Монгол Улсын ардчиллыг хэрхэн үнэлж байна вэ?

A- A A+
Монгол Улсын ардчиллыг хэрхэн үнэлж байна вэ?


А.Саруул /УТБА-ийн багш/

Олон төрлийн судалгааны дүнг нэгтгэн Монгол Улсын ардчилалд дүн тавьжээ. Дэлхийн 119 улсыг нийт 19 индикаторын 58 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна. Энэ үзүүлэлтийг “Бертельсманы шилжилтийн индекс 2006” хэмээн нэрлэнэ (Bertelsmann Transformation Index 2006). Монгол Улсыг хуучин Зөвлөлтийн харьяаны “-стан” улсуудтай эн зэргэцүүлэн “деффекттэй” буюу “гажуудсан ардчилалтай” хэмээн дүгнэсэн байна. Ардчилал, чөлөөт зах зээл, нийгэм эдийн засгийн хөгжилд нь ахиц дэвшил гарч буй эсэхийг тогтоох зорилгоор улс орнуудыг хоёр жил тутамд эдгээр шалгуур үзүүлэлтээр шүүн жагсаадаг. Энэхүү судалгааг улс орнуудын талаарх ажиглагчдын тайлан мэдээ, улс орнуудын дунд ямар байр эзэлж буй болон шилжилтийн шатны үзүүлэлтүүд дээр тулгуурлан гаргаж авдаг. Бертелсманы индексийг жишээ нь ХБНГУ, магад өрнөдийн бусад улс ч гадаад улстай өрнүүлэх хамтын ажиллагааныхаа үндсэн суурь дэвсгэр болгон ашиглахаар хэдийнээ шийдсэн байна.

Авах ёстой “онц” дүн буюу хамгийн өндөр оноо нь 10. Монгол Улс ямар төвшинд явна вэ? Цөөн хэдэн жишээ дурдъя. Монгол Улс нь иргэний нийгмийн бүтэц сул, иргэний эрх чөлөөг ихээхэн боомилдог (хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдмал),  хуульт ёсны ноёрхлын буюу эрх зүйт төрийн хомсдолд өртсөн улс орнуудын дунд жагсаж явна. Энэ үзүүлэлтээр нийт 10 онооноос ердөө л зургаан оноо авчээ. Ардчилал нь гажуудсан хуучин Зөвлөлтийн харьяаны улс орнуудтай харьцуулахад Монгол арай дөнгүүр дүн авсан боловч шилжилтийн бусад улс оронд ойртож ч чадсангүй.

Бертельсманы индексийн үнэлгээгээр Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт үнэхээр доогуур байранд оржээ. Нийт 10 онооноос ердөө л гурван оноо авав. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зах зээлийн эдийн засагт шилжин орсноор Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Үүний гол учир шалтгаан бол Монгол Улс байгалийн ашигт малтмал, мал аж ахуйгаар амь зогоохоос өөр дорвитой үйлдвэрлэл хөгжүүлсэнгүй. Байгалийн ашигт малтмалаар дагнан хөлжиж хөгжсөн улс орон байдаггүй, гэхдээ мөн дордож ядуурдаг ч үгүй гэнэ. Монгол улс ашигт малтмалаар амь зогоохтойгоо яваа улс орнуудын тоонд багтаж орсонгүйгээр үл барам харин ч хоосрон ядуурч буй хэмээн тооцогдов. Гол том уурхайгаа ашиглаад бусдыг нь хааснаар зөвхөн байгалиа хамгаалаад зогсохгүй эдийн засгийн бусад салбар цэцэглэн хөгжихэд тун чухал алхам болох ёстой хэмээн нэр хүндтэй судлаачид үзэж байна. Тэрбээр ашиглаж буй ганц уурхайгаа хувьчлах гэж яараад ч хэрэггүй. Уул уурхайн салбарын нөөц шавхагдаж дуусдагаас гадна ерөнхийдээ энэ салбарт тийм ч хангалттай олон хүн ажилладаггүй, нэг их ирээдүйтэй салбар ч биш гэж тооцогддог. Ашигт малтмалын буянаар эдийн засгийн бага сага өсөлт харагдах авч харамсалтай нь нийт хүн амд хүртээл багатай өсөлт хэмээн тооцогдов. Энэ салбарыг Монголын хөгжлийн түлхүүр гэж хэн ч дүгнэхгүй байна. Харин ч аажмаар ядууран хоосруулах салбар гэх аж.  

