Сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн

A- A A+
Сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн

Ч.Тамир
(МУИС-ийн Социологийн тэнхмийн багш)

2004 оны сонгуульд аль нам ялах вэ? Энэ ерөнхий асуултад хариулахын тулд сонгууль бүрийн өмнө сонгогчдын санал өөрчлөгддөг үү? Өөрчлөгддөг бол ямар хүмүүсийн санал яагаад өөрчлөгддөг вэ? Ер нь сонгуулийн дүнг урьдчилан хэлж болох уу? Yүнд ямар хүчин зүйл хамгийн чухал байдаг вэ гэх зэрэг маш олон асуултад хариулах хэрэгтэй болох юм. Сайн тавьсан асуулт гэдэг хариултаа өөртөө агуулж байдаг гэж хэлсэн мэргэн үг байдаг. Эдгээр асуултад судалгаа хийлгүйгээр хариулт өгөх нь бараг боломжгүй зүйл. Тиймээс эл сэдвийг ямар нэг байдлаар хөндөн “Имидж консалтинг юнит”-ийн хийж байгаа судалгаанаас 2004 оны сонгуулийн өмнөх улс төрийн ерөнхий дүр төрхийг тоймлон харвал дараахь байдлаар төсөөлөгдөж байна. Монгол сонгогчийн зан үйлийн судалгаанаас танилцуулахдаа бид дараахь үндсэн хоёр хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт иргэдийн сонгуулийн зан үйл ба ангилал, түүний үндсэн хэв шинжүүд, Хоёрдугаарт электоратын горизонтал шилжих хөдөлгөөн. Шилжих хөдөлгөөн гэдэг нь газар зүйн шилжилт гэсэн утгаар бус, харин нэг сонгуульд нэг намд санал өгөөд дараагийн сонгуульд өөр намыг дэмжиж санал шилжих байдлыг илэрхийлсэн ойлголт юм.

Монгол сонгогчийн үндсэн ангилал, хэв шинж

Сонгогч сонгуульд хэрхэн хандаж байгаа байдал, санал өгөхдөө харгалздаг хүчин зүйл, аль намын төлөө саналаа өгөх шийдвэрээ гаргасан байдал зэргийг үндэслэн Монгол сонгогчийг таван бүлэгт болзмол байдлаар хувааж болохоор байна.

«Хөгшин жардууд»

Улс төрийн аль нэгэн намд сэтгэлзүйн хувьд өөрийгөө харьяалуулж үздэг, ямар нэгэн намыг дэмждэг улаан фанатик хүмүүс. Тэд сонголтоо аль хэдийн хийчихсэн байдаг бөгөөд санал өгөхийг үүрэг гэж үздэг. Сонгуулийн компанит ажил, ухуулга сурталчилгаа, сэтгэл зүйн төлөв байдал зэрэг нь тэдний сонголтод ямар ч нөлөө үл үзүүлэх ба өөрийн баримталдаг үзэл бодлоо хатуу барьж саналаа өгдөг. Тэдний дотор улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, төвийг сахисан, холимог зэрэг олон ялгаатай бүлгүүд бий. Улстөрчид, нийгмийн идэвхтэй залуучууд, үзэл бодол нь тогтсон ахимаг насныхан энэ бүлэгт хамаарна. Гэхдээ хөгшчүүл өөрийн бүлэг дотроо арай илүү жин татна. Энэ холимог шинж нь намтай өөрийгөө адилтгадаг цэвэр сэтгэлзүйн ба социал хүчин зүйлсээр тайлбарлагдахаас улс төрийн прагматик сонирхлын агрегаци биш юм. 2004 оны сонгуулийн өмнөх байдлаар «хөгшин жардууд» нийт сонгогчдын 60 орчим хувийг эзэлж байна.

