Ц.Бат-Орших: Цэцэд ирсэн анхны гомдол нь нам хоорондын маргаан учраас Хэвлэлийн түр цэцэд хамаарахгүй

A- A A+
Ц.Бат-Орших: Цэцэд ирсэн анхны гомдол нь нам хоорондын маргаан учраас Хэвлэлийн түр цэцэд хамаарахгүй


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Глоб Интернэйшнл” ТББ-тай хамтран Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр 2004 оны УИХ-ын сонгуулийг сурвалжилж нийтэд мэдээлэх үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчмыг баталж, үүнтэй холбоотой гарсан маргаан, гомдлыг шийдвэрлэх зорилгоор Хэвлэлийн цэцийг ажиллуулж байна. Хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал болон Цэцтэй холбоотой асуудлаар Хэвлэлийн түр цэцийн дарга Ц.Бат-Орших манай порталын асуултад хариулж байна. Одоогоор тус цэц анхны гомдлоо хүлээн аваад байгаа ажээ.

- Хэвлэлийн цэц ажиллуулах болсон хэрэгцээ, шаардлага нь юу байсан бэ?

- Ялангуяа сонгуулийн үеэр хэвлэлийн маргаан маш ихээр гардаг. Сонгуулийн биш үеэр ч гэсэн хэвлэлийн маргаан нь бараг сэтгүүл зүйн шинэ төрөл болж гарч ирлээ. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр өнөөгийн хэвлэлийн нөхцөлтэй холбоотой. Бид өмнө нь тэр болгон санаа бодлоо чөлөөтэй гаргаж чаддаггүй байсан. Гаргах боломж ч байгаагүй. Яагаад гэвэл намын хяналт, редакцийн хяналт, цензур хатуу байлаа. Нийтлэлийг гарахаас өмнө сурвалжлагч, хэлтсийн дарга, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч уншаад нийтэлж болох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран хүлээж авдаг байсан. Тиймдээ ч аливаа хэвлэлийн маргааны хэлбэрийн асуудал одоогийнх шиг өрнөдөггүй, хариуцах эзэн ч, авах арга хэмжээ ч тодорхой байлаа.

“Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай хууль” гарснаас хойш төр, засгийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл үгүй болж өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөд манай сэтгүүл зүй бэлэн биш байсан. Хэн дуртай нь дуулснаа бичдэг болж, дуулиантай зүйлийн хойноос хөөцөлдөх болсон. Мэдээж тэр хэмжээгээр хэвлэлийн маргаан гарч эхэлсэн. Энэ бол 1990-ээд оноос хойш үе юм. Гэтэл үүнийг зохицуулах механизм манайд байгаагүй. Шүүх болохоор Эрүүгийн болон Иргэний хуулийн боловсронгуй бус заалтаар яллаж ирсэн. Ингээд хэн дуртай нь нэр төр гутаасан гэдгээр дааж давшгүй их мөнгө нэхдэг болсон. Баруунд бол сонин хэдэн хувиар хэвлэгддэг, хэдэн хүнд тархдаг, хэдэн төгрөгөөр борлогддог гэдгийг нь үндэслэж мөнгөн төлбөр тавигддаг. Манайд бол энэ талд практик байсангүй. “Хохирогч” амандаа орсон мөнгөн төлбөр нэхдэг болсон.

Сүүлд Эрүүгийн хуульд нэмэлт заалт оруулж нэр төр гутаасан сэтгүүлчдийг хорьж шийтгэхээр болсон. Мэдээж, нийтэлж бичсэнийх нь төлөө хүнд гэмт хэрэг хийсэнтэй адил хорьж яллана гэдэг чөлөөт хэвлэл ямар түвшинд буйг илтгэж байгаа. Практикийн хувьд мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шүүх шийдвэр гаргадаг олон улс орон бий. Энэ практик манайд огт байгаагүй зүйл биш. Тодорхой жишээ хэлбэл “Хөх толбо” сонины эрхлэгч Эрдэнэбаатар тухайн үед депутат байсан Бадарч гэдэг хүнийг ногоон Бадарч гэж хэлсний улмаас тэр хүн нэр төр гутаалаа гэж шүүхэд заргалдсан. Монголын сэтгүүлчдийн холбоо тэр үед “Энэ бол сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудал юм” гэж тодорхойлолт өгөн өөрийн шүүх буюу мэргэжлийнх нь хамт олноор хэлэлцүүлэн шийдвэрлэхээр тохирч байсан. Түүнээс хойш хэвлэлийн маргааныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийнхан шийдвэр гаргаж байсан нааштай алхамуудыг ч тэмдэглэх хэрэгтэй.

Энэ мэтийн хэрэгцээ шаардлагын үүднээс сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой маргаан, гомдлыг шүүхэд очихоос нь өмнө зохицуулах явдал нэн чухлыг олон түмэн хүлээн зөвшөөрөх болсны үндсэн дээр Хэвлэлийн түр цэцийг байгуулсан. Цэц бол таслан шийдвэрлэх ёстой байгууллага биш. Хооронд нь эвлэрүүлэх, асуудлыг тодорхой хэмжээнд өргөжүүлэхгүйгээр зохицуулах үүрэгтэй. Тухайлбал ёс зүйтэй холбоотой асуудал гарвал харилцан уучлал гуйх, үнэн байдлыг тодруулах, шийдвэрээ олон нийтэд мэдээлэх зорилготой.

