Сонгуулийн кампанийн санхүүжилтийг ил тод болгох нь

A- A A+
Сонгуулийн кампанийн санхүүжилтийг ил тод болгох нь

Г.ОТГОНБАЯР
(Сэтгүүлч, Зууны мэдээ сонины Улс төр, гадаад мэдээний албаны дарга)

Томсгож харах

Сонгууль ба эрх мэдэл олох боломж

Ардчилсан төр, засгийн үндэс нь сонгууль байдаг. Улс төрийн намууд сонгуульд амжилт үзүүлэх, эсэх нь ард түмний итгэл, зөвшөөрлөөс хамаардаг. Энэхүү итгэл, зөвшөөрлийг засгийн эрх мэдэл болгох оньс нь чөлөөт, шударга сонгууль юм. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн тус бүр гурван удаагийн ардчилсан сонгууль явуулаад байна. Эдгээрээс засгийн эрх мэдлийг сольдог нь УИХ-ын сонгууль. Монгол Улсын Их Хурал 76 мандат бүхий тойргийн төлөөллөөс бүрддэг. Нэг тойрогт ногдох сонгогчдын тоо дунджаар 12-15 мянга. Далан зургаан тойргийн 26 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Сонгуулийн нэг мандат бүхий мажоритар систем үйлчилдэг. Энэ нь тухайн тойрогт санал өгсөн сонгогчдын 25 хувиас дээш хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигч УИХ-д сонгогдоно гэсэн үг. Ер нь дэлхийд мажоритар системийн 150 орчим хувилбар бий. Манай улс УИХ-ын өнгөрсөн гурван сонгуульд мажоритар системийн хоёр хувилбарыг хэрэглэжээ. 1992 онд олон мандаттай мажоритар систем буюу нийт 26 тойргоос УИХ-ын 76 гишүүнийг сонгосон. Харин 1996, 2000 оны УИХ-ын сонгуульд нэг мандаттай мажоритар систем бүхий 76 тойргоос 76 гишүүнийг сонгох хувилбар үйлчилсэн байна.

Улстөрчдөд яагаад мөнгө хэрэгтэй болдог вэ

Улс төрийн нам бол үзэл бодлын нэгдэл. Сонгуультай ойртуулж томъёолбол улс төрийн намыг засгийн эрх мэдлийн төлөөх хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл ч гэж болно. Энэхүү нэгдэл бодлого, зорилгоо засгийн эрхэнд гараад юу хийх, жирийн сонгогч таны амьдралыг яаж өөрчлөхөө олон түмэнд хэр сайн таниулна, тэдний итгэлийг тийм хэмжээгээр олж авна. Үүнд мөнгө хэрэгтэй. Нэр дэвшигчид ч ялгаагүй сонгуулийн ялалтын төлөө ийм л “замаар” алхдаг. Мөн улс төрд мөнгөтэй хүн орох ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Яагаад гэвэл мөнгөгүй хүн улс төрд орвол авилгалд өртөх нь амархан байдаг байна. Тийм ч учраас “Улс төрд гурван чухал юм байдаг. Энэ нь нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт, мөнгө, гуравдугаарт мөнгө” гэсэн үг гарсан болов уу.

Улс төрд зарцуулдаг бүх мөнгийг галт тэрэгтэй зүйрлэвэл зүтгүүр нь сонгуулийн кампанийн санхүүжилт, зардал юм. Сонгуулиас сонгуульд өсөн нэмэгдэж байгаа уг зардал, санхүүжилтийг яаж хянах, зохистой харьцааг хэрхэн бүрдүүлэх талаар нэгэн сонирхолтой нээлттэй ярилцлага энэ оны 10 дугаар сарын 31 нд боллоо. “Улс төрийн нам болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилт” сэдэвт уг уулзалт ярилцлагыг Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгууллаа. Ярилцлагад улстөрчдөөс гадна Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, судлаачид оролцож санал бодлоо солилцов.

Сонгуулийн “үнийн” өсөлт

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэнгийн илтгэснээр бол сонгуулийн өртөг зардал өсчээ. Үүнийг сонгуулиас сонгуульд зарцуулсан мөнгөний хэмжээ илтгэж буй аж. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын 1992 оны сонгуульд 13,6 сая төгрөг зарцуулжээ. Энэ хэмжээ 1996 оны УИХ-ын сонгуульд 209,3 сая, 2000 оны УИХ-ын сонгуульд нэг тэрбум 841,6 сая төгрөг болж өссөн байна. Мөн нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах мөнгө 1992 онд 49.8 мянган төгрөг байж. Харин 1996 онд 693.2 мянга, 2000 онд гурван сая 885,4 мянган төгрөг болж өсчээ.

