Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлнэ

A- A A+
Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлнэ

Д.Гантуяа

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв”-ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байгуулав. Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдий ч өнөөдөр шаардлагын хэмжээнд хүрээгүй, хангалтгүй байгааг тус төвийг нээх ёслолын ажиллагааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Цэрэндорж дурдан хэллээ. Энэ төв нь төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцааны оновчтой загварыг турших, өмгөөллийн жишиг, өмгөөлөгчийн төлбөрийн шалгуурыг боловсруулахын зэрэгцээ хамгийн гол нь ийм иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн ач тустай алхам болно гэж тэрбээр үзэж байна.

Энэхүү төвд нийт дөрвөн өмгөөлөгч ажиллах бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэдэд гэмт хэрэгт холбогдсон цагаас нь эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүх шатанд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэх юм байна. Эдгээр өмгөөлөгчийн хамгийн ахмад нь 32 жил өмгөөлөгч хийж байгаа бол бусад нь нэг жилийн дадлага туршлагатай байна.

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх туршилтын төвийг Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргээс гадна Хэнтий аймагт бас байгуулах ажээ. Эдгээр газрыг сонгосон учир нь улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт хамгийн ихтэйн зэрэгцээ ядуу, төлбөрийн чадваргүй иргэд олноор оршин суудагт байгаа юм байна.

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх явдал нь санхүүгийн туслалцаа дэмжлэг болохоос гадна хамгийн гол нь ийм иргэдэд эрхээ мэдэх, тэрхүү эрх нь хангагдаж байгаа гэдийг мэдрүүлэхэд чухал үүрэгтэй юм гэж МННХ-ийн гүйцэтгэх захирал Стефен Д. Вэнс үзэж байна. Соросын сангийн сүлжээний байгууллагууд урьд нь ийм төвүүдийг Болгар, Литви зэрэг оронд туршин ажиллуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэрбээр Төвийн нээлтийн үеэр дурдлаа. МННХ өнгөрсөн жил Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран эрх зүйн туслалцааны асуудлаар үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тэндээс гарсан зөвлөмжийн дагуу Үндэсний тогтолцоо бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулж, тэднийг Өмнөд Африкийн туршлага судлах сургалтад хамруулсан байна.

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөл үзүүлэх төвийн өмгөөлөгчид нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг үүсэхээс өмнө туслалцаа үзүүлэх зорилт тавьж ажиллах тул хэрэгт холбогдогчдыг аль болох эрт тус төвд хандах, чингэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх 20 гаруй хорооны Засаг дарга нартай нягт хамтран ажиллана гэж өмгөөлөгч Л.Амартогос ярьлаа. Өмгөөлөгчид цагдаа, поркурор, шүүх зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбогдон хэргийг шийдвэрлэх бүх шатанд анхаарал тавихаа тэд илэрхийллээ.

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх ажил нь иргэд, олон нийтийн өөрсдийн нь болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжих нь ойлгомжтой агаад тэднийг хамтран ажиллахыг Төвийн нээлтийн үеэр үг хэлсэн бүх хүн уриалж байлаа.