Ч.Тамир
(МУИС-ийн Социологийн тэнхмийн багш)
Улс төрийн оролцоог судлаачид олон янзаар тодорхойлдог. Ерөнхийд нь төр, засгийг сонгох сонгууль болон нийгмийн бодлого төлөвлөхөд шууд бас шууд бусаар нийгмийн гишүүд оролцох сайн дурын үйлдлийг улс төрийн оролцоо гэдэг.
Иргэдийн улс төрийн оролцоог хувийн ба хамт олны, сайн дурын ба шахалтын, идэвхтэй ба идэвхгүй, уламжлалт ба шинэчлэлт, легитим ба легитим бус, эсэргүүцсэн ба хамгаалсан зэргээр ангилдаг. Улс төрийн оролцоог гурав хүртэл шалгуур сонгон авч хэв маягчлан судалдаг шалгуураар иргэдийн улс төрийн оролцоог хэмжих гэж оролдъё.
Өнгөрсөн арван жилд манай орон багагүй өөрчлөгдөж иргэдийн улс төрийн системд хандах хандлага, идэвх, өөрчлөгдөж шинэ үнэт зүйлс аажмаар төлөвшиж эхэлж байна. МУИС–ийн Социологийн тэнхмийн дэргэдэх “Социологийн академи” төв “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, иргэдийн улс төрийн оролцоо” сэдэвт социологийн судалгааг 2002 онд нийт 740 хүний дунд явуулж, түүнийгээ одоогоос 11 жилийн өмнө Төр, нийгмийн судлалын Академиас эрхлэн 1200 хүний дунд явуулсан “Хөдөлмөрчдийн улс төрийн ухамсрын төлөвшилт” судалгаатай харьцуулан иргэдийн улс төрийн оролцооны хэв маягийн өөрчлөлт, хандлагыг тодорхойлжээ. Одоогоор дахин ийм судалгаа Монголд хийгдээгүй байна. Энэ судалгаа нь Улсын Их Хурлын сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө буюу улс төрийн нөхцөл байдал харьцангуй тайван үед хийгдэж, сонгогчдын үзэл бодол, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлсноороо удахгүй болох парламентын сонгуулийн үр дүнг зөв таамаглах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Судалгаанаас үзэхэд иргэдийн оролцооны дараахь хэв маяг ажиглагджээ.
Рыцариуд
Эд бол өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, хүсэл эрмэлзэл дүүрэн, цаашид ч ийм байх хүмүүс юм. Рыцариуд 1991 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5.4 хувийг эзэлж байсан бол 2002 онд 5.1 хувь болж ялигүй багасчээ. Рыцариудын хувьд тэдний 68,4 хувь нь улс төрийн оролцоогоо төр засгийн байгууллагуудад санал хүсэлтээ тавих замаар илэрхийлнэ гэжээ. Ингэж хариулсан рыцариуд ажиглагчидын бүлгээс 25 орчим хувиар, хүнийсэгчдийн бүлгээс 44 хүртэл хувиар илүү байгаа нь рыцариудын хувьд улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахдаа дээрх аргыг илүүтэй сонгоно гэдгийг харуулж байна. Рыцариудын 15,8 хувь нь нам эвсэл, хөдөлгөөнд нэгдэх аргыг сонгосон нь улс төрийн нам олноор байгуулагдах, эвсэл хөдөлгөөн бий болох зэрэг үйл явцтай нөхцөлдсөн зүйл юм. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн нам эвсэл, хөдөлгөөн олноороо байгуулагддаг.
Рыцариудын 5,3 хувь буюу 20 хүн тутмын нэг нь ажил хаяж жагсаал цуглаанд оролцох хэлбэрийг сонгоход бэлэн гэжээ. Үүнийг жагсаал цуглаан хийх зэргээр улс төрийн үйл ажиллагаа явуулахад оролцох хүмүүсийн тоо маш цөөрсөнтэй, нөгөөтэйгүүр энэ хэлбэрийг зөвхөн рыцариуд төдийгүй бусад бүлэг ч төдийлөн ойшоохгүй байгаатай холбон үзэж болох юм. Чухамдаа манай зарим улс төрчдийн хүсдэг 1990 оны нүргээнт жагсаал цуглааныг одоо хийж болдоггүй нь зохион байгуулалт, мэдээлэл түгээлт муу байгаадаа бус харин иргэдийн улс төрийн оролцоо багасч, ялангуяа улс төрийн идэвхитэй хэлбэрийг сонгохоос татгалзах болсноор илэрч байна. Радио телевизээр санал хүсэлтээ тавина гэж рыцариудын дөнгөж 2,6 хувь нь үзжээ. Үүнийг бодит амьдрал дээр иргэд төр, засагт санал хүсэлтээ радио телевизээр дамжуулан тавих бололцоо хязгаарлагдмал, радио телевиз харьцангуй хяналттай байдаг зэрэгтэй холбон тайлбарлаж болох юм.
Ажиглагчид
Эдгээр хүмүүсийг цэвэр төвийг сахигчид хэмээн томъёолж болно. Улс төрийн үйл явцад хааяа нэг оролцож, одоо ч оролцох онцын сонирхолгүй, өөрийн байр суурийг бүрэн тодорхойлж чадсан болон чадаагүй, улс төрийн мэдлэгээ урсгал байдлаар нэмэгдүүлдэг хүмүүс юм. Энэ бүлэг 1991 онд 12 орчим хувийг эзэлж байсан бол 2002 онд 31.8 хувь болж бараг 2.6 хувиар өсч шууд хамгийн том бүлэг болсон, цаашид ч өсөх хандлагатай байна.