Сонгуульд өрсөлдөх намууд, нэр дэвшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр зардал өсч байгаа. Хэдий тийм ч сонгогчдод бодлогоо хэтрүүлэн ойлгуулах, намын нөлөөг өсгөхөд мөнгө улам бүр хэрэгтэй болж байгааг ноён Ж.Ядамсүрэн онцоллоо. Иймд нээлттэй ярилцлагад оролцогчид:

1. Сонгуулийн хандивт дээд хязгаар тогтоох,
2. Хандив, сонгуулийн кампанийн зардлыг ил тод болгох,
3. Сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй улс төрийн намд ямар хариуцлага хүлээлгэх,
4.Төрийн эх үүсвэрийг сонгуулийн компанид ашиглах явдлыг хянах, эсэх талаар ярилцлаа.

Сонгууль уу, мөнгөний өрсөлдөөн үү?

”Сонгуулийн үеэр улс төрийн нам, нэр дэвшигчдэд өгдөг хандивт дээд хязгаар тогтоох хэрэгтэй. Ингэхгүй бол хэдийг хандивлана, түүнийхээ хэмжээгээр өндөр албан тушаал хашдаг зарчим үйлчилж байна” гэж Сонгуулийн хорооны гишүүн, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа хэллээ. Нэг байгууллага, хувь хүнээс авах хандивт хязгаар тогтоох нь тухайн нам, нэр дэвшигч эргээд тэрхүү хандивлагчийнхаа “халаасанд” орох магадлалыг багасгадаг. Харин хандивлагчдийн тоог хязгаарлах шаардлагагүй юм. Хандивт ингэж хязгаар тогтоох нь өөр нэг чухал ач холбогдолтой. Энэ нь нэр дэвшигчдийн тэгш байдлыг хангаж тухайн сонгуулийг мөнгөний өрсөлдөөн болохоос хамгаалах юм. Хэрэв хандивт хязгаар тогтоож хуульчлахгүй бол авилгалыг улам гааруулна гэж МУИС-ийн багш Ч.Тамир үзэж байна. Түүнийхээр бол улс төрийн нам нэг талаас авилгал авагч болж хувирах аж. Нөгөө талаас эдийн засгийн өрсөлдөөний үнэ цэнийг багасгаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялсан намд их хэмжээний хандив өгсөн компанийн үйл ажиллагаа шудрага өрсөлдөөнөөр биш, эрх баригчдын дэмжлэгээр сайжрах талтай гэнэ.

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хувь хүн тав, байгууллага арав хүртэл сая төгрөг хандивлахыг хуульчилсан. Гэвч намууд Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнахдаа зөвхөн нийт зардлынхаа хэмжээг гаргаж өгдөг. Түүнээс биш, хандивлагч бүрийг нэрээр нь гаргаж жагсаадаггүй аж. Тийм хууль ч байхгүй. Тэгэхээр хандивлагчид 2001 онд болсон сонгуулийн үеэр хуулийн дээрх заалтаа барьсан болов уу гэж ноён Ж.Ядамсүрэн хэлж байв. Мөн тэрээр ийм хязгаарыг УИХ-ын сонгуулийн хуульд тавьж өгөх хэрэгтэйг онцолж байлаа.

Нэр дэвшигчийг “халааслах” сонирхол

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч шатны Сонгуулийн хуульд хандивыг ил, эсвэл нууц байлгах талаар ямар нэгэн заалт байдаггүй. Хандив өгнө гэдэг тухайн сонгуульд, улмаар улс төрд оролцож байгаа нэг хэлбэр. Хандивлагчид хоёр хэлбэртэй. Нэгдүгээрт, тухайн нам, нэр дэвшигчийг үнэлж, мөн сонгогдвол Монгол Улсын төлөө хийх ажлыг нь дэмжиж хандив өгдөг. Хоёрдугаарт, өгсөн хандиваараа дамжуулж тухайн нэр дэвшигч, намыг өөртөө ашиглахыг зорилгоо болгодог. Нэгдүгээр хэлбэрийн хандивыг өгөгчид нэрээ ил гаргахыг зөвшөөрдөг. Харин хоёрдугаар хэлбэрийн хандивлагчид үүрд “хөшигний цаана үлдэх” сонирхолтой байдаг. Аль нам хүчин, ямар нэр дэвшигчийг дэмжиж тэдэндээ хэдийг өгч, түүнийгээ олон нийтэд зарлах эсэх нь хандивлагчийн эрх. Тэгэхээр хандивлагчийг ил зарлахаас илүүтэй, хариу нэхсэн бодолтой хандив авахгүй байх ёс зүйтэй улстөрчдийг бэлтгэх нь дөхөм байж ч мэдэх юм гэсэн санааг ч зарим хүн хэлж байлаа.

Хэрэв хандивт хязгаар тогтоож ил болговол мэргэжил, боловсрол, чадавхиараа биш, өгсөн мөнгөөрөө албан тушаал хаших явдал багасна. Ийм сонирхол хандив өгсөн хүнд ч, хандив авсан намд ч багасна. Ингэж тэдний олон түмнээс ичих булчирхайг ажиллуулах хөдөлгүүр нь хандивлагчдыг ил тод болгох явдал гэнэ.

