Авлагаа барагдуулах найдлага байна уу?

A- A A+
Авлагаа барагдуулах найдлага байна уу?
Эрчим хүчний салбарын компаниудын жил бүрийн тайлан баланс дээр борлуулалтын авлага нэртэй олон тэрбумаар хэмжигдэх том тоо зурайж харагддаг. Хамгийн сүүлийн буюу 2009 оны есдүгээр сарын эцсийн тайлан мэдээгээр эрчим хүчний компаниуд нийт хэрэглэгчид болон харилцагчдаасаа 30,6 тэрбум төгрөг авахаар гарчээ. Үүний 80,5 хувь нь борлуулалтын, үлдэх хэсэг нь харилцагчдаас авах бусад авлага байна.
Энэ их авлага үүсч хуримтлагдсан түүх нь социализмын үеийн техникийн хоцрогдол, улсын юмыг санаа зовохгүй хулгайлдаг байсны жишээ болон үлджээ. Тэр үед цахилгааны төлбөрөө төлөлгүй хулгайгаар хэрэглэж болдог байсан тул ялангуяа гэр хорооллын айлууд үүнийг өргөн ашигладаг байв. Техникийн нөхцөл байдал нь цахилгааны хулгайг таслан зогсоох боломжгүй байсан юм. Үүн дээр эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажил цаг алдаж хожуу эхэлсэн, хүн амын 40 шахам хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлоготой, ядуурал ихтэй зэрэг нь бас ийм хэмжээний авлага хуримтлагдахад нөлөөлжээ.
Хэрэглэгчдээс авах борлуулалтын авлагын бүтцийг үзвэл айл өрхөөс авах авлага 12,8 тэрбум төгрөг байгаагийн 10 нь гэр хорооллынхонд, 2,8 нь орон сууцанд суугчдад ногддог байна. Тэгвэл үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс 8,4 тэрбум, худалдаа үйлчилгээний байгууллагуудаас 2 орчим тэрбум, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 1 тэрбум гаруй, төсөвт байгууллагуудаас 500 мянга орчим, бусад гэсэн ангиллын хэрэглэгчдээс 6 орчим тэрбум төгрөгийн авлагатай гэсэн дүн гарчээ.
Цахилгаан түгээх шугамын тэрхүү ”техникийн бус алдагдал” болон техникийн алдагдлыг бууруулах, борлуулалтын орлого цуглуулалтыг сайжруулах, цахилгаан түгээлтийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор нийслэлд болон 9 аймагт 2001 оноос эхлэн ”Эрчим хүч” төслийг Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр 9 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Ирэх арван хоёрдугаар сард хугацаа нь дуусах уг төслийн хүрээнд гэр хорооллын хэрэглэгчдэд нарийвчлал сайтай, нууцлалын зэрэглэл өндөртэй, компанийн өмчлөлийн электрон тоолуур тавьж, шугамын хуучин утсуудыг бүрэлттэй шинэ кабель утсаар солисноор ихээхэн газар аваад байсан цахилгааны хулгай зогсож, төлбөр төлөлт сайжирчээ. Хулгайлах олон аргын нэг нь болох бүрэлтгүй утастай шугаман дээр өөр утас тохоод цахилгаанаа авчихдаг ”хэрэглээ” амархан бөгөөд түгээмэл байсан гэдэг. Харин одоо төлбөрөө хийхгүй бол эхлээд сануулдаг, улмаар 21 хоног өнгөрвөл цахилгаан хэрэглээг нь түдгэлзүүлдэг техникийн нөхцөл боломж бүрдсэн байна.
Уг төслөөр хийгдсэн өөр нэг чухал ажил нь цахилгаан хэрэглэгчдийн бүртгэл мэдээллийн сан юм. Одоо гэрлийн мөнгөө төлөөгүй айл өрх нүүгээд явлаа гэхэд өрийн талаарх мэдээлэл нь түүнийг байнга дагалдах ба төлбөр барагдтал нэхэгдэнэ. Төсөл хэрэгжихээс өмнө цахилгаантай холбоотой бүх үйлчилгээг гэрлийн байцаагчаар дамжуулан хийдэг байсан бол одоо дүүрэг бүрт байгуулсан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд ийм үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлдэг. Жишээлбэл, шинээр хашаа байшин авах гэж буй хүн цахилгааны өртэй эсэхийг нь энэ төвөөс асуугаад мэдэж болно. Техникийн асуудлууд ийнхүү нэгэнт шийдэгдэж байгаа тул одоо борлуулалтын орлого цуглуулалт эрчим хүчний компаниудаас бус хэрэглэгчдийн төлбөрийн чадвараас шалтгаалах болж байна.
Харилцагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах 6 тэрбум төгрөгийн тухайд гэвэл 3 -ыг нь Азийн хөгжлийн банкны зээлээр Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн төслийн төлбөрт орон сууцны компаниудаас авахаар байна.
