Өнгөрсөн долоо хоногийн дундуур МАН-аас хэвлэлийн бага хурал хийлгэж, АН жагсаалтаар нэр дэвшигчдийнхээ байрыг сольж Р.Гончигдорж гишүүнийг урагшлуулсан талаар мэдээлэн хууль зөрчсөн байна хэмээн мэдэгдсэн юм.
Р.Гончигдорж гишүүн энэ асуудлаар СЕХ-нд хандан хүсэлт гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ “УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч, тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь 2012 оны зургадугаар сарын 14 ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж намайг болон Ардчилсан намыг гүтгэн доромжилсон утга бүхий худал мэдээллийг санаатайгаар цацсан тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч хуулийн дагуу шийдэж өгнө үү. Я.Содбаатар нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35,24-т дурдсан шаардлагын дагуу өөрийн бэлтгэн хийсэн энэхүү хэвлэлийн бага хурлынхаа мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.
Ардчилсан намын ҮЗХ-ны 2012 оны тавдугаар сарын 24-ний хуралдаанаас би ҮЗХ-ний гишүүдийн 80,6 хувийн саналыг авч энэ дүнгээрээ жагсаалтын есдүгээрт нэр дэвшихээр бичигдсэн нь СЕХ-нд АН-аас нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр албан ёсоор хүргүүлсэн ҮЗХ-ний 2012 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор нотлогдоно. Тиймээс Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж миний бие Я.Содбаатарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.4, 35.24 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул мөн зүйлийн 35.35-д заасны дагуу МАН-аас УИХ-д нэр дэвшигч Я.Содбаатарыг нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч СЕХ-нд хандан гомдол гаргаж байна” гэжээ.