Монгол Улсын зургаа дахь парламентын Анхдугаар чуулган дөнгөж сая боллоо. Тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргаллаа. Чуулганд СЕХ-ны дарга Н.Лувсанжав илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс таван гишүүн асуулт тавьж хариулт авлаа.
Хамгийн эхний асуултыг Ө.Энхтүвшин гишүүн тавив. Тэрбээр “Өвөрхангайн хоёр нэр дэвшигч хэзээ УИХ-д орж ирэх вэ. Шүүхийн шийдвэрийг яг юу гэж ойлгох вэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй байна. Мөн манай намаас таван тойрогт гараар тоолох санал тавьсан. Үүнийг тойрог дээр шийдэх үү, СЕХ шийдэх үү. Мөн санал тооллого хийхдээ хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг хоёр ялгах шийдвэрийг яагаад хийгээгүй вэ. Түүнчлэн Баянхонгор зэрэг зарим тойргийн хороо нэр дэвшигчдийг хууль зөрчсөн шийдвэр гаргасан байсан. Үүнийг яагаад хэлэлцээгүй вэ” гэсэн асуултнуудыг тавив.
Н.Лувсанжав хариулахдаа “ХУД-ийн шүүхийн 950 тоот шийдвэр гарсан байсан. Шүүхийн шийдвэрийг СЕХ үнэлж дүгнэх боломжгүй. Тиймээс энэ асуудлыг тойргийн хороо шийдээд бидэнд ирүүлсний дараагаар бид Ерөнхийлөгчид айлтгахаар болсон. Хоёрдугаарт, саналын хуудсыг дахин гараар тоолох тухай хуульд байхгүй учир бид хуулийн дагуу ажиллаж дахин гараар тоолох боломжгүй юм гэж үзэж байна. Гуравдугаарт, Тойргийн хороо хууль зөрчсөн талаар шийдвэр гаргасан бол холбогдох хуулийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулах ёстой. Тиймээс Баянхонгор аймагт нэр дэвшигчид хууль зөрчсөн талаар шүүхийн шийдвэр бидэнд ирээгүй байна” гэж хариуллаа.
Түүний хариултын дараагаар Ө.Энхтүвшин гишүүн дахин тодруулга авахдаа “дахин гараар тоолох асуудлыг бүх намууд зөвшөөрч байгаа. Санал тоолох машины эргэлзээг арилгах хэрэгтэй ” гэхэд Н.Лувсанжав “бүх зүйл хуулийн дагуу явж байгаа” гэв.
Дараагийн асуултыг Н.Алтанхуяг тавьсан. Тэрбээр “Увс, Орхон аймгуудын нэр дэвшигчийн нэрийг өргөн барихгүй байх шийдвэр гаргасан ч маргааш нь өргөн барихаар болсон байсан. Увс аймгийн нэр дэвшигчдийг мөнгө тарааж байгаа орон даяар гарсан шүү дээ” гэхэд Н.Лувсанжав “бид хууль хяналтын байгууллагын шийдвэрийг л үндэс болгоно. Дээрх аймгуудын нэр дэвшигчдийн асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа” гэлээ.
Д.Лүндээжанцан гишүүн мөн асуухдаа “СЕХ дахин гараар тоолох асуудлыг шийдээд явж болно шүү дээ. Энэ машины эргэлзээг гаргах хэрэгтэй” гэхэд Н.Лувсанжав “гараар тоолох асуудалд би хариулсан. Хуулийн үндэслэл байхгүй байна” хэмээв.
Д.Тэрбишдагва хэлэхдээ “бид их тодорхой асуулт тавихад Н.Лувсанжав дарга бөөрөнхий хариулт өгдөг. Н.Лувсанжав даргатай хариуцлага тооцох хэрэгтэй юм биш үү. Би гурван асуулт асуухаар бэлдсэн ч ийм байдлаар хариулаад байвал асуух хэрэг алга. Нэрээ татлаа ” гэв.
Ч.Сайханбилэг асуухдаа “Увс аймгийн нэр дэвшигчид тухайн аймгийн бараг айл болгоноор ороод мөнгө өгмөөр байна. Манай намын сонгуулийн штаб болооч гэсэн бичлэг орон даяар гарсан. Гэтэл ийм бэлэн баримт байхад СЕХ яагаад анхаарахгүй байна вэ. Энэ бол цаашдаа маш буруу жишиг тогтох алхам болно” гэхэд Н.Лувсанжав дарга хариулахдаа “бид шүүхийн шийдвэр гарсан бол ямар нэгэн байдлаар хүндэтгэж үзэх ёстой гэсэн зарчим барьсан” гэлээ.
Асуулт, хариултын дараагаар шинэ парламентын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүний тангарагийг уншиж гишүүд даган хэлсэн юм. Үүний дараагаар шинэ гишүүдийг цагаан толгойн дарааллаар дуудаж улмаар Төрийн далбаанд мэхийн ёслоод Тангарагийн бичигт УИХ-ын гишүүний гарын үсэг зурж, тэмдгээ гардан авлаа.
Монгол Улсын зургаа дахь парламент ажилдаа орлоо
Ийнхүү Монгол улсын зургаа дахь удаагийн парламент албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэх боломжтой болж өмнөх чуулганы гишүүдийн бүрэн эрх дууслаа.