|
|
Р.Бурмаа |
Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, “Сонгогчдын боловсрол төв”-ийн захирал Р.Бурмаатай Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хийсэн ярилцлага
Парламент Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Энэ хэр зүйтэй алхам бэ?Сонгуулийн хуулийг яг сонгуулийн өмнө өөрчлөх нь олон түмний гэхээсээ тухайн эрх барьж буй улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцсэн хууль болох магадлалтай юм. Одоо улс төрийн намуудаар хэлэлцүүлэхээр тараагаад байгаа хуулийн төслүүдээс ч энэ байдал тодорхой харагдаж байна. Ер нь олон улсын жишгээс үзэхэд сонгуультай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг сонгуулийн өмнө өөрчилдөггүй хориглосон байдаг юм билээ. Ялангуяа нэг нам дийлэнх олонх болсон үед бусад улс төрийн хүчний оролцоогүйгээр шийдэх нь нь тэгш, шударга байх зарчимд нийцэхгүй. Тийм болохоор энэ бол олон улсын жишиг, хандлагаас хазайсан үйл явдал гэж үзэж байна.
Уг хуулийн хоёр төсөл бий. Нэг нь олон мандаттай томсгосон тойргоор, нөгөө нь нэг тойрог- нэг мандат гэсэн хоёр хувилбараар намуудаас санал авч байна. Аль нь ч манай улсын хувьд шинэ зүйл биш. Эдгээрийн давуу болон сөрөг талын тухай Та хэлэхгүй юу?
1992 онд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг явуулсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийн зарчмыг хөндсөн гэж шүүмлэгдээд 1996 онд уг хуулийг өөрчилсөн. Энэ хувилбараар сонгууль явуулахад, тухайлбал Хөвсгөлд байгаа сонгогч дөрвөн мандат буюу дөрвөн хүний төлөө саналаа өгч байхад Дундговьд буй сонгогч хоёр хүний төлөө саналаа өгч байх жишээтэй. Хэрвээ одоо эргээд энэ хувилбарыг авах юм бол Үндсэн хуулийг зөрчсөн алхам болно.
Нэг тойрог, нэг мандат гэсэн хувилбараар 1996, 2000 оны сонгуулийг явуулсан. Энэ нь манай нөхцөлд бас л төдийлөн оновчтой хувилбар биш юм. Яагаад гэхээр Монгол Улс бол баян улс биш, хангалттай ч төсвийн хөрөнгөтэй биш, гэтэл тэрхүү төсвөө хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хуваарилах ёстой байтал парламентын гишүүд маань дахин сонгогдохын тулд тойрогтоо гүүр ч юмуу, эмнэлгийн байшин барихад зориулж хуваарилуулах гэж тал тал тийш нь татаж чангаасаар байгаад улс орноо хөгжүүлэх чиглэлээ барьж чадахгүй байгаа. Энэ нь парламентын гишүүдийг улс орныхоо нийтлэг эрх ашгийг хангах тэр зарчимд нь харшлахуйц байдалд оруулаад байгаа юм.
Таныхаар бол энэ хоёр хувилбар нь хоёулаа зөрчилтэй, төдийлөн сайн үр дүн өгөхгүй байгаа ажээ. Тэгэхээр илүү үр дүнд хүргэж болох хувилбар нь юуг гэж үзэж байна вэ?
Манай улс нэг намаас олон намын тогтолцоонд шилжээд гурван ч удаа парламентын сонгууль хийсэн. Тэгэхээр улс төрийн намуудыг төлөвшүүлэх асуудал одоо ч чухал хэвээр байна. Үүнд пропорциональ буюу хувь тэнцүүлэх хувилбар илүү сайн талтай байдаг. Тухайлбал, улс төрийн намуудад эрх мэдлийг өгч байгаа тул эргээд хариуцлага тооцох, тэд улс орноо хөгжүүлэх бодлогоороо уралдан өрсөлдөх гээд хөгжлийн асуудалд чухал түлхэц болж өгдөг. Харин пропорциональ системийг шүүмжилдэг судлаачид болохоор хэт олон намыг парламентад оруулснаар төрийг тогтворгүй байдалд оруулах магадлалтай гэдэг. Энэ асуудлыг босго тавьснаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Олон улсад таван хувийн босго тавьдаг. Жишээ нь Оросын сонгуулиар энэ босгыг давж чадаагүй олон нам хасагдсан.
