Ардчилал дахь хэвлэлийн эрх чөлөө ба олон нийтийн хэлэлцүүлэг

A- A A+
Ардчилал дахь хэвлэлийн эрх чөлөө ба олон нийтийн хэлэлцүүлэг

Х.Тэмүүжин

Ардчилсан нийгэм нь ихэнхдээ хүмүүсийн өрөөсгөлөөр боддогчилон хувь хүмүүс өөрийн санасан зорьсондоо хүрэх хамгийн таатай дэглэм гэж ойлгохоос гадна тэд их үнэ, хөлсөөр олдсон эрх чөлөөгөө ашиглан нийтийг хамарсан хэлэлцүүлэг, маргаанд санал бодлоо нэмэрлэж, өөрийн санал, сонгосон төлөөлөгчөө хянах эрхээрээ нийгмийн амьдралд идэвхитэй оролцож байж энэ дэглэмийг тогтоох хариуцлагыг бас үүрдэг гэдгийг санах хэрэгтэй юм.

Учир нь олон нийтийн хэлэлцүүлэг буюу хүн бүр өөр өөрийн үзэл бодлоороо нийгэмтэйгээ чөлөөтэй харилцах энэ харилцаа ардчилал, нээлттэй нийгмийн үзэл санаа, иргэний нийгмийн хөгжил (иргэний нийгэм өөр өөрсдийн онцлогийг хадгалсан бүлэг хэсгүүд, ашиг сонирхлын ялгаварлалд хуваагдах нь олон ургальч үзэл нийгмийн уг чанарт салшгүй оршихын баталгаа болдог бөгөөд иргэний нийгэм хөгжингүй эсэх асуудлын хамгийн чухал үзүүлэлт энэ байдаг)-д дулдуйдан орших тэр цагт илүү утга агуулгатай болж, тэр хэрээрээ илүү ухаалаг мэдээллийн орон зайг нийгмийн оюун санаанд бий болгодог. Ухаалаг гэж тодотгож болох мэдээллийн энэ орон зай нь муйхар удирдагчдаас илүүтэй оюунлаг, чамбай мэдээлэлтэй удирдагчийг нийгэмд дээгүүр байр суурь, хүч нөлөөтэй байлгах тогтолцоо нь болж, бас удирдагчдад хариуцлага тооцох эрүүл хөрсийг бий болгодог. Тиймээс олон нийтийн хэлэлцүүлэггүй ардчилал гэж үгүй. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөгүйгээр олон нийтийн хэлэлцүүлэг гэж байхгүй. Нөгөөтэйгүүр дор бүрнээ мэдэх эрхээр хангагдахгүйгээр иргэд хэзээ ч энэхүү хэлэлцүүлэгт өөрийн гэсэн санаа бодолтой оролцож чадахгүй. Өөрийн гэсэн санаа бодолгүй газар иргэний нийгэм төлөвших үндэсгүй бөгөөд хувь хүний эрх чөлөөг үгүйсгэж, ардчиллыг замхруулах аюул ямагт болж байдаг.

Уул нь надад ардчилал өөрөө төрийг доош хийж, би хувьдаа өөрийнхөө санаа бодолд төсөөлж чадамгүй тэр хэмжээнд жижигрүүлээд, тэгснээрээ хувь хүн бүрийн эрхийг нэг нэгэнд нь садаа болохгүй л бол томорч тэлж болох тэр л хэмжээгээр өсгөөд, чөлөөлөөд байгаадаа ихэд таалагддаг. Үүнээс өмнө ямар ч төрийн тогтолцоо, нийгмийн байгуулал үүнийг хийж чадаагүй, одоо ч ийм үр дүнтэй байж, түүнтэй зэрэгцээд хөгжил булаацалдчих өөр төр, нийгмийн загвар харагдаж өгөхгүй л байна. Мэдээжээр хүн бүхэнд тэдний нийгэмд үзүүлж болох нөлөөг ойлгуулж хэлэх нь амар хялбар биш ч бидний сонголт, үзэл бодлын маргаан, хэлэлцүүлэггүйгээр нийтэд хамааралтай зүйл гэж байхгүй болохыг хэлдэг байх нь ардчиллын амин сүнс юм. 

Ойрмогхондоо бидний хэрэглэх дуртай болчих гээд байгаа "аливаа зүйл хаалттай, хязгаарлалттай байхдаа хөгждөг" гэх философи нэг их түгээмэл эд биш л дээ. Мэдээж хааж хориглох нь ямагт хялбар, тэгснээр асуудлыг шийдэж дэгэнд оруулсан мэт харагдуулах нь ч элбэг тохиолддог. Гэвч энэ нь хүний хувийн эрх чөлөөнд халдаж буй бол хэзээ ч хөгжил дэвшлийг авчирч байгаагүй бөгөөд үүний нотолгоог бид дэлхийн түүх гэлгүйгээр өөрсдийн өмнөх түүхээсээ харж болно.

