СЕХ өчигдөр нэг танхимаа санал авах байрны жишгээр тохижуулж иргэд саналаа хэрхэн өгөх заавар, бас саналын хуудас тоолох машины талаар мэдээлэл, танилцуулгыг биеэр туршин үзүүлжээ.
Юуны өмнө сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж хурууны хээгээ уншуулна. Хуруугаа хээ таних төхөөрөмж дээр тавимагц бүртгэлийн ажилтны компьютер дээр түүний бүх мэдээлэл харагдана. Ингээд мэдээлэл таарч байгаа бол гурван ширхэг тасалбар хэвлэх аж. Нэгийг нь бүртгэлийн ажилтанд, нөгөөг нь саналын хуудас өгсөн ажилтанд өгөөд үлдсэнийг нь сонгогч өөрөө авна. Улмаар саналын хуудсаа авч дэмжсэн нэр дэвшигч болон намын өмнөх дугуйг дүүргэн будаж, саналын хуудас уншуулах машинд хийж уншуулна.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгийн мэдэгдснээр “Нийт 2446 санал тоолох машиныг 1905 хэсгийн хороонд хүргүүлжээ. Эдгээр машиныг нийт дөрвөн удаа шалгасан байгаа. Эхлээд АНУ-ын Dominiong voting компаниас төхөөрөмжийг хүлээж авахад, дараа нь ТЕГ, МХХТГ, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг 2500 машин тус бүрт программ суулгаж, шалгаад гэрчилгээ олгосон. Дараа нь саналын хуудас хэвлэх үйлдвэрийнхэн нэг шалгасан. Хэсгийн хороодод хүргэсний дараа бас нэг шалгасан. Туршилтыг олон удаа хийсэн, өнөөдрийнх сүүлийнх нь болж байна” гэж тэрбээр хэлжээ.