Өнгөрсөн гурван сонгуулийн үр дүнд манай Сонгогчдын боловсрол төвөөс системүүдээр нь харьцуулсан судалгаа хийж, пропорциональ системийн хувьд босготой, босгогүйгээр ямар байх вэ гэдгийг судалсан. Босгогүй байвал нэлээн олон жижиг нам парламентад орох шинжтэй бол таван хувийн босго тавихад жишээ нь, 1992 оны сонгуулиар дөрвөн нам, 1996 оныход хоёр нам, 2000 оны сонгуульд дөрвөн нам парламентад суудалтай болох боломж ажиглагдсан. Тэгээд энэ систем нь сонгогчдын санал, парламент дахь суудлын тоотой хамгийн ойр байлгадаг. Одоо манайд сонгогчдын 51,6 хувийн санал авсан нам парламентад 95 орчим хувийн суудалтай болж байна. Хэрвээ таван хувийн босготой пропорциональ системээр сонгууль явагдсан бол сонгогчдын 86-аас дээш хувийн санал парламентад тусгагдах боломжтой байсан юм.
Мөн 26 аймаг, дүүргүүдээс нэг нэг суудлыг нэр дэвшигчийн нэрээр, үлдснийг нь намын нэрээр сонгох холимог буюу хоёр системийг зэрэгцүүлсэн хувилбар байж болно. Энэ хувилбараар бид бас өнгөрсөн сонгуулийн дүнтэй харьцуулан судалгаа хийсэн. Мөн л сонгогчдын санал парламентын суудалд бас илүү ойролцоо тусах байдал харагдсан
Тэгэхээр жишээ нь 2000 оны сонгуулиар танай судалгаагаар пропорциональ системээр явсан бол аль нам олонх болж, бас сөрөг хүчний намуудаас аль нь парламентад хэдэн суудал авах боломж харагдаж байх юм бэ?
2000 оны сонгуулиар пропорциональ системээр босгогүй байх юм бол МАХН 39, Ардчилсан холбоо эвсэл 10, МСДН долоо, Эх орон-МАШСН ес, БНН гурван суудалтай байх байдал ажиглагдсан. Хэрвээ таван хувийн босготой байвал МАХН 46, Ардчилсан холбоо эвсэл 12, МСДН найм, Эх орон МАШСН 10 суудалтай байх байжээ.
Холимог загвараар бол МАХН 54, Ардчилсан холбоо эвсэл ес, МСДН тав, Эх орон-МАШСН долоо, Иргэний Зориг нам нэг суудалтай байх байжээ.
Юутай ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо. Парламентаас баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт заасны дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө энэ хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үздэг хүмүүсийн нэг бол Та. Тэгэхээр энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дэмбэрэл “Энэ бол заавал биелүүлэх хуулийн заалт биш, хөтөлбөрийн л заалт. Гэхдээ энэ заалтыг хуульчлахаар төсөлд суулгасан байгаа” гэж “ЗМ” сонинд тайлбарласныг хэрхэн үзэж байна?