«Хөвдөг сонгогчид»

Аль нэг нам хүчнийг шууд дэмждэггүй, сонгуулийн компанит ажлын хугацаанд шийдвэрээ гаргадаг сонгогчдыг өрнөдийн судлаачид ийнхүү нэрлэдэг. Орчин үеийн нийгэмд хөвдөг сонгогчийн тоо ихэссээр байгаа нь манай орны хувьд ч ажиглагдаж байна. Тэд улс төрийн төрөл бүрийн реклам сурталчилгаа, сонгуулийн компанит ажил, лидерийн имижмэйкинг, мөн найз нөхөд, гэр бүл, аав ээжийнхээ зөвлөгөөг дагах зэрэг янз бүрийн хүчин зүйлийг харгалзан саналаа өгдөг. Сонгуулиас бусад үед төвийг сахисан байдалтай байдаг. Тогтсон үзэл бодол байхгүй тул хаашаа ч холбирч мэднэ. Ялангуяа нийгмийн хамтын зан үйлийг саналаа өгөхдөө түлхүү анхаардаг. Өдгөө манай сонгогчдын 28 орчим хувийг эзэлж байна. Энэ тоо цаг хугацааны аясаар өөрчлөгддөг.

«Оппортунистууд»

Тэд ямар ч намыг дэмждэггүй. Улс төрийн асуудлыг сонирхдоггүй, тэр ч бүү хэл сонгуульд саналаа өгдөггүй хүмүүс юм. Тийм ч учраас тэд улс төрийн амьдралд туйлын итгэлгүй ханддаг. Янз бүрийн аргаар тооцоод үзэхэд тэд нийт сонгогчдын 12 орчим хувийг эзэлж байна. Дотор нь хоёр хэсэгт хуваан үзэж болно. Учир нь энэ бүлэг нь туйлын холимог эклектик шинжтэй. Нэгд идэвхтэй оппортунистууд буюу сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй ч улс төрийн нам, нэр дэвшигчид, улс төрийн амьдралын талаарх мэдээллийг байнга сонирхдог, утга учир ач холбогдлыг мэддэг хэдий ч улс төрөөс албаар зай барьдаг хэсэг. Харин нөгөөх нь идэвхгүй оппортунистууд буюу улс төрийн мэдээлэл ч сонирхдоггүй, улс төр, сонгууль бол хүний амьдралд ямар ч үр өгөөжөө өгөхгүй худлаа зүйл хэмээн тооцдог. Төр засаг, улс төрийн намууд, аль алинд нь үл итгэх байдал бүхий хүнийшсэн хүмүүс. Иргэдийн улс төрийн оролцоо буурах тусам эл бүлгийн хэмжээ томорно гэсэн таамаглалыг судлаачид хийж байна.

«Шинэ сонгогчид»

Өмнө нь ямар нэгэн сонгуульд оролцож байгаагүй, чухамдаа одоо л сонгуулийн насанд хүрч иргэний эрхийг эдлэх гэж байгаа залуучуудыг эл ангилалд орууллаа. Эдгээр залуус өмнөх хэв маягуудтай зарим тохиолдолд давхцана. Гэвч тэднийг тусгайлан авч үзэж шинжилгээ хийх нь танин мэдэхүйн болоод практикийн хувьд ач холбогдолтой юм. Улс төрийн намууд ч гэсэн эл бүлгийг харьцангүй анхаарч тусгайлан бодлого явуулдаг. Тэд тав орчим хувийг эзэлдэг. Хэдийгээр тэдний дунд харьцангуй төлөвшиж амжсан хэсэг байдаг ч дийлэнх нь үзэл баримтлал нь тогтворгүй, туршлагагүй, тодорхой шалгуурын систем нь төлөвшөөгүй, энэ талаар нухацтай бодож амжаагүй байдаг. «Шинэ сонгогчид» сонголт хийхдээ гэр бүл, ойр дотны хүмүүсээ дагах, олон нийтийн аяыг харах, улстөрчдийн имиджийг нь харж саналаа өгдөг байна.

«Боломжгүйчүүд»

