Монгол дахь нууцлал ба мэдээллийн эрх чөлөө, үндэсний онцлог

A- A A+
Монгол дахь нууцлал ба мэдээллийн эрх чөлөө, үндэсний онцлог

Сергей Радченко

1940, 1950, 1960-аад оноос Монголчуудын эдүгээгийн түүхэнд хамаарах баримт бичгүүдтэй  танилцахаар хүсэлт тавихад Монголын нэлээд олон албан тушаалтнаас “Маш нууц” гэсэн хариултыг авлаа. Зарим нь зорилгыг маань үл тоомсорлож, ихэнхдээ маргааш ир /учир нь баримт бичгийг хадгалж буй өрөөнийхөө түлхүүрийг олохгүй байна/ гэх, эсвэл миний хүссэн мэдээллийг огт байхгүй гэж хариулав. Энэхүү мэдээллийг олж авах гэж хичээсэн зургаан сарын хугацаанд төрийн байгууллагын албан хаагчид, архивчдыг ятгаж ухуулах, маргах, уриалах, тэр ч байтугай  Маркс-Лениний жишээнээс иш татаж хүртэл үзлээ.

Гайхал төрүүлж байгаа зүйл бол тухайлбал, Сталин, Чойбалсан хоёрын яриа хэлэлцээр нь /1990-ээд оны эхэн үед сонинд нээлттэйгээр хэвлэгдэж байсан/ одоог болтол төрийн нууцад хамаарч байна. Монголын Гадаад харилцааны яамны архивт МАХН-ын гадаад бодлогод холбогдох, түүхчдийн хувьд үнэт зүйл болох сэтгэл хөдөлгөхүйц баримт бичгийн цуглуулга байна. Архивын материалыг олж авах гэхэд олон арван жилийн настай хуучин баримт бичгийг нууцлахыг шаардсан улаан дардас дарснаар архивчдыг сүрдүүлсэн айдас түгшүүр хэвээр байна. МАХН-ын түүхийн архивыг хариуцаж байгаа намын албан тушаалтнууд ядаж л 1940, 1950-иад оноос Төв Хорооны баримт бичгийн хуулбарыг  судалгааны хэрэглэгдэхүүн болгон өгмөөр байдаг ч бас л хаалттай. Батлан хамгаалах яамны архивын бүх зүйлс нууц байдаг. Улсын Аюулгүй байдлын Архивын талаар бол дурдахын ч аргагүй. Саяхан би 1990-ээд оны эхэн үед нээлттэй хэвлэн нийтлэгдэж байсан Цэдэнбалын өдрийн тэмдэглэлийн эх бичвэрийг үзэх хүсэлт тавьсан. Гэвч энэ тэмдэглэл нь маш нууцад хамаарна гэвэл та бүхэн итгэх үү. Цэдэнбалын өдрийн тэмдэглэлд тулгуурлан хийсэн судалгааны ажлаа хэрвээ би хэвлэн нийтлэх юм бол хэн нэгний сэтгэлийг зовинуулж мэднэ гэж архивын хэлтсийн дарга хэлсэн юм. Чингис хааны судар бичгүүд нь улс төрийн намын архивуудаас гарсанд харин баярлах байна. Учир нь хэрэв тэнд байсан бол бид Чингис хааны тухай юу ч мэдэхгүй байхсан.

Үнэн хэрэгтээ маш олон Засгийн газар мэдээллийн эрх чөлөөний хуулиараа давшгүй хязгаарлалтуудыг тавьсан байдаг. Эдүгээ олон ардчилсан улс орон түүхийн баримт бичгүүдээ нээлттэй олж авах боломжийг бүрдүүлсэн. АНУ-ын Мэдээллийн эрх чөлөөний хуулиар Засгийн газар олон нийтэд өмнө нь хаалттай байсан мэдээ баримтуудыг хязгаарлалттайгаар нээлттэй болгосон ч маш цөөхөн тохиолдолд үзэхийг зөвшөөрдөг. Түүхчдийн хувьд гол бэрхшээлтэй зүйл нь мэдээллийн хомсдол биш, харин ч түүний үнэ цэнэ байдаг.  Английн тухайд жишээлэхэд тэнд 30 жилийн турш хатуу чанга хууль дүрмээр хадгалж, нууцалж байсан мэдээллийг олон нийтэд мэдээлэхэд ямар ч асуудал гарсангүй. Монголын хувьд бусдаас эрс ялгаатай зүйл бол судлаачид  одоог хүртэл “хүсэлт захидал” бичиж, өндөр албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулснаа үзүүлж байж архивын баримт бичгийг олж авдагт байгаа юм. Гэтэл ихэнх тохиодолд захидал нь хангалттай бус байдаг.

