Судлаач З.Батболд
Сүүлийн үед Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ардчилал эрийн цээнд хүрлээ гэсэн сурталчилгаа, ухуулга явагдах боллоо. Мөн нэгэн судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүнгээр 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгосныг иргэдийн 90 хувь нь зөв зүйтэй алхам болсон гэж үзжээ. Тэгвэл ардчилал гэдэг нь жирийн иргэн бидний хувьд чухам юу вэ, бид ардчиллын үр дүнд юу олж авсан бэ? Мөн юуг алдах ёсгүй вэ?
Саяхан УИХ-ын гишүүд төсвийн мөнгөнөөс тус бүртээ 250 саяыг авах нь Үндсэн Хуульд харшилсан шийдвэр гэдгийг хүлээн авсангүй. Энэ нь сонгуульд нэр дэвшигч бүр гарааны тэгш эрхтэй байх нь ардчилсан нийгмийн тулгуур зарчмуудын нэгийг устгаж байгаа хэрэг юм. Эдүгээгийн дарга нар ардчилалд суралцах нэрээр доноруудын болон иргэд бидний татварын мөнгөөр хэчнээн олон удаа семинардаж, гадаад орнуудаар зугаалсан билээ. Тэдний ардчиллын боловсролд зарцуулсан хөрөнгө Монголын жирийн нэгэн иргэнээс хэдэн зуу, мянга дахин илүү юм. Тэгэхлээр “нэгэнт хордсон уураг тархийг хичнээн анагаах гэж оролдоод нэмэргүй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн нь үнэн ажээ.
2004 оны сонгуулийн дараагаас эрх баригчдад итгэл алдарсан иргэд хөдөлгөөн, холбоод байгуулж тэмцэх болсон нь ардчилсан нийгмийн жам ёсны үзэгдлийн нэг юм. Гэтэл одоогийн улстөр дэх голлох намуудын зүгээс иргэдийн тэмцлийг мөхөөх, сонгогдох эрхэд нь халдах оролдлого хийж эхэллээ. Иргэний холбоо, хөдөлгөөдийн удирдагчдыг “албан тушаалд дуртай”, “УИХ-д сонгогдохын тулд энэ бүхнийг хийж байна” гэсэн мессежийг сонин хэвлэлээр цацах боллоо. Монгол Улс олон намын тогтолцоотой орон. Бүүр хоёр намын тогтолцоотой ч байж болно. Гэхдээ энэ хоёр нь үүрд МАХН, Ардчилсан нам байна гэж хэн ч хэлээгүй. Энэ бол угаасаа ардчиллын хэм хэмжээ биш юм.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлд “25 нас хүрсэн, Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Энд Их Хурлын гишүүн болохын тулд заавал эрх баригч намуудаар дамжих ёстой гэсэн заалт алга. 25 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн бүр ийм эрхтэй. Энэ эрхийг бид 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан. Гэтэл манай эрх баригчид “Гахай бүхэн тэгш эрхтэй, зарим гахай бүр илүү тэгш эрхтэй” хэмээн тунхагладаг дарангуйлагч нийгмийн тогтолцоог сэргээхийг завдаж байна.
Өнөөдөр ардчилсан Монголын иргэдийн тархийг “Төрөө дээдэлье” (Иргэнээ биш), “Улстөр бохир учраас иргэд хол байх хэрэгтэй” гэх зэрэг дарангуйлал, авилгыг өмгөөлсөн уриа, лоозонгоор угааж дийлэхгүй. Иргэдийн сонгогдох эрхийг боогдуулах нь сонгох эрхийг адилхан хязгаарлаж байгаа хэрэг юм. Хэрвээ улстөрийг зөвхөн бохир хүмүүсийн хийдэг ажил гэж үзвэл улс орон маань хэзээ ч өөдлөхгүй.
Уул нь ардчилал хөгжсөн 17 жилийн хугацаанд иргэд их олон зүйлийг ойлгож авлаа. Ардчилал бол хэдэн жилийн дотор, эсвэл хэдэн удаагийн жагсаал, тэмцлээр олоод авчихдаг хялбар зүйл биш юм байна. Ардчилал бол удаан үргэлжилдэг тасралтгүй процесс юм. Энэ урт замын турш бид ардчиллын үндсэн ололтуудаа хайрлан хамгаалж, тордох зайлшгүй шаардлагатай болж байна. Учир нь ардчилал Монголын ард түмний нийтлэг үнэт зүйл болжээ.