Энэ бол сонгуульд саналаа өгөх эрхтэй мөртлөө гадаад болон дотоод шилжих хөдөлгөөний улмаас энэ эрх нь хаагдсан хүмүүс. Тиймээс хоёр ангилан үзэх боломжтой. Нэгд гадаадад амьдрагчид орно. Судалгаанаас үзвэл манай насанд хүрсэн хүн болгоны 7-8 орчим хувь нь ямар ч байсан гадаадад байх шиг байна. Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа мянга мянган монголчуудад сонгуулийн эрх олдохгүй байгаа билээ. Хоёрт шилжих хөдөлгөөн хийгчид. 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсон. Ингэж зохиомлоор барьж байсан шилжих хөдөлгөөн зүй тогтлынхоо дагуу явагдаж олон иргэд УБ хот руу нүүх болсон. Шилжих хөдөлгөөний дараагийг давалгаа нь Эрдэнэт, Дархан хот руу чиглэжээ. Иргэдийн нүүх үйл явцтай холбоотойгоор сонгуульд саналаа өгөх эрх маш ихээр зөрчигдөж байгаа нь баримттай зүйл юм. Албан ёсны бүртгэл байхгүй гэсэн шалтгаанаар маш олон сонгогч саналаа өгч чадахгүй байдал 2004 онд ч давтагдах төлөвтэй.

Сонгогчдийн шилжих хөдөлгөөн ба тойргийн хэв шинж

Сонгогчдийн шилжих хөдөлгөөн хэр зэрэг хийгдэж байгаагаас тухай орны улс төрийн хүчнүүдийн харьцаа, засаглалын тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, парламентад эзлэх байр суурь нь улс орны болон орон нутгийн төвшинд тодорхойлогддог. Тиймээс барууны судлаачдын дунд сонгогчдын шилжих хөдөлгөөнийг их анхааралтай судалдаг. Сонгогчдийн шилжих хөдөлгөөнийг судлахдаа тодорхой цаг хугацаатай авч үзэх нь чухал. Ингээд сонгуулийн тойргийг анализ хийж үзвэл үндсэндээ таван бүлэгт хуваагдаж байна.

«Гипер инфляцитай» тойргууд.

Нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү хэт их өөрчлөгддөг. Дээд тал нь 39-46 хүртэл хувиар савлаж байсан тойргууд. Өөрөөр хэлбэл эл тойрогт амьдардаг иргэдийн санал туйлын хувирамтгай, өчигдөр дэмжиж байсан намаа өнөөдөр дэмжихээ болих нь ердийн үзэгдэл бөгөөд маргаашийн зан үйлийг нь тодорхойлоход түвэгтэй юм. Тэдний санал байнга өөрчлөгдөж байдаг нь янз бүрийн шалтгаантай боловч тогтвортой байдал үүсэх хандлага үгүй. Тийм ч учраас эл тойргууд нь улстөрчдийн хувьд нэг бол амжилт, эсвэл “үхлийн цэг” байсаар иржээ. Yүнд 8, 11, 15, 17, 18, 22, 33, 47, 51, 56, 58, 62, 67, 68, 73, тойрог орж байна. Эдгээр нь нийт тойргийн 20 орчим хувь буюу тавны нэгийг эзлэх ажээ.

«Макро өөрчлөлттэй» тойргууд

Энэ ангилалд багтсан тойргийн сонгогчид нь сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө рүү нэлээд их өөрчлөгддөг. Тоогоор илэрхийлвэл 29-38 хувийн хооронд хэлбэлздэг тойргууд. Тухайлбал 3, 7, 9, 10, 38, 45, 50, 52, 65, 66, 69, 70, 75, 76 тойргууд багтана. Нийт тойргийн18.42 хувь буюу мөн тавны нэгийг нь эзэлж байна. Энэ тойрогт нэр дэвшигчид намын нэр хүндэд найдаад байж болохгүйг судалгаа харуулж байна. Тиймээс эхлээд сайн бодох хэрэгтэй. Учир нь маш их зүйл сонгуулийн кампанит ажлаас шалтгаална. Энэ нь мөнгө их зарна гэсэн үг. Хэрвээ зөв ажиллаж чадвал ялалт байгуулна, эс чадваас хамгийн гол нь мөнгөөрөө шатна гэсэн үг.

«Динамик» тойргууд.

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү хүчтэй өөрчлөлт хийгддэг. Хамгийн дээд тал нь 19-28 хувийн өөрчлөлт оржээ. Судалгаанаас үзвэл 1, 4, 5, 12, 13, 14, 16, 23, 24, 26, 29, 31, 32, 35, 36, 40, 42, 46, 48, 54, 55, 57, 59, 60, 61, 63, 64, 71, 74, орж байна. Нийтдээ 29 тойрог болж, 38.15 хувийг эзэлж байна. Хэрвээ сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол эдгээр тойрогт улс төрийн гол тэмцэл явагдана. Эдгээр тойргийн нэр дэвшигчид өөрийн намын болон хувийн рейтинг дээрээ шүүгчдийн (иргэдийн) халаасанд байгаа 19-28 хувийн саналыг цуглуулахын төлөө “дайтах” хэрэг гарна.

