Ж. Баярцэцэг /ННФ-ын менежер/
Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноос хойших он жилүүдэд нийгэм, төрийн байгууламж, хууль эрхзүйн орчинд ардчиллын олон зарчим тусгалаа олсон хэдий ч гол тулгуур зарчмын нэг болох ил тод байдал, иргэдийн оролцооны асуудалд төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна. Ялангуяа бодлогын буюу хууль тогтоох үйл явцын ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах явдал илт орхигдсоор иржээ.
Төрийн бодлогыг тодорхойлох гол арга зам болох хууль тогтоох явцад иргэд үзэл бодол, байр сууриа илэрхийлж өөрт олгогдсон эрхийн хүрээнд улс орны хөгжилд идэвхитэй оролцох нь ардчилсан орны иргэний хүлээх үүргийн илэрхийлэл болж байдаг. Иймээс бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо нь нэг талаас ардчилсан төрийн үйл ажиллагааны ил тод байдлын илэрхийлэл, нөгөө талаар иргэдийн оролцоог төрөөс дэмжих, иргэний соёлыг төлөвшүүлэх гол хүчин зүйлс байдаг.
Түүнчлэн ардчилсан төрийн гол онцлог нь аливаа бодлого шийдвэр нь олон нийтийн амьдралаас урган гарсан, тэдний төлөө үйлчилдэг байх явдал. Иймээс ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төлөөллүүдийг оролцуулснаар ил тод байх нөхцөл нь бүрддэг байна. Бодлогын үйл явцад ашиг сонирхол, байр суурийн хурц зөрчилдөөн бүхий бүлгүүдийн төлөөллийг оролцуулах нь шийдвэр гаргагчдын зүгээс улс төрийн хүлээцтэй байдал, сонирхогч талуудын хувьд оролцооны соёлыг шаардаж байдаг. Ийнхүү оролцсоноор бие биеэ сонсох, зөвшилцөх зэрэг олон соёл аль аль талдаа төлөвшдөг. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд нийгэмд тулгарч буй бүхий л асуудал, түүний шийдлийг мэддэг эксперт байх албагүй, боломжгүй тул эдгээрийг судлах, олон ургальч санал шийдлийг нийгмийн төлөөллүүдээс сонсон нийгмийн хэрэгцээ шаардлагад таарсан шийдвэр гаргах боломж бүрддэг байна.
Энэхүү оролцооны асуудал олон жилийн турш яригдан, бодлогын олон бичиг баримтад тусгагдсан боловч бодит үр дүн гарахгүй тэр ч байтугай ухрах байдал ажиглагдаж байна. Хамгийн их ил тод, иргэдтэйгээ эргэх холбоотой байх ёстой УИХ-д жирийн иргэн саналаа хэлэх, оролцох суваг, механизм байхгүйгээс иргэд нэг бол гэртээ бухимдан суух, эсвэл гудамжинд жагсах зам л үлдэж байна. Наад зах нь жирийн иргэд нь төрийн ордондоо орон хуралдаантай танилцах боломжгүй, тусгай журмаар ямар хувцас өмсөхийг нь хүртэл заасан, орсон ч үзмэр музей үзэж буй мэт хэдхэн хором суугаад гарах төдийгөөс хэтрэхгүй байгаа нь оролцоог дээдэлсэн ардчилсан парламентын үйл явц гэж үзэхэд ихээхэн эргэлзээтэй юм. Энэ нь шийдвэр гаргагчдын зүгээс иргэдийн санал, оролцоог үл ойшоох хандлага улам бэхжин оршсоор буйг илтгэж байна.
Иргэдийн ашиг сонирхлыг төлөөлсөн ТББ-ын хувьд ч адил сайндаа л шаардах бичиг, ил захидал УИХ-ын гишүүдэд илгээхээс хэтрэхгүй, нэг бол таньдаг эсвэл нутаг уснаасаа сонгогдсон гишүүдээ бараадахаас өөр аргагүй байдаг. Иймээс ч ажил хэргийн холбоо, танил тал, ижил сонирхол зэрэгтээ дулдуйдан уулзах, ярилцах зэргээр албан бус сувгийг ашиглах нь илүү үр нөлөөтэй гэж үзэх болсон нь ил тод байдлыг хангах талаасаа сөрөг үр дагаврыг бүрдүүлж байна. Ихэнх тохиолдолд асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэр гаргагчдын зөвлөлдөх, санал дүгнэлтийг нь сонсох хэрэгцээнд тудгуурласан бус, харин сонирхогч талуудын сонирхлоор явагддаг төдийгүй бусад төлөөллийг адил боломжоор хангаагүйгээс аль нэгэн талд илүү давуу боломж олгож бусад талын зүгээс эргэлзээ, хардалтыг үүсгэхэд хүргэдэг. Шийдвэр гаргагчидтай танилын холбоо хэлхээ байхгүй боловч тухайн асуудлаар нэлээн нухацтай ярьж байгаа ТББ-уудад саналаа хэлэх, оролцох боломж бараг байхгүй гэхэд болно. Энэ нь мөн л иргэний нийгэм саналаа хэлэхийн тулд жагсаал, цуглаан, эсэргүүцлийг хэрэгслээ болгохоос өөр арга үлддэггүй байдалд хүргэж байна.
