Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, УИХ болон НИТХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хандан сонгуулийн үеэр ажиллах зөвлөмж гаргаснаа мэдэгдсэн байна.
Зөвлөмжид, мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах, төлбөртэй болон захиалгатай мэдээ мэдээллийг “Төлбөртэй”, “Захиалгатай” хэмээн тодотгох, ямарваа хурц зөрчилтэй үйл явдлын халуун цэгээс мэдээ сурвалжлага дамжуулахдаа үйл явдлыг бодитой, шуурхай мэдээлэхээс гадна таагүй үр дагавар, аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөлд иргэдийг анхааруулж сэрэмжлүүлэх, нийгмийн аюулгүй байдлын төлөө санаа тавих, мэргэжлийн эрх нь зөрчигдвөл нэн даруй МСЭ-д хандан эрхээ хамгаалуулах, ямар нэгэн дарамт сүрдүүлэгт өртвөл МСЭ болон хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч бусад байгууллагуудад нэн даруй хандах гэх мэт асуудлыг тусгажээ.