Ардчилсан төрийн шинж чанар, төлөвшилт, сургамж

A- A A+
Ардчилсан төрийн шинж чанар, төлөвшилт, сургамж

Академич, доктор Раднаасүмбэрэлийн Гончигдоржтой сэтгүүлч Д.Гантуяагийн хийсэн ярилцлага

         Монголын ардчилал залуу. Учир нь түүний галыг анхлан ноцоогчид өнөө ч өөрсдөө залуу хүмүүс. Иймд их эзэн Чингис хаанд өглөө болгон сануулах ёстой нэгэн зүйл байсан шиг Монголын залуу ардчилалд үргэлж сануулах учиртай утга агуулга байх ёстой гэж боддог. Ардчиллын мөн чанарыг цөөн үгээр илэрхийлэх ёстой тэр хэдэн үгсийг хэлж өгнө үү?
          “Ард түмнээр байгуулагдаж, ард түмний төлөө ажилладаг, ард түмний өөрсдийнх нь засаглал гэдэг нь эдүгээг хүртэл оршсоор буй Ардчиллын хамгийн шилдэг тодорхойлолт юм” гэж Уинстон Черчиллийн хэлсэн үг байдаг даа.
          
Ард түмэнд хадгалагдаж байгаа сонгох эрх мэдлийг төр өөртөө шингээн, тэр хэмжээгээр ард түмнийг төлөөлөн оршин тогтнож байдаг. Төлөөллийн энэхүү тогтолцоог ард түмэн сонгож, уг сонголтоороо дамжуулан төрийг байгуулж өгдөг. Эргээд төр өөрийг нь сонгосон, байгуулсан иргэд, ард түмэндээ үйлчлэх зорилгод захирагддаг. Ийм гурван тулгын чулуу, тулах цэг дээр ардчилал тогтож байдаг. Эдгээр тулгуур цэг өөрсдөө байраа хэрхэн олсон, уг цэгүүд дэх бүтцүүд хэрхэн төлөвшиж чадсан, энэ төлөвшлийг хангах орчин хэрхэн бүрэлдсэн, энэ бүгд хэрхэн дархлаажснаар тухайн улс оронд ардчилал хэрхэн төлөвшснийг, баталгаажсныг үнэлж цэгнэнэ гэдэгт би эргэлздэггүй.
         
Нөгөө талаас ийм байр суурь монголчууд бидэнд тодорхой хэмжээний таашаал, өөрсдөөрөө ялимгүй ч гэсэн бахархах сэтгэгдлийг төрүүлэх учиртай. Энэ бол одоогоос 11 гаруй жилийн өмнө батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр заалтад туссан үзэл санаа юм. “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж та бидний цээжээрээ мэддэг болсон заалтаараа ардчилсан төрийн шинж чанар, агуулгын гурван бүрэлдэхүүн, тулгуур чулууг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж, хэм хэмжээ болгон хуульчилсан болно.

         Залуу ардчиллын төлөвшлийн явцыг өдий үед цэгнэх эрт болов уу, эсхүл таатай цаг үе нь юм болов уу? Магадгүй, таны суурь цэгцтэй сэтгэлгээгээр тодорхойлогдох хэллэгээр илүү илэрхийлэгдэх болов уу?
        Австрийн улс төр судлаач А.Шидлерийн санал болгосон схемийн дагуу илэрхийлбэл илүү сонирхолтой байх болов уу гэж бодлоо. Ерөнхий төсөөллөөр бол ардчиллын төлөвшлийг тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлж шулуун шугмын дагуу байрлуулах санаа юм. Ер нь бол ардчиллын төлөвшлийн хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн төлөв, үе шатыг өөр хооронд нь харьцуулан авч үзэж яръя. Тоолох эхлэл болох авторитар дэглэм, сонгуулийн ардчилал, либерал ардчилал, хөгжсөн ардчилал гэсэн томъёоллоор ардчиллын төлөвшлийн төлөв, үе шатны тоон болон чанарын үзүүлэлтүүдийн мөн чанарыг хангалттай илрүүлнэ гэж бодож байна. Тооллын эхлэл авторитар дэглэм нь математик хэллэгээр бол битүү, түүнээс бүх зүйл эхэлнэ гэж үзэж болно. Хөгжсөн ардчилал гэдэг нь тодорхой цэг биш бөгөөд чанарын тодорхой төлөвөөс хязгааргүйд тэмүүлэх үйл явц, үргэлжлэл гэж болно. Цаг хугацааны ирээдүй талаасаа задгай мужийг шулуун дээр үүсгэнэ гэсэн үг. Иш татаж зүйрлэх юм бол ардчилал өөрөө төгс төгөлдөр зүйл биш боловч түүнээс илүү сайныг хүн төрөлхтөн өнөөг хүртэл олоогүй гэдгийг тэмдэглэмээр байна. Өөрөө цаашаа хязгааргүй үргэлжлэх үйл явц, чанарын дэвшил гэсэн агуулгатай.
       
