Д.Гантуяа
Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчмын төсөлд тусгасан “сурталчилгааг төлбөртэй буюу төлбөргүй гэдгийг олон нийтэд ойлгогдохуйц заах” тухай дөрөвдүгээр заалт Монгол дахь сэтгүүлчдийн гурван байгууллагыг анх удаа хамруулсан, “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” сэдэвт бага хурлын гол маргааныг өрнүүлэв. Бага хурлыг дөрөвдүгээр сарын 14-нд Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэг дор “Глоб Интернэйшнл” ТББ, МСЭН зохион байгуулж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Монголын сонинуудын холбоо /МСХ/, Монголын чөлөөт сонинуудын холбоо /МЧСХ/ гэсэн гурван байгууллага /сүүлийн хоёр нь эздийн байгууллага/ өөрсдийн төлөөллөө томилон оролцуулжээ.
Дөрөвдүгээр заалт нь чөлөөт хэвлэлийн бизнесийг хаасан утгатай агаад шууд ингээд зарлачихаар сонгуулийн үеэр сурталчилгаагаа өгөх нэр дэвшигч цөөрч, орлого хаагдана гэж МСХ-ны дэд ерөнхийлөгч Хадбаатар тэргүүтэй хүмүүс болгоомжлон эрс эсэргүүцэж байсан бол МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Чулуунбаатар энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн зарчимтай байхад чухал үүрэгтэй заалт гэж үзэж байв. Аль нь төлбөртэй, үгүйг ялгаж өгөх нь иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой төдийгүй сонгуулийн дараа Сонгуулийн ерөнхий хороо намуудын тайланг хүлээн авах үеэр намууд өөрсдөө зардлын тайлангаа аль хэр бодитой мэдээлснийг хянахад чухал үүрэгтэй тул дөрөвдүгээр заалтыг үлдээх хэрэгтэй гэсэн байр суурийг хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл барьж байв.
Сонгуулийн үеийн мэдээлэл, сурталчилгаа нь нэгд, цэвэр сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээл буюу мэдээ мэдээлэл, нийтлэл, хоёрт, цэвэр сурталчилгаа буюу улс төрийн нам хүчнүүдийн бэлтгэн ирүүлсэн материал, гуравт сэтгүүл зүйн төрөл хэлбэрийг ашиглан хийгдсэн захиалгат сурталчилгаа гэж үндсэндээ гурав ангилагддаг. Үүнийг ялгахад энэ заалт хэрэгтэй хэмээн Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал тайлбарласан боловч санал хураах мөчид энэ заалт зөвхөн төсвөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд хүчинтэй байхаар өөрчлөв.
Ийнхүү нотолгоотой баримтад тулгуурласан мэдээлэл түгээх, өөрийн үзэл бодлыг тулгахгүй, аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, эс өгөхийг уриалахгүй байх, сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөхүйц шударга бус үйлдлийг нуун дарагдуулахгүй байх, ноцтой баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа чандлан нууцлах, мэргэжлийн алдаа гаргасан бол шуурхай залруулах зэрэг найман заалтаас бүрдсэн зарчмыг бага хурлаас тунхаглав. Тэрчлэн Монголын сэтгүүлчдэд “Сонгуульд ёс зүйгээ сахин ажиллах”-ыг, харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакци, эздэд хандан ийнхүү ёс зүйтэй, хараат бус, чөлөөтэй ажиллах боломжоор сэтгүүлчдээ хангахыг мөн уриалав.
Ёс зүйтэй холбоотой энэ зарчмыг бий болгох анхны санаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонгуулийн үеэр мөрдөх зарчим байхаар бага хурлын угтал болсон олон уулзалт ярилцлага дээр томъёологдож байсан боловч эцэстээ сэтгүүлчдийн баримтлах зарчим болон дүрээ хувирган батлагдсан нь ерөөс Монголд чөлөөтэй, бие даасан, хараат бус сэтгүүл зүй хөгжих орчин нөхцөл бүрдээгүй байгааг бас дахин харуулав.
Сэтгүүлчид олон жил ярьсны эцэст түр боловч баримтлах зарчимтай болж байгаа нь чухал гэж хуралд оролцогчдын дийлэнх дүгнэж, эндээс сэтгүүлчдийн гурван байгууллагын цаашдын хамтын ажиллагаа ихээхэн шалтгаалах төдийгүй бүр цаашилбал нэгдлийн эхлэл тавигдаж ч болох юм хэмээн зарим хүн үзэж байна.
2004 оны УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр сэтгүүлчдэд холбогдуулан нэр дэвшигчээс гаргасан гомдлыг эвлэрүүлэн шийдвэрлэх эрх, үүрэг бүхий Хэвлэлийн түр цэцийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан нь энэ бага хурлын өөр нэг үр дүн юм. Цэцэд МСНЭ-ийг “Хууль зүйн мэдээ” сонины ерөнхий редактор Ц.Бат-Орших, МСХ-г тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Нинжжамц, МЧСХ-г тус холбооны ерөнхийлөгч О.Чинбаяр нар тус тус төлөөлөн, мөн өмгөөлөгч Э.Болорчулуун, хуульч Д.Зүмбэрэллхам нарын таван хүн сонгогдов. Энэхүү цэц нь гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт, мэдээллийг сэтгүүлч болон гомдол гаргагчаас гаргуулах, шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийг оролцуулах, шийдвэрээ олон нийтэд мэдээлэх эрх, үүрэгтэй бөгөөд үйлчилгээ нь үнэ төлбөргүй байх ажээ. Нэр дэвшигч цэцэд гомдол гаргахыг хүсвэл гомдлоо бичгээр үйлдэн МСНЭ-д хандах бөгөөд цэц гомдлыг хүлээн авснаас хойш гурав өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж олонхийн саналаар шийдвэрлэх юм байна. Гомдол гаргагчийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байх ажээ.
Д.Гантуяа
Холбогдох материалууд:
Сонгуулийн үед ажиллах Хэвлэлийн Цэцийн дүрэм