Төрийн тогтолцооны шинэчлэл

A- A A+
Төрийн тогтолцооны шинэчлэл

Н. Лүндэндорж
(Философийн доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, проф.)

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу манай нийгмийн зохион байгуулалт, оюун санаа, эдийн засаг, улс төрийн харилцааны хуучин зарчим үндсээрээ өөрчлөгдөж байна. Харин төрийн удирдлагыг хууль биелүүлэх ажлын арга, хэрэгсэл болгох, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар шүүхийн бие даасан байдлыг бий болгох, төрийн эрх мэдлийг харилцан хяналт, тэнцвэр бүхий бие даасан салаа мөчрүүдэд жинхэнэ ёсоор хуваарилсан байх шаардлагын үүднээс хандвал асуудал, бэрхшээл цөөнгүй байна. Хуулийг улс төрийн хүчний хүсэл зоригт тулгуурлан, шилжилтийн үеийн онцлог, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээр далимдуулан өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөх, шүүхийн бие даасан, хараат бус байдал алдагдах, төрийн эрх мэдэл “хөшиг”-ний цаана холилдож хутгалдах явдал байгаа нь нууц биш. Жишээ нь, Засгийн газрын тухай хуулийг байнга өөрчилдөг, төсвийн тухай хуулийг бараг жил бүр тодотголын тухай хуулиар засдгийг зөвтгөх үндэслэл судлаачдад олдохгүй байгаа юм.

Өнөөдөр манай оронд хууль дээдлэх ёс төрөөс тогтоогдсон гэдэг утгаас төдийлөн холдоогүй байна. Хуулийг дээдлэх нь төрөөс тогтоогдож, эрх зүйн албадлагаар хамгаалагдахаасаа илүү Германы сэтгэгч И.Кантын хэлснээр хууль өөрөө эрх зүйт болсон байх явдал чухал аж. Өөрөөр хэлбэл, хууль өөрөө хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Гэтэл өнөөдөр хуулиудад хувийн болон нийтлэг ашиг сонирхолд харшилсан зүйл, заалтууд оршсоор байх төдийгүй, тэдгээрийг засах тухай бус, харин хамгаалах явдал илт харагдаж байна. Энэ мэтийг шилжилтийн үеийн онцлог, улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт гэдэг шалтгаар зөвтгөхөд бэрхшээлтэй.

Амьдралын зүй тогтлыг зөв тусгасан, аливаа улс төрийн хүчний явцуу сонирхлоос ангид, шударга, энэрэнгүй хуулийг ард түмэн аяндаа хүлээн зөвшөөрч дээдэлнэ. Ийм учраас хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсээс олон зүйл шууд хамаарч байгаа юм. Үүнийг олон жил ярьж байгаа боловч ахиц өөрчлөлт гаргахын төлөө аль ч улс төрийн хүчин чармайлт гаргахгүй байгаа нь дур зоргын хүчин зүйлээ хадгалах сонирхлоос үүдэлтэй гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна. Хөгжлийн ирээдүйн эрх ашгийн үүднээс уг асуудалд жинхэнэ ёсоор эргэлт гаргах нь түүхийн өмнө хариуцлага хүлээхийн үндэс болно. Ард түмний ухамсрын түвшнөөс хамаараад өнөөдөр хариуцлага нэхэхгүй байгааг өнөд мөнхийн зүйл мэт ойлгож болохгүй.

Асуудал, бэрхшээлийн гол гогцоо нь хөгжлийн түвшин, цаг хугацаанаас хамаарсан бодит шалтгаан байхын зэрэгцээ бидний ажлын арга барил, улс төрийн хариуцлага, соёл, санаачилга, хичээл зүтгэлээс олон зүйл хамаарч байгаа нь нууц биш юм.

Хууль тогтоох үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөө, нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, Засгийн газрын үйл ажиллагаа нь хууль биелүүлэхэд чиглэсэн, шүүн шийдвэрлэх ажил нь шүүгчийн дотоод итгэл, хууль, шударга ёсонд захирагдсан байхын төлөө төрийн түшээ нар чин сэтгэлээсээ чармайж ажиллах ёстой.

Манай төрийн түшээ нар бусдын эрхэлсэн эрх мэдлийн асуудалд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, эрх мэдлийн хүрээ хязгаарыг зөрчих, хөндлөнгийн сонирхолд үйлчлэхийг нэр алдраа хугалсан мэтээр жигшин цээрлэдэг байх ёстой. Төр түшсэн хүний уужим ухаан гаргаж, төр ёсоо дээдэлж төр түмний өмнө хариуцлага хүлээж байгаагаа мартахгүй, сануулж байх механизмыг Монголын төр өөрөө бүрдүүлэх учиртай юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж монголчуудын мэргэн үг бий. Энэ хичээлт манай өнөөгийг төрийн түшээ нараас эхлэх учиртай.

Үндсэн хуулиа сахин хүндэтгэх, эрх зүйт төрийн тогтолцоог төлөвшүүлэн тогтоох үйл явцыг Үндсэн хууль судлал, эрх зүйт төрийн онолын сэтгэлгээг хөгжүүлэхтэй хамт авч явах нь орчин цагийн шаардлага юм.

Үндсэн хууль судлалыг хөгжүүлэхгүй бол Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, үг, өгүүлбэрийн утга санааг ойлгож хэрэгжүүлэхээс эхлэн хэтийн өөрчлөлт, хөгжлийн асуудал бүдгэрч, Үндсэн хуулиа зогсонги царцанги зүйл болгон хувиргах, дур зоргын аливаа болчимгүй үйлдэлд орон зай, бололцоо гаргахад хүрч болзошгүй юм. Үндсэн хууль тогтвортой байхын нэгэн баталгаа бол түүнд шингэсэн үнэт зүйлсийг ухаарч ойлгох, хадгалж хамгаалах явдал мөн. Үүнд судалгаа шинжилгээ, ухаарал гэгээрэл тусална. Энэ талын ажил хэрэг дутмаг байсны улмаас алдаж оносон гашуун сургамж байсныг хойшид давтах ёсгүй, харин ч засч залруулах үүрэгтэй.