Иргэний Нийгмийн байгууллагуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаж байна

A- A A+
Иргэний Нийгмийн байгууллагуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаж байна

 

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр-2012

Энэхүү хөтөлбөрт бодлогын судалгаа, шинжилгээ хийх хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагууд хамрагдах боломжтой.

Бодлогын судалгааны зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг судалж, түүнийг шийдвэрлэх оновчтой хувилбар боловсруулан, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад оршино. Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран 5-8 сар байх ба Нээлттэй Нийгэм Форум нь хөтөлбөрийн хүрээнд аргазүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 

Хөтөлбөрийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Сонирхсон байгууллагуудын өргөдлийг үндэслэн эхний шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан байгууллагууд дараагийн шатанд бодлогын судалгааны нарийвчилсан төсөл боловсруулж ирүүлэх шаардлагатай юм. Сонирхлоо илэрхийлэх өргөдөл нь хоёр хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байх бөгөөд дор дурдсан агуулгатай байна:  

  1. Сонгож авсан бодлогын асуудлын томъёолол
  2. Энэхүү судалгаа нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа, цаашдын зорилготой уялдсан байдал
  3. Байгууллагыг төлөөлөн судалгаа хийх судлаач/ судалгааны багийн товч танилцуулга

Шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл хавсарган ирүүлж болно. 
Хөтөлбөрийн цахим шуудангийн хаяг: [email protected] 

 

 

 

Нийтийн Эрх Ашгийг Шүүхэд Нэхэмжлэн Хамгаалах Тэтгэлэгт Хөтөлбөр
Тэтгэлэгт хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх; нийтийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалт; эрдэс баялгийн салбарт мэдээллийн ил тод байдлыг хангах гэх мэт нийтийн эрх ашгийн тулгамдсан асуудлаар тодорхой кэйс сонгон шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад нөлөөллийн цогц үйл ажиллагаагаар дамжуулан тодорхой хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн хэрэглээнд жишиг бий болгох, нийтийн үйлчилгээний байгууллагуудын хандлагыг өөрчлөхийг хүссэн иргэний нийгмийн байгууллагууд дангаар болон эвсэл, сүлжээ хэлбэрээр оролцох боломжтой.  
Сонирхсон иргэний нийгмийн байгууллагууд эхний шатанд дангаар болон хамтран өөрсдийн оролцох сонирхлыг илэрхийлсэн өргөдлийг 3 хуудаст багтаан боловсруулж ирүүлэх шаардлагатай. Өргөдөлд  дараах мэдээллийг багтаана уу:

  1. Байгууллагын  товч танилцуулга, байгууллагын  нийтийн эрх ашгийн шүүхэд нэхэмжлэх чадавхи болон тухайн асуудлаарх мэдлэг, туршлага
  1. Асуудлын танилцуулга (тодорхой асуудлыг сонгосон шалтгаан, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн эсэх, асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж, үр дүнд бий болох бодлого, чиг хандлагын өөрчлөлт зэрэг). 

Сонгон авсан асуудалдтай холбоотой нэмэлт мэдээлэл, фото зураг, баримт бичгийн хуулбар зэргийг хавсарган ирүүлж болно.  
Хөтөлбөрийн цахим шуудангийн хаяг: [email protected]

Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа: 2012 оны 6-р сарын 25-ны Даваа гаригийн 16:00 цаг

Өргөдлөө ННФ-ын байранд биеэр болон шуудангаар хүргэж болохоос гадна хөтөлбөрийн цахим шуудангийн хаягаар ирүүлж болно. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн өдөрт багтаж ННФ-д хүрсэн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй бөгөөд ганцаарчилсан зөвөлгөө өгөх, утас, цахим шуудангаар нэмэлт мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй тул хүлцэл өчье.