Иргэний нийгмийн ардчилах чадавхи

A- A A+
Иргэний нийгмийн ардчилах чадавхи

Ж.Золмаа /Улс төрийн боловсролын Академийн
эрдэм шинжилгээний ажилтан/

Иргэний нийгэм ардчиллын үйл явцад ихээхэн чухал үүрэгтэй болохыг хуучин социалист системийн задралтай холбоотой үйл явц тод томруунаар харуулсан. Тухайлбал, Польш улсад ардчилсан үйл явцыг эхлүүлэхэд “Солидарность” ямар үүрэгтэй байсныг бид санацгааж байгаа. Манай улсад өрнөсөн ардчиллын үйл явцын түүхийг Ардчилсан Холбоо, Шинэ дэвшилт холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Хэдий тийм боловч ардчиллыг баталгаажуулан авч явах гол хүчин нь иргэд өөрсдөө юм.

Манай улсад бараг 3000 шахам төрийн бус байгууллага байгаа гэсэн тоон үзүүлэлт нь иргэний нийгмийн хөгжлийг илтгэгч гол үзүүлэлт болж чадахгүй ч манайд хэт олон ТББ байна гэсэн зарим хүний шүүмжлэнгүй байр суурийг бас дэмжиж боломгүй юм. Учир нь нийгмийн харилцаа төгөлдөржихийн хэрээр энэ олон байгууллагаас хэрэгтэй нь хөгжин бэхжиж, хэрэггүй нь тарж алга болдог. Тэгээд ч албан ёсоор бүртгүүлсэн төрийн бус байгууллагуудын гуравны нэг нь л тодорхой үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо байдаг.

Төрийн бус байгууллагын тоогоороо бол бид бусад улс орноос хөгжлөөрөө дутахааргүй. Гэхдээ үүний цаана манай улсад төлөвшиж буй иргэний нийгэм нь ардчилсан тогтолцоонд хүлээх ёстой үүргээ бүрэн гүйцэтгэж чадаж буй эсэхийг тодруулах хэрэгтэй юм. Энд чанарын үзүүлэлтүүд буюу манай иргэний нийгмийн ардчилах чадавхийн тухай асуудал сөхөгдөнө. Энэ нь ихээхэн өргөн хүрээтэй асуудал учраас нэг нийтлэлийн хүрээнд бүгдийг багтаах аргагүй. Иргэний нийгэм үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаар тэдгээрийн ардчилах чадавхийг хэмждэг. Тухайлбал:

  1. Иргэний нийгмийн эхний бөгөөд хамгийн чухал үүрэг нь төрийн зүгээс хувийн амьдралд халдахаас хамгаалах, ингэснээр хувийн болон нийгмийн хүрээг зааглан баталгаажуулахад оршино. Бүх либерал ардчилсан системд энэ зарчим үйлчилдэг.
  2. Төрийн эрх мэдэлд иргэний нийгмийн зүгээс ажиглалт хийн, хяналт тавих явдал. Иргэний нийгмийн чадал, чадавхиас хамааран энэхүү "иргэний нийгмийн ажиглалт" –аар төрийг хариуцлагад татаж болно.
  3. Иргэдийг ардчилсан оролцооны чиглэлээр нийгэмшүүлэн, төрийн шийдвэр гаргадаг байгууллагуудад ардчилсан элитийг дайчлан оролцуулах буюу нийгмийн капиталыг хуримтлуулах, ардчиллын сургууль болох үүрэг.
  4. Иргэний нийгэм нь улс төрийн нам болон парламентаас гадна нийтлэг үнэт зүйлс, нийгмийн эрх ашиг бүрэлдэх , нягтрах үр өгөөжтэй арга замыг нээж өгдөг. Ялангуяа угсаатан, арьсны болон шашны цөөнх зэрэг хавчигдмал, эсвэл эмзэг бүлгүүдийн хувьд энэхүү үүрэг нэн чухал.
  5. Иргэний нийгэм нь ялангуяа шинэ тулгар ардчилсан тогтолцоонд үндэсний хэмжээний ардчиллын хөгжлөөс хоцронгуй байдаг хөдөө орон нутгийг ардчилахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
  6. Иргэний нийгэм нь эвсэл холбоо, үүсгэл санаачлагын хөдөлгөөн, сүлжээгээрээ дамжуулан нийгмийн зөрчлийг намжаахад хувь нэмрээ оруулдаг.