1992-2006 онуудын тоон баримтаас үзэхэд УИХ-ын ажлын хэсэгт иргэд, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан тохиолдол ердөө 20 гаруй байсан ба энэ нь ихэнхдээ хэлбэрдэл төдий, голдуу салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл эсвэл хэн нэгэн албан тушаалтан, улс төрийн намтай холбоотой хүмүүс багтсан байдаг. УИХ-ын зүгээс иргэдийн оролцоог хангах талаар зарим нэг алхам хийсэн боловч эдгээр нь ихэнхдээ олон улсын болон донор байгууллагуудын санаачилга байж иржээ.
Оролцооны нэг гол урьдач нөхцөл нь мэдээлэл юм. Тухайн хэлэлцэгдэж буй асуудлын талаарх мэдээлэл, хуулийн төсөл, хэлэлцэгдэж буй явцын талаар мэдээлэл байхгүй нөхцөлд ТББ, иргэд оролцох боломжгүй болдог. Хуулийн төсөл, хэлэлцэгдэж буй асуудлыг яамд, Засгийн Газрын түвшинд хэрхэн хэлэлцэгдэж байгааг болон орж буй өөрчлөлтүүд, саналууд, хурлын дэлгэрэнгүй протокол зэрэг цогц мэдээллийг авах нь иргэдийн мэдэх эрхийн нэг хэсэг юм. Гэтэл аливаа хуулийн төсөл, хэлэлцүүлэг, шийдвэртэй холбоотой мэдээлэл олж авах нь туйлын хүндрэлтэй байсаар байна. Мэдээлэл технологийн эрин үед мэдээлэл түгээх хялбар арга болох интернэтийг ашиглаж болох боловч ихэнх төрийн байгууллагын вебсайт шаардлага хангадаггүй. Жишээлбэл, УИХ-ын вебсайт зарим хуулийн төсөл, хэлэлцүүлгийн протокол зэргийг алдаг оног тавьдаг байсан бол эдүгээ тэр цахим хуудас ажиллахаа ч больжээ. Түүнчлэн, “Нээлттэй засаглал” вебсайтад Засгийн Газрын боловсруулж буй хуулийн төсөл, хэлэлцэгдэж буй явц, хуваарь, Засгийн газрын хуралдааны протокол гэх мэт чухал мэдээллийг олон нийтэд зориулан шуурхай тавихдаа маш хойрго байдаг.
Ардчилал өндөр хөгжсөн орнууд болон ардчилалд шилжиж буй улс оронд бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг нь сайжруулахад чиглэгдсэн эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх тодорхой арга зам, механизмыг бий болгон бодит үр дүнд хүрсэн байдаг. Тухайлбал, Дани, Их Британи, Канад, ХБНГУ, Словак, Унгар зэрэг улсад бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог дэмждэг, нээлттэй хэлэлцүүлэг хийх, зөвлөх бүлэг зохион байгуулах, нээлттэй цаг, интернет ярилцлага зохион байгуулах гэх зэрэг олон ололт туршлага бий ажээ.
1996 оноос хойших хугацаанд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөр, Хүний аюулгүй байдлыг хангах сайн Засаглалын хөтөлбөр зэрэг олон баримт бичигт бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд, төрийн бус байгууллагын оролцоог дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэж олон зорилт дэвшүүлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, Улсын Их Хурлын тухай, Авилгын эсрэг хууль, Төрийн бус байгууллагын тухай зэрэг олон хуулиудад тусгагдсан ч бодит үр дүн нь туйлын хангалтгүй хэвээр байгаа билээ. Үүний нэг шалтгаан нь эдгээр хуулийн заалтууд бүрхэг, хэрэгжүүлэх механизмууд нь тодорхойгүй байдгаас ил тод байдал, оролцоог хангах заалт гэхээс илүүтэй тухайн шийдвэр гаргагчдын үзэмжээр шийдэх бололцоог бий болгодогт оршиж байна.
Иймээс дээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгон бодлогын үйл явцыг ил тод, нээлттэй болгох болон оролцоог хангах тодорхой механизм, бүтцийг бий болгон хэн хариуцах, хэзээ яаж хэрэгжүүлэх, хэрхэн санхүүжих зэргийг тодорхой болгох нь чухал байна. Хуулинд тусгагдсанаар нэгдсэн жишиг стандарт байдлаар явагдах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн шийдвэр гаргагчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр аливаа асуудлыг албан механизм сувгуудаар хэлэлцэн санал зөвлөгөө авч байж явагдах жишиг стандартыг тогтоосноор өнөөгийн алаг цоог байдлыг арилгах боломж бүрдэх юм.
Оролцоог хангахад мэдээллийг нээлттэй болгох үүднээс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шинэ мэдээлллийг олон нийтэд зориулан тавих зэрэг наад захын алхмыг даруйхан хийх шаардлагатай. Түүнчлэн, жирийн иргэд төрийн ордонд орох эрхгүй, өмсөх хувцсыг нь заасан бүдүүлэг журмуудаа халах цаг болжээ.