Либераль ардчилал гэдгийг иргэний болон улс төрийн эрх дээр нэмэх нь шударга, чөлөөт, олон нийтийн оролцоо бүхий сонгуулийн тогтолцоо гэсэн нийлбэрээр авч үздэг бөгөөд энэ агуулгаар л либерал ардчиллын хүрээ, түүний тулах цэг тодорхойлогдоно. Иймд энэ нийлбэрээс иргэний болон улс төрийн эрх гэсэн нэмэгдэхүүнийг хасах аваас шударга, чөлөөт, олон түмний оролцоо бүхий сонгуулийн тогтолцоо үлдэх бөгөөд ийм тогтолцоог бүрдүүлж чадсан тэр төлөвийг, цэгийг шулуун шугмын хэмжигдэхүүн болгон авч сонгуулийн ардчилал хэмээн явцууруулан нэрлэж болно. Энэ нэр томъёог улс төрчид идэвхитэй хэрэглэж байгааг, манай улсын улс төрийн амьдралд ч нэлээд тод сонсогдож байгааг өнөөдрийн цаг гэрчилнэ.

         
Оюутан ахуйдаа миний үзэж байсан нийгэм судлалын хичээлүүд дээр иймэрхүү шугаман эрэмбэтэй хөгжил яригддаг л байсан. Та мэднэ дээ, нөгөө формацийн онол. Хамгийн сайхан нь Монгол улс боолын ба капитализмын хоёр формацийг нэвт алгассан жишээ байдаг байлаа. Бусад улс тэгэхэд чинь бүгдийг дамжаад л. Тэгвэл таны энэ цэгүүдийн заримыг үсрээд гарчих хувь заяа Монголчууд бидэнд бас л байвал сонирхолтой л юм болно доо?
         Ардчиллын төлөвшил нь өөрөө динамиктай, үйл явц учраас дээрх дөрвөн төлөв хэрхэн нэгэндээ шилжиж буйг ажиглаж, тэр хэмжээгээр түүнийг үнэлэх нь сонирхолтой байх учиртай. Ийм шилжилт, динамик дотроос онцгой анхаарал татах таван төлөв байдлыг авч үзье.
        
Эхнийхийг А төлөв гэе. Түүнийг ардчиллыг сүйрлээс, цаг бус үхлээс аврах гэж томъёолъё. Нэгэн үгээр илэрхийлбэл, сонгуулийн, эсхүл либерал ардчиллаас огцом ухралт хийж, авторитар дэглэм рүү буцах алхмыг ийн нэрлэж байгаа болно. Энэ үзэгдэл ардчиллын төлөвшилд үзэгдэж байгаа болон үзэгдэж болзошгүй үйл явц юм. 
          
Яагаад ийм байдал үүсч байгааг ардчилсан удирдлагын дээрээс зохицуулах боломж хязгаарлагдмалаар тайлбарлах учиртай. Авторитар дэглэмийг халж, сонгуулийн ардчиллыг бүтээн байгуулсан цаг үеэр гарч ирсэн зарим оролцогч ардчилсан удирдлагын дээрээс зохицуулах хүрээний маш бага, хязгаарлагдмал эрх мэдлийг голж, ардчилсан удирлагын анхдагч зарчмуудаас татгалзаж эхэлснээр авторитар дэглэм рүү буцаж шилжих нь элбэг тохиолдож байна. Ийм байдлыг Дундад Азийн улс орнууд, эсхүл Беларусь улсын жишээн дээрээс шууд харж болно.
       
