350 сая хүн “хай-тек” сонгуулиар шинэ сонголт хийв

A- A A+
350 сая хүн “хай-тек” сонгуулиар шинэ сонголт хийв

Ш.Цог

Азийн нэгэн том гүрэн болох Энэтхэгт сонгогчид нь шинэ Засгийн газар байгуулах өндөр хариуцлагыг хүлээсэн төлөөлөгчдөө сонгов. Тэнд сонгуулийн өмнө болж өнгөрсөн үйл явдал Монголын сонгуулийн өмнөх үеийн үйл явдлаас ялгаатай байх нь мэдээжийн хэрэг. Тэрчлэн сонгуулийн үр дүнд улс төрийн ямар нөхцөл, байдал бий болж, улс төрчдийн буурь суурийг шалгах нь яг ижил байхгүй нь лав биз ээ.

Сүүлийн найман жилийн турш сөрөг хүчин байсан Конгресс Нам Энэтхэгийн сонгуульд гэнэтийн ялалт байгуулан эргэж ирсэн гэдгийг монголчууд хэвлэлийн мэдээнээс мэдэж байгаа. Саяхан нам нь бүрэн дэмжлэг үзүүлж, итгэл хүлээлгэн нэрийг нь дэвшүүлсэн Конгресс Намын дарга Соня Ганди Энэтхэг Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа. Сонгуульд ялагдсан Жаната Намын удирдагч, Ерөнхий сайд асан Атал Бехари Важпай ”Манай нам сонгуульд ялагдал хүлээсэн боловч Энэтхэг орон хожлоо” гэж хэлсэн байх юм. 

Монголд сонгуулийн дараа ийм явдал болж, аль ч бай, сонгуульд ялагч намын удирдагч нь Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж гэнэ, энээ тэрээ гэвэл Монголын сонгогчдын санаанд багтах болов уу? Хэн нэгэн, магадгүй, Энэтхэг бол дэлхийд хамгийн том ардчилсан гүрэн, тэгээд ч хэдийнээс ардчиллыг эрхэмлэдэг уламжлалтай. Монгол маань хоёрхон сая хүн амтай, ардчиллыг шинээр тогтоосон улс. Тиймээс улс төрийн нөхцөл байдал, түүнийгээ дагаад улс төрчид нь ч тэс өөр гэж учирлаж болох. Гэвч энэ нь бага буурай орны улс төрчид улсаа бодох хэрэггүй буюу боддоггүй гэсэнтэй утга нэг болох биз. Тэгэхээр Энэтхэгийн сонгууль, түүний дүн, сонгуульд ялсан болон ялагдсан улс төрийн хүчний удирдагчдын шийдвэр, хийж буй алхам зэргээс манай улс төрчдөд суралцах зүйл багагүй байх шиг санагдана.

Сонирхол татах өөр нэг зүйл нь Энэтхэгийн сонгуулийн зохион байгуулалт, техникийн тал буюу сонгууль явуулсан арга ажиллагаа юм. Түүхэнд эртнээс Монголтой дотно харилцаатай явж ирсэн Энэтхэг Улсад парламентын сонгуульд санал хураах ажиллагаа гурван долоо хоногийн турш явагдаж, 543 суудлын төлөө 675 сая хүн санал өгөх байснаас 350 сая нь саналаа өгч, манайхны зарим нь хэлж ярихаас ч тавгүйтэж, жийрхээд байгаа “шинэ сонголт” хийгээд удаагүй байна. Онцлог нь дэлхийн хүн амын зургааны нэгийг тэжээдэг энэ оронд энэ удаагийн сонгуулийг бүрэн электрон аргаар явуулсан байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид саналаа саналын хуудас дээр тэмдэглэхийн оронд саналаа электрон машины товчлуур дээр дарж өгсөн гэнэ. Хэдэн зуун сая хүний сонгуулийн саналыг “hi-tech” ашиглан авч дүгнэж болсон юм чинь хоёрхон сая саналыг авч дүгнэхэд ядах юмгүй санагдав.

