Д.Нарантуяа
(сэтгүүлч)
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд монгол улсын иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг тунхагласан боловч бодит амьдралд энэ эрхийг нь хуулийн бусад заалт хязгаарлаж байгааг хуульчид, мэдээллийн эрх чөлөөг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Гуравдугаар сарын 18-ний өдөр Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форум, Азийн сан, Глоб Интернэшнл ТББ-ын хамтран зохион байгуулсан “Нууцлал ба мэдээллийн эрх чөлөө” уулзалт ярилцлагын үеэр дээрх дүгнэлт хийгдсэн болно. Энд юуны өмнө мэдээллийн эрх чөлөө гэдгийг хэвлэл мэдээллийн чөлөөт байдлаас салгаж ойлгохыг хүсч байна. Мэдээллийн эрх чөлөө гэхээр энэ нь зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнуудад л хамаарах мэтээр иргэд ойлгодог байдал түгээмэл байгааг Глоб Интернэшнл байгууллагын тэргүүн хатагтай Х.Наранжаргал ярьж байсан.
Татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа төр өөрийн үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээллийг иргэдэд нээлттэй, чөлөөтэй байлгах, татвараа төлж байгаа иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй цагтаа, төрийн байгууллага, албан тушаалтнаас саадгүй авч байх тийм тогтолцоог бий болгох нь ардчилсан нийгмийн зарчимд нийцэх талаар энэ өдөр ГХЯ-ны хурлын танхимд цугласан дотоод, гадаадын хүмүүс ярилцсан юм. Өнөөдөр жирийн иргэн аль нэг төрийн байгууллагад очоод хүссэн мэдээллээ тэр болгон авч чадахгүй, авсан ч саад тотгортойгоор авдаг тухай уулзалтад оролцогчид ярьж байлаа. Хамгийн их шүүмжлэлд өртсөн газар бол архивын байгууллага байлаа.
Гэхдээ мэдээллийг чөлөөтэй өгөхөөс цааргалж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан Монгол Улсад мөрдөгдөж байгаа нууцын тухай хуулийн дагуу ажиллаж байгаа юм. Учир нь, Монгол Улсад мэдээллийг нууцын ангилалд оруулан тараахыг хориглосон гурван хууль үйлчилж байгаа нь Төрийн нууц, Хувь хүний нууц, Байгууллагын нууцын тухай хуулиуд юм. Нэн ялангуяа байгууллагын нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллага нууцын жагсаалтаа болон нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх журмаа өөрсдөө батална гэж заасан нь хамгийн их маргаан үүсгэж байгаа юм. Глоб Интернэшнл ТББ-ын төрийн 47 байгууллагад хийсэн судалгаагаар 32 нь нууцын жагсаалтаа, 34 нь журмаа баталсан боловч уг жагсаалт, журам өөрөө нууц байжээ. Хачирхалтай нь судалгаанд хамрагдсан эдгээр төрийн байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлийг “олон нийтэд үйлчилнэ” хэмээн тодорхойлсон байжээ.
Мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх тогтолцоог бий болгохоор Глоб Интернэшнл байгууллага “Мэдээллийн эрх чөлөөний тухай”хуулийн төслийг боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яаманд өнгөрсөн жил өгсөнийгөө уг уулзалтын үеэр танилцуулсан юм. Хуулийн төслийг боловсруулсан хуульч Б.Батхүүгийн ярьж байгаагаар уг хуулийн төслийг боловсруулах явцад дээр дурдсан нууцын тухай гурван хуулийг нэгтгэх, эсвэл нууцын тухай хуулиудыг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай нэгтгэх шаардлага байгаа нь ажиглагдсан байна. ХЗДХЯ-ны мэргэжилтний тайлбарласнаар Глоб Интернэшнл-ийн боловсруулсан хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг одоогоор байгуулаад байгаа бөгөөд энэ ажлын хэсэг ийм хууль гаргах шаардлага Монголд байгаа эсэх, хууль батлагдсан гарснаар хөрөнгө санхүүгийн ямар зардал гарах, уг хууль гарснаар дагалдан ямар ямар хуулиудад өөрчлөлт орох талаар судалж байгаа юм байна.
Уулзалтад оролцсон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архивын орлогч захирал ба судалгааны газрын захирал ноён Малколм Бирне гагцхүү хууль гаргах нь хангалттай бус уг хуулийг хэрэгжүүлэх явдал хамгийн чухал болохыг онцолж байлаа. Хууль гаргах болон хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн оролцооноос гадна иргэдийг гэгээрүүлэх, мэдээлэл авах эрхээ эдэлдэг болоход сургах зайлшгүй шаардлага байгааг ч мөн уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байсан юм.
Мэдээлэл олж авах эрх хангалтгүйгээс Монголын зарим эрдэмтэн гадаад орны холбогдох байгууллагад байгаа мэдээллүүдийг олж авч өөрсдийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээндээ ашигладаг тухай, Монголдоо нууц гэсэн ангилалд байгаа зарим мэдээлэл гадаад орны хэвлэл мэдээлэлд нийтлэгдэж байсныг ч зарим хүмүүс жишээ татан ярьсан. Нэн ялангуяа өнгөрсөн зууны Монголын түүхийн талаарх архивийн мэдээллийг нээлттэй болгох, түүхийн үнэнийг мэдэх нь монголчуудад төдийгүй Монгол Улсын гадаад харилцаанд хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцсон түүхчид хэлсэн. Монгол Улс хаалттай нийгмийн тогтолцооноос салсаны дараахан тухайн үеийн НАХЯ-ны архивийн мэдээллийг нээлттэй болгох иргэдийн шахалт гарч байсан ч энэ нийгмийн дунд сөрөг уур амьсгал үүсгэнэ гэсэн болгоомжлолын үүднээс хийгдээгүйг зарим хүн санаж байгаа байх. Тухайн үеийн социалист системийн орнуудад Монголтой мөн адил иргэд нэг нэгийгээ тагнах “мэдээллийн сүлжээ” ажиллаж байсан. АНУ-ын Вашигтон дахь Германы түүхийн хүрээлэнгийн судлаач Бернд Шаейферийн ярьснаар хуучин социалист орнуудаас зөвхөн Зүүн Герман буюу БНАГУ архиваа бүрэн нээлттэй болгосон байна. Тухайн үедээ зүүн Германы хүн амын 10 хувьд “мэдээллийн сан” бүрдүүлсэн байсан бөгөөд уг архивыг нээлттэй болгохын өмнөхөн сөрөг үр дагавар гарна хэмээн нийгмийн зарим хэсэг болгоомжилж байсан ч тийм юм болоогүй байна. Уулзалтад оролцсон гадаадын судлаачид “муу нуухаар сайн илчлэх” нь дээр гэсэн байр суурьтай байсан бөгөөд ингэхийн тулд эрх баригчдын улс төрийн зориг, иргэд өөрсдөө мэдээлэл олж авах эрхтэй гэдгээ мэдрэх шаардлага гэдэг дээр санал нэгдлээ.