Ийм буцалт, ухралт нь либерал ардчиллын төвшинд хүрсэн, өөрөөр хэлбэл, иргэний болон улс төрийн эрхийг сонгуулийн эрх, эрх чөлөөтэй хослуулсан тогтолцоо бий болсон тэр цэг дээр ч тохиолдож байна. Ийм ноцтой байдал маш олон талын хүчин зүйлээс бий болдог. Төрийн эрх мэдлийг олж авмагц өөрт нь хангалтгүй, ойлгомжгүй, тийм учраас хязгаарлагдмал байдалд орсныг өөрийнхөө хэмжээнд ухварласнаар анх эхэлсэн байрандаа санаатай болоод санаандгүй буцаж ирэх төдийгүй ардчилал бол төгс төгөлдөр зүйл бас биш юм, бүх сайхан зүйл нэг дор байдаггүй хэмээн уулга алддаг улс төр судлаачдыг дуурайж тоть шиг давтах нь энүүхэнд болно. Ардчилал үнэхээр бүх сайн сайхны цуглуулга биш юм. Нэн ялангуяа шинэ ардчилал буюу ардчиллын өнгөрсөн зууны 80-аад оноос эхэлсэн гурав дахь давалгаанд өртсөн улс орнууд хамтдаа байж чаддаггүй сайн сайхны дутагдлаас бий болох муу талуудад автаж, ийнхүү буцсан бөгөөд ардчиллыг сүйрлээс, цаг бус мөхлөөс аврах санааг өгч, түгшүүр дэлдэж байгааг хүлээн авах хэрэгтэй байна.

          Хамтдаа байж чаддаггүй тэр сайн сайхан зүйлүүд чинь иргэний эрх чөлөөт нийгэм, эдийн засгийн эрэмгий дэвшил хоёр гэдэг биз дээ. Тэдний хэрүүлээс болж зарим тохиолдолд ухардаг гэж ухаарч болох нээ?
        
Ардчилал, ялангуяа нялх, залуу ардчилал эдийн засгийн үр өгөөжийг тийм хурдан өгч чаддаггүй билээ. Шинэ ардчилал эдийн засгийн өсөлтийг хангахын тулд өмнөх дэглэмээс өвлөн авсан хуучирсан бүтэц, зохимжгүй тогтолцоог эвдэж, шинэ бүтцийг бий болгох шаардлагатай болдог агаад үүнд маш их хугацаа зарцуулдаг, тэр хэмжээгээр цаг хугацаа алдах болно. Хувийн өмчийг бий болгох, хувьчлалын асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ өмнө нь ухварладаггүй, урьд нь тусгадаггүй, тийм учраас хэрэгцээгүй байсан санхүү, эдийн засгийн тогтолцоо, бүтцийг шинээр үүсгэх, түүнийг зохион байгуулахад харамсалтай их цаг ордгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм учраас эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгох, шинэ ахиц, эерэг өөрчлөлт шууд гарахгүй байгаад бухимдаж тулгамдан ийм ахиц, хурдац өөд яаран зүтгэхдээ ардчиллын, нөгөө сонгуулийн болоод либераль ардчиллынхаа үндсэн зарчмуудаас буцаж, татгалзах сонголтыг хийдэг, хийхэд хүрдэг байна. Зарим нь хялбаршуулаад анхнаасаа ийм хувилбарыг сонгож авдаг.
       
Монгол Улсын хувьд маш онцлог шийдлийг сонгож авсныг цохон хэлэх хэрэгтэй юм. Бид эдийн засаг, улс төрийн салбарт нэгэн зэрэг буюу хос шинэчлэлт, шилжилт хийж буй нь зоримог шийдэл, алхам болсон бөгөөд ардчиллыг сүйрлээс аврах ганц зөв замыг анхнаасаа сонгож чадсан байна.
 
       
Нийгмийн гишүүдэд эрх чөлөө олгох, эргээд нийгмийг удирлагаар хангах нь хоёр завь дээр зэрэг суух сэдэлтэй төсөөтэй зүйл байх л даа. Нийгэмд захиргааны тогтолцоог бүрдүүлэх нь ахиухан эрх чөлөө олгохоосоо илүү хэцүү баймаар санагдана. Нөгөө нийгмийн сахилга бат, дэг журмын тухай санахад ч хэцүү биз дээ?
       