Ингэхийн тулд нэг сая гаруй ширхэг санал хураах электрон машин ажиллуулсан бөгөөд тэдгээр машиныг 700 мянга гаруй сонгуулийн тойрог, нутгийн алслагдсан хэсэгт хүргэхийн тулд нисдэг тэрэг, үхэр тэрэг, зааныг хүчийг хүртэл ашигласан аж. Сонгуулийн хэсэгт ажиллах хүмүүсийн зарим нь өөрсдөө сарлаг, заан мэтийг хөлөглөн өндөр уулын бүсэд байх ажлын байрандаа хүрсэн бол зарим нь 2, 3 өдөр явгаар явж, нөгөө нэг хэсэг нь нисдэг тэргээр ойролцоо газар хаяуулж, хүрэх газраа хүрч байсан гэнэ. Гэхдээ электрон машины ачаар сонгуулийн эцсийн дүнг ганцхан өдрийн дотор дүгнэн гаргажээ.

ВВС Ньюсийн мэдээлснээр санал хураах электрон машины үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ талаар ийн ярьжээ. “Электрон машиныг ажиллуулахад тун хялбар, бичиг үсэг үл мэдэгчид ч зовох зүйлгүй. Нэг машин минутад таван санал буюу нэг өдөрт 2700 санал хураах чадвартай”.

“Хурдан, хянамгайгаас гадна найдвартай. Улс төрийн нам, хүчин бүр өөрийн таних тэмдэгтэй бөгөөд сонгогч саналаа өгөхийн тулд улс төрийн нам, түүний таних тэмдэг, нэр дэвшигчийн нэрийн харалдаа товчлуур дээр дарахад л хангалттай. Санал хураалтын дүн нүд ирмэхийн зуур гарч ирнэ. Машин нь элдвээр оролдож, тоглох буюу элдэв гэмтлээс найдвартай хамгаалагдсан” гэжээ. Тэд хуучин эрхий хурууны хээгээр саналаа өгдөг байсан хөдөөний хүмүүс электрон техникээр санал өгөхөд хэцүү байсан гэсэн яриаг няцаасан байна.  Машиныг үйлдвэрлэгчид олон удаагийн сургалт явуулж, электрон санал хураагчийг ажиллуулах заавар гаргажээ.

Зааварт:

  • Хянах хэсэг. Сонгуулийн хэсгийн ажилтан санал өгөх кабинд сонгогч орж ирэх бүрт товчлуурыг дарж, шинэ санал авахад машиныг бэлтгэнэ. Авсан санал бүрийн дараа “хаах” товчийг дарж, өгсөн саналыг хадгалж, хамгаална.

  • Санал авах хэсэг. Энэ нь саналын хуудас гэсэн үг. Сонгогч нэр дэвшигчийн нэрийн харалдаа байх товчийг дарахад хянах хэсэг саналыг бүртгэн авч хадгална. Саналыг тоолох үед хэний төлөө, хэдэн хүн санал өгснийг эндээс харна.

Энэтхэгийн энэ удаагийн сонгууль сүүлийн хэдэн 10 жилд болсон сонгуулиас хамгийн амар тайван бөгөөд шудрага сонгуулийн нэг болсон ажээ.

Сонгуулийн үр дүнгийн хувьд тэмцэл Хиндийн Үндэсний Бхаратия Намаар удирдуулсан эвсэл, сөрөг хүчний гол нам болох Конгресс Намын хооронд болж, сүүлчийнхийн нь ялалтаар төгсөв. Ноён Важпайн удирдсан Засгийн газар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг найман хувь хүртэл өсгөж, Пакистантай энхийн тохиролцоонд хүрсэн амжилт үзүүлсэн хэдий ч жирийн хүмүүсийн тусын тулд онц зүйл хийгээгүй гэсэн гол шалтгаанаар санаандгүй ялагдал хүлээж, огцроход хүрэв. Ингэснээр Махатма Ганди, Жавхарлал Неру нарын нам засгийн эрхэнд гарч ирлээ.

Энэтхэг Улсын парламентын сонгууль ийнхүү улс төрийн хурц ширүүн бөгөөд алсын хараатай, шудрага тэмцэл, үйл явдлаар дүүрэн болж, энэ хүчирхэг улсын хувьд ирээдүйн төлөв байдлыг нэг хэсэгтээ тодорхойлхуйц томоохон үр дагаврыг авчирсан шинэ сонголт болж өнгөрлөө.

Харин Монгол орны хувьд сонгуулийн кампанит ажил ид эрч, хүчээ авахын хэрээр Монголын сонгогчид улс төрийн намуудын ид шидийн хүчинд итгүүлэхийг оролдох мэт дэврүүн яриа, шүлэглэсэн их амлалт дундаас сонголт хийж, эрхээ эдлэх өдөр улам бүр ойртсоор байна.