УИХ-ын шийдвэр хууль, тогтоол гэсэн хэлбэрээр гардаг. Энэ хөтөлбөр нь 2003 оны 10 дугаар сарын 21-нд УИХ-ын тогтоолоор батлагдсан. Тэгэхээр УИХ-ын шийдвэр бүрийг дагаж мөрдөх ёстой. Хөтөлбөрт зарим нэг ерөнхий заалтууд байдаг. Тухайлбал, "боловсронгуй болгоно", "сайжруулна" гэх мэт. Гэвч сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой заалт нь маш тодорхой тусгагдсан байгаа юм. Тухайлбал, хөтөлбөрийн 2.2.1.2-т "Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан учраас үүнийгээ хэрэгжүүлэх л ёстой. Хөтөлбөрийн бусад заалтуудыг харьцуулж харахад жишээлбэл, 2.2.1.4-т "Олон намын тогтолцоо /УИХ-д бүлэгтэй намуудын тогтолцоо/-г төлөвшүүлэхэд нийцүүлэн улс төрийн нам байгуулж ажиллуулахад тавих шаардлагыг хуулиар шинэчлэн тогтооно" гэсэн байгаа нь хуулинд өөрчлөлт оруулж байж хэрэгжинэ гэсэн үг ээ. Гэтэл сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой заалт бол хуулинд өөрчлөлт орж байж хэрэгжинэ гэлгүйгээр хөтөлбөрийг баталсан УИХ-ын тогтоолоороо шууд хүчин төгс хэрэгжих заалт шүү дээ. Тэгтэл УИХ өөрийнхөө 2-3 сарын өмнө дагаж мөрдөөрэй гэж баталсан тогтоол шийдвэрээ өөрөө зөрчих гэж байна. Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчөөд байвал хэн хуулиа дээдэлж, дагаж мөрдөх билээ.
Сонгуулийн хуулийн шинэ төслийг 2004 оны дөрөвдүгээр сардаа багтааж батлаад сонгуулийг зургаадугаар сард бас багтаан явуулна. Энэ бол хангалттай хугацаа гэжээ. Үүний цаана зарим нэг нюанс бий гэж зарим хүн үзэж байна ?
Хоёр гол зарчим байдаг. Нэгд, сонгогчдод хангалттай мэдээлэл өгөх явдал. Сонгогчид тэр мэдээлэл дээр үндэслээд чөлөөт сонголтоо хийдэг. Тэгвэл энэ хоёр сард багтаад нэр дэвшигчид хангалттай мэдээллийг хүргэж өгч чадах уу гэсэн асуудал гарна. Энэ хуулийн төслийн заалтаар ухуулга сурталчилгааг нэр дэвшүүлэх хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа явуулна гэжээ. Тэгэхээр сонгууль болохоос 21 хоногийн өмнө ухуулга сурталчилгаа явагдана. Гэтэл томсгосон тойргоор сонгууль явуулбал хоёр аймаг ч нийлж нэгдэж магадгүй байгаа. Ийм нөхцөлд хуучин нэг тойрогт буюу 2-3 сумын дунд явж сурталчилгаа хийдэг байсан нэр дэвшигч одоо 2-3 аймгийн дунд явах болох нь. Ард түмэн зөв сонголтоо хийхийн тулд сонгуульд оролцож буй улс төрийн хүчин болон сонгууль явуулах хууль дүрмийн талаар хангалттай мэдээлэл авах тэр боломжийг нь төр өөрөө хангасан байх учиртай.
Хоёрт, манай Үндсэн хуулинд тусгагдсан аливаа хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим бий. Тэгэхээр сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн тэгш байдлын асуудал өнөөдөр бас яригдах болж байгаа юм. Өнөөдөр УИХ нэгдүгээр сарын дундуур завсарлаад гишүүд нь парламентын үйл ажиллагааг сурталчилах нэрээр сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлчихэж байгаа. Тэд бол аль тойрогт нэр дэвшихээ мэдэж байгаа төдийгүй түүндээ тааруулж тойргоо байгуулж батална шүү дээ. Тэгвэл бусад улс төрийн хүчнээс нэр дэвшигчид аймгууд яаж нийлж, яаж тойрог байгуулагдахыг мэдэхгүй л сууж байх болно. Тиймээс томсгосон тойргоо сонгуулиас 56 хоногийн өмнө тодорхойлно гэж төсөлд зааж буй нөхцөлд сонгуульд өрсөлдөж буй бусад намуудад тэгш бус байдлыг үүсгэж байна. Энэ бол өөрөө их хор холбогдолтой, олон улсын жишигт нийцэхгүй асуудал.
