Нэрсийн жагсаалтад 1.833.478 сонгогч бичигдсэн байна

A- A A+
Нэрсийн жагсаалтад 1.833.478 сонгогч бичигдсэн байна

УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг ажиглахаар есөн орны 30 орчим ажиглагч, сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын 37 сурвалжлагч албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авчээ. Тэдэнд СЕХ-ны дарга Н.Лувсанжав өчигдөр сонгуулийн онцлог, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариулсан байна.

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээлснээр УИХ-ын сонгуулийн 1905 хэсэгт нийт 1.833.478 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн байна.

Сонгуулийг зохион байгуулахаар 26 тойргийн хороонд 278 төрийн албан хаагч, 333 салбар хороодод 2149 төрийн албан хаагч, 1905 хэсгийн хороод 13122 төрийн албан хаагч гээд нийтдээ 15549 төрийн албан хаагч ажиллаж байна. Автоматжуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн технологийн 26 баг буюу 130 гаруй хүн хэсгийн хороо бүрт мэдээллийн технологийн даамлаар, 2625 хүн хэсэг бүрт иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтнаар ажиллана. Нийт хэсгүүдэд сонгогчдын бүртгэл хяналтын 3000 шахам иж бүрдэл техник хэрэгсэл, 2446 санал тоолох машин, саналын хуудсууд бүх хэсэгт хэвлэгдэн хүргэгдсэн. Энэ сарын 23-наас эхлэн нийт хэсгийн хороод дээр хүргэгдсэн санал тоолох машиныг турших, туршигдсан дүнг нэгдсэн серверт дамжуулах туршилт явагдсан.

Сонгуулийн сурталчилгааны ажил энэ сарын 26-наар дуусгавар болно. Одоогийн байдлаар СЕХ энэ сарын 28-ны өдрийн сонгууль авах өдрийн бэлтгэлийг хангаж техник хэрэгсэл, хүн хүч, зохион байгуулалтын бүх арга хэмжээг авсан" гэж Н.Лувсанжав мэдэгджээ. Сонгуулийн урьдчилсан дүн энэ сарын 29-ний үүрээр гарах байх гэсэн тооцоо байгаа бөгөөд СЕХ-ноос 6 дугаар 28-ны өдөр 11, 16, 20 цагт ирцийн мэдээг нэгтгэж нийтэд мэдээлэх аж