Х.Тэмүүжин
Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газраас өдөр тутмын зарим сонинд албан шаардлагыг ирүүлэх болсоор нэлээд удлаа. Утга нь төрийн нууцад холбогдох баримт, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр задруулж байна гэж үзэж, энэ үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байх бөгөөд шаардлага биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно хэмээн эрхлэгч нарыг нь бас заналхийлдэг болж.
Дэлхий нийтээр "Уотергеит" (US v.Nixon. 1974)-ийн хэрэг хэмээн алдаршсан хэргийг та бүхэн санаж байгаа байх. 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон тагнуулын байгууллагаараа дамжуулан парламентын нөгөө намаа "Уотергеит" хэмээх зочид буудалд чагнаснаас үүдэн энэ хэрэг ийн нэрлэгдэх болсон. Гэхдээ би энд шүүхээс гаргасан "Эрх мэдэл хуваарилагддаг, ерөнхийлөгч болон түүний захиргаан дор ажилладаг хүмүүсийн хоорондох харилцааны нууцыг хадгалахад ч, шүүхийн процессоос Ерөнхийлөгчийн абсолют дархан эрхийг гадуур байлгах үндэслэл болохгүй" хэмээх шийдвэрийн тухай өгүүлэхгүй. Харин тэрхүү зочид буудалд тагнуулын байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажлын талаарх мэдээ сэлт, өөр бусад төрийн нууцын баримт бичиг тагнуулын албадаас алдагдан сэтгүүлчийн гарт орж Вашингтон Пост сонинд хэвлэгдэхээр бэлтгэгдэж байхад Тагнуулын Төв Газраас гүйцэтгэх ажлын нууц (төрийн нууц)-тай холбоотой мэдээлэл нийтлэхгүй байх шаардлага, сүрдүүлгийг өнөөдөр манай Тагнуулын байгууллагаас хэвлэл мэдээллийнхэнд гаргаж буйтай адилаар тус сонинд тавьсан нь 1931 оны "Хэвлэлийн эрх чөлөөнд Холбооны улсуудын (төрийн) зүгээс хутгалдан орохоос хамгаалагдсан, Холбооны улсуудын засаг захиргаа хэвлэн нийтлэхийг хориглох, хэвлэлд хяналт тавих эрхгүй" хэмээн Дээд шүүхээс (Near v.Minnesota. 1931) баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд шахалт, дарамт үзүүллээ гэх үндэслэлээр Дээд шүүхэд маргаан үүсгэгдэж, улмаар энэ нь Никсонийг импичментийн журмаар Ерөнхийлөгчөөс нь буулгахад гол хүчин зүйл болж байсан тухай өгүүлэх гэсэн юм.
Үндсэн хуульт ардчиллыг хөгжүүлж нийгмээ нээлттэй байлгахыг эрмэлзэж буй аливаа улс орон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарласан, сэтгүүлчийн мэдээлэл хайж, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүл зүйн чөлөөт үйл ажиллагааг шахан дарамталсан аливаа хэрэг явдлыг таслан зогсоох эрх зүйн бололцоо, шүүхийн тогтолцоотой байхыг нэн тэргүүнд шаардах бөгөөд энэ нь өөрөө нийгэм мэдээлэлтэй эрүүл сэтгэх, төрийг ил тод, нээлттэй байлгах, улс төрийн аливаа хүчинд хариуцлага тооцох хөрс суурь нь болж өгдөг.
Тэр үүднээсээ ч мэдээллийн хэмээн тодорхойлогдож буй энэ цаг үед ардчилсан нийгмийн амин сүнс, ард түмэн эрх мэдэлтэй байх ганц найдвар нь энэхүү шахалт дарамтгүй чөлөөт мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө болж байна.
АНУ-ын Дээд шүүх (үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг функциэрээ) дээрх маргааныг шийдвэрлэхдээ: "хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж авсан мэдээллээ нийтэд цацахгүй байх тухай шаардах эрх хэнд ч байхгүй бөгөөд энэхүү шаардаж буй байдал нь ямар ч тохиолдолд иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан мэдэх эрхэнд халдсан халдлага болж ойлгогдох болно. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд мэдээ, баримтыг түгээх үүргийг нийгмээс олж авсан байдаг учир түүнтэй адил нийгмээс шилжүүлсэн эрх мэдэл дээр үүсэх "нийтийн засагт (төрд)" ч хэвлэл мэдээллийн энэ үүргийг хязгаарлах эрх олгогдохгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ сэлт нь төрийн нууц байлаа ч уг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь түүний нууцлалыг хангах субъект бус учраас энэхүү үүргийг, түүний хариуцлагатай хамт үүрэх үндэсгүй бөгөөд үүнийг үүрүүлэхээр хэн ч тэдэнд хуулийн нэрээр албадах эрхгүй. Сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах эрхийг энэ үндэслэлээр эвдэхийг ардчилал дахь эрх зүйн систем өөрөө зөвшөөрөхгүй. Сэтгүүлч өөрөө төрийн нууцад хамаарах мэдээллийг хадгалагдаж буй объектод нэвтрэн олж авсан, хувь хүний нууцыг задалсан болон хуурамч гэдгийг мэдсээр атлаа шууд зорилготойгоор хэвлэн нийтэлснээс бусад тохиолдолд тэднийг цээрлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан хууль Конгрессоос гаргах ёсгүй" хэмээн итгэл үнэмшил бүхий үндэслэл, тайлбартайгаар шийдвэрлэсэн нь бий.