Нөгөөтэйгүүр барууныхны мэдээлэл олж авах жишиг нь дарангуйллын тогтолцооноос гараад удаагүй Монголын эрэлт шаардлагаас маш хол зөрүүтэй байж болох юм. Харин Монголын бодит байдал Зүүн Европын улс орнуудтай адил төстэй байж болно. Чех, Герман, Унгар, Польш, Румынд 1990 оноос баримт бичгүүд нь олон нийтэд бүрэн нээлттэй болсон. Монгол Улсын шинэ үеийн түүхийн анхны баримт бичиг болох Ю.Цэдэнбал, Жоу Енлай нарын хоорондох 1962 оны хэлэлцээр Герман Улсын архиваас олдсон. Энэхүү баримт бичгийг  /1990-ээд оноос хойш интернэтээр үзэх боломжтой болсон/ үзүүлэхэд одоог хүртэл маш нууцад хамаарах баримт нь надад байгаад Монголын архивчид гайхаж байсан. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн захидлаас үзэхэд Монголын хуулиуд дахь  “төрийн нууц” гэсэн ойлголт нь зөрчилтэй, хэт ерөнхий тодорхойлогдсон, бараг бүх зүйлийг үндэсний аюулгүй байдалтай холбож болохоор байгаад асуудлын гол нь оршино.

Хаалттай байдал, нууцлал нь айдас түгшүүрийг нуун далдалж байдаг. Судлаачид, архивчид нь нандигнан хадгалгалсан “төрийн нууц”-ыг мэдээлсний төлөө шоронд хоригдох айдсаасаа болж гараа ч хол сунгаж чаддаггүй. Нууцтай ямар нэг хэмжээгээр холбоотой байсан Тод, Ж.Баатар зэрэг хүмүүст холбогдох жишээнүүдийг үл тоомсорлож боломгүй юм. Зөвлөлтийн үеийн “Не болтай у телефона, болтун находка для шпиона” (Утсаар бүү чалч. Чалчигчид тагнуулчдад олз болдог) гэсэн ухуулгын самбарыг саная. Улаанбаатарт иймэрхүү самбар байрлуулах хэрэггүй. Учир нь хүнд сурталтнуудын хувьд ямар ч гадаадын /түүнчлэн бас орон нутгийн/ судлаачид аль хэдийнэ туршуул мэт санагддаг болчихсон байдаг. Тэгэхээр энэ хандлага шинэ ардчилсан Монгол Улсад тохирох уу? Би тэгж бодохгүй байна.

Өнгөрсөн жил Монголд болсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоож буй улс орнуудын Олон Улсын Бага хурлын үеэр Монголын Засгийн газар чөлөөт  эрэл хайгуул хийх мэдээллийн урсгалыг хөхиүлэн дэмжсэнээр нээлттэй, ил тод нийгмийг тогтооход хувь нэмрээ оруулахаар амласан.  Улаанбаатарын тунхаглалд гарын үсгээ зурж Монгол Улс ийнхүү үүрэг даалгавар хүлээн авсан. Улс орноо нээлттэй, ил тод болгоно гэдгээ итгүүлсэн. Нээлттэй болно гэдгийн цаана хатуу чанга нөхцөл байдал байдаг ч нээлттэй байдал гэдэг нь 1940, 50-аад оноос эхлэн “маш нууц”-ад хамаарагдан ангилагдсан баримт бичгүүдийн тухай яриа юм. Хязгаарлалтыг халах нь судлаачдын хувьд ховор зүйл юм.

Тэрчлэн мэдээллийн эрх чөлөөнд хяналт, шинжилгээ хийхийг зорьж байгаа төрийн бус байгууллагуудыг Монголд үл ойшоодог. Гэвч Монголын хувьд ирээдүйд иймэрхүү үл ойшоосон байдал нь үр ашиггүй юм.  “Транспаренси интернэйшнл”  саяхны илтгэлдээ Япон, Хятад, Хойд Солонгосыг зэрэг Зүүн Азийн орнууд дахь олон нийтийн мэдээлэл олж авах боломжийн талаар хэлэлцэхдээ Монголын талаар хатуухан дурдсан байсан нь үүний нэг тод жишээ болох бизээ.  Эцэст нь тэмдэглэхэд Монголын Засгийн газар нээлттэй, ил тод байдлыг тогтоох өөрийн амлалтаа харуулах, өнгөрсөн үеийнх шиг айдас түгшүүргүй болгох сайхан завшааныг өнгөрөөхгүй гэдэгт найдаж байна.