Проф. Олхонуд Баярхүү
Монголчуудын хувьд атаархал гэдэг нь амжилтын үндэс, ямар нэг хөгжлийн хөдөлгүүр байж ирсэн, байсаар ч байна. Атаархлынхаа хүчээр дэгжээд дээшлээд гардаггүй юмаа гэхэд ядаж ойролцоо зиндаанд уяад байх нь нэг талаар бас дэвшил юм. Өөдтэй өнгөтэй, мөнгөтэй, гялалзаж яваа бол тэр хүнд дайсан захаас аван мундахгүй. Бүр ам бүл дотроос нь хүртэл дайсан гараад ирдэг гээч. “Чи ч бүү сайн яв, би бас сайн явахаа байя!” гэдэг тамын тогооны үлгэрээр атаархал гээч энэ гамшиг Монголын нийгмийг ямагт хэврэгшүүлж иржээ. Түүхнээ Монголын эзэнт гүрэн нурж унатлаа атаархалцаж явсан ба төрсөн ах дүүс Аригбөх, Хубилай нарын алдарт тулаанууд байна. Саяхны жишээ, ХХ зууны их хэлмэгдүүлэлт бол атаархлаас улбаатай, чухам нь тэр аллагаас баясал таашаалыг хэсэг хүн авч байсных. 1964 оны намын эсрэг бүлгийн хэрэг бол сэдэл, шийдэл, уршиг талаасаа мөн л атаархлын их далайд Монголын элитүүд хөвж явсных. Сайхан эхнэртэй заяасандаа удирдагчдаа зуугдаж улс төрийн золиос болсон жишээ бас тэр үеийнх.
Хүн гээч энэ бодгаль амьтанд баяслын цэг гээч юм бор тархиных нь хаа нэгтээ байрлах ажээ. Тэгвэл атаархал нь олон монгол хүний хувьд баяслын цэгт хүрэх гол лугшилт ажээ. Атаархаж цаад нөхрөө баллаж доройтуулж явах нь баясал таашаал авах гол арга зам нь. Хэрэв өөрөө оролцоогүй цаад нөхөр нь аяндаа баларч доройтвол шүлсдэх нь энүүхэнд. Үхсэн хойно нь “болж” гэх нь бас түгээмэл.
Чухам ийм атаархагч монголчуудад 1990 оны ардчилал заяаж, “Атаархал+Ардчилал+Эрх чөлөө+Мөнгө” гэсэн дөрвөлжингийн харьцаан дунд Монгол орон 15 дахь жилээ үдэж байна. Турж үхэх гэж буй хүнд гэнэт их хоол өгвөл цаад нөхөр нь шууд л үхнэ шүү дээ. Тэрчлэнгээр атаархлаа цэгцлээгүй, уран сайхны их сэтгэлгээ, савалгаанаасаа салаагүй явсан монголчуудад гэнэт их эрх чөлөө, ардчилал, боломж заяаж, түүндээ ихэнхи нь бүтдэрч ойчсон дүр зураг бол Монголын нийтлэг тэр дүр төрх юм. Эргээд 15 жилийнхээ ажлын үр дүнг нэг харцгаая. Юуны төлөө тэмцэн байж энэ их боломжид хүрсэн билээ. Ердөө л атаархахын төлөө юү, эсвэл ядуурахын төлөө юү? “Эрх чөлөө хэрэггүй хүндээ бүр хэрэггүй, хэрэгтэй хүндээ нэн хэрэгтэй” гэсэн мэргэн үг хэн хэлсэн нь бүү мэд, одоогийн монголчуудад бол яг тохирмоор үг санж. Нэгэнт л монголчууд бид зохион байгуулагдах чадваргүй, үүнээсээ болж хөгжин дэвжихгүй юм бол ардчилал, эрх чөлөөгөөр юу хийх вэ? Эрх чөлөө тань Та бидэнд аз жаргал, сайн сайхныг авчрахгүй бол Та түүнийг эдлээд яах вэ? Статистикийн судалгаагаар нэн ядуу хүн 2.5 саяд даан ч ахдахаар тоо гардаг. Энэ бол ядуурч байгаадаа бус, нийт монголчуудад нэн хамаатай. Монголчуудад ямар нэг хэлбэрээр “гав дөнгө” хэрэгтэй байсан үе буй, чухам эдэнд “гав дөнгө” эрх чөлөөнөөсөө илүү яг одоо тохирхоор байна. 15 жилийнхээ үр дүнг эргээд нэг харъя. Юу хожиж, юутай үлдэв ээ монголчууд?