Захиргааны тогтолцоо, байгууламжийн өмнө ардчилал томоохон бэрхшээлийг бий болгодог. Захиргааны ажлыг ардчилсан удирлагын зарчим, арга барилаар явуулахад маш олон хүндрэл гардаг. Зайлшгүй зарцуулах ёстой цаг хугацааны маш их зардлууд гарна. Зөвшил, зөвшилцөлд хүрэх үндсэн зарчим нь өөрөө цаг хугацаа их шаардсан, удааширсан эргэлттэй орчныг бүрдүүлэх агаад илүү яарч байгаа, богино хугацааны амжилт хүлээж байгаа нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч, тэвчиж чадамгүй байдлыг эргээд бий болгоно. Мөн энэ нийгэм дотор зөвшлийн гадна үлдсэн зарим нэгэн оролцогч этгээд гарцаагүй байх бөгөөд нэлэнхүй үгүйсгэх суртлаар цэнэглэгдэж удаашралд нэрмээс, зөвшилд саад болох нь их байдаг. Тийм учраас засаглал, захиргааны тогтолцооныхоо хувьд ардчилсан удирдлагын арга барил нь хуучин авторитар маягийн дэглэмээсээ илүү харагддаггүй байж болох талтай.
        
Дөнгөж бий болсон шинэ дэглэмийг хуучинтай нь харьцуулаад ирэхээр нөгөө ардчилсан удирдлага маань дэг журамтай байх, тогтвортой байдал гэдэг агуулгаар ч юм уу, эсхүл засаглалыг хатуу хэрэгжүүлж байгаа үзүүлэлтээрээ доогуур харагддаг. Энэ нь мөн л том бэрхшээлийг үүсгэнэ.
        
        
Тэгвэл эцсийн зөв гарц, бүх зүйл богино хугацаанд сайхан болох тухай найдвар бага л байна. Сонгогчдын “толгойг аажим аажмаар угааж”, магадгүй засаг барих хүчнүүд ээлж дараалан өөрсдийгөө золиослон байж Таны дээр өгүүлсэн эргэж буцдаггүй өөрөө хөгжлийн үлгэр дууриал болдог тэр хөгжсөн ардчилал чинь бий болох юм байна шүү дээ?
     
Судлаачдын гаргасан, магадгүй гайхалтай санагдах дүгнэлтийг хэлье. Ардчилал илүү нээлттэй нийгэм, төрийн бүтцийг бий болгож чадах авч илүү нээлттэй эдийн засгийг тэр бүр хурдан бий болгож чаддаггүй байна. Ардчилал нь тогтвортой, бас нээлттэй эдийн засгийг буй болгохын тулд бэлтгэл үе шат, асар олон бэрхшээлтэй тулгардаг байна. Гэтэл авторитар дэглэмийн хүрээнд ийм нээлттэй эдийн засгийг бий болгож, үр дүнг нь түргэн хугацаанд хүртэх боломжийг бүрдүүлдэг нь ардчиллаас илүү давуу мэт санагдаж, үүнд харуусч явдаг эрхмүүд бидний дотор ч байж л байна. Шогшрон гасалж, тэр Хятад, эсхүл 70-аад оны Солонгос, бүр хальж Пиночетийн дэглэмийн үеийн Чилийг санагалзах сэтгэхүй байсаар байгаа нь үүнийг илэрхийлнэ. Хамгийн гол нь энэ бүх сэтгэлгээ, санаа бодол, сэтгэхүй нь хуучиндаа очих, эхэлсэн цэгтээ буцахыг зөвтгөх оролдлого, гадна талдаа бол олон түмний санааг нэгэнт төлөвшиж буй байдлаас нь санаатайгаар төөрөгдүүлэх зорилготой, өнгөц харахад зөв ч юм шиг популист, улс төрийн ирээдүйгүй, хожоо хайсан, олон түмний итгэл, хүлээлтээр тоглосон явуургүй үйлдэл юм. Харамсалтай нь ийм маягийн ухралт, мятралт ажиглагдаж байна. Энэ бүгдээс бид өөрийн Монголын ардчиллыг хамгаалж, төлөвшлийг нь дэмжих ёстой юм. Ийм замаар л бид ардчиллыг аврах үе шатыг амжилттай даван туулах болно.

