Д.Батнасан: Сонгуулийн мөрийн хөтөлбөрт сайтар тусгавал дараа нь байгаль орчны асуудлыг шийдэхэд хүндрэл багатай байна

A- A A+
Д.Батнасан: Сонгуулийн мөрийн хөтөлбөрт сайтар тусгавал дараа нь байгаль орчны асуудлыг шийдэхэд хүндрэл багатай байна


Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Н.Батнасантай тус байгууллагаас намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал болгосон зөвлөмж, түүнийг нь хэрхэн тусгасан талаар манай портал сайт тодруулж ярилцлаа.

- Дэлхийн байгаль хамгаалах сангаас УИХ-ын сонгуульд оролцогч улс төрийн намуудад хандан өнөөдөр тулгамдаад байгаа байгаль орчны асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусган шийдвэрлэхийг санал болгосон зөвлөмжийг гаргасан. Ямар үндэслэлээр байгаль орчны асуудлыг гаргаж тавих болов?

- Ер нь байгаль орчны асуудал нэлээн чухлаар тавигдаж байгаа. Эдгээр асуудлыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгавал дараа нь Засгийн газар бүрдэн үйл ажиллагаагаа явуулахад нэмэр болно гэж оруулсан юм. Зөвлөмжийн хувьд Монгол оронд ямар ямар бэрхшээл тулгарч байгаа болон түүнийг яаж шийдвэрлэж болох вэ гэсэн санааг хэд хэдэн чиглэлээр гаргасан. Үүнээс улс төрийн намууд авахыгаа авч, гээхийгээ гээх нь тэдний хэрэг. Гэвч улс орны нийтлэг эрх ашигт чухал асуудлуудыг анхааралтай авч үзэх ёстой гэж бодож байгаа. Зарим мөрийн хөтөлбөр, баримт бичигт томоохон төсөл, барилга байгууламжийг нэр заагаад оруулчихдаг. Гэтэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхэд болох юм уу, үгүй юү гэдгийг нь мэдэхгүйгээр оруулах нь учир дутагдалтай байдаг. Иймэрхүү том асуудлыг нарийвчилсан судалгааны үндсэн дээр ул суурьтай авч үзэн баримт бичигт оруулбал янз бүрийн хүндрэл бэрхшээл учрахгүй байх бололцоотой. Зөвлөмжийг танилцуулах дэлгэрэнгүй уулзалтыг улс төрийн намуудын дунд зохион байгуулсан. Уг уулзалт дээр нарийн асуудлуудыг тодруулан асууж ярилцсан.

- Бодлогын түвшинд ингэж шийдсэнээрээ байгаль орчны асуудал шийдвэрлэгдэх боломжтой юу?

- Ямар бэрхшээлтэй асуудал тулгарч буйг хүн бүр л мэдэж байгаа. Ер нь бодлогын баримт бичигт сайн тусгаж, шийдвэрлэх арга замыг нь зааж өгсөнөөрөө асуудал шийдэгдэхэд дөхөмтэй юм.

- Танай байгууллагаас санал болгосон асуудлыг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?

- Энэ талаар одоо хэлэхэд хэцүү байна. Зарим намын мөрийн хөтөлбөртэй танилцаж юуг нь тусгаж, юуг нь тусгаагүй байна вэ гэдгийг нь харж байна. Нарийвчилсан дүн шинжилгээ хийгээгүй.

- Харьцуулж хэлэхэд боломжгүй бол ерөнхийд нь дүгнэж хэлбэл?

- Одоогоор энэ талаар тэр нь сайн, энэ нь муу болсон гэж харьцуулан хэлэх боломжгүй юм.

- Өмнө нь байгаль орчинтой холбоотой асуудалд улс төрийн хүчнүүдийн зүгээс яаж хандаж байсан бэ?

- Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Манайх байгаль хамгаалах төрийн бус, олон улсын байгууллага. Дэлхийн олон оронд байгальдаа хандах хандлага нь ямар байдаг, яаж хамгаалах нь зүйтэй вэ гэдэг туршлагыг илүү мэдэрч Монгол орныхоо байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, байгалиа хамгаалъя, ингэснээрээ хойч ирээдүйгээ бодсон алхам гэсэн гол чиглэлээр явж байгаа.

- Байгаль нэг талдаа мөнгө олдог ашигтай ч, нөгөө талдаа нөхөн сэргээлтийг хийлгүй орхисноороо эрсдэлд ордог. Бид одоо хэтэрхий эдийн засаг талаасаа хандсаар байгаа гэж хэлж болох уу?

- Зах зээлийн эдийн засаг хөгжсөнөөр байгалийн нөөц баялгийг ашиглах нь давуутай болсон. Уул уурхайн болон алтны үйлдвэрлэл өсч байгаль орчны сөрөг үр дагавар ихээхэн гарах болсон. Гэтэл үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг хамтад нь барьж явах шаардлагатай. Өнөөдөр ийм шаардлагын хэмжээнд хүрсэн үү, үгүй юү гэдэг учир дутагдалтай. Дан ганц эдийн засгаа бодож байгальд хэтэрхий үрэлгэн байдлаар хандах юм бол үүний хор хохирлыг амсана гэдгээ бид нар мэдэж байх ёстой.

- Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадсанаараа ямар үр дүнд хүрэх вэ?

- Сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь сайтар тусгаж өгөх юм бол байгаль орчны асуудлыг шийдэхэд дараа нь хүндрэл багатай байх болно. Байгаль орчны асуудлаа амжилттайгаар шийдвэрлэж чадах юм бол цаашдаа улс орны тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил гэх мэтчилэн олон салбарт нөлөөлнө шүү дээ.