НИТХ-д АН-аас нэр дэвшигчдээс Д.Жаргалсайханы долоон асуултад хариулах нь

A- A A+
НИТХ-д АН-аас нэр дэвшигчдээс Д.Жаргалсайханы долоон асуултад хариулах нь

Иргэн Д.Жаргалсайханаас “Хотод төрж, өссөн иргэний хувьд асуух зүйл байна” гэж байгаад нийт нэр дэвшигчдэд хандсан 7 асуултанд АН-ын Э.Бат-Үүл тэргүүтэй манай баг хариулж байна. Асуулт урьд нийтлэгдсэн учир зай хэмнээд хариултаа толилуулав.

1. НИТХ-д АН олонхи болох юм бол МАН-ы 22 жил үргэлжлүүлсэн үр ашиггүй удирдлагын уламжлалыг таслан зогсооно. Биднээс өмнө төлөөлөгч байсан бараг бүх хүн хотын газар, нийтийн хөрөнгөнөөс ямар нэг хэлбэрээр, их бага хэмжээгээр завшсан гэдэгтэй санал нийлж байна. Хамгийн сүүлчийн тод жишээ бол БЗД-ийн засаг дарга Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Т.Насанхүү нар 3000 айлын хашааны газрыг хуйвалдаж авсан явдал байлаа. Бид ийм хууль бус үйлдлийг зогсооно

2. Нийслэл хотыг ямар ч төлөвлөгөөгүй, менежментгүйгээр намаас томилогдсон хотын даргыг тойрсон бүлэглэл удирдаж бүгд харж байгаа. Хотоос төрсөн тэрбумтнууд утаа, түгжрэлээс дүрвэн, уулын амуудаар нууцлаг амьдрах болсныг бид буруушаадаг. Бид энэ байдлыг шууд ардчилал, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор өөрчлөнө.

3. Улаанбаатарын чөлөөтэй газрууд дууссан. Одоо иргэдийн хашааг булааж барилгын компаниудад зарах арга сэдэж байна. Тийм ч учраас бид хашаагаа битгий зар, бид дэд бүтэцжүүлээд өгнө. Амины сууцтай болох, дундын орон сууцтай болох эсэхээ өөрсдөө шийд гээд байгаа юм. Ямар ч байсан дарга нарт бус иргэдэд хожоотой тусна. Орон сууцжуулсан газруудыг хэнд, хэний шийдвэрээр, ямар үнээр зарсан тайланг заавал гаргуулна. Татвар болон бусад тооцоог шалгуулна. Хэрэг хуучрахгүй.

4. Барьж байгаа орон сууцнуудын цаад эзэд нь хот, дүүргийн түвшний хэлтэс, газрын дарга, тэдний хамсаатнууд байгаа гэх таны мэдээллийг анхааралдаа авлаа. Бид НИТХ-д ялбал тэдний  нэрсийг нь зарлаж, хариуцлага ногдуулнаа.

5. “Улаанбаатар” нэртэй сан, даатгал, банкны хувь заяаг бид бүрэн эрх мэдэл авч байж л шалгах, тодруулах боломжтой болно. Тийм учраас үнэнийг тогтоохыг хүсч байгаа иргэн бүхэн биднийг дэмжиж олуулаа болгоорой.

6. Хотын даргаа иргэд өөрсдөө сонгоход юу нь болохгүй байгаа юм бэ? гэдэг таны асуулт бол нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчлөх, тусгайлсан хууль, зохицуулалт хийхээс нааш шийдэгдэхгүй зүйл. Хэрвээ Ардчилсан нам УИХ, НИТХ аль алинд нь олонхи болбол үүнийг нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх болно. Авлигын сүлжээний эздийг бид л ил гаргаж байгаа шүү дээ. Ардчилсан нам төр засагт олонхи болбол Монгол орон авлигын намгаас гарна гэдэгт бид төдийгүй нийт сонгогчид итгэдэг.

7. Хотын газар, хөрөнгийг зувчуулан асар их хөрөнгөтэй болсон, түүнийгээ хууль ёсны болгох гэж улайран зүтгэж байгаа этгээдүүдээс бид хэзээ айж байгаагүй. Харин ч тэдэнтэй хариуцлага тооцож, иргэдийн алдсан хөрөнгийг эргүүлэн төлүүлж, Хотын хөгжлийн сан бий болгох гэж л бид сонгуульд өрсөлдөж байна.

Хотын сонгууль Та бидний амьдралд Их Хурлын сонгуулиасаа ойрхон, илүү ач холбогдолтой гэсэн таны үгээр хариултаа төгсгөе. Танд болон тан шиг шудрага сэтгэлтэй хүн бүхэнд биднийг дэмжээрэй. Итгэл өгвөл сэтгэл гарган гэж л хэлэх байна даа.

Нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигчдийн баг.
Бид 45-уулаа.