З.Оюунбилэг
(Өдрийн сонины сурвалжлагч)
УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. УИХ энэ пүрэв гаригт болох чуулганы нэгдсэн хуралдаанаараа сонгуулийн товыг тогтоох гэж байна. Энэ үеэр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг мөн авч хэлэлцэж магадгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д Дэмбэрэлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ороогүй байгаа нь уг асуудлыг хэлэцэхийг больсон гэсэн үг үү?
Хэлэлцэхээр бэлтгэсэн байгаа.Өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-аар ярьж шийднэ.
Гадаадынхны зөвлөмж, дотоодын шахалтаар сонгуулийн хуулийг хэлэлцэхээ больсон гэсэн яриа байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
Гадаадын зөвлөмж бас шахалтаар Монголчууд өөрсдийн төрийн эрх барих байгууллагаа сонгох хуулийг өөрчилнө, өөрчлөхгүй гэж ярих нь утгагүй зүйл. Сонгуулийн хуулинд өөрчлөлт ороод аль нэг улс төрийн хүчин нь давамгайлах байдал ажиглагдвал өрсөлдөгч тал эсэргүүцлээ түүнтэй холбон тавих зүйл гарч ирдгийг анхаарна уу хэмээн хэлсэн гэж сонссон. Гэхдээ асуудлын гол нь үүнд байгаа юм биш. Харин манай сонгуулийн хууль ерөөс зөв байна уу, үгүй юу, зөв заалт орох нь уу, үгүй юу гэдэгт учир нь байна гэж үзэж байна.
Сонгууль дөхөхөөр хуулиндаа өөрчлөлт оруулах гээд байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө уг хуульд өөрлөлт оруулж болохгүй гэдэг талаар Та юу хэлэх вэ?
Сонгууль дөхөхөөр өөрчлөлт хийх гэж хийж байгаа юм биш.Урьд нь бид энэ хуулийн талаар зөндөө судалгаа хийж, олон ч төсөл хэрэгжүүлсэн. Ийнхүү явсаар өнгөрсөн оны аравдугаар сар гэхэд одоогийн өөрчлөлтүүдийн саналууд бэлэн болсон. Намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх гэтэл намуудаас санал авах асуудал гарч ирсэн. Ингээд тэдний саналыг авч нэгтгэсэн байгаа. Ерөөсөө бэлтгэж явсаар байгаад өдий хүрсэн нь энэ л дээ. Харин УИХ-аас баталсан Хүний эрхийн үндэсний комиссын хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн тухайд бол энэ нь заавал биелүүлэх заалт биш. Хөтөлбөрийн энэ заалтыг хуульчлахаар сонгуулийн хуулийн төсөлд суулгаж өгөөд байгаа юм.
Улс төрийн намууд бүгдээрээ саналаа өгсөн үү? Парламентад суудалтай Ардчилсан нам болон МАШСН саналаа өгөөгүй.
Намуудын саналыг авч дуусаад эмхэтгэсэн.Хуулинд орж буй өөрчлөлтүүдтэй санал нэг байгаагаа илэрхиийлж дэмжсэн байна лээ.Харин одоогийн парламентад суудалтай байгаа намуудаас МАХН-аас бусад нь санал өгөхгүй гэсэн.Эдгээр нам энэ хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна хэмээн би ойлгож байгаа.
Бас нэг чухал асуудал болох тойрог томсгох, эсэх тухай асуух гэсэн юм?
Сонгуулийн тойргийг томсгох, эсэх нь бодлогын шинжтэй асуудал. Намууд тойрог томсгож багасгаснаас сонгуулийн үр дүн янз бүр болно гэж үзэж байгаа бол ярилцаж болно шүү дээ. Тэгвэл үүнийг хөндөхгүй байж ч болно.Эрх баригчид өөрсдөдөө тохируулж хууль хийх нь гэсэн битүү хардлага л яваад байгаа болохоос биш орох гэж буй өөрчлөлтүүд нь ойлгомжой асуудлууд юм. Нэр дэвшигчдэд шаардлага тавих ёстой, хариуцлагыг нь сайжруулах ёстой, элдэв шоуг зогсооё, хугацааг нь богиносгоё гэсэн хэдэн зүйл л байгаа юм.