Бид хэзээ мэдэх эрхээ эдлэх вэ?

A- A A+
Бид хэзээ мэдэх эрхээ эдлэх вэ?

Ж.Баярцэцэг /ННФ-ын менежер/

Өнөөдөр буюу 9-р сарын 28-ны өдрийг хүний суурь эрхийн нэг болсон Мэдэх эрхийн буюу Мэдээллийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий дахинаа дөрөвдэх жилдээ тэмдэглэж байна.
Мэдэх эрх буюу мэдээлэл олж авах, хүртэх эрх нь Үндсэн Хууль болон Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгааждаг. Анхны Мэдээллийн Эрх Чөлөөний хуулийг 1766  онд Финланд болон Швед улс баталснаас хойш одоогийн байдлаар 70 гаруй улс орнууд Мэдээллийн эрх чөлөөний хуулийг баталсан байна. Ялангуяа шилжилтийн үеийн ихэнх орнууд 2000 оноос эхлэн уг хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Мэдэх эрх нь сайн засаглал болон төрийн ил тод, хариуцлагатай байдлын гол үндэс суурь, баталгаа болдог. Учир нь иргэд мэдээлэл олж авах эрхээ хэрэгжүүлснээр төрийн байгууллагууд улам ил тод, хариуцлагатай болж улмаар шударга ёс төлөвших суурь болдог байна.

Түүнчлэн мэдээллийн эрх чөлөө нь иргэдийн оролцооны чухал суурь юм. Ардчилал нь төр иргэддээ үйл ажиллагааныхаа талаар мэдээлдэг, тайлагнадаг, тэдний шийдвэр гаргахад оролцох эрхийг нь хүндэтгэдэг байх зарчим дээр тулгуурладаг.  Иргэд ардчилсан үйл явцад зөвхөн төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй үед л оролцох бололцоотой байдаг.

Мэдээллийн эрх чөлөө нь зөвхөн төрийн байгууллага эсвэл төсвийн хөрөнгөөр төрийн чиг үүргийг гүйцэтгэж буй байгууллагаас мэдээлэл олж авах, хүртэхтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллагууд болон бизнесийн байгууллагууд хамрагддаггүй. Үүний учир нь  төрийн байгууллагад буй мэдээлэл нь иргэдийн татварын мөнгөөр хийгдсэн үйл ажиллагааг мэдэх эрхтэй байдагтай холбоотой.
Мэдээллийн эрх чөлөө нь иргэд эрхээ  хамгаалах хэрэгсэл болдог. Жишээлбэл Тайланд улсад нэгэн эмэгтэй охиноо элит сургуульд оруулах гэтэл сургууль татгалзсан тул тус сургуулийн элсэх шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг хүссэн боловч бас татгалсан хариу авсан байна. Эмэгтэй улмаар Мэдээллийн Комиссар болон шүүхэд өөрийн мэдээлэл авах эрх зөрчигдсөн талаар гомдол гаргасан бөгөөд үр дүнд нь тухайн мэдээллийг олж авсан байна. Тэрхүү мэдээллээс уг эмэгтэй тус сургуульд хэдийгээр маш доогуур оноо авсан ч дээд албан тушаалтны хүүхдүүд элссэн байсныг олж мэдсэн байна.
Мэдээллийн эрх чөлөөний хууль нь /МЭЧ/ авилгалаас урьдчилан сэргийлэх нэг хэрэгсэл болдог. Энэтхэгт нэгэн орон нутагт Мэдээллийн Эрх Чөлөөний хуулийг ашиглан орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрт хэчнээн зардал зарцуулсан, бодит амьдрал дээр хэчнээн зардалтай ажил хийгдсэнийг илрүүлсэн байна. Жишээлбэл тэд тухайн хөрөнгийг бүртгэхдээ аль хэдийнэ нас барсан хүний нэр дээр шилжүүлэн, хөрөнгө завшиж байсныг илрүүлсэн байна.
Мексик улс нь 2003 оны зургадугаар сард МЭЧ-ний хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулиар тодорхой байгууллагууд төсвийнхөө мэдээллийг хэвлэн нийтэлж олон нийтэд мэдээлэх заалт багтжээ. Уг хуулийн дагуу төсвөөс санхүүждэг Улсын Политехникийн сургууль нь ажилтнуудынхаа цалингийн мэдээллийг ил болгоход нэгэн профессор үндсэн цалин нь 60,832 мексик песо буюу 6000 орчим ам доллар байтал 782,502 мексик песо 78,000 орчим ам долларын шагнал урамшуулал авсан байжээ. Өөр нэг дунд түвшний ажилтан  567,855 мексик песо буюу 57,000 ам доллар, цалингаасаа 10 дахин их шагнал урамшуулал  авсан байна. Гэх мэтчилэн тус сургуулийн олон хүмүүс хэт өндөр шагнал урамшуулал цалингаасаа гадна авсан байна. Ийнхүү МЭЧ-ний хуулийн ачаар үүнийг илрүүлсний улмаас төрийн мөнгийг хувьдаа завшсан эдгээр хүмүүс ажлаас халагдан, завшсан нийт 40 сая мексик песог төсөвт буцаан авсан байна.

Өөр нэг ижил жишээ нь  Япон улсад өмгөөлөгчид орон нутгийн түвшний МЭЧ хуулийг ашиглан орон нутгийн захиргааны төсвийн зарцуулалтын талаарх мэдээллийг олж авчээ. Энэ тайланд захиргааны ажилтнуудад зориулсан чөлөөт цагт зориулсан зардал гэсэн маш их өртөгтэй зардал байжээ. Үүнд маш үнэтэй ресторанаар үйлчлүүлэх болон үнэтэй шар айраг, саке зэргийг хэрэглэснийг тогтоожээ.  Ийнхүү илрүүлсний үр дүнд 1995 оноос 1997 оны хооронд Ядон улсын захиргааны ажилтнуудын дээрх төрлийн зардлыг 100 сая доллараар бууруулсан байна.

Хэдийгээр Монгол Улсад  мэдээлэл олж авах, хүртэх эрхийг Үндсэн хуулинд заасан боловч дэлхийн дийлэнх улсад байдагчлан баталгаажуулж, зохицуулсан тусгай хууль байдаггүйгээс иргэд төр, засгийн мэдэлд буй мэдээллийг олж авах, хүртэх боломжийг хязгаарлан, улмаар энэ нь иргэдийн нийгмийн идэвхгүй оролцоо бий болгоход  хүргэж байна.
Монгол Улсад Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй хольж ойлгох нь элбэг байдаг. Энэ нь хоёр тусдаа асуудал юм. Мэдээллийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлчдийн бус нийт иргэдийн төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулдаг бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хэвлэлийн бие даасан байдлыг зохицуулдаг.
Мэдээлэл олж авах, хүртэх эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөл Засгийн Газар, УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна.  Иймээс энэ чухал хууль удахгүй батлагдан гарахыг олон нийт хүлээж байна.

Мэдээллийн эрх чөлөө дэлхий дахинаа - 2006
A Global Survey of Access to Government Information Laws