Хувь хүн чөлөөтэй маргах, үндэслэгээ гаргах эрхээ хязгаарлуулсан тохиолдолд иргэд өөрийгөө хамгаалах төрөлх чанараа алдаж, алдаа төөрөгдөлд хүрч, үнэн худлыг ялгах чадвараа алдаж улмаар явцуу үзэл суртлын хязгаарлалтад ухамсаргүйгээр захирагдаж эхэлдэг. Гэвч зарим тохиолдолд, магадгүй цөөнгүй онолчдын мэтгэж буйчлан энэ нь нэн тодорхой хялбар дэг журамд амьдрах гэсэн хүмүүсийн хувьд амар, тайван амьдрал байхыг үгүйсгэхгүй. Үүнд "Эрх чөлөөтэй байх нь боол байхаас хэцүү" гэх үг  тов тодорхой хариулт болох бизээ.
 
Честер Е.Финний бичиж, иш авсан лугаа "Ардчилал нь өөрөө хэзээ ч баталгаа өгдөггүй. Харин дэгжин дээшлэх, эсхүл азаа туршаад алдах боломжийг л олгодог". Өөрөөр хэлбэл ардчилал нь итгэл найдвар, хүчээ сорих хоёрыг хоёуланг нь агуулахын сацуу Томас Жефферсоны сод бөгөөд хатуухан хэлснээр «аз жаргалын төлөө тэмцэж, амьдрах эрх чөлөөны тухай асуудал» юм. И.Бродскийн хэлсэнчлэн «Эрх чөлөөтэй хүн алдаж буруутвал өөрөөсөө өөр хэнийг ч буруутгадаггүй». Учир нь тэд өөрсдийн сонгон байгуулсан төр, засгийн алдаа оноог нь ч, амжилт бууралтыг нь ч хамтаараа үүрч өөрсдийн энэ ардчиллынхаа хариуцлага, үүргийг үүрэх хэрэгтэй болдог. Тиймээс бид ардчилсан нийгэмд амьдарч буй хүн бүхэнд энэ үг хамаатай хэмээн ойлгох нь зохистой.

Магадгүй ардчилсан нийгмийн энэ үед олон ургальч үзэл, үг хэлэх эрхийг задгай тавьж, дээр авч үзсэн хардалтын системийг баталгаажуулж өгснөөр хариуцлага, үүрэг алдагдаж түүнийг хэтрүүлэн хортойгоор ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөл толгойгүй олон мэдээлэл, хуурмаг, нэн бүдүүлэг зүйлс тарж байна гэж олонхи үзвэл, засаг төр яах ёстой вэ? Энэ асуултад иргэд үзэл бодлоо нээлттэй солилцсоны үр дүнд үнэн худлыг ялгаж, бусдын үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг илүү ойлгож, асуудлынхаа утга учрыг мэдэх, харилцан буулт хийх чадвар буй болсон цагт амжилтад хүрнэ хэмээн итгэх хэн ч бай хариулахдаа: «өнөөгийн эрх зүйт төрд энэ асуудлаар засаг төр юу ч хийх аргагүй. Энэ бол  тэдний хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш. Харин ерөнхийдөө чөлөөтэй үгийг илүү чөлөөтэй үгээр л эмчилж болно» гэж хэлэх биз ээ. Учир нь санал зөрөгсдийн амыг барьж, үг хэлэхийг хорих бус харин ч ил тод маргааныг зохистой өдөөсөн, үзэл бодлын чөлөөт нээлттэй хэлэлцүүлэг (энэ зарчим шүүхийн мэтгэлцээнд ч бас хамаатай) нь үнэн мөнийг эрэлхийлж, илүү ухаалаг, зөв шийдвэрт хүрэх боломжийг бий болгодог. Нөгөөтэйгүүр мэдээллийг чөлөөтэй авсны үрээр улс төр, нийгмийн амьдралд бүрэн идэвхи нөлөөтэй оролцдог мэдлэг, чадвартай ард иргэдтэй болох юм.

