Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал

A- A A+
Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал

Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал

Бодлогын судлаач Ч.Тамир

Монгол эрэгтэйн идеал нь юу вэ? гэсэн асуултад гүндүүгүй, томоотой, хээгүй гэж хариулахыг сонслоо. Тодруулбал баргийн юмыг тоодоггүй, цаг барьдаггүй, тэнэгдүү гэсэн ойлголт бууж байх шиг. Харин монгол эмэгтэйн идеал нь цэвэр ичимтгий, даруухан байх гэнэ. Хүнтэй үг солих нь байтугай эгцэлж ч хардаггүй хүүхнүүд  хаяахан хөдөө гадаа явахад тааралдана. Харилцааны комплекстой гэж ч хэлж болохоор. Хамгийн сайн хүүхдийг дуулгавартай, томоотой, үгэнд сайн ордог байх гэж тодорхойлно. Бие даасан үзэл байхгүй, хүний хэлснээр л явдаг, багшийн хэлснийг туйлын зөв гэж ойлгодог хүүхдийг ийм л үзлээр бид үйлдвэрлэдэг байлаа. Товчоор хэлбэл гадныхан монголчуудыг гэнэн, цайлган, зочломтгой, итгэмхий гэж нийтлэг дүгнэдэгийн учир ч эндээс тайлагдана. Уламжлалт ийм менталитетийг ойлговол нүүдэлчид бид яагаад иргэн болж чадахгүй байгаагийн шалтгаан бий.

Монголд реформ хэрэгтэй байна. Улстөрийн системд реформ хийхэд порпорционал систем, эмэгтэйчүүдийн квот, гишүүнчлэлгүй нам, намын харьяалалгүй төрийн албан хаагч гэх мэт олон алхмыг эхлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гарч ирснээр бүх юмыг орвонгоор нь өөрчлөхгүй, гэхдээ энэ нь  улстөрийн системийг шинэчлэх олон ажлын нэг болно гэдэгт би итгэдэг. Намуудын шийдвэр гаргах үйл явц хаалттай байна, тиймээс сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад 30-аас доошгүй хувь нь  эмэгтэй байна гэсэн хуулийн заалт тун чухал байлаа. Буруу ойлгож болохгүй, будилах хэрэггүй, энд зөвхөн нэр дэвших тухай ярьж байгаа болохоос биш шууд сонгуулно гэж заагаагүй, 30-аас доошгүй гэсэн болохоос биш дээш байж болохгүй гэж хэлээгүй. Тийм ч учраас манайд туслагч донорууд энэ асуудалд тун ч их анхаарал тавьж байгаа. Бид ийм үзэл санаанаас татгалзаж НҮБ, Олон улсын Парламентийн холбоо, БНОУХ зэрэг байгууллагуудыг тоохгүй байж болно. Бид нэгдэж орсон Хүний эрхийн, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай, Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах конвенцоос ичихгүй ухарч болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн квотыг хасахын тулд өөрсдөө баталсан Мянганы хөгжлийн зорилт, тэр ч байтугай дөнгөж жил болж байгаа Сонгуулийн хуулиа хуйвалдан өөрчилж эрээ цээргүй загнаж болохгүй.

АНУ-ын үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийн дагуу америкийн эмэгтэйчүүд нийгэм, улстөр, эдийн засгийн хувьд тэгш эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаа эхэлж амжилт олтол багагүй хугацаа өнгөрчээ. ХХ зууны дунд үеийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн нь арьс өнгөөр ялгаварлах үзэл, үндэсний цөөнхийн эрх зэрэг ойлголттой зэрэгцэн гарч ирсэн иргэний ардчиллын давалгааны үр дүн юм. Тиймээс монголын ардчиллыг бэхжүүлэхэд түлхэц болох хийх шаардлагатай ажлуудын нэг нь эмэгтэйчүүдийн квот мөн. 1990 онд нэгэнт сонгосон сонгуулийн ардчиллыг өнөөдөр иргэний ардчилал болгож гүнзгийрүүлэх, цаашид энэ замаар бид туйлбартай хөгжих эсэх нь ч гэсэн эмэгтэйчүүдийн квоттой холбоотой. Өнөөдөр дэлхий ертөнц ардчилагдаж АНУ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж ч магадгүй байна, Германд эмэгтэй канцлер ажилаж байна, тэр ч бүү хэл азид эмэгтэй ерөнхий сайд аль хэдийн сонгогдчихоод байна.
Бодлогод иргэдийг өргөнөөр оролцуулах эрмэлзэл нь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой юм. Ийм арга хэрэгслийн нэг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал. Францын алдарт судлаач М.Дювержегийн “Эмэгтэйчүүдийн улс төрийн үүргийг тайлбарласан онол” хэмээх алдартай судалгаа хийгдсэнээс хойш дэмжлэг бол басамжлал, эмэгтэйчүүд өөрсдийгөө дэмждэггүй, тэд өөрсдөө л буруутай гэх зэрэг явган яриа онолын хувьд бүрэн няцаагдсан. Тэрээр эмэгтэйчүүд мөнгө, эрх мэдлээр нь ялгаварладаг хаалттай намуудаас яаж ийгээд нэр дэвшээд гараад л ирвэл сонгогчид тэднийг дэмжихдээ хүйсээр ялгаварладаггүйг нотолсон. Манайд болж өнгөрсөн сонгуулиудын дүнгээр ч гэсэн энэ нь батлагдсан. Тэгэхлээр асуудал нь эмэгтэйчүүдийг хүчгүй гэж басамжлан үздэг хоцрогдсон улстөрчдөд байдгаас биш сонгогчдод байдаггүй ажээ.

Дараагийн 10 жилд бид гүндүүгүй, цэвэр ичимтгий монгол мөрөөдөл, эхнэрээсээ айдаггүй эрийн бахархал, үеэ өнгөрөөсөн улстөрчидтэй үлдэх үү, эсвэл бусдын л жишгээр иргэний ардчиллын замаар урагшлан хөгжих үү гэдгээ сонгох цаг болсон. Энэ асуудлаар хоёрдмол байр суурь гэж байхгүй. Яг үнэндээ дээр өгүүлсэн зүйлс бол эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцэгчдийн шалтаг л болохоос харин цаад бодитой шалтгаан нь албан тушаал дээрээ сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон улстөрчдийн ашиг сонирхол юм. Эцэст нь 1995 онд “Монголын эмэгтэйчүүд” эвсэл анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бодитой амжилт олоогүйн шалтгаан юу вэ? Миний бодлоор бид үеэ өнгөрөөсөн улстөрчдөд хэтэрхий их найдаад байгаа юм биш үү.