“Эх орон-Ардчилал” эвслийн Сонгуулийн төв штабын дарга, Монгол Улсын сангийн сайд асан П.Цагаан тус эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлогуудын талаар манай порталд ярилцлага өглөө.
- Энэ удаагийн сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?
- Өнгөрсөн 14 жилд Монгол ардчилал, зэх зээлийн эдийн засагт шилжсэн гэж ярьлаа. Энэ хоёр чиглэлээр амжилт ч олсон. Сонгуулийг ардчилсан болгож, шашин шүтлэг чөлөөтэй боллоо. Харин либераль ардчилалд хүрэх болоогүй байна. Хүн хувийн өмчтэй болсон, ДНБ-ий 70 хувийг хувийн сектор үйлдвэрлэж байна. Энэ бол амжилт. Мал, орон сууцыг үнэгүй хувьчилсан . Гэхдээ энэ бүхнийг боловсронгуй болгох шаардлагатай. Монголд нийгмийн шинэ бодлого явуулах хэрэгтэй болоод байна. Нийгмийн шинэ бодлогоор дамжуулан эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зорилтод тулгуурласан мөрийн хөтөлбөрийг бид боловсруулсан. Манай мөрийн хөтөлбөрийн төвд хүнийг тавьсан. Өөрөөр хэлбэл бодлогын төв нь хүн юм. Манай улсын Үндсэн хуулинд ч хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэж заасан байдаг. Хүүхдийн хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа.
- Хүүхдийн хөгжил гэснээс 18-аас доош насны хүүхэд бүрт сар бүр 10 мянган төгрөг буюу “Итгэлийн мөнгө” олгох боломжийн талаараа тодруулахгүй юу? Энэ бол эвслийн сурталчилгааны гол хүч тавьж буй нэг зүйл болохоор үүнийг аль хэр тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан бэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байх шиг...
- Хүүхэд бүрт “Итгэлийн мөнгө” олгоно гэдэг зүгээр нэг нийгмийн арга хэмжээ биш. Сонгогчдын саналыг татах оролдлого ч бүр биш. Энэ нь нийгмийн хамгааллын төдийгүй эдийн засгийн шинжтэй бодлого юм. Манай улс 2,4 сая хүн амтай. Түүнээс нэг сая нь 0-18 насны хүүхдүүд. Тэд сонгуульд оролцохгүй, санал өгөхгүй. Хүүхдүүд эрхээ хамгаалж чаддаггүй. Хамгийн их эрх нь зөрчигдөж байгаа хүн бол 18-аас доош насны хүүхдүүд. Тэгсэн хэрнээ эд бол Монголын ирээдүй шүү дээ. Тэднээс бидний, Монголын ирээдүй шалтгаална. Дэлхийн банкнаас гаргасан жишгээр бол өдөрт хоёроос доош ам. долларын орлоготой хүн бол ядууд тооцогддог. Нэгээс доош ам. долларын орлоготой бол нэн ядууд орно. Харин бид ердөө 30 центийн тухай л яриад байна шүү дээ. 18-аас доош насны хүүхдэд өгөх мөнгөний нийт хэмжээг аваад үзэх юм бол их мөнгө. Манай улсын статистикийн мэдээллээр ДНБ нэг тэрбум 200 сая ам. доллар. Үүнээс нэг зуун саяыг эрхээ хамгаалж чаддаггүй хүүхдүүдэд өгөх асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 12 төгрөг тутмын нэг төгрөгийг хүүхдэд зарцуулъя гэсэн үг. Бид шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн байдал зэргээр иргэдийг ялгаварлан үзэхгүйгээр улс орон даяар жигд олгох бодлого баримтална.
Ер нь ядуурал, ажилгүйдэл бол Монголын нийгмийн хамгийн гол асуудал байдаг. Эдгээр хүүхдэд өгч буй 120 тэрбум төгрөг нь нөгөө талаас эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт. Ингэснээр хамгийн түрүүнд өрхийн орлого нэмэгдэнэ. Мөнгөтэй хүнээс мөнгийг салгадаг нь бизнесийн хууль биз дээ. Энэ утгаараа бизнес хөгжинө. Нэг аймагт гэхэд таван тэрбум төгрөг, 2000 хүүхэдтэй суманд нэг сард л гэхэд 20 сая төгрөг орж ирнэ гэсэн үг. Нэг жилд 240 сая төгрөг болно . Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар дээшилнэ, эдийн засаг сэргэнэ. ОУВС-г үндэслэгчдийн эцэг ч гэж нэрлэгддэг нэрт эдийн засагч Кейнс хямралтай үед ажилгүй нэг хүнээр газар ухуулж, нөгөө ажилгүй хүнээр булуулж аль алинд нь мөнгө өг гэж хэлсэн байдаг. Бид итгэлийн мөнгөөр дамжуулж давхар давхар олон арга хэмжээ авч байгаа юм. Саяхан манайхаас 10 мянган төгрөг юунд зориулах тухай зохион бичлэгийн уралдаан зарласан. Хүүхдүүдийн ирүүлсэн зохион бичлэгийг уншихад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрсөн. Нэг хүүхэд сар бүр 10 мянган төгрөг авдаг болбол ээждээ гутал авч өгнө гэсэн байсан. Өөр нэг хүүхэд гэртээ шал авна, шалгүй гэрийг цэвэрлэхэд урамгүй байдаг гэжээ. Ховд аймгийн Дуут сумын нэг хүүхэд сургууль дээрээ Интернэт байгуулна гэсэн бол бас нэг хүүхэд яс цуглуулж түүнийгээ буцалгаж тос гаргаад дотуур байрны хүүхдүүдэд боорцог чанадаг өөхөн тос гаргаж, ясаар нь товч зэрэг үйлдвэрлэнэ гэж бичсэн байна лээ. Энэ бол зүгээр нэг салхинд хийсгэж байгаа мөнгө биш.
