СЕХ-ны шийдвэрийг хянадаг эрхтэй байгууллага Монголд нэг биш бий

A- A A+
 СЕХ-ны шийдвэрийг хянадаг эрхтэй байгууллага Монголд нэг биш бий

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн

Парламент сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор зарим зүйлийг Танаас тодруулъя.

- Юуны өмнө сонгуулийн хуулийн төслийг 2004 оны 4 дүгээр сард батлаад сонгуулийг 6 дугаар сард бас багтаан явуулна гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлжээ. Тэгвэл хуулийн төслийн заалтаар ухуулга сурталчилгааг нэр дэвшүүлэх хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дараа явуулна гэжээ. Тэгэхээр сонгууль болохоос 21 хоногийн өмнө ухуулга сурталчилгаа явагдана. Энэ нь сонгогчдод сонгуульд оролцож буй улс төрийн хүчин болон сонгууль явуулах хууль дүрмийн талаар хангалттай мэдээлэл авах боломж олгосонгүй гэдэг талаар Та юу хэлэх бол?

-
Ж.Ядамсүрэн: Энэ бол төсөл, хууль болж хэрхэн батлагдахыг би мэдэхгүй. Нэр дэвшигч тойргийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлсэн л бол сонгуулийн сурталчилгаагаа явуулах эрхээр хангагдах учиртай.

- Сонгуулийн ерөнхий хорооны эрх үүргийг нэлээд өргөтгөж, бүрэлдэхүүнийг нь албан тушаалаар байхаар төслүүдэд тусгажээ. Ер нь тус Хорооны томилгоо, түүнд тавигдах шаардлага, шалгуур тодорхойгүй. УИХ-ын сонгуулийг явуулж байгаа хэрнээ тэр байгууллагаасаа томилогдож байгаа нь төрөөс хараат болгож байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү?

-
Ж.Ядамсүрэн: Сонгуулийн ерөнхий хороо одоогийн хуулиар ч өргөн эрх эдэлж, тодорхой үүрэг хүлээж байдаг юм. Манай Хороонд бүх эрхийг олгож, түүнийг бүхнээс илүү эрхтэй байлгах юм шиг хэвлэлээр сурталчилгаа хийж байгааг би шоу гэж хэлмээр байна. Хорооны шийдвэрийг хянадаг эрхтэй байгууллагууд Монголд нэг биш бий шүү дээ.

Хорооны бүрэлдэхүүнийг албан тушаалаар томилохоор тусгасан төсөлтэй би хувьдаа санал нийлэхгүй байна.

Сонгуулийг зохион байгуулдаг байгууллагыг ихэнх ардчилсан оронд Ерөнхийлөгч, Парламентаас томилдог шүү дээ. Тэглээ гээд тэднээс хараат байгууллага гэж үзэж болохгүй ээ. Гол нь хуулиар Хорооны бүрэн бие дааж ажиллах эрх зүйн байдлыг нь сайн хуульчлах, эрх үүргийг нь нарийн тогтоож өгвөл чухал юм.

- Төсөлд заасан 3 төрийн бус байгууллагыг ямар үндэслэлээр сонгосон юм бол? Ер нь уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар танай байгууллагаас санал авсан уу?

-
Ж.Ядамсүрэн: Би энэ талаар мэдэхгүй. Хороо ийм санал хүргүүлээгүй. Та бүхэн санаж байгаа болов уу. 2002 оны 3 дугаар сард Соросын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр манай Хорооноос эрхлэн “Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь” сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулсан. Тэр бага хурлын бүх баримт бичгийг бүрэн эхээр нь ном болгон хэвлэж нийтэд хүргэсэн билээ.

Ер нь бол УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий.

- Сонгуулийн хороо, хэсгүүд ёс зүйн дүрэмтэй байх талаар төсөлд заажээ. Энэ талаар тодруулахгүй юу? Ийм батлагдсан дүрэм, журам бий юу?

- Ж.Ядамсүрэн:
Манай Хороо энэ талаар санал гаргаагүй. Ёс зүйн дүрэмтэй байх нь зөв болов уу. Зарим оронд хорооны гишүүд томилогдоод тангараг өргөдөг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол намаасаа хуульд зааснаар түдгэлздэг. Манайд батлагдаж, мөрдөж буй ёс зүйн дүрэм, журам одоогоор байхгүй.

- Нэр дэвшигчдэд тавих шалгуурыг өндөрсгөж, ял шийтгэлгүй, банк болон татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шалгуурыг тавьжээ. Гэтэл энэ шалгууруудыг нарийн тодорхойлоогүй байгаа нь уг заалтыг яаж ч ашиглаж болох нөхцөлийг бүрдүүлжээ гэж зарим хүн үзэж байна?