Манайд бүрэлдэн тогтож буй иргэний нийгэм эдгээр үүргийг ямар түвшинд гүйцэтгэж буйг дор дороо эргэцүүлэн бодвол хангалттай гэсэн хариулт өгөхөд эрт байгааг мэргэжлийн бус нүдээр хараад ч хэлж болох талтай.

Энд иргэд биднээс хамаарах зүйл их байгаа юм. ТББ-уудын тоо нь иргэний нийгмийг улс төрийн системийн түвшинд авч үзсний үндсэн дээр гардаг. Харин түүнийг хувь хүний түвшинд авч үзвэл иргэдийн зүгээс улс төрийн талаар баримталж буй байр суурь, тэдний үйл байдал, иргэд хоорондын харилцааны хэв маяг, үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. Дэлхийд нэр хүнд бүхий улс төр судлаач Р. Инглехард, хүмүүс хоорондын итгэлцэлийг иргэний нийгмийн тулгуур багана гэж тодорхойлсон байдаг.

Хүмүүс бие биедээ хэр зэрэг итгэдэг болохыг нэгэн судалгааг түшиглэн тодруулъя. “3үүн Азийн Барометр” олон улсын төслийн хүрээнд Улс төрийн Боловсролын Академиас 2002-2003 онд Монголд явуулсан судалгаанд хамрагдагсдын дөнгөж 12, 5 хувь нь “ихэнх хүнд итгэж болно”, дийлэнх болох 86, 7 хувь нь “хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байсан нь дээр” гэсэн хариулт өгсөн нь анхаарал татаж байгаа юм. Бусад улс оронд энэ үзүүлэлт ямар байгааг дурдсан судалгаанаас толилуулбал:

Хүснэгт 1: Хүмүүс хоорондын итгэлцэл Азийн зарим улс оронд

Хариулт

Хонг Конг

Өмнөд Солон-гос

Хятад

Филип-пин

Тай-вань

Тайланд

Монгол

Япон

“ихэнх хүнд итгэж болно”

27,6

39,3

40,6

9,4

37,6

17,4

12,5

28,7

“хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байсан нь дээр”

65,7

60,6

52,1

90,6

59,5

81,1

86,7

61,5

Азийн улс орны иргэдтэй харьцуулахад байдал ийм байгаа бол дэлхийн жишиг ямар байгааг өөр нэгэн судалгаанаас тодруулъя. Энд 1990оныэхээрдэлхийнхэмжээндявуулсан"World Values Survey" буюу “Дэлхийн үнэлэмжийн судалгаа” – г гол эх сурвалж болгосон Ж. Гибсоны нийтлэлээс иш татав.

Хүснэгт 2 : Хүмүүс хоорондын итгэлцэл дэлхийн зарим улс орны жишээн дээр

Хариулт

Норвег

Финнланд

АНУ

Орос

Итали

Франц

Румын

Бразил

“ихэнх хүнд итгэж болно”

65,1

59,9

48,6

37,1

35,5

21,4

15,8

6,6

“хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байсан нь дээр”

34,9

35,6

48,6

47,9

60,2

72,4

82,4

92,5

Дэлхийн 40 гаруй орныг батгаасан уг жагсаалтааас иргэдийнхээ харилцан итгэлцлийн байдлаар Бразил улс хамгийн сүүлд бичигдсэн ба Турк, Румын, Латви, Словени, Португал, Чили зэрэг улсад иргэд нь бусадтай харьцахдаа болгоомжлохыг чухалчилдаг болох нь харагдаж байна. Орос улсад хамаарах үзүүлэлтийн хувьд 1998 онд явуулсан судалгаагаар бусадтай харьцахдаа болгоомжилдог оросуудын хувь хэмжээ 59,0 хувь болтлоо мэдэгдэхүйц өсч, “ихэнх хүнд итгэж болно” гэсэн байр суурьтай иргэдийн хувь хэмжээ 30,5 болсон нь ажиглагдана.

Дээрх судалгаануудын дүнгээс иргэний нийгмийн хөгжлийн түвшин, иргэдийн харилцан итгэлцлийн хооронд шууд хамаарал байдаг гэж хэлэх үндэс байхгүй боловч иргэний нийгмийн ардчилах чадавхид энэ байдал яаж ч бодсон эерэгээр нөлөөлөхгүй байгаа нь харагдаж байна.