Тайлангаа гаргаж өгөөгүй намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй

Хуулиар бол нам, эвслээс нэр дэвшигчдийн зардлыг тухайн нам, эвсэл хариуцдаг. Зардлын тайлангаа сонгууль дууссанаас хойш нэг сарын дотор Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх учиртай. Энэ заалт амьдралд төдийлөн нийцэхгүй, бас хэрэгжихгүй байгааг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага шүүмжлэв.

Одоо мөрдөж байгаа хуульд Сонгуулийн кампанийн санхүүжилт, зардлыг үүнээс илүүгээр хуульчилсан заалт байдаггүй байна.

Харин манайхаас бусад оронд сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөөгүй улс төрийн намуудад ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан байдаг аж. Тухайлбал, тухайн намын сонгуульд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, парламентад сонгогдсон мандатыг нь эгүүлэн татах аргыг түлхүү хэрэглэдэг байна.

Сонгуулийг нэгэнт төрөөс санхүүжүүлдэггүй. Тэгэхээр хувь хүн байгууллагаас өгсөн хандивыг сонгуулийн зардалдаа хэрхэн ашигласныг заавал тайлагнах ёстой. Татвар төлөгчдийнхөө өмнө тайлангаа тавиагүй улс төрийн намд шийтгэл ногдуулах нь зүйн хэрэг юм гэж ярилцлагад оролцогчид үзэж байв.

Сонгуульд нэр дэвшбэл төрийн албанаас түдгэлзүүлэх үү?

Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанид ашиглах явдлыг хянах талаар хуульд мөн л тодорхой заагаагүй. Монголын төр бол улсын эдийн засгийн 40 хувь, хамгийн том худалдан авагч, хамгийн том ажил олгогч. Энэ хүчтэй хэрэгслийг сонгуулийн кампанид ашиглах нь сөрөг болон эерэг нөлөөтэй. Энэ нь судлаачид, хуульчдын дунд ярилцах өргөн сэдэв. Харин сонгогчид руу хандсан сөрөг нөлөөлөл сүүлийн хэд хэдэн сонгуульд нэлээд ажиглагдсан. Төрийн алба хашиж байгаа хүмүүс сонгуульд нэр дэвших нь элбэг. Гэхдээ тийм хүмүүс албан тушаалаасаа түдгэлздэг эрх зүйн орчин байхгүй. Энэ нь тухайн хүн төрийн албан тушаалаа сонгуульд ашиглаж буй нэг хэлбэр аж. Жишээ нь Ерөнхий сайд “Х” гэдэг хүн УИХ-д нэр дэвшжээ. Түүнийг тойрогтоо очиход сонгогчид нэр дэвшигч гэхээс илүү Ерөнхий сайд гэдэг албан тушаалд нь анхаарлаа хандуулдаг байна. Үүнийг “Х” гэдэг нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалаа сонгуульд ашиглаж байгаа наад захын хэлбэр гэж болно. Цаашилбал, тэрээр нэгэнт бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй Ерөнхий сайд болохоор тухайн тойргийн сонгогчдод таалагдсан шийдвэрийг төрийн нэрээр гаргаж түүнийгээ нэр дэвшигчийн хувьд сонгуулийн кампанидаа ашиглах талтай юм. Мөн засгийн эрх барьж буй нам сонгууль угтаж цалин тэтгэврийг нэмж, татварын ачааллыг бууруулах зэрэг аргыг өргөн хэрэглэдэг байна. Төрийн эх үүсвэрийг сонгуульд ашиглаж байгаа энэхүү арга хэлбэрийг хуульчлах цаг болсныг судлаач С.Баяр илтгэлдээ дурдаж байв.

Сонгуулийн санхүүжилтийг хянаж чадвал улстөрчид авилгалд автахгүй

Нээлттэй ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн Д.Дондогийн хэлснээр бол энэ парламент УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах аж. Тэгэхээр нээлттэй ярилцлагын үеэр гарсан саналыг хууль тогтоогчдын чихэнд хүргэх, улмаар хуулийн өөрчлөлтөд ямар нэг хэлбэрээр тусгах нь зүйтэй юм. Нээлттэй нийгэм форумаас уг ярилцлагыг зохион байгуулсны зорилго ч ийм аж. Нэг үгээр бол Монголын улс төрийг мөнгөний өрсөлдөөн болж, улстөрчид эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх хөшүүрэг нь сонгуулийн кампанийн хандив, санхүүжилтийг тойрсон эрх зүйн орчныг тодорхой болгох явдал юм. Хэрэв сонгуулийн санхүүжилтийг хуулиар зохицуулж чадвал мөнгөн дээр хөлбөрдөг Монголын сонгууль цэвэр боловсрол, чадавхи гээд жинхэнэ шудрага өрсөлдөөнөөр урагшлах боломж нээгдэх болов уу.

Хууль тодорхой, тогтвортой байх ёстой гэсэн логик бий. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуульд “гар хүрч” байгаа энэ далимаар тус хуулийн цоорхой бүрийг нөхөх хэрэгтэй юм. Тэдгээр цоорхойнуудын нэг нь сонгуулийн кампанийн санхүүжилт, зардлыг хуулиар цэгцлэх явдал аж.