Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт эдийн засаг, бизнес эрхлэх орчин болон тус холбооноос санал болгосон зөвлөмж, байр суурь хэр туссан талаар манай порталын асуултад хариулж байна.
- Монголын ажил олгогч эздийн холбооноос сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал болгож өөрсдийнхөө байр суурийг илэрхийлжээ. Ямар үндэслэлээр энэхүү саналыг гаргах болов?
- Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь хувийн өмчийн бизнес эрхлэгч бүлгийг төлөөлсөн, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага. Холбооны гол үүрэг нь бизнесийн орчинг тогтвортой байлгаж, тааламжтай чиглэл рүү нь хандуулж ажиллах ёстой юм. Тийм учраас бид Засгийн газар, УИХ, улс төрийн намуудтай ажиллаж байна. Энэ үүднээсээ намуудад хандан бизнесийн орчинг сайжруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгаж ийм зүйлийг хийхэд анхаараач гэсэн санамжийг гаргасан. Энэ бол тулгалт биш.
Ерөнхийдөө өмнө нь ч, одоо ч улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг ажиглахад нийгмийн хамгаалал, нийгмийн арга хэмжээнд түлхүү анхаарч бодит амлалтыг өгч буй мөртлөө бизнесийн орчинд чамлалттай ханддаг тал ажиглагдаж байгаа юм.
Бидний санал бол тодорхой асуудал буюу бизнесийн орчинг тааламжтай болгоход чиглэгдсэн. Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварыг 5-7 пунктээр бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах гэсэн нь тодорхой тоотой учраас яаж тусгасан байна гэдгийг эргээд дүгнэх бололцоотой. Бидний зүгээс тавьсан саналууд нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа бэрхшээл, хүндрэлүүдээс үүдсэн учраас үүнийг арилгахад чиглэгдэн тавигдаж байгаа юм.
- Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө тусгаснаар ямар үр дүнд хүрэх вэ?
- Бидний саналыг аль ч улс төрийн хүчин 100 хувь тусгаад авчихна гэж бодохгүй байна. Гэхдээ үндсэн санаануудыг нь тусгачихвал үр дүнд хүрнэ. Засгийн газар бол хуримтлал бий болгодог байгууллага биш. Татвараар мөнгө цуглуулаад түүнийгээ зарцуулдаг байгууллага. Нийгэмд хуримтлал хаана бий болдог вэ гэвэл хувийн хэвшилд л бий болно. Хувийн хэвшилд хуримтлал үүссэнээр эдийн засагт өсөлт гарна. Бидний гаргасан саналыг улс төрийн намууд хэрэгжүүлж чадвал бизнесийн орчин сайжирна, эдийн засагт өсөлт гарна, бизнес эрхлэгчид урам зоригтой ажиллах нөхцөл бүрдэнэ.
- Эдийн засаг, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр нийгмийн асуудал, эрх зүйн орчин гэсэн томоохон хүрээний асуудлуудыг гаргасан байна. Өнөөдөр энэ хүрээний асуудлууд ямар түвшинд байна вэ?
- Нөхцөл байдал харьцангуй тааламжтай биш байгаа. Гэхдээ хэтэрхий муу биш.
- Тэгвэл үүнд юу нөлөөлж байна?
- Хөгжлийн чиг хандлагын тухай улс төрийн намуудын байр суурь нөлөөлж байна. Одоогийн эрх баригч улс төрийн хүчин нь төвөөс зүүн тийш бодлоготой улс төрийн хүчин. Тэгэхээр нийгмийн бодлого хамгийн түрүүнд тавигдаж байна. Эдийн засгийн өсөлтийг ханган нийгмийн бодлогоо шийднэ гэдэг талдаа төрөөс эрх зүй болон бодлогын хувьд гол арга хэмжээнүүдийг авсан бол өнөөгийнхөөс хамаагүй илүү эдийн засаг өсөх байсан.
- Танай байгууллагаас санал болгосон асуудлуудыг улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө яаж тусгасан байна вэ?
- Ерөнхийд нь авч үзэхэд бидний тавьсан хэлбэрээр тусгагдаагүй, агуулгаар нь тусгагдсан. Бид бол тоо хэмжээ, тодорхой түвшин зааж, бизнесийн орчны нөлөөлөл сайжирч байна уу, үгүй юү гэдгийг үнэлж дүгнэх гэсэн байрь сууринаас хандсан. Хоёр гол хүчний хөтөлбөрөөс харахад хамгийн ерөнхий утгаар нь оруулсан. Тавьсан тоо, түвшин, үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэн алинд нь орж байна гэж үзэхээр бараг харагдахааргүй шахуу. Гэхдээ бизнесийн орчны талаас нь ямар нэг тодорхой алхам хийх юм байна гэсэн хамгийн ерөнхий ойлголтыг өгөхүйц хэмжээнд хийсэн байна. Бид маш тодорхой зүйлүүдийг заасан ч сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг хамгийн ерөнхий баримт бичиг болгоод гаргачихсан байгаа.
Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээш нь татаж нийт хувь хэмжээг нь доошлуулахаар санал тавьсан байхад татварын орчныг сайжруулна, татварын ачааллыг бууруулна гэсэн агуулгаар хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Тэр нь нэмэгдсэн өртгийн татвар нь ч юм уу, гаалийн татвар нь ч юм уу мэдэгдэхгүй байна. Импортын гаалийн татварыг л гэхэд ялгавартайгаар тогтооно гэсэн байна. Бидний зүгээс технологийн тоног төхөөрөмжийн импорт дээр гаалийн татварыг чөлөөлье гэж санал тавьсан байгаа.
- Яг тодорхой асуудал дээр гол өрсөлдөгч хоёр хүчний мөрийн хөтөлбөрийг харьцуулж болох уу?
-Бизнесийн орчин болон эдийн засгийн өсөлтийг хангахтай холбоотой асуудлаар ойролцоо саналууд байна лээ.
- Асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгаснаараа хэрэгжүүлэх механизм бүрдлээ гэж ойлгож болохгүй байх. Цаашдаа яаж шийдвэрлэвэл зохих вэ?
- Ганц л арга байна. Эхний шатанд улс төрийн нэмуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар шийдсэн. Хоёрдахь шатандаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүр тодорхой зүйлүүдийг нарийвчлан тусгаж өгнө. Хувийн хэвшлийг төлөөлж байгаагийн хувьд ямар ямар санал байна гэдгээ хэлнэ.
Ярилцсан Г.Өлзийсайхан