- Гэхдээ л амьдрал дээр хэрэгжүүлэхэд аль зэрэг бодитой амлалт вэ?
-Бид өгөхийг хичээнэ гэж хэлээгүй. 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олгоно гэсэн. УИХ-ын эхний хуралдаанаар үүнийг хэлэлцүүлнэ. Р.Гончигдорж тэргүүтэй ажлын хэсэг гарч хуулийн төслийг боловсруулсан. Манай улсын 2000 оны төсөв 330 тэрбум төгрөг байсан бол 2004 онд 600 тэрбум болж нэмэгдсэн. Энэ бол төр хяналтгүй байгаагийн үр дүн. Төсвийн мөнгө МАХН руу орж байна. Урьд нь Аймгийн засаг дарга УАЗ-469 машин унадаг байсан. Одоо Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нь хоёулаа жип машинтай болсон. Энэ хоёр машин нийлээд 100 сая төгрөг шүү дээ. Одоогийн Засгийн газрын гишүүн сайд 80 мянган ам долларын машин унаж байна. Биднийг төр барьж байхад сайд нар найман мянган ам. долларын “Sonata” унадаг байсан шүү дээ. Эрх баригчдын ямба 10 дахин өссөн байна. УИХ дахь нэг суудлын төлөө нам 500 мянган төгрөг төсвөөс авдаг байсан бол одоо 2 сая 500 мянган төгрөг болтлоо өссөн. Яамдын тоо олширч хангамж нэмэгдсэн. Гэтэл хүн амын 40 хувь нь ядуу зүдүү амьдарч байна.
- Бусад иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар эвсэл ямар бодлого барьж байна вэ? Жишээ нь 40 мянган айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
- Эвслийн бас нэг бодлого бол иргэнээ төрснөөс нь эхлээд ажил хийх, амьдрах, тэтгэвэрт гарах зэрэг бүх амьдралын туршид нь нийгмийн цоо шинэ бодлогоор дэмжих явдал юм. Хүүхдэд сар бүр тэтгэлэг өгч байгаад 18 нас хүрэхэд нь газар өмчлүүлнэ. Залуу гэр бүлийг орон сууцтай болоход нь дэмжинэ. Харин өндөр настанд бол хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн халамжийн байгууллагаас хүртэх хувь хэмжээг нь өсгөнө. Энэ эргээд нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийг шийдвэрлэсэн нэрийн дансны тогтолцооны үргэлжлэл болж байгаа юм.
Орон сууцны тухай гэвэл бид шинэ дугуй зохиогоогүй. Барууны орнуудад орон сууцны асуудлыг шийдсэн янз бүрийн туршлага зөндөө байдаг. Мортгейж, Ипотек гээд олон янз. Байр аваад 10-20 жилийн зээлээр төлдөг. Орон сууц бол айл өрхийн хөрөнгө оруулалтын зайлшгүй хэрэгцээ. Жишээлбэл 25 насандаа гэрлэсэн хүн зээлээр орон сууц аваад 45-тайдаа зээлээ төлж дуусна. Зээлийн хүүг татвараас суутгаад буцааж өгнө. Өөрөөр хэлбэл Та хүүгүй зээл авч байна гэсэн үг шүү дээ. Нэг талаас энэ нь иргэдэд ашигтай, нөгөөтэйгүүр төрд хэрэгтэй. Хамгийн гол нь эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Хотод бол гэр нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа шүү дээ. Би гэрийг муулж байгаа юм биш. Гэр бол нүүж явахад хамгийн их тохирох зүйл. Гэхдээ хотод бол нийгмийн шаардлагыг хангахгүй байна. Наад зах нь нүүрс түлнэ, үүнээс болж агаар бохирдоно. Манайхан чинь чадсандаа биш ядарсандаа гэрт амьдарч байгаа шүү дээ. Тиймээс орон сууцны бодлого хэрэгтэй. Компаниуд байшин бариулж эхэлнэ гэдэг олон хүн ажилтай болно гэсэн үг . Энд ч бас давхар бодлого явагдана. Ажилгүйдэл багасна.
- Татварын дарамт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх талаар авах арга хэмжээнийхээ талаар бусад намуудаас ялгарах танай онцлог юу вэ?
- Манайд татвар өндөр, зөвшөөрөл авахад маш их хүнд сурталтай тулгардаг. Тиймээс зөвшөөрлийг бүртгэлийн системээр солино гэж бид хөтөлбөртөө тусгасан. Ганц жишээ дурдахад л хангалттай. Тухайлбал манайд мах зарах хүн ариун цэврийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ чинь утгагүй юм л даа. Ирээдүйд зарах махныхаа зөвшөөрлийг авна гэсэн үг үү. Зөвшөөрөл өгдөг биш бүртгэдэг болно. Одоо бол манайд зөвшөөрөл авахын тулд 20-30 шат дамжлагаар ордог. Ер нь татвар гэдэг бол дарамт. Манайд чинь үйлдвэрлэл явуулж эхлээгүй байхад нь татвар авдаг. Энэ чинь утгагүй л байхгүй юу. Ер нь татвар 30, 40 хувь байна гэдэг нь өөрөө бодитой дарамт болж байгаа юм.
Ярилцсан Ю.Дэлгэрмаа