Монголын эдийн засгийн сүүлийн хэдэн жилийн өсөлтийг гол нь ашигт малтмалын үнийн өссөлттэй холбон үзжээ. Зөвхөн ноос ноолуур, ашигт малтмалаар дагнах нь тийм ч ирээдүйтэй эдийн засгийн стратеги бус. Ашигт малтмал, мал аж ахуйгаас хэт хамааралтай байх нь ядууралд хүргэх магадлалтай. Харин түүний оронд импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнд өндөр татвар оноож дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олгох нь зөв гарц хэмээн үзэж байна. “Ногоон гэрлийн” гэгдэх компаниуд зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг боомилж буй нь ойлгомжтой. Иймээс компаниудад ахин гарааны адил тэгш боломж олгох шаардлагатай болжээ. Авилгыг хаана гэсэн үг л дээ.

Зөвхөн импортын татвараар зогсохгүй банкны зээлийн хүү Монголд хэт өндөр байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх маш хүчтэй шалтгаан ажээ. Өнөөгийн хүүгийн хэмжээг “сансар огторгуйтай” адилтгахаар өндөрт байна гэж гадны мэргэжилтнүүд, дотоодын үйлдвэрлэгчид байнга дүгнэдэг. Мөнгөний ханшийг хэрхэн тогтоосон байдлыг ахин эргэн харж, үндэсний мөнгөн тэмдэгтийн доллараас хараат байдлыг арилгах, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг өндөрсгөх нь зүйтэй хэмээн зөвлөж байна. Мөнгөний ханш унамагц цалин хөлсийг нэмээд байдаг нь ердөө л гаж зуршил хэмээн тооцогддог аж.

Монголын хүн амын дунд үндэсний баялгийг хэт тэнцвэргүй хуваарилж байгаа нь олон улсын ажиглагчдын анхааралд хэдийнээ өртжээ. Монгол улс цаашдаа гаднаас элдэв ашигтай ашиггүй зээл, улс төрийн шинж чанартай тусламж авахаа зогсоож, гэрийнхээ авдар савыг уудалж, хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхгүй бол үндэсний сүйрэл босгоны цаахна харагдаж байна. Учир нь энэхүү зээл, тусламж ард түмний давхаргад огтхон ч нэвчиж хүрдэггүй, зөвхөн “дээд давхаргын” тодорхой бүлэг нөхдүүдийн амыг тостоод өнгөрдөг талаар олон улсын нэр хүндтэй судлаачид хурцхан шүүмжилж байгаа. Аливаа улс орны өр зээлийн хэмжээ ДНБ-ний жилийн нийт хэмжээний хагастай тэнцэхүйц байхад тухайн улсыг сүйрэл нөмөрчээ гэж үздэг байна. Гэтэл Монгол улсын өр зээл бүтэн жилийн ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээнд хэдийнээ хүрчихлээ. Энэ үзүүлэлтээр Монгол судлаачдын гайхшийг барсан үзэгдэл болоод байна.

Буурай, дунд давхаргад огтхон ч нэвчиж хүрдэггүй их хөрөнгийг хувааж хүртсэн цөөн хэдэн нөхдийн золиосонд түүнээс нь огт амсаагүй, зарим талаар мэдээ ч үгүй явсан ард түмэн харин ч их өрөнд баригдах нь огтхон ч утга учиргүй гаж тогтолцоо юм. Нэгэнт л нийгмийн дийлэнх хэсэгт хүртээлгүйгээс хойш гадны тэр их зээл тусламжийг бүрмөсөн зогсоочихсон байхад нэг их өөрчлөлт анзаарагдахгүй байх вий. Энэ нь харин ч ард түмэнд ашигтай гэж үзэж байна.