       
Улстөрийн хүчнүүд ээлж дараалан төр барьж дандаа ардчиллын давших хөдөлгөөнийг бий болгоно гэдэг сэжигтэй л асуудал. Олсон амжилтаасаа бид ямар ухралт хийж байгаа эсэхийг мэдэж, тогтоож чадах уу?
       
Либерал ардчиллаас сонгуулийн ардчилал руу ухрах буюу буцах тохиолдол байдаг. Үүнийг би ардчиллын зэврэл гэж нэрлэж байна. Ийм зэврэлийн үед өмнөх шиг авторитар дэглэм рүү шилжихгүй боловч сонгуулийн ардчиллаас либераль ардчилалд дэвшиж чадсан гүйцээлтийн дараа өмнө дурьдсан учир шалтгаануудын зэрэгцээ ялангуяа авторитар дэглэмийн дадал заншлаараа, ардчилсан удирдлагын зарчмуудаас үүсэх бэрхшээлийг давж чаддаггүй нөгөө л зуршлаараа эргэн буцаж, иргэний болон улс төрийн эрхийг хязгаарлаж чаддаггүй юм гэхэд, хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлаж чаддаггүй юм гэхэд ил, далд үйлдлүүдээрээ боон хааж татгалздаг байна. Үндсэн хуулийн хатуу баглаа, хүлээсэнд байгаа, түүнийг тэвчиж ядан бачимдаж байгаа төрийн шинж чанарууд ийм байдаг гэж зарим судлаач хэлснийг дэмжиж байна. Ийм байдлаас болж энэ буцах хөдөлгөөн, шилжилт хийгддэг ажээ. Тийм л учраас бид ардчиллыг энэ төрлийн зэврэлтээс өмгөөлж, хаацайлж, болгоомжлуулж байх учиртай.

       
Монголд одоо ямар ч байсан ардчилал байна. Тэр нь хамгийн эмзэг, тогтворгүй төлөв байж болох юм. Энэ бол Таны хэлсэн ангиллаар бол сонгуулийн ардчилал нь байх. Дараа нь бид хаачих ёстой вэ?
      
Сонгуулийн ардчиллаас цаашид тууштай дэвших шилжилт хийж либерал ардчилалд хүрэх нь хариуцлагатай үе шат. Энэ шилжилтэд бусад олон механизм, хүчин зүйл буйг тэмдэглэх хэрэгтэй ч хамгийн гол нь иргэний болон улс төрийн эрхийг өргөн утгаар нь хангуулах замаар л шилжихийг онцолмоор байна. Сонгуулийн ардчилал гэдэг бол хагас дутуу, хагас ардчиллын төлөв байдал юм. Энэ хагас байдлыг бүтэн болгож гүйцээх, либераль түвшинд хүрэх, улмаар гүнзгийрүүлэх, чанарын шинэ түвшинд хүрч хөгжсөн ардчилал, түүнийг үе шат бүрээр хөгжүүлэх бүхэл бүтэн цогц механизм, динамикийн хамгийн чухал байж болзошгүй эд анги бол энэ төлөв, шилжилт гэж бодож байна. А.Шидлерийн тэмдэглэснийг миний ухаарснаар дамжуулах юм бол ардчилсан удирдлага, ардчилсан дэглэм хоёрын хооронд үүсч буй ялгаа нь энэ сонгуулийн ба либерал ардчилал хоёрын заагийг гаргаад өгч байна. Ардчилсан арга барилаар удирдана гэдэг нь бас л нэг төрлийн удирдлагыг хүлээн зөвшөөрч, цаанаа бол бас удирдаж, захиргаадаад л байгаа санаа юм. Энэхүү удирдлагын оролцоо багасаад, тогтоосон хэм хэмжээний хүрээнд өөрөө өөрийгөө аваад явдаг дэглэм бий болно, түүнийг ардчилсан дэглэм гэж ухаарч байна.

       
Хөгжсөн ардчилал гэж тэмүүлэн оргилд хүрсэн нь хэн бэ? Нөгөө барууны соёл гэдэг шиг барууны ардчилал уу?
       