1964 онд АНУ-ын Дээд шүүхээс (New York Times v.Sullivan) хэвлэн нийтлэгчийн гүтгэлэгт өртөж нэр төрөө гутаагдсан хэмээн нэхэмжлэл гаргагч нь төрийн албан хаагчид болон улс төр, олон нийтийн зүтгэлтэн (Public official) буюу энэ хүрээнд багтах жүжигчин, зохиолч, TV нэвтрүүлэгч (ер нь бол одууд) байвал нэхэмжлэгч өөрөө уг хэвлэн нийтлэгч тухайн мэдээллээ худлаа гэдгийг мэдсээр байж, цаад зорилгыг агуулж хэвлэн нийтэлсэн гэдгийг шүүхийн өмнө нотолж чадахгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх тэрхүү нэхэмжлэлийг нь авч хэлэлцэх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Учир нь Үндсэн хуулийн 1 дэх өөрчлөлтөөр нийгмийн зүтгэлтний тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийн нээлттэй маргаан (шүүмжлэл) явуулах эрхийг хамгаалсан бөгөөд олон нийтийн анхаарал, хяналтад байнга байдаг, нийгмийн амьдралд голлох үүрэгтэй оролцдог эдгээр хүнтэй холбоотой аливаа мэдээллийн эрэлт хэрэгцээ олон нийтэд ямагт байдаг. Харин энэ эрэлтийг мэдээлэлгүй орхивол, хардалт, цуурхал даамжирч, нийгмийн мэдээллийн хэрэгцээг хангах удирдлага эвдэгдэх гол хүчин зүйл болдог гэж үзсэнээс улбаатай юм. Мөн олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах, нээлттэй хэлэлцүүлгийг баталгаажуулах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан аж. Нөгөө талаас аливаа хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээ үнэн зөвийг ямарваа мөрдөн шалгах, тагнах ажиллагаа явуулах эрхээр хангагдаагүй хэвлэн нийтлэгч өөрөө нотлох боломжгүй, бас шаардлагагүй бөгөөд тухайн нийтлэлд дурдагдсан зүйл олон нийтийн санаа бодол бол түүнийг хэлэлцүүлгийн тавцанд (сонин сэтгүүлийн хуудсанд) гаргаж тавих нь сэтгүүлчийн зүй ёсны үйл ажиллагаа юм гэж үзжээ. Ийнхүү ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө нийтлэгч, сэтгүүлчид нь бусдаас үзүүлэх (үүнд төр өөрөө ч багтана) аливаа дарамт, шахалт шүүн таслах үйл ажиллагааны халдлагаас хамгаалагдах эрхтэй гэдгийг энэхүү шийдвэрээр анхлан тогтоожээ.

Ардчилал дахь хэвлэл мэдээллийн нээлттэй хэлэлцүүлгийг баталгаажуулж буй  шүүхийн энэ шийдвэр нь сэтгүүлч, нийтлэгчдэд мэдээллийн эх сурвалжаа нууцлах, бичигч өөртөө нууц нэр хэрэглэх болон энэ харилцаа нь шүүхээс (заргаас) хамгаалагдсан байх, Public official нарын нэхэмжлэлээс сэтгүүл зүйн эрх чөлөө хамгаалагдах тухай зарчмыг хууль зүйн системд оруулж ирсэн байна. Жирийн иргэний хувьд бол асуудал арай өөр байх нь ойлгомжтой.
 
Ийм  жишээ  Англид гарчээ. Загвар өмсөгч Наоми Кемпбелл Английн нэгэн нэр бүхий сэтгүүлт өөрийг нь хар тамхи татдаг хэмээн нийтэлсэн гэж шүүхээр зарга үүсгэжээ. Гэвч энэ маргаан эцэстээ бичигч нь нэрт загвар өмсөгчийг хар тамхи татдаг эсэхийг нотлох албагүй төдийгүй тус сэтгүүл зөвхөн олон нийтийн санаа бодлыг тусгасан байна хэмээн зэм буруутгалгүй өнгөрсөн юм. Учир нь Наоми Кемпбеллийн шүтэн бишрэгч болон үл таашаагчдын дунд түүний хар тамхи татдаг татдаггүй талаар маргаан мэтгэлцээн өрнөж эхэлсэн нь бодит мэдээллээр нийгмийг хангах шаардлагыг буй болгожээ (үнэндээ ийм шаардлага байх ч албагүй гэж тэмдэглэсэн нь бий). Энэ үндсэн дээр тус сэтгүүл загвар өмсөгчийн нэр хүндийг нь гутаах зорилгоор бус,  хэлэлцүүлгийн үр дүнд «би хар тамхи татдаггүй» гэх үгийг "Од"-оос өөрөөс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсгохын тулд ажиллажээ. Харамсалтай нь энэ тайлбар шүүхээр дамжин гарлаа хэмээн үзсэн байна. Тиймээс ардчилал нь эрх чөлөө хэмээх нандин зүйлийг өөртөө шингээсэн байдгаас гадна хүний төрөлхийн энэ мэт чанарыг ч бас бодолцохыг шаарддаг аж.

