Ш.Үнэнтөгс
(Хуульч)
Өнөөдөр хүний эрхийн асуудал хил хязгааргүй өргөн хүрээг хамарч хүний эрх зөрчигдөж байгаа аливаа асуудлыг орон бүхэн гадаад харилцааныхаа нэг хэмжүүр болгон тавьж, соёлт ертөнц ч түүгээр нь шалгуур хийн үнэлэмж тогтоох болжээ. Тэрхүү шалгууруудын нэг нь Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай асуудал юм.
Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн орчинд Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас гадна Зар сурталчилгааны тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай зэрэг 90 шахам хуульд хэвлэл мэдээлэлтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Мэдээллийн эрх, эрх чөлөөний асуудал, товчхондоо хэвлэл мэдээллийн харилцаа нь төрийн бодлогын түвшинд зохицуулагдаж, цаашилбал эрх зүйн харилцааны бие даасан салбар болон хэлбэршиж байна.
Өнгөрсөн цаг хугацаанд тухайн салбарт хийгдсэн бүхий л алхамууд, нийгмийн зүгээс хэвлэл мэдээллийнхэнд хандах, тэдний үйл ажиллагаанд зохицуулалт хийх гэсэн хүсэл эрмэлзэлийг илэрхийлэх агаад нийгмийн зохицуулалт басхүү бага бус буйг илтгэж байна. Тухайлбал, судалгаанаас харахад нийслэлийн 6 дүүргийн шүүхэд сүүлийн 3 жилийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай иргэний маргаан 79, эрүүгийн гэмт хэрэг 4 бүгд 83 хэрэг, маргаан шийдвэрлэгдсэн байна.
Энэхүү 79 иргэний хэргийн 47 хэрэгт шүүх хариуцагчаар татагдан орсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэвлэлээр дамжуулан гутаасан гэм буруутай гэж тогтоожээ. Энэ нь иргэний хэргийн 59.4 хувь байх бөгөөд нийт хэргийн 29.1 хувь буюу 23 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн байгааг үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний эрх, ашиг сонирхлыг зарим талаар хөсөрдүүлдэг нь харагдаж байна.
Нөгөө талаас хэвлэл, мэдээллийн орчинд эрхийн хамгаалалт тийм ч бага бус байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь манай хууль тогтоомжид задлан шинжилгээ хийсэн олон улсын экспертийн дүгнэлтээс харагддаг.
Одоогоос 20 жилийн өмнө манайд 75 нэрийн сонин, сэтгүүл хэвлэгдэн гарч, 5 өрхийн 4 нь радио сонсч, 7 хүний нэг нь телевизийн нэвтрүүлэг үзэж байсан бол өнөөдөр 1264 сонин, 268 сэтгүүл, бие даасан сувагт 4 телевиз, кабельт сүлжээний 16 телевиз, өргөн долгионы AM радио 8, богино долгоионы FM радио14, мэдээлэл сурталчилгааны 11агентлаг, интернетийн мэдээллийн 6 online сүлжээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нь явцуу утгаараа манайд мэдээллийн талаар харьцангуй чөлөөтэй байх орчин бүрдэж байна гэж болно.
Мэдээллийн эрх зүйн орчин болон статистик үзүүлэлт ийм байгаа ч мэдээллийн эрх чөлөөний баталгааг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тавигдаж байна. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах болон тэдний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн сахиулах замаар засаглал, иргэний нийгэм дэх мэдээллийг нээлттэй болгон олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх зохистой тогтолцоог бүрдүүлэх явдал чухал хэвээр байна.
УИХ өнгөрсөн онд Зар сурталчилгааны тухай хуулийг батлан гаргасан, мөн Олон нийтийн радио, телевизийн тухай, МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Эрүүгийн шинэ хуулинд Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хуульд нийцсэн үйл ажиллагаанд ямарваа нэгэн гадны дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах тухай заалт орсон нь манай улсын хувьд анх удаа сэтгүүлчдийн эрх ашгийг бодитойгоор хамгаалсан эрх зүйн баталгааг бий болгосон явдал гэж хэлж болно.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 21, 22 тоот тушаалаар Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ, мэдээллийн дагуу зохиох ажлыг зохицуулах журам баталсан юм. Энэ журмаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтанд хэрэгцээтэй мэдээллийг нь 3 хоногийн дотор гаргаж өгч байх, шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь танилцах эрх олгож, иргэний хүсэлтийг санаатайгаар биелүүлээгүй ажилтанд хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Гэсэн хэдий ч эдгээр нь нааштай арга хэмжээ боловч хангалтгүй бөгөөд практик амьдрал дээр жирийн иргэд танил талгүй л бол улсын байгууллагаас мэдээлэл авахад бэрхшээлтэй байгаа нь нууц биш. Иймээс төрийн байгууллагаас иргэдийн мэдээлэл хүртэх эрх буюу мэдээлэл хайх, олж авч ашиглах, түгээх эрхийн харилцааг хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулан зохицуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Тухайлбал, олон улсын эрх зүйд мэдээллийн эрх чөлөөг төрийн байгууллагаас мэдээлэл олж авч, ашиглах эрхийг оролцуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг зүйл болгон баталгаажуулж байхаар 1998 оноос тогтсон. Мөн манай Үндсэн хуулиар төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хуульчлан баталгаажуулахыг заасан байдаг ч энэ нь тусгайлсан хуулиар баталгаажаагүй байгаа юм.
Иймд төрийн мэдээллийг нээлттэй болгох талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан батлах шаардлагатай байна. Уг хууль нь төрийн байгууллагыг дээд зэргээр нээлттэй байлгах,төрийн байгууллага чухал мэдээллүүдийг өөрсдөө санаачилан нийтэд түгээдэг байх, мэдээллийн нууцлал, хязгаарлалтыг аль болох бага байлгах, иргэдийг мэдээлэл олж авахад нь туслах механизм бүрдүүлэх, төрийн байгууллагын хуралдааныг нээлттэй хийх, байгууллага бүр мэдээллийг нээлттэй байлгах жишиг тогтоох зэрэг зарчмуудыг агуулсан байх ёстой.
Үүнтэй холбоотойгоор Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Мэдээллийн технологийн тухай зэрэг хуулийн төслийг боловсруулан батлах учиртай.
Олон улсын Хүний эрхийн Билл болон Үндсэн хуулиар олгогдсон мэдээллийн эрхийг эдэлнэ гэдэг бол онц хариуцлагатай эрх бөгөөд нөгөө талаас төр нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам хамгаалах, хүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлох зэрэг хохирол учруулахгүй байх хууль зүйн болоод ёс зүйн үүргийг давхар хүлээдэг.