Цаашид улам боловсронгуй дотоод зүй тогтол бий болсноор ардчилсан дэглэм маань хөгжингүй ардчилал гэж томъёолоод буй бидний ухагдахууныг агуулгажуулна. Хөгжсөн ардчилал гээчийг барууны ардчилал гэж ухаарах нь бас учир дутагдалтай болох юм. Хуучин явж ирсэн замнал, үзэл санаагаар цэгцлэгдэн явсаар өнөөгийн түвшин дэх барууны ардчиллаас шинэ ардчилал нь сэтгэлзүйн хувьд болоод ардчилалд хүрэх зам, очих цаг хугацаа, энэ үед үүсэх бэрхшээлүүд, бусад илүү дутуу талуудаараа ялгаатай юм. Анхааруулж хэлэхэд ардчиллыг товойлгодог үндсэн шинж чанарууд, ардчиллын үнэт зүйлс, үнэлэмжийн ялгааны асуудал харин огт байхгүйг тэмдэглье.
      
Тийм учраас илүү сайн байдлаар ардчилсан удирдлагыг хэрэгжүүлэх институци, бүтцийн тухай биш, өөрөө ажиллаж байдаг тогтолцоо бүхий ардчилсан дэглэм рүү шилжих үйл явцын тухай ухагдахуун бидний гол баримтлах зарчим, үзэл санаа байх учиртай.

        
Ардчиллын үлгэр дууриал гэгддэг Америк улсад сонгуулийн ардчиллаас хальсан, ёстой л ардчилсан дэглэм ноёлдог байх. Тэгээд тэд энэ үе шатандаа гацчихсан юм шиг санагддаг. Магадгүй, эцсийн шугаманд гарах гээд л бүхий л илүү дутуу зүйлээ цэгцлэх хугацаа хэрэгтэй байгаа юм болов уу?
       
Тийм ээ, түүнийг өөртэйгөө ноцолдсон ардчилал гэж ч нэрлэж болно. Либерал ардчиллын түвшинд хүрсэн үедээ либераль ардчиллыг өөрийг нь хэрэгжүүлэгч, хөдөлгөгч хүч болгохын тулд түүнийг өөрийнх нь дотоодод нь боловсронгуй болгох, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага гардаг байна. Энэ бүх арга хэмжээ нь өөрөө өөртэйгөө ноцолдсон, зууралдсан, уйдуулсан, итгэл алдагдуулсан байдалд хүргэж мэдэхээр уйгагүй оролдлого, махруун зүтгэлийг шаарддаг байна. Энэ бүгд нь байрандаа хий эргэх мэт санагдуулах агаад либераль ардчилал өөрөө энэ эргэлт, элэгдэл, цөхрөл, төгөлдөржилт, боловсронгуйжилтын эхлэл юм. Нэг цэгээс эхлээд тэр цэгтээ төгссөн тойрог замыг санагдуулаад байгаа юм. Ардчилсан удирдлагын тухай ухагдахуунаас ардчилсан дэглэмийн агуулга руу шилжих шилжилт тийм үсрэнгүй байж чадахгүй, уг дэглэм нь жинхэнэ чөлөөт, өөрийн удирдлагыг бий болгосон хатуу шаардлагыг тавих учраас шилжилт удаан, зууранги байх төлөв гэж би төсөөлж байна.
 
        Монголын ардчиллын түүхийг бодит баримтуудад буулгаж ирвэл төлөвшлийн үе шатуудыг тодхон харж болох уу?
       
1990 онд монголчууд авторитар дэглэмтэй байсан, 1991 оны төгсгөлөөр сонгуулийн ардчилалд хүрсэн. Олон намын тогтолцоо бүхий анхны шударга, ардчилсан, олон түмний оролцоо бүхий сонгуулийг явуулж чадсан. Энэ үед бид сонгуулийн ардчиллын түвшинд хүрсэн төдийгүй Ардчилсан Үндсэн хуулиа баталснаар либераль ардчиллын байрших цэг рүү дөхөж ардчиллын гүйцээлтийг хийж эхэлсэн билээ.
        