Ажиглагчдын 42,6 хувь нь улс төрийн оролцооны хэлбэр болох төр, засгийн байгууллагуудад санал хүсэлтээ тавина гэдгийг сонгожээ. Үүнийг бусад бүлэгтэй харьцуулахад хүнийсэгчдийн бүлгээс хоёр дахин их, рыцариудаас 0,5 хувиар бага байна. Ажиглагчдын 9,4 хувь нь радио телевизээр санал хүсэлтээ тавина гэж үзсэн нь бусад бүлгээс хамгийн их юм. Тэдний 8,1 хувь нь улс төрийн нам хөдөлгөөнд нэгдэнэ гэсэн нь рыцариудаас 2 дахин бага, хүнийсэгчдээс 2 дахин их болж байна. Нөгөө талаас ажиглагчдын 8,1 хувь нь улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж байгааг судалгааны дүн нотолж байна. Хэдийгээр ингэж улс төрийн идэвх нь сэргэх хэсэг байгаа ч ажиллагчдын 5 хүн тутмын нэг нь юу хийхээ мэдэхгүй гэж хариулсан давамгайлж байгаа юм.
Хүнийсэгчид
Шалгуур болгон сонгосон дээрх гурван асуултад гурвууланд нь үгүй хэмээн хариулсан буюу улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, цаашид ч оролцох сонирхолгүй, “улс төр бол шал дэмий зүйл” хэмээн үздэг хүмүүс юм. Улс төрөөс бүхэлдээ хүнийссэн хэмээн үзэж болох эдгээр хүн шилжилт эхэлж байсан 1991 онд дөнгөж 0.6 хувьтай буюу бараг байхгүй байсан бол 2002 онд 4.5 хувь болж багагүй өсчээ. Цаашид ч өснө хэмээн бид таамаглаж байна.
Улс төрийн үйл явцыг огт сонирхдоггүй, улс төрийн талаарх мэдлэг мэдээлэл туйлын бага байдгийг тэдний 42,4 хувь нь улс төрийн оролцооны хэлбэрүүдийн талаар тогтсон бодолгүй, энэ талаар бодож байгаагүй гэж хариулснаар илэрч байна. Харин улс төрийн эс оролцоо болсон ажиглах, болсон үйл явдалд реакц үзүүлэхгүй байх зэрэг хэлбэрүүд хүнийсэгчдийн дунд элбэг тохиолдоно. Улс төрийн амьдралаас хүнийссэн эдгээр хүний маш бага хувь нь улс төрийн амьдралд шаардлага тохиолдвол үйл ажиллагаа явуулах боломжтой.
Дээрх үндсэн гурван хэв маягаас гадна хамгийн их жин татаж байгаа бусад бүлгүүдийг авч үзье.
Окопонд байгаа хүмүүс. Улс төрийн үйл ажиллагаанд хааяа ажиглагчийн байр сууринаас оролцож ирсэн, цаашид оролцох онцын сонирхолгүй, гэхдээ энэ талын мэдээллийг байнга сонирхож, ажиглаж эргэцүүлж байдаг хүмүүс энэ бүлэгт орж байна. 1991 онд нийт иргэдийн 16.6 хувийг эзэлж байсан бол 2002 онд 2.3 хувь болж багасчээ.
Сэрэгсэд. Урьд өмнө улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож яваагүй, одоо ч онцын сонирхолгүй, тухайн байдлаас хамааран үйлдэл хийх, улс төрийн мэдээллийг анхааралтай ажиглаж буй хүмүүс. 1991 онд сэрэгсэд 12.9 хувийг эзэлж байсан бол одоо 11.1 хувь болж бараг хэвээрээ байна.
Урсгалаар явагсад. Улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй. Цаашид оролцох онцын сонирхолгүй, энэ төрлийн мэдээллийг алдаг оног авдаг тайван байдалд буй хүмүүс. Өнгөрсөн арав гаруй жилийн турш 11 хувиас 2 хувь болж 5.5 дахин багасчээ.
Идэвхитэй төвийг сахигчид. Улс төрийн үйл ажиллагаанд ажиглагчийн байрнаас оролцож ирсэн. Цаашид оролцох сонирхол төрж буй, мэдээлэл тогтмол авч мэдлэгээ дээшлүүлж буй хүмүүс. Энэ бүлэг нь харьцангуй тогтвортой буюу 1991 онд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 9.2 хувийг эзэлж байсан бол 2002 онд 9.3 хувь болж бараг хэвээрээ байна.
Дээрх судалгаанаас анализ хийн үзвэл дараахь дүгнэлтийг хийж болохоор байна. Монголчуудын улс төрийн идэвх буурах эхний үе шатандаа явж байна. Энэ үе шат нь идэвхтэй оролцогчдын байр сууринаас төвийг сахигчдын бүлэг рүү шилжиж байгаагаараа онцлог юм. Улс төрийн идэвх буурах дараагийн шатанд төвийг сахигчид зонхилох байдлаас ажиглагчдын бүлэг рүү шилжих хөдөлгөөн хийж улмаар ажиглагчдын бүлэг аажмаар нэмэгдэж магадгүй юм.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд монголчуудын улс төрийн идэвхид зарчмын гэмээр өөрчлөлт орж эхэлжээ. Энэ нь хэв маяг бүрийн социал төрх өөрчлөгдөж байгаагаар илэрч байна. 1991 онд олон янзын хэв маяг үүсч дөнгөж ялгарлын шатандаа явж байсан бол өдгөө нэгдэх үйл явц эргээд эрчимжиж байна.
Үндсэн гурван хэв маягийн жин ихэсч завсрын бүлгүүд багасах хандлагатай болжээ. Энэ бүхэн нь Монголчуудын улс төрийн идэвх бүхэлдээ буурч байна гэсэн нэгэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна
.