Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, профессор Д.Дагвадорж улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн асуудал болон тус хөтөлбөрөөс санал болгосон зөвлөмж хэрхэн туссан талаар манай порталын асуултад хариулж байна.
- УИХ-ын сонгуульд оролцож байгаа улстөрийн нам болон нэр дэвшигчдийн анхааралд Та бүхэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хандуулсан. Уг асуудал улстөрчдийн анхааралд хүрснээр шийдвэрлэгдэх боломжтой юу?
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь Монголын төдийгүй даян дэлхийн өнөөгийн хөгжлийн гол үзэл баримтлал юм. Энэ бол хүний амьдралын чанар, хүн төрөлхтний эв санааны нэгдэл, дэлхийн шударга зарчим, байгаль орчныг эрхэмлэсэн шинэ үнэлэмжид тулгуурласан хөгжлийн загвар юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдийн засгийн хөгжлийг хөөцөлдөх биш, байгаль орчин, нийгмийн эрэлт хэрэгцээнд зохицсон, хүнээ хөгжүүлсэн, эдийн засгийн тэнцвэрт хөгжлийг хангахыг гол асуудал болгон тавьж байна.
Сонгуулийн үетэй давхцаж улстөрчид болон улстөрийн намуудад Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг танилцуулсан нь улсаа удирдах, улсынхаа хөгжлийн чиглэлийг залах гэсэн хэн боловч энэхүү үзэл баримтлалыг сайн мэдэж, мөрийн хөтөлбөртөө тусгах шаардлагаас үүдэж байгаа юм.
Энэ төсөл нь улстөрийн болон яам, газрын бодлогын түвшинд эрдэмтэн, судлаачдын багийг оролцуулан төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгасан, өргөн хүрээний асуудлыг хамарч чадсан бүтээл. Өөрөөр хэлбэл, Монгол орны байгаль, цаг уурын онцлог, ёс заншил, амьдралын хэвшлийг тусгасан гэсэн үг. Энэ асуудал цаашдаа улам өргөжих асуудал юм. Улсын хэмжээнд төдийгүй аймаг, бүс нутгийн хэмжээнд ч хэрэгжих ёстой асуудал.
- Үүнээс ямар үр дүн гарах бол?
- Даян дэлхийн хөгжлийн хандлагад Монгол Улсын хөгжлийг нийцүүлснээрээ чухал ач холбогдолтой юм. Тогтвортой хөгжлийн иж бүрэн үзэл баримтлалын дагуу улс орноо удирдаж чадах юм бол Монгол Улс хөгжлийн зөв чиглэлээр явна. Өнөөгийн нөхцөлд ирээдүй рүү чиглэсэн, байгаль орчныхоо даацад зохицсон хөгжлийг бий болгох нь чухал байна.
Нөгөө талаар Монгол бол үйлдвэрлэл хэт хөгжиж, байгалиа их хэмжээгээр сүйтгэсэн орон биш. Байгаль экологи нь харьцангуй бага хөндөгдсөн. Цаашдаа зөв бодлогоор явбал Монгол Улс XXI зуунд тогтвортой хөгжлийн загвар орны нэг болох ирээдүй байна гэдгийг судалгаагаар тогтоочихоод байгаа.
- Бид одоо тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын замаар явж чадаж буй болов уу?
- Дэлхийн бүх орон энэ үзэл баримтлалд нэгдчихээд байгаа. Манай улс ч гэсэн энэ үзэл баримтлалын чигт явж байна. Бүр бодлогын чиглэл болгочихсон байгаа. Гэхдээ бодлогын бүх түвшинд уялдуулсан гэж үзэх нь учир дутагдалтай.
- Уялдуулж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
- Чадахгүй байгаа гэж үзэж болохгүй. Иж бүрэн уялдуулах талаасаа бэрхшээл учирч байгаа. Тогтвортой хөгжлийн асуудлыг намуудын мөрийн хөтөлбөрт байгаль орчин-тогтвортой хөгжил гэдэг бүлэгт гаргасан байна. Гэтэл тогтвортой хөгжил нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Байгаль орчны асуудлаас гадна хүний хөгжил, засаглалын хөгжилтэй уялдаж явах ёстой. Тийм учраас энэ талаар улс төрийн түвшинд зохицолдоо, зөвшилцөл хэрэгтэй байгаа юм. Улс төрийн зөвшилд хүрч энэ үзэл баримтлалыг УИХ бодлогынхоо үндэс болгох юм бол Монгол Улс хөгжинө.
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар Та ямар үнэлэлт өгөх вэ?
- Бид нар нарийвчилсан үнэлгээ хийж байгаа. Одоогоор хийж дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар харахад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн асуудал ямар нэг байдлаар тусгагдсан нь өмнөх сонгуулийн үеийн намуудын мөрийн хөтөлбөрөөс өвөрмөц байдлаар ялгарч байна. Зарим нэг нь тулхтай хөгжил гэж томьёолчихсон байх жишээтэй.
- Мөрийн хөтөлбөрт тусгасан аль нэг асуудлыг нь харьцуулж хэлэхгүй юү?
- Байгаль орчин - тогтвортой хөгжлийн асуудлыг МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн намын хөтөлбөрт тусгасан байгаа. Гэхдээ МАХН-ын мөрийн хөтөлбөрт энэ асуудал нь нэлээн тодорхой байдлаар туссан байна.
Уг тогтвортой хөгжлийн асуудал нь өргөн хүрээнд тавигдаж, хөгжлийн үндэс нь болбол сайн талтай. Одоохондоо тэр түвшинд очиж, улстөрийн зөвшилцөлд хүрч чадаагүй. Ер нь хөтөлбөрөө үзэл баримтлал болгон, үзэл баримтлалаа төрийн бодлого болгож тавих ёстой.
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах талаар тодорхой зүйлийг тусгасан байдаг. Сонгуульд оролцож байгаа улс төрийн намууд шинэ гэр бүлд 500 мянган төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг, 18 наснаас доош бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөгийг өгөхөөр амласан байгаа. Үүнийг амьдралын чанарыг сайжруулахаар хийж байгаа зүйл гэж ойлгож болох уу?
- Энэ бол тактикийн асуудал. Бүрэн утгаараа асуудлыг шийдэж байгаа гэж хэлэхэд түвэгтэй. Амьдралын чанар гэдэг нь зөвхөн нэг удаагийн асуудал биш, оюун санааны, ирээдүй рүү чиглэсэн олон талтай, нарийн үйл ажиллагаа юм. Үүнийг нэг алхам нь гэж үзэж болно. Алхам алхамаар сайн сайханд хүрнэ шүү дээ.
- Эдгээр амлалт нь ямар нэг байдлаар асуудлыг шийдвэрлэхээр дөхөж байна гэж ойлгож болох уу?
-Болно.