1992 онд баталсан Үндсэн хуулийн дараагаар либерал ардчиллын төлөвшлийг баталгаажуулах боломж тэр бүр олдоогүй юм. Иймд 1992 оноос хойш хэсэг хугацаанд сонгуулийн ардчиллын төлөв байдалд шилжсэн гэж үзэж болно. Энэ үеийг ардчиллын зэврэлтийн үе гэж нэрлэж болно. Энд улс төр судлаачид бүр гүнзгий шинжилж, судалгааны логикоор цаашид авч үзэх нь зүйтэй санагдаж байна. 1994 он гэхэд хэвлэлийн эрх чөлөөний болон төрийн коррупци, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой асуудлууд иргэний болон улс төрийн эрхээр тавигдаж, түүнд хэрхэн хариулт өгч байсан нөхцөл байдлаас нэхэн санавал либерал ардчиллын нийлбэр бүтээгдэхүүнийг бий болгодог хоёрдугаар нэмэгдэхүүн тэг болсон юм.
       
Дараа нь 1996 оноос 2000 он хүртэлх хугацаанд өөртэйгөө ноцолдсон ардчилал буюу либераль ардчилал баталгаатай тогтнож байсан гэж би үздэг. 2000-2003 онд Монголд сонгуулийн ардчилал ч байхгүй болж ирлээ. Хэд хэдэн нөхөн сонгууль болсон үйл явцаас харахад дээрх сонгуульд төрийн эрх мэдлийн оролцоо хэт их болсныг олон улсын байгууллагууд, энэ чиглэлийн судлаачдын хийсэн дүгнэлтүүд нотолж байна. Чөлөөт, шударга, бүх нийтийн оролцоотой сонгуулийн тогтолцооны үндсэн зарчмууд алдагдаж ирснээс ухралт бий болж байна.

      
Магадгүй, засгийн эрх барьж буй улстөрийн хүчний зуун хувийн буруугаас ийм ухралт үүссэн гэж дүгнэж болохгүй л байх. Ийм хүчин ялах боломж олгодог тэр сонгуулийн тогтолцоо нь муу байж бас болно шүү дээ. Ер нь өнгөрсөн 13 жилийн сургамж гэж юм бий болсон л байхаа даа?
        Монголын ардчиллын 13 жил цаашдын үйл явц, түүний ухааралд хэрэгтэй сургамжуудыг өгч байна. Монголын ардчиллыг шалгаж цаашдын хатуу сорилгонд шахаж байгаа нөхцөл байдал болон энэ сургамжуудын талаар 1998 онд судлаач Стивен Фишийн хийсэн тэмдэглэлд тулгуурлан цөөн хэдэн үг нэмэрлэе. 1996 онд батлагдсан “Сонгуулийн тухай” хуулийг энэ хүн ирж судалчихаад өөрийнхөө зохиогчдыг залгичихаж чадах тийм системийг энэ хууль бий болгож буйг тэмдэглэжээ. Үнэхээр 1996 онд өөрсдөө баталж гаргасан хуулийн дагуу өөрсдөө цөөнх болсон түүх баримт болж байна. МАХН олонхи байх үедээ зохиосон сонгуулийн хууль шүү дээ. Ардчиллын төлөвшил, цаашдын хувь тавилан, сорилтод сонгуулийн хууль маш чухал болохыг сануулж буй хэрэг бөгөөд бид бүгд нийтээрээ үүнийг санаж байх ёстой. Төрийн үндсэн шинжийн нэг болох ард түмнээр байгуулагдах шаардлагыг жинхэнээр нь хэрэгжүүлэх тогтолцоог энэ хууль агуулах ёстой.

       
Хэвлэлийн эрх чөлөө, түүнийг тойрсон бүлэг сэдэв мөн их хэврэг болж байна даа. Энэ талаар монголчууд төдийлөн ахисангүй юу даа?
      
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд төрөөс тавих хяналт байсаар байгаа нь нийтийг цухалдуулсан улс төрийн ноцтой асуудал болж байна. Энэ байдал нь Монголын ардчиллыг шалгаж байгаа, цаашид шалгах хоёр дахь том сорилго байх бололтой.

       
Монголчуудыг ардчиллын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсныг гадны судлаачид тэмдэглэдэг нь хэр үндэслэлтэй вэ?
        
