Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ

A- A A+
Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ

Сонгуульд нэр дэвшихийн тулд нам, эвслээсээ эрхээ авах, сонгогчдод мэдээлэл хүргэх зорилгоор сурталчилгаа хийх, шадар туслагчид, ухуулагчдыг хөлслөх, сум багуудаар тойрох бензин унаа гээд маш их зардал гардаг.  Сонгуулийн хуулиар нэр дэвшигчид нэг хувь хүмүүсээс 1 сая төгрөг, нэг байгууллага, компаниас 3 сая төгрөгнөөс илүү хандив авахыг хориглосон билээ. Хандивыг зөвхөн тусгай дансаар төвлөрүүлэн ашиглах ёстой. Мөн гадаадын байгууллага, хувь хүн, олон улсын байгууллага, төрийн, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, өртэй байгууллага, төрийн бус байгууллага, байгууллагдаад нэг жил болоогүй байгууллагуудаас ямарваа хэлбэрээр хандив, тусламж авахыг бүрэн хориглосон. Заасан хэмжээ болон зөрчилтэй хандивыг улсын орлого болгоно.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойргийн сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан тогтоожээ. Нэг нэр дэвшигч нэр тойрогт 154,8 саяас 1133,8 сая хүртэл төгрөг, нэг нам, эвслээс тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг  9063,7 сая төгрөгөөр тус тус тогтоосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gec.gov.mn/details/205 үзнэ үү.

Сонгуулийн зардлыг хэтрүүлсэн нам эвслийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлж, харин нэр дэвшигчийг 10-15 дахин нэмэгдүүлсэн төгрөгний торгууль хүлээлгэнэ.Дансанд төвлөрсөн хандивыг нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, сонгуульд ажиллагсдын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Буруу зарцуулсан нөхцөлд мөнгөн торгуулийн болон нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авагдахаар заажээ.