«Мэдрэмтгий» тойргууд

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү 8-18 хувийн өөрчлөлт хийгддэг тойргууд. Судалгаанаас харвал 2, 6, 19, 20, 21, 25, 30, 34, 37, 39, 41, 43, 44, 49, 53, 72 зэрэг тойрог багтаж байна. Нийт 17 буюу 22.36 хувийг эзэлж байна. Энэ тойргуудад нэр дэвших гэж байгаа улстөрчийн хувьд өмнө ямар нам ялж байсан дээр 8-18 хувийн хэлбэлзэл дээшээ ба доошоо гарч болзошгүйг анхааралдаа авах хэрэгтэй. Хэрвээ өмнөх сонгуулиар танай нам ялсан, одоо намын рейтинг нь гайгүй байгаа бол ялалт байгуулах магадлал өндөр байна.

«Тогтвортой» тойргууд

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү маш бага хөдөлгөөн хийгддэг. Хөдөлгөөн нь долоо хүртэл хувиас хэтэрдэггүй явагддаг тойргууд. Нийтдээ 2.6 хувийг эзлэх юм. Судалгаагаар Өвөрхангайн 27-р тойрог, Өмнөговийн 28-р тойргууд орж байна. Энэ хоёр тойрогт МАХН, Ардчилсан хүчний сонгогчдын хүч тэнцвэртэй оршдог. Маш бага хувийн хөвдөг сонгогчдийн саналаар аль нэг нь ялалт байгуулдаг ажээ.

 

Тойргийн ангилал

Тойргийн дугаар

Хувь

1

Гипер өөрчлөлттэй тойргууд

8, 11, 15, 17, 18, 22, 33, 47, 51, 56, 58, 62, 67, 68, 73,

19.73

2

Макро өөрчлөлттэй тойргууд

3, 7, 9, 10, 38, 45, 50, 52, 65, 66, 69, 70, 75, 76,

18.42

3

Динамик тойргууд

1, 4, 5, 12, 13, 14, 16, 23, 24, 26, 29, 31, 32, 35, 36, 40, 42, 46, 48, 54, 55, 57, 59, 60, 61, 63, 64, 71, 74,

38.15

4

Мэдрэмтгий тойргууд

2, 6, 19, 20, 21, 25, 30, 34, 37, 39, 41, 43, 44, 49, 53, 72,

22.36

5

Тогтвортой тойргууд

27, 28

2.63

Судалгаанаас үзэхэд, 1996-2000 оны хооронд 76 тойрогт сонгогчдийн шилжих хөдөлгөөн тасралтгүй явагдаж байна. Улс төрийн намуудын (МАХН-аас бусад намын хувьд) ялгарах, нэгдэх, шинээр байгуулагдах үйл явц нь тэднийг байнгын тогтвортой дэмжигчидтэй болоход сөрөг нөлөө үзүүлж, улс төрийн намуудад итгэх итгэл сулрахад тодорхой нөлөөллийг үзүүлж байна. Тэрчлэн сонгогчдын хувьд тодорхой үзэл баримтлал, үнэт зүйлийг биш өөрийгөө тодорхой намд харьяалуулж санал өгөх байдал тэдний дийлэнх хэсгийг эзэлж байна. Өнөөгийн сонгуулийн системийн нөхцөлд нийт тойргуудын 60 орчим хувьд нь 19-46 хүртэл хувийн саналын савалгаа гарахад бэлэн байна. Yүний сөрөг тал нь сонгуулиар улс төрийн намуудын байр суурь огцом өөрчлөгдөж, төрийн бодлогын залгамж халаа алдагдахад хүргэж болзошгүй юм. Энэ үйл явц нь ямар ч хүчнийг засгийн эрхэнд хяналтгүй гаргах, цаашилбал ямар ч хүчнийг засгийн эрхээс бүрмөсөн устгах ч аюултай байж болохыг манай өнгөрсөн түүх харуулна.