Бусдад хэрэг болох сургамжийн хувьд монголчууд бид их олон зүйлийг амжуулжээ. Дээрх судлаачийн тэмдэглэснээр зөвшилд тулгуурласан улс төрийн дээд үнэлэмжийг монголчууд харуулсан төдийгүй шинэ Үндсэн хуулиа хэлэлцэн баталж гаргасан үйл явц болон уг хууль нь ардчилсан үнэлэмжээрээ өндөр чансаатай болсон юм. Эрх мэдлийг сарниулан хуваарилах тогтолцооны өвөрмөц шийдлийг, тухайлбал хууль тогтоох байгууллага зонхилсон Ерөнхийлөгчийн хагас дэглэмийг сонгосон нь авторитар дэглэмээс шинэ ардчилалд шилжиж буй улс орнуудад сургамжтай, авууштай зүйл болсныг тэрбээр бас тэмдэглэжээ. Хэрэв эрх мэдлийг салган хуваарилахдаа төвлөрүүлсэн, тухайлбал Ерөнхийлөгчийн бүрэн засаглалыг сонгосон бол гүйцэтгэх эрх мэдлийн ихээхэн төвлөрөл бий болох байжээ. Өөр нэг онцгой зүйл бол Монгол ардчилал үндэсний тусгаар тогтнолыг өмчлөгч цор ганц эзэнтэй байгаагүй нь асар том сургамж юм. Жишээлбэл, хуучин ЗХУ-аас туурга тусгаарласан улс орнуудын ардчилал ганц эзэнтэй. Тэр ганц эзэн нь өмнө бидний тэмдэглэснээр сурсан дадсан орчноосоо ардчилсан удирдлагын орчин руу шилжсэн боловч дасан зохицолгүй авторитар дэглэм рүү эргэж ухарсан байна. Харин Монголд ийм биш байгаа нь бидний их хувь заяа юм.
        
Ардчиллыг тогтоож, үүсгэж хөгжүүлэхэд улс төрийн намууд ямар их боломж, чадавх, үүрэгтэйг монголчууд харуулсан гэж мөн тэмдэглэжээ. Улс төр судлаачид намуудыг ардчиллын объект болгон судалж байснаас бус, субьектийн утгаар судласан нь нэн ховор байдаг юм байна. Монголын хувьд улс төрийн нам нь ардчиллын субьект болохыг тэрбээр тэмдэглэж, цаашид энэ чиглэлээр судлах шаардлагатайг дурдсан байна. Хүчтэй иргэний нийгмийн бие даасан эрх мэдлийг анхнаасаа дэмжиж тулсан нь манай ардчиллын бас нэг том сургамж юм. Хүчтэй ТББ-дыг хүлээн зөвшөөрч, тэдний эрх мэдлийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд ардчилал орон зайг бий болгосон байна. 

       
Таны зүгээс ардчиллын хувь заяанд санаа зовних шалтгаан бас байгаа л байх даа?
       
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад авторитар дэглэмийг анхнаас нь хүчээр тогтоон барьж байсан МАХН өөрийгөө Монголд ардчиллыг эхлүүлсэн, нэг ёсондоо ардчиллыг өмчлөгч нь болж байгаа талаар ихэд ярьж, ухуулах болсон нь авторитар дэглэм рүү буцаж хөтлөх эрхтэй гэдгээ сануулж буй үйлдэл биш байгаасай.
      
Монголд анхнаасаа улс төрийн намууд сонгуулийн ардчиллаас өмнө төлөвшсөн нь ардчиллын төлөвшилд эргээд асар их нөлөөтэй болж чадсан билээ. Тэгвэл одоо улс төрийн намууд өөрсдийн үүсгэсэн ардчиллаа улам гүнзгийрүүлэн, хөгжсөн ардчилал өөд дэвшүүлэх хариуцлагаа мартах ёсгүй юм.
       
Эдгээр эерэг зүйлийг өнөөдөр хэрхэвч алдаж зэврүүлж болохгүй. Үүний тулд судлаачид төдийгүй иргэд нийтээрээ яах ёстойг хэлэлцэн шүүн тунгааж, шийдлийг нь улс төрчид хэрэгжүүлж, үр дүнг нь олон түмэн хүртэж, энэ бүгд нийгмийн эв нэгдлийн илэрхийлэл, хөгжлийн баталгаа болох учиртай билээ. Сайн сайхан үйлс, баяр баясгалан бадрах болтугай.