1990 оны ардчилал нь эхлэхээсээ л эвсэлдүүлэх бус талцуулж үзэлцүүлэх монгол араншингаар явсан тул энэ нь тунгаасаа хэтэрбэл төр улсын сулрал, нийгмийн хэврэгшил хэзээ мөдгүй тулчихаад байна. Эрх чөлөө байна, сонгох сонгогдох ардчиллын зарчим байна гээд түүнийг муу муухай юмны гол түлхүүр болгож болохгүй. Намын хатуу гишүүнчлэл, нам гэгчийг эрхзүйт төрийн төвд тавьдгийн гай, дээр нь нөгөөх монгол хүний атаархал, хорсол бухимдал нэмэгдээд улстөрийн нам тойрсон хөгийн марзан монгол жүжиг үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль ч мөн атаархлыг чухам хөхиүлэх хууль юм. 2004 онд УИХ-ын сонгуульд зарцуулсан мөнгөн дүн юу илэрхийлэх вэ? Ингэж их үхэлдэх, иргэний дайны уур амьсгал дунд, хэдхэн биеэ үзэн ядаж зүхэж байж парламентаа сонгох хэрэг байсан уу? Дэлхийн бодлогод ямар ч орон зай эзэлдэггүй жижиг ядуу орны парламентад суухын цаад утга учир юу байна аа гэсэн асуултад хариулт өгөх хүн нэг ч байхгүй. Гэхдээ л хэн нэгэнтэй жөтөөрхөөд тийшээ орчихсон байх нь чухал. Энэ утгаар УИХ-ын сонгууль ба сонгуулийн хууль нь Монголын нийгмийг чухам хэврэгшүүлж дөнгөж байна. Атаа жөтөө, эрх чөлөө, мөнгө хосолсон сонгуулиудад нь ард түмэн, төрийн машин өөрөө чирэгдэн сөхөрч, гадаад дахь түншүүд маань бүрэн залхжээ. Эцсийн дүндээ хоёр үхэр монгол нэг тойрог дээр үзэлцэж байх нь аль нам гэдгээсээ үл хамааран, жишээ нь орос, хятадуудад нэг л өнцгөөс харагдана. Гэтэл манайхан бие биедээ аархуу дээрэлхүү, сагсуу байгааг нь харан харан шоглох, өрөвдөх, ядуугаа мэдэхгүй, ядуу гуйлгачидаа төлөөлөхөө мэдэхгүй сагаж явааг нь юу гэж дүрсэлж ярьдаг бол?
Энэ Монгол Улс чинь дэлхийн чухам аль соёл, аль иргэншлийн төлөөлөл юм бэ гэдгээр нь манай ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтэд дэлхий дүн тавих гэж байна. Зүүн Азийнх юм бол япон, солонгос маягийн “Мөнгөний машин+сахилга дэг журам+ардчилал” хэрэгтэй, Төв Азийнх юм бол ерөөсөө ардчилал, эрх чөлөө хэрэггүй. “Сахилга+сүсэг бишрэл+клан+мафийн эдийн засаг” хэрэгтэй. Манайх энэ эрчээрээ явбал сүүлчийнхийг (сахилга батаас бусад нь) сонгож авахад тун ойрхон байна. Люмпен пролетарийн давхарга нь хэрээсээ хэтэрчихсэн, аль ч Засгийн газар нь эдэнтэйгээ ажиллахаас жийрхдэг, улстөрчид нь үхэх сэхэхээ үзэн талцдаг, мөнгөтэй бол юу ч бүтээж болдог гэхчлэн дүр зургууд Төв Ази руу нэлээд дөхүүлнэ. Нийгмийн энэ их хуваагдал, контрас бол яваандаа эрх чөлөө, ардчиллыг нь боймлож, үнэ цэнийг нь унагаж, хүн ардыг ардчиллаас бүрэн залхааж мэдэх дээрээ тулжээ. Эрх чөлөө ардчиллын тунг хэтрүүлэх буюу мэдэхгүйдээ гуйвуулбал ядуурал, гэмт хэргийн ёроолгүй ангал руу эрчээрээ гулсаж болдгийн сонгодог биш гэлээ гэхэд наад захын жишээ нь өнөөгийн Монгол болж байна. Ардчилал нь атаархалтайгаа хослон, эрх чөлөөг хязгааргүй тавибал нийгмээ хэврэгшүүлсэн сонгодог жишээ болж үлдэх вий гэвэл илүү бодитой дүгнэлт тэр болох биз ээ. Энд зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалан гологдож буй тухай ярилаа.