдрийн хэрэглээндээ 68 төгрөг төлөх ба энэ нь 06-21 цаг хүртэл үргэлжилнэ. Харин 21-06 цаг хүртэл үргэлжлэх орой, шөнийн хэрэглээндээ 34 төгрөг төлнө. Энэ тариф нь цагийн ялгавартай тоолуур тавиулсан айл өрхөд өдөржин, шөнөжин ажиллладаг хөргөгч, хөлдөөгч зэрэг цахилгаан хэрэглэлийнхээ төлбөрийг хэмнэх боломж олгодог.        
     Эмзэг бүлгийн тариф. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хамгийн наад захын хэрэглээний цахилгааныг тэдний төлбөрийн чадварт тохируулсан боломжит үнээр борлуулахад олон орны засгийн газар болон зохицуулагчид онцгой анхаарал хандуулдаг. ”Бага орлоготой өрхийн цахилгааны хэрэглээнд татаас өгөх нь зүйтэй” гэсэн ерөнхий зарчим баримталдаг байна. Эрчим хүчний зохицуулах газар 2005 оны дөрөвдүгээр сарын 1 нээс эхлэн эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан үнэ тарифыг хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан юм. Энэхүү тариф нь нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ахуйн хэрэглэгчдийг үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах зорилготой ба  бүсийн ялгавартайгаар  тогтоож хэрэглээний суурь үнээс 20 хувиар хямдруулсан байдаг.               
    Үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын цагийн ялгавартай 3 шатлалт тариф. Үүний дагуу 06.00-17.00 цаг  хүртэл үргэлжлэх өдрийн хэрэглээндээ кв/тц нь 68 төгрөг, оройн хэрэглээндээ буюу 17.00-22.00 цагийн хооронд 114 төгрөг 40 мөнгө, шөнийн хэрэглээндээ буюу 22.00-06.00 цагийн хооронд 39 төгрөг төлнө.     
    Тоолуургүй нөхцөлд мөрдөх тариф. Айл өрх тоолуургүй нөхцөлд мөрдөх 3 төрлийн үнэ тариф мөрдөж байна. Үүнд: айл өрхийн сарын дундаж хэрэглээнд үндэслэн залгуур, гэрлийн шилний тоогоор тооцох, гэрлийн шилний тоогоор тооцох, сарын дундаж хэрэглээг тогтоон төлбөрийг тооцох гэсэн гурван тариф орно.    
    Дулааны тарифын дизайн. Айл өрх, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын халаалт, халуун усны төлбөрийг хэмжүүрээр, эзлэхүүнээр, талбайгаар хүний тоогоор тус тус тооцож байна.  Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ тарифыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Даланзадгад болон Налайх, Багануур дүүргүүдэд ялгавартай тогтоожээ.  
    Эрчим хүчний тарифыг социализмын үеэс өнөөг хүртэл бодит өртгөөс нь доогуур тогтоосоор ирсэн тул өртөг зардлаа нөхдөг хэмжээнд хүргэх асуудал тулгамдсан зорилт болоод байгаа ажээ. Олон нийтэд зөвөөр тайлбарлан таниулах ажил хийгддэггүй байснаас тариф нэмэх асуудал эмзэг сэдэв болон хувирч улс төрийн нөлөөллөөс байнгын хамааралтай явсаар өнөөг хүрсэн байна. Чухам улс төрийн шалтгаанаар эрчим хүчний үнэ тариф нэмэхийг Засгийн газраас зарим үед бүрмөсөн хориглож байв. Тухайлбал 2004 онд УИХ-ын сонгуультай холбогдуулан тариф нэмэхийг хоригложээ. Гэвч салбарын байдал улам хүндрэхийн хэрээр бага зэрэг нэмэхийг 2005, 2007 онуудад зөвшөөрчээ. Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 15 нд тариф нэмснээр одоо төвийн эрчим хүчний цахилгааны тариф ангийн тоолууртай нөхцөлд нэг квт/цаг нь 68 төгрөг, баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгааны тариф квт/цаг нь 90 төгрөг болсон юм. Азийн 14 орны цахилгааны тарифыг харьцуулж үзэхэд манай цахилгааны тариф хямдаараа гуравт ордог байна.     
    Өнөөдөр эрчим хүчний үнэ тарифыг зөвхөн тодорхой хувиар бус бүр илүү ихээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг. Манайд ажиллаж буй олон улсын хөндлөнгийн шинжээчид цахилгааны квт/цагийн тариф наад зах нь 114 төгрөг байвал эрчим хүчний үйлдвэрлэл өртөг зардлаа нөхөх хэмжээнд хүрнэ гэж тооцоолсон байдаг.  Өнөөдөр мөрдөж буй тариф нь өртөг зардлынхаа дөнгөж 60 хувийг нөхдөг гэсэн тооцоо бий.
     Засгийн газар цахилгааны тариф нэмж батлахыг Эрчим хүчний зохицуулах газарт зөвшөөрлөө гэхэд хэрэглэгчид ийм шийдвэрийг таагүй хүлээн авч болзошгүй. Учир нь үүнийг дагаад хэрэглэгчдийн зөвхөн гэрлийн мөнгөний хэмжээ төдийгүй бусад бүх бараа үйлчилгээний үнэ өсөж мэднэ. Дээр нь өмнөх төлбөрөө хийгээгүй айл өрх, байгууллага нэмсэн тарифын дагуу төлбөр хийж чадах уу? гэсэн асуулт гарна.
     Нөгөө талаас, хэрэв цахилгааны тарифыг зардлаа нөхдөг болгож нэмэгдүүлэхгүй бол эрчим хүчний салбарын хэвийн ажиллагаа улам алдагдаж, олон хавар нэгэндээ гэдгээр энэ өвөл цахилгаан, дулааны хангамж доголдож эдийн засагт их хэмжээний хохирол учирч мэдэхээр байна. Хэрэглэгчид гар утас, машин унаа гэх мэт орчин үеийн техник технологи өргөн хэрэглэж үүндээ багагүй төлбөрийг гар татахгүй хийдэг болсон цаг. Ийм байтлаа хамгийн эн тэргүүний, амин чухал хэрэглээ болсон гэрэл, цахилгаандаа хямд үнэ төлсөөр эцэст нь хуучны  ЗХУ-д үйлдвэрлэсэн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдтэй хэдэн станцуудаа бүрмөсөн эвдэрч зогсохыг үзэж, лаа барихдаа тулж мэдэхээр байна. Нэг хэсэг бараг мартагдах шахсан ”тог тасралт” эргээд ирснийг, ойрхон давтагдах болсныг хэрэглэгчид анзаарсан байх. 
    Харин   тариф нэмлээ гэхэд ядаж л хуучирсан тоног төхөөрөмжиндөө засвар хийчих боломжтой болж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж найдвартай болж гэрэл цахилгаан тасрахгүй, паар хөрөхгүй өвөлжинө, улмаар хэрэглэгчдэд цахилгаан хэмнэдэг зохистой хэрэглээний соёл төлөвшинө гэх мэт сайн талууд байна.

С.Амарсанаа