УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдлоо.
Чуулганы танхимд байсан гишүүдээс санал хураалтанд 42 гишүүн дэмжсэн санал өгч 72,4 хувийн саналаар АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдлоо.
Норовын Алтанхуяг нь 1958 оны нэгдүгээр сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1998 онд Монгол улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Монголын Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.
2009 оны аравдугаар сарын 28-нд ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажиллаж байсан.
Гишүүдээс ирсэн асуултанд Н.Алтанхуяг хариулт өгсөн. Тэрээр газрын доорх баялгийг ард иргэддээ өгөх нь зүйтэй гээд харин хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр нухацтай хандах хэрэгтэй гэлээ. Мөн ядуурлыг бууруулахын тулд иргэний орлоготой байлгах тал дээр анхаарч, Хөдөлмөрийн яам байгуулна гэдгээ илэрхийлсэн. Харин МАХН-тай хамтран ажиллах тухайд “АН өнгөрсөн дөрвөн жил МАН-тай хэрхэн ажилласан түүнтэй л адил” гэдэг хариултыг өгч байлаа.
Ингээд та бүхэнд Монгол Улсын үе үеийн ерөнхий сайд нарын товч танилцуулгыг хүргэе.
Өнөөдрийн чуулганыг эхлэхэд МАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгосон үйл явц нь хууль бус байсан тул дахин санал хураалт явуулахыг санал болгосон. Энэ дагуу гишүүдээс санал хураалт явуулсан боловч олонхийн саналаар энэ асуудал дэмжигдсэнгүй ээ.
Мөн өнөөдрийн чуулганаар МАН бүлэг байгуулсан шийдвэрээ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн. Гэвч нэгэнт хугацаа нь өнгөрсөн тул хуулинд өөрчлөлт оруулахаас нааш МАН бүлэг байгуулах боломжгүй болжээ.