Таны гишүүн нь болох Сонгуулийн ерөнхий хорооны эрх үүргийг нэлээд өргөтгөж, бүрэлдэхүүнийг нь албан тушаалаар байхаар төслүүдэд тусгажээ. Үүнийгээ намуудын төлөөллөөр биш мэргэшсэн баг бий болгоно, иргэний нийгмийн төлөөллийг бүрдүүлэхээр хичээсэн гэж үзэж байна. Энэ тухайд юу хэлэх бол? Тусгай шалгуурууд байх ёстой гэж үзэж байна. Жишээ нь таныг “Сонгогчдын боловсрол төв” гэсэн мэргэшсэн хэрнээ төрийн бус байгууллагын төлөөллийн хувьд уг хороонд сонгогдсон байх гэж бодож байна.
Ер нь бол Сонгуулийн Ерөнхий хороог хоёр удаа УИХ-аас өөрчлөн байгуулсан. Чингэхдээ хийж буй албан тушаалыг нь харгалзан үзэж томилсон байдаг. Намайг бол таны хэлсэн тэр утгаар л томилсон гэж ойлгодог. Манайд одоо зөрчил үүсгэж байгаа нэг зүйл бол албан тушаалаар томилчихоод тэр нь өөрчлөгдөхөөр яах нь тодорхойгүй байгаа явдал. Ер нь тус хорооны томилгоо, түүнд тавигдах шаардлага тодорхойгүй, одоо яригдаж буй хуулийн төслүүдэд ч энэ асуудал тусгагдаагүй байна лээ. Манай улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу тогтсон жишгээр бол сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллага нь хараат бус байх ёстой. Нэгд, улс төрийн намуудаас, хоёрт төрөөс хараат бус байх юм. Тэгэхээр манайд өөрөө УИХ-ын сонгуулийг явуулж байгаа хэрнээ тэр байгууллагаасаа томилогдож байгаа юм. Бас төрийн албан тушаалтнуудыг томилж буй учраас төрөөс хараат байгаа. Одоогийн хуулийн төсөлд Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тэргүүн нарыг оруулна гээд заасан нь өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж буй 3200 төрийн бус байгууллагаас ямар шалгуураар эдгээрийг сонгосон бас тодорхойгүй. Энэ нь хуучин тогтолцооны үеийн МАХН-ын дэргэд байсан гурван олон нийтийн байгууллагыг л санагдуулаад байгаа юм. Гэтэл иргэний нийгмийг зөвхөн нэр дурдсан байгууллагууд л төлөөлнө гэж хуульчлах гэж байгаа нь Монголоос өөр хаана ч байхгүй л зүйл болох нь дээ.