Чөлөөтэй үг хэлэх эрхэнд хэнээс ч хамааралгүй сэтгэн бодох оюуны эрх чөлөө агуулагддаг. Мөн энэ эрхээс ард олон хуран цугларч өөрсдийн санал гомдлоо төрд тавих болон түүнийг үнэлж цэгнэх эрх нь бас үүддэг.

Монголд Үндсэн хууль дахь иргэний жагсаж цуглах эрхийг трактор бүхий дүрслэлээр илэрхийлбэл өнөөдөр хүн бүр ойлгохоор болсон. Ер нь иргэд нийгмийн боломж, эрхийн нөхцлөө ухамсарлах чадвартай эсэхээсээ үл хамааран үгээ хэлэхийг, гэхдээ ганц нэгээрээ хэлсэн үг хүч нөлөө багатай хэмээн үзэж нийлж жагсан дуугарахыг, энэ дуу хоолойгоо төр, засагтаа хүргэхийг хүсч, эрмэлзэхийг хүлээн зөвшөөрдөг нь ардчиллын нэг давуу чанар билээ. Харин ардчилал дахь эл утга, үзэл зарчмыг иргэд өөрсдийн тавьж буй шаардлагаа илэрхийлэх үүднээс сонгосон жишээ нь трактортайгаа жагсахыг хүссэн тэрхүү хэлбэрээс шалтгаалан хязгаарлах, гадуурхагдах боломжтой юу. Энэ нь бидний өмнө авч үзсэн эрх чөлөөг хязгаарлах эрх зүйн тэр зүй ёсны хязгаарлалт байж чадах уу? Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хот тохижилт, нийслэлийн амгалан тайван байдал нийгмийн хэв журам гэсэн үндэслэл хэлж болох авч зүй ёсны гэж зөвтгөгдөж болох тэрхүү эрх зүйн хязгаарлалтыг төр, засгийн зүгээс урвуулан хэрэглэж хэтрүүлэхээс, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний үг хэлэх, өөр үзэл бодолтой байх, шүүмж, шаардлага тавих гэх мэт эрхийг зүй бусаар хязгаарлахаас хамгаалсан хууль зүйн хамгаалалт эрх зүйт төрд зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулин дахь иргэний эрхийг Үндсэн хуульд заагдаж, түүгээр хүлээн зөвшөөрөгдөх хязгаарлалтуудаар л гагцхүү хязгаарлаж болно. Тэрнээс бусад тохиолдолд эрх зүйд өөрт нь тодруулбал Үндсэн хуулийн системд нь "Хэтэрсэн хязгаарыг хориглох томъёолол" буюу хязгаарлалтыг хязгаарлах гэсэн зарчим бий.
 
Сонирхолтой нь иргэний үндсэн эрхэд хязгаарлалт хийж болох үндэслэлд ХБНГУ-ын Үндсэн хуулинд "нийгмийн хэв журам" гэсэн хүчин зүйл байдаггүй юм билээ. Ер нь бол иргэний үндсэн эрхийг хязгаарлахдаа шаардлагатай хэмжээнд хязгаарлах гэсэн ойлголт байдаг. Энэ нь хэт их болон хүч хэрэглэн хязгаарлахаас ямагт татгалзах гэсэн агуулгыг илтгэдэг. Энэ зарчмын гол гипотез нь "хязгаарлаж буй байдал нь уг үндсэн эрх, эрх чөлөөний агуулгыг эвдэж, мөн чанарт нь халдсан байж болохгүй бөгөөд хязгаарлалтын дараа ч уг эрхийн агуулга байж (үлдэж) байх ёстой" гэх нөхцөл юм.

Харин манайд жишээ нь энд өгүүлсэн жагсаал, цуглааны асуудал дээр төр, засгаас авч хэрэглэсэн хязгаарлалтын дараагаар уг эрхийн агуулга тэдгээр тракторчидад үлдсэн билүү. Энд би ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид, тэдгээрийн ард иргэн бүрт байх мэдэх эрхийн тухай ярьсангүй ээ. Үнэндээ Монголд Үндсэн хуулийн шүүх бодит утгаараа байсансан бол хязгаарлалтыг хязгаарлах гэх энэ зарчим хууль зүйн бодит механизм болж иргэдийн эвдэгдсэн эрхийг сэргээхдээ Цэц "Үндсэн хуулийн эрх зүй"-н системд нь нийцүүлэн тухайн харилцаанд Үндсэн хуулийн тэр хэсгийг шинээр тогтоож чадах байлаа.