Сонгуулийн кампанийн санхүүжилтэд мониторинг хийнэ

A- A A+
Сонгуулийн кампанийн санхүүжилтэд мониторинг хийнэ

Д.Нарантуяа

Энэ оны парламентын ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд мониторинг хийх төслийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлээд байна. Монголд анх удаа хийгдэж байгаа энэхүү мониторингийг Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр  Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл ТББ-ууд хамтран сонгуулийн санал авах өдөр хүртэл буюу зургадугаар сарын 27 хүртэл есөн долоо хоногийн турш хийх юм. Энэхүү төслийн зорилго нь сонгуулийн кампанит ажилд төрийн эх үүсвэрийг урвуулан ашиглахгүй, шударга сонгуулийг явуулах нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд ижил тэгш нөхцлийг бүрдүүлэх, сонгуулийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл олж авах эрхийг хангах, чөлөөт, шударга сонгуулийн талаарх үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх эерэг үр дүнтэй гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа ажээ.

Төслийг сонгуулийн кампанит ажлын үйл ажиллагааны мониторинг, хэвлэл мэдээллийн мониторинг гэсэн хоёр чиглэлээр явуулах юм. Үйл ажиллагааны мониторинг гэдэгт нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгогчидтой хийж байгаа уулзалтууд, сонгогчдод зориулсан шоу, урлагийн арга хэмжээ болон сургалт семинарын хэлбэрүүдийг хамруулна гэж үйл ажиллагааны мониторингийг удирдан явуулах Сонгогчдын боловсрол төвийн менежер Л.Чанцалдулам ярьж байна. “Мониторингийн хүрээнд сонгуулийн кампанит ажилд төсвийн байгууллагын болон төслийн машин техникийг ашиглаж байгаа эсэх, мөн төрийн байшин барилгыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд ижил нөхцөлтэйгээр ашиглуулж байгаа эсэх, төрийн ажилчид нам болоод нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажилд дайчлагдаж байгаа эсэхийг, хэрвээ эдгээр хэлбэрүүд хэрэглэгдэж байгаа бол үүнд төсвийн хөрөнгийг ашиглаж байгаа эсэхийг хянах болно” хэмээн Л.Чанцалдулам ярьж байна. Энэ хэлбэрүүд өмнөх сонгуулийн сурталчилгааны туршлагаас үзэхэд ихээхэн түгээмэл ажиглагддаг юм. Хэдийгээр аймаг болоод сумын Засаг дарга нар намууд болоод нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгаанд нь дэмжлэг тусалцаа үзүүлэх үүрэгтэй боловч бүгдэд ижил тэгш нөхцөлтэйгээр хандаж чаддаггүй байдал ажиглагддаг байна. Мониторингийг тухайлан сонгон авсан тойргууд дээр ажиглалт хийх замаар явуулах юм байна.

Хэвлэл мэдээллийн мониторингийн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа сонгуультай холбоо бүхий мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийг санхүүгийн ямар эх үүсвэрээс зэрэгт мониторинг хийх болно хэмээн хэвлэл мэдээллийн мониторингийг эрхлэн явуулах “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тойм” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Д.Цэрэнжав ярилаа. Мэдээж үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх мэдээллийн хэрэгслийг хамруулах боломжгүй учраас одоогийн байдлаар төсвийн мөнгөөр санхүүжиж байгаа Монголын үндэсний телевиз, Монголын үндэсний радио болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүждэг Улаанбаатар радиогаас гадна нийслэлд эфирээ цацдаг 25-р суваг, ТВ-5, ТВ-9, UBS телевизүүд, мөн Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Монголын мэдээ, Үнэн зэрэг өдөр тутмын сонинууд, үүнээс гадна Улаанбаатар таймс, Сэрүүлэг, Монголчуудын амьдрал, Хүмүүс, Зиндаа сонинуудыг сонгон мониторинг хийх ажээ. Сонинуудыг захиалагчийн тоонд үндэслэн сонгон авсан бөгөөд эдгээр нь хамгийн их захиалагчтай сонинууд юм. Хэвлэл мэдээллийн мониторингийг гурван ангиллаар хийнэ. Нэгдүгээрт, бодитой, тэнцвэртэй мэдээлэл буюу өөр өөр байр суурьтай улс төрийн намуудын төлөөлөл, нэр дэвшигчдийг оролцуулж, тэдний байр суурийг харьцуулах боломжийг сонгогчдод олгосон эсэх, мөн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаар хөндлөнгийн байр сууринаас, ялангуяа шинжээчийн түвшинд задлан тайлбарласан эсэхийг харгалзана. Хоёрдугаарт, төлбөртэй сурталчилгаа буюу хуулийн дагуу зохих төлбөртэйгээр хийгдсэн сурталчилгаа байх юм. Гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ нь төлбөртэй гэдгийг сонгогчдод ойлгогдохоор харуулах ёстой. Гуравдугаарт, далд сурталчилгаа гэсэн ангилал байгаа бөгөөд энэ сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчин болоод нэр дэвшигчдийн талаар нэг талын үнэлэлт, дүгнэлт өгсөн, сурталчилгааны элемэнтүүдийг агуулсан боловч энэ төлбөртэй гэдэг нь сонгогчдод ойлгогдохооргүй, тэднийг төөрөгдүүлэхээр хэлбэрээр бэлтгэгдсэн, мөн нам болоод нэр дэвшигчдийг аливаа үйл явдалд хамааруулан сурталчлах хэлбэрээр хийгдсэн байх гэсэн үндэслэлээр ангилах ажээ. “Далд сурталчилгаатай холбоотой тодорхой баримт жишээг \case study\ бүртгэх нь мониторингийн нэг чухал хэсэг байх болно” хэмээн Д.Цэрэнжав хэллээ. Хэвлэл мэдээллийн мониторингийн хувьд агуулгыг хянахгүй хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзсэн байна.

Төслийн сүүлийн нэг сард буюу сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг сард мониторингийг тайланг долоо хоног болгон олон нийтэд мэдээлнэ гэж  2004 оны 4-р сарын 23-нд   “Чингис” зочид буудлын хурлын танхимд болсон уг төслийг танилцуулах уулзалтын үеэр төслийг хэрэгжүүлэгчид мэдэгдэв. Уулзалтад Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Үндэсний Аудитийн Газар, Төрийн Албаны Зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон НҮБХХ-ийн газар, Азийн Сан, Конрад Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн, Английн элчин сайдын яам болон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон  ТББ-уудын төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр  зарим улс орны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн туршлагын талаар Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн ажилтан Ж.Баярцэцэг  танилцуулга хийв. Тухайлбал,  мониторингийн хэлбэрүүд, ялангуяа  Аргентин, Латви, Словак, ОХУ, Румын, Армен зэрэг улсын парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулж байсан мониторингийн онцлог, болон үр дүн амжилтаас дурдлаа.

Уулзалтын илтгэлүүдийг энд дарж үзнэ үү.