АНУ-д хийгдсэн эрх зүйн энэ үндэслэгээ, тайлбарыг Монгол Улсад үйлчилж буй эрх зүйн баримт бичгүүдэд тулгуурлан гаргах хангалттай боломж, нөхцөл бий. Учир нь энэ бол эрх зүйн бүлгийн ялгаа, ардчиллын олон жилийн туршлага, Үндсэн хуулийн нас, хэвлэл мэдээлэл мөнгөтэй, мөнгөгүйн тухай асуудал огтоос биш бөгөөд харин Үндсэн хуульт ардчилал байна уу, эсхүл энэ нь аливаа дарангуйлагч төрийн хэлэх дуртай улиг болсон тэр лоозонгийн шинжтэй үг төдий зүйл үү гэдэг хоёр асуудлын аль нэгд багтах тухай л хэрэг юм.
Би "ардчилал", "эрх чөлөөт ард түмэн" гэдэг энэ үг Монголд 1990 оноос өмнөх баярын жагсаалд барин алхах лоозон бус харин бодит зүйл болж, хэвлэлийн эрх чөлөө гэдэг иргэн бүрээс салгаж үл болох амин сүнс, төрөө хянах зэвсэг нь гэдгийг эрх дархтанууд ойлгон хүндэтгэж; бидний үр хүүхэд нээлттэй нийгэмд, шударга шүүхээс хууль хэрэглэн хязгаарласнаас бусад тохиолдолд дарамт шахалтгүй амьдраасай л гэж хүсч байна.
"Төр засаг нь цөөнхийн (хувь хүний) хэвийн амьдрах бололцоог үл хэрэгсэж, хууль ёсыг үл тоомсорлох аваас тэр дэглэм дарангуйлал болж хувирдаг" хэмээн К.Попперийн хэлсэнчлэн дарангуйллыг үүсгэж дэмжихгүй байх дархлаа удирдагчдаа бус иргэддээ тогтох нь чухал юм. Нөгөөтэйгүүр "Хамгийн эмгэнэлтэй, хамгийн увайгүй дарангуйлал бол хүмүүсийг эрх чөлөөгүй байлгаж буй мөртлөө та нар эрх чөлөөтэй байна хэмээн итгүүлэн боолчлох явдал" (Гёте) гэсэн үг бий. Харамсалтай нь өнөөдрийн кибернэтик эрин зуунд мэдээллийн хэрэгслийг монопольчлох, мэдээллийг хянах замаар ийм боолчлолыг бий болгох боломжтой болжээ. Харин үүнээс хамгаалах зэвсэг нь энэ цаг үед буу шийдэм бус мэдээлэлтэй иргэд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, түүнийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт болж байна.
Төгсгөлд нь Америкийн нийтлэлч Уайтын "Эрх чөлөөт орны сонин хэвлэл их сайндаа бус, харин туйлын олон үзэл бодлыг илэрхийлдэгээрээ нэн найдвартай, ашигтай байдаг юм. Ер нь үнэнийг эрсэн олон эзэд байх тутам ард олон тэдний тухай шүүн ярилцаж, бодит үнэнийг ойлгох боломжтой болдог. Чухамдаа энд тооны олонд л баталгаа нь байгаа юм" хэмээн хэлсэнчлэн үнэнийг хайсан олон эрэлч байхын тулд бид хардах эрхтэй, харин тэд (Public official) хардалтыг арилгах үүрэгтэй. Энэ харьцаа мэдээллийн урсгал, хэвлэлийн эрх чөлөөнд агуулагдаж байж төр тунгалаг, нийгэм нээлттэй, иргэд мэдээлэлтэй болох төдийгүй, эрүүл үзэл бодлууд нийгмийн оюун санаанд өрсөлдөх болно.