Олон улсын жишгээр бол сонгуулийн асуудлаар мэргэшсэн, нам бус мэргэжлийн хүмүүсээс бүрэлдүүлэх, эсвэл улс төрийн намуудын тэгш төлөөллийг хангаж бүрдүүлэх гэсэн хоёр зарчмаар л Сонгуулийн Ерөнхий Хороог байгуулдаг. Мэргэшсэн байгууллагын хувьд Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн комисс шиг байгуулагдах учиртай. Хоёрдахь зарчмаар бол намуудын тэгш төлөөллийг хангаж байгуулдаг. Жишээ нь Америкт Холбооны сонгуулийн комиссын зургаан гишүүний гурав нь Ардчилсан нам, гурав нь Бүгд найрамдах намынх байдаг юм билээ. Ийм тохиолдолд тэд нам нам намынхаа төлөө үйл ажиллагаа явуулаад байдаггүй, намын төлөө ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавихын тулд дотоод хяналтын асуудлыг бий болгож, бүх сонгуулийн хороо, хэсгүүдийн 50-иас дээш хувь нь нэг намын гишүүн байж болохгүй гэсэн жишигтэй байдаг. Гэтэл манайд бүр эсрэг жишгийг гаргаж, төрөөс, УИХ-аас хараат, эрх барьж буй намд үйлчлэх боломжийг олгож байна. Энэ тохиолдолд сонгуулийг шударга болж байна гэдэгт итгэхэд хэцүү. Олон улсын жишгээр бол энэ асуудлыг хамгийн чухалд тавьж анхаарсан байдаг. Тухайлбал, сонгуулийг зохион байгуулах байгууллага нь олон нийтийн итгэлийг хүлээсэн, бие даасан байгууллага байхыг шаарддаг.
Нэр дэвшигчдэд тавих шалгуурыг өндөрсгөхөөр заалтууд оруулсан, энэ талаарх таны бодол?
Нэр дэвшигчид ял шийтгэлгүй, банк болон татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шалгуурыг тавьсан. Эдгээр нь Монголын Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа юм. Түүнчлэн зах зээлийн тогтолцоо бүхий улс орнуудад зээлтэй байх нь нээлттэй асуудал шүү дээ. Мөн нэг жишээ хэлэхэд нэр дэвшигч “Говь” компанийн тодорхой хувийн хувьцаа эзэмшдэг байлаа гэхэд эргээд өөрийн албан тушаалаа энэ компанийн эрх ашгийн төлөө ашиглаж байна уу, үгүй гэдгийг нь л хянахын тулд хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авч ил тод мэдэгддэг болохоос биш, сонгогдох эрхийг нь боох ёстой зүйл биш юм.
Ингээд яриад байвал их л зүйлийг шүүмжлэх бололтой. Эрх биш зөв зүйтэй санаа байгаа биз дээ?
Хандивын дээд хэмжээг зааж өгсөн нь сайн боловч хянах арга механизм нь тодорхойгүй, огт тайлагнаагүй, худлаа тайлагнасан бол ямар арга хэмжээ авах нь ойлгомжгүй байгаа тул бас нэг хэрэгждэггүй заалт болох байх. Мөн сонгуулийн хороо, хэсгүүд ёс зүйн дүрэмтэй байх, санал авах өдөр хайрцгаар хичнээн санал авах, хэн авах зэрэг хуваариа урьдчилан гаргах, түүнийгээ эргээд тулгах зэрэг олон заалт орсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа байгууллагад дотоод хяналт бас л байхгүй байгаа нь дээрх заалтууд хэрэгжих эсэхэд эргэлзээ төрж байна.
Улаанбаатар хотын мандатын тоог 20 биш дор хаяж 26 болгох саналыг Иргэний зориг-Бүгд найрамдах нам тавьжээ. Үүнийг хүлээн авах боломжтой юу?
Энэ бол хүлээн авах ёстой, бүрэн боломжтой заалт. Ялангуяа сүүлийн үед хот руу шилжих хөдөлгөөн ихэссэний улмаас Улаанбаатар хотын сонгогч, хөдөөний сонгогч хоёрын тойрогт ногдох харьцаа бараг дөрөв дахин хэмжээний зөрүүтэй болсон. Жишээлбэл, 1995-2000 оны хооронд 95.4 мянган хүн Улаанбаатарт шилжин иржээ. 2003 оны гуравдугаар улирлын байдлаар 29 мянга орчим хүн Улаанбаатарт шилжин ирсэн гэсэн статистикийн баримт байдаг. Тэгэхээр энэ жилд л гэхэд хөдөөгийн хоёр ч тойрогтой тэнцэхүйц хүн ам хот руу шилжиж ирсэн гэсэн үг.
Ярилцсан Д.Гантуяа