Эрчим хүчний зохицуулах газар байгуулагдсанаас хойш цахилгаан дулаан түгээх сүлжээнүүдийн авлага барагдуулахад байнгын хяналт тавьж ажилласнаар 2003-2007 оныг дуустал хугацаанд хэрэглэгчдээс авах авлагыг нийт 2,8 тэрбум төгрөгөөр бууруулж байв. Гэвч дэлхийн санхүүгийн хямралын нөлөө Монголд орж ирснээр 2008 оноос хэрэглэгчдийн санхүүгийн чадвар буурч ”Эрдэнэт” ХХК мэтийн томоохон хэрэглэгч цахилгааны төлбөрөө бүрэн барагдуулаагүйн улмаас 7,5 тэрбум төгрөгийн авлага нэмэгдэж өнөөгийн хэмжээнд хүрчээ. ”Эрдэнэт” ХХК сард дунджаар 4,5-5,0 тэрбум төгрөгийн цахилгаан ашигладаг, 2008 оноос өмнөх таван жилийн туршид сардаа багтаан хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлдөг байжээ. Зэсийн үнэ буурсны улмаас ”Эрдэнэт” ХХК 2008 оноос эхлэн цахилгааны урьдчилсан төлбөрт 1,3 тэрбум төгрөг сардаа төлөөд үлдэгдэл 3,2 тэрбум төгрөгийг дараа сарын 10 ны дотор төлөхөөр хойшуулж байгаа нь авлага нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Энэ байдал 2009 онд үргэлжилснээр 2009 оны эхний хагас жилийн дүнгээр хэрэглэгчдийн авлагыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Хэрэв гадаад зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаатай холбогдуулан ”Эрдэнэт” ХХК –ийн эрчим хүчний төлбөрийг урьдын адил тухайн сард нь төлүүлж байх талаар харилцан тохиролцоонд хүрвэл энэ авлага 3-4 тэрбум төгрөгөөр буурах аж.
Ийм их авлагатай байж яагаад түүнийгээ цуглуулж авдаггүй юм, эсвэл авлагаа аваад л санхүүгийн хүндрэлээс гарчих юм байна, үнэ тариф нэмэх шалтгаан байгаа юм уу гэх хүмүүс дайралддаг. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэе гэхээр саад болдог гол бэрхшээл нь нийт авлагын 54,8 хувь буюу 14,1 тэрбум төгрөг 2001 оноос өмнө хуримтлагдсан учир эзэн холбогдогч нь тогтоогдохгүй болсон явдал юм. Чухам айл өрхүүд нь нүүн шилжээд алга болчихсон, аж ахуйн нэгж байгууллагууд нь дампуурсан эсвэл татан буугдсан зэрэг шалтгаанаар 9,8 тэрбум төгрөгийн авлагыг цуглуулах найдваргүй гэж үздэг байна. Нийтдээ 2002 оноос өмнөх 15,5 тэрбум төгрөгийн авлага найдваргүйд тооцогддог аж.
Банкны өр барагдуулах алба шиг бусдын өрийг барагдуулах үйлчилгээ үзүүлээд тодорхой хувь авдаг арга байдаг ч нүүж шилжээд алга болчихсон тэр олон хүнээс бага багаар авлага цуглуулах нь ёстой л харганын ноос цуглуулж эсгий хийхээс өөрцгүй. Тэгэхээр ийм ажил хийх байгууллага олдох эсэх нь ихээхэн эргэлзээтэй.
Найдваргүй авлагаа тайлан балансаасаа хасах гэхээр компаниудын төлөөлөн удирдах зөвлөл зөвшөөрдөггүй, хэрэв найдваргүй гээд авлагаа хүчингүй болгоод байвал цаашид төлбөр төлөлтийн байдалд бэрхшээл учирч болох зэрэг бэрхшээл тулгардаг байна. Дээр нь эдгээр найдваргүй авлагыг тайлан балансаас хасчих хууль эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй гэнэ.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төслийн болон Эрчим хүчний зохицуулах газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрчим хүчний компаниудын борлуулалтын орлогын цуглуулалт байнга өссөөр иржээ. 2009 оны байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг 4 компанитай хэрэглэгчдийн авлагыг 15 хувь хүртэл бууруулах, цахилгааны орлого төвлөрүүлэлтийг 105 хувь хүргэх гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, хэрэглэгч харицагчдаасаа авах нийт авлага 30, 6 тэрбум болж оны эхэнд байсан хэмжээнээсээ нэг тэрбумаар буурчээ. Гуравдугаар улирлын тайлан мэдээгээр Улаанбаатарын Цахилгаан түгээх сүлжээ, Багануурын Цахилгаан түгээх сүлжээ зэрэг эрчим хүчний олонхи компани борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, тоон дүнгээрээ өмнөх оны мөн үеэс үлэмж нэмэгдсэн дүн гарчээ.
Гэлээ гээд энэ мөнгөний ихэнх нь нүүрсний өр хэмээх ёроолгүй сав руу орох ба угаасаа эрчим хүчний үнэ тариф нь өртөг зардлаа нөхөх хэмжээнд хүрээгүй тул салбарын үйл ажиллагаа ирэх өвөл доголдолтой хэвээрээ байх төлөвтэй.

С.Амарсанаа