-
Ж.Ядамсүрэн: Ийм шаардлага “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-д хуульчлагдсан байдаг юм. Сонгогчдын боловсрол төвөөс санал болгосон УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд бас тусгагдсан байна лээ. 

Миний хувьд, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний сонгох, сонгогдох эрхийг хангахад анхаарах хэрэгтэй байх аа. Шударга шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Эл зарчмаар л асуудалд хандах байх. Хүний сонгох, сонгогдох эрхийг өөр ямар ч тохиолдолд, ямар ч байгууллага хасч болохгүй гэж үзэж байна.

Монголд зарим иргэн эдийн засгийн харилцаанд орохдоо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй тохиолдол гардаг учраас шударга хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг, түүнээс болоод ийм заалт оруулах саналууд гарч байгаа болов уу даа.

- Сонгуулийн хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоох ёстой гэж Та нэг семинар дээр хэлж байсан. Энэ талаар хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ бас л үүнийгээ хэрхэн тайлагнах, хэрэв худал мэдүүлэг өгсөн бол хэрхэх тухай нарийн зохицуулалтгүй байгаа тул Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах үеийнх шиг ор нэр төдий зүйл болох вий гэсэн болгоомжлол байна. Энэ бүхэн мэдээж Та бүхний ажилд түвэг учруулдаг биз дээ? Яаж хянах вэ?

- Ж.Ядамсүрэн:
Өөрчлөлт оруулах сонгуулийн хуулийн төсөлд сонгуулийн үед нэг этгээдээс авах хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоосон байна лээ. Энэ нь хандивыг тооны хувьд аль болох олон этгээдээс авах, парламентын гишүүнийг цөөн тооны бүлэглэлийн мэдэлд автахгүй байлгах, мөнгөний хэт нөлөөнд орохгүй болгох, мөнгийг аль нэг хэлбэрээр буцаан төлөх бодлоос ангижруулах, хандивлагчдаас төр, засгийн бодлогод нөлөөлөх гэсэн оролдлогыг багасгах, тэр бололцоог хаах, сонгуулийг мөнгөний биш, нэр дэвшигчдийн тэгш нөхцөл бүрдүүлсэн өрсөлдөөн болгох, нэр дэвшигчид адил тэгш нөхцлөөр өрсөлдөх, хандив ил тод байх, гишүүдийг авилгал хээл хахуулиас хөндий байлгах зэрэг ач холбогдолтой юм.

Хуулийн төсөлд хандивыг тайлагнах, худал мэдүүлэг өгсөн бол арга хэмжээ авах асуудлыг тусгаж зохицуулсан байна лээ. Хязгаарлалт тогтооход түвэг учрах явдлыг үгүй болгоё гэвэл хандивыг бэлнээр бус зөвхөн банкаар, дансаар дамжуулж авдаг, зарцуулдаг журам тогтоох нь чухал болов уу даа. Ийм тохиолдолд хяналтыг тавьж болно. Харин үүний тулд нэр дэвшигчийн болон хандивлагчдын ёс зүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэд ёс зүйгүй авирлахад яриа гардаггүй, харин төрийн байгууллага үүргээ гүйцэтгэхгүй байгаа тухай ярих нь ганц талыг барьсан хэрэг болов уу даа.

- Мөн сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа байгууллагын дотоод хяналтын асуудлыг нэг мөр тодорхойлсонгүй гэж үзэж байна. Ер нь Танай байгууллагын хувьд хяналтын ямар арга механизм үйлчилдэг юм бэ?

- Ж.Ядамсүрэн: Та хяналтын хоёр өөр тогтолцооны тухай асууж байх шиг байна. Дотоод үйл ажиллагааны хяналтгүй байгууллага байхгүй шүү дээ. Сонгуулийн байгууллагын тогтолцооны хүрээнд энэ тухайд үйлчилдэг олон дүрэм, журам, заавар бий. Монгол Улсын сонгуулийн хуульд ч бүхэл бүтэн зүйл байдаг юм. Гадаад хяналтын тухай яривал хууль тогтоомжид манай шийдвэр, төсөв, гүйцэтгэлийг хянадаг байгууллагуудыг тодорхой заасан байдаг юм. 

Үүнээс гадна, бас улс төрийн нам, хүний эрхийг хамгаалах байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд төрийн бус олон нийтийн хяналтын арга хэлбэр ч гэсэн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зохих үүргээ гүйцэтгэж байдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Ярилцсан Д.Гантуяа