- Ийм цэц ажилласнаар ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?

- “Чөлөөт хэвлэл” сан байгуулагдаж байх үед Монголын хэсэг сэтгүүлч, холбогдох хүмүүс Данид очиж туршлага судалсан. Тэр үед Данийн Хэвлэлийн Омбудсмений ажиллагаатай танилцаж, манайд энэ жишиг тохиромжтой гэж үзэж байлаа. Тэгээд Хэвлэлийн цэцтэй болох нь зүйтэй юм гэж ярьж байснаа одооноос л анхны алхамыг хийж байгаа юм. Цаашид хэвлэл мэдээлэлтэй холбоотой маргаан үргэлжлэх нь ойлгомжтой. Маргааныг шийдэхийн тулд шууд шүүх байгууллагын шийдвэрээр хорьж яллахыг голлох биш, Хэвлэлийн цэцийн саналыг үндэслэн шийдвэр гаргах бололцоотой. Тэгэхээр зөвхөн сонгуулийн үед биш байнгын ажиллагаатай, хараат бус Хэвлэлийн цэцийг байгуулах нь зүйтэй юм.

- Одоогоор танай цэцэд хандсан гомдол ирэв үү?

- Анхны гомдол ирчихээд байгаа. Энэ нь “Монгол араншин” сонины нийтлэлтэй холбоотой Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаны дарга Ханддолгорын гарын үсэгтэй гомдол юм. Хариуг нь одоо өгөх гэж байна. Бид гомдлын дагуу албан ёсны мэдэгдлийг сонины редакцид өгсөн байгаа. Үүний хариу нь ирээгүй байна.

- Уг гомдол нь нэр дэвшигч биш, тухайн аппаратын ажилтнаас ирсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм биш үү?

- Цэцийн ажиллах зарчимд тусгагдсан байдлаар гомдол ирээгүй. Сонинд гарсан нийтлэл нь Ардчилсан намын лидерүүдийн нэр хүндийг хөндсөн байна гэж тус намын хэвлэлийн албанаас гомдол гаргасан байгаа юм. Хэвлэлийн цэцийн авч хэлэлцэх асуудлын дагуу нэр дэвшигч, сэтгүүлч хоёрын хоорондын маргаан байх ёстой. Гэтэл энэ нь тодорхой нэр дэвшигчийн асуудал биш, хэсэг хүмүүст хамаарсан асуудал. Мөн нэр дэвшигчийн өмнөөс сонгогчдынхоо нэр төрийг хамгаалах гэсэн өөр этгээдийн гаргасан гомдол юм. Гэхдээ бид манай зарчимд таарахгүй зүйл гээд орхичих биш, ямар ч байсан тодорхой байдлаар асуудлыг шийдвэрлэе гэсэн зарчим баримталсан.

- Тэгээд ямар шийд гарсан бэ?

- Уг сонин нь намын сонин байна. Гомдол гаргагч тал нь намын ХМА-аас гарсан. Энэ асуудал нь нам хоорондын гомдол маргаан учраас Цэцэд хамаагүй болж байгаа юм.

- Саяхан ”Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг” хийхэд хэвлэл мэдээллийн орчинд нэлээн шүүмжлэлтэйгээр хүлээж авахуйц дүр зураг харагдсан. “Сонгуулийн үеэр баримтлах сэтгүүлчдийн зарчим” гэж ч гарсан байгаа. Яагаад энэ хэрэгжихгүй байна вэ?

- Энэ асуудал дээр хувийнхаа саналыг хэлье. Сонгуулийн үеэр яаж ажиллах вэ гэдгийг ярилцаж байх үед томоохон сонины эрхлэгчид, телевизийн чөлөөт сувгийнхан “Сонгуулийн үед ганц мөнгө олох бололцоо байна. Үүнийг бид ашиглая. Юун зарчим вэ. Хариуцлагатай сэтгүүл зүй, ёс зүйг одоо яриад яах юм бэ” гэж ярьж байсан. Манай хэвлэл мэдээллийнхэн чинь барууныхан шиг рекламаар мөнгө олоод байх тогтмол бололцоо байдаггүй болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амьдрахын хувьд ингэхээс өөр аргагүйд хүрдэг.

Сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудал дээр тогтсон хяналт байхгүй. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хамгийн үр нөлөөтэй арга нь олон нийтийн хяналт байдаг. Энэ хяналтыг чөлөөт хэвлэл гүйцэтгэх ёстой. Манайд ийм хэмжээний шаардлага хангасан чөлөөт хэвлэл одоо хэр байхгүй л байна.

- Сэтгүүлчдийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн орчин нь хэд хэдэн талд хуваагдчихсан болохоор сэтгүүлчийн ёс зүй ярих нь учир дутагдалтай санагддаж байна?

- Манай хэвлэл мэдээлэл одоо шилжилтийн үедээ явж байна. Радио, телевизийн талаар бол ярих юм байхгүй. “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай хууль” гарсан ч Монголын үндэсний телевиз, радиогийн асуудал шийдэгдээгүй, төрийн мэдэлд л байгаа шүү дээ. Сонин нь “нялхасын өвчнөөсөө” салаагүй явж байгаа. Хэдийгээр хараат бус, үндэсний чөлөөт сонин гэдэг ч аль нэг холбоо, намын харьяат л байж байна. Уншигчид ч тэр, энэ хүний сонин гээд андахгүй болчихсон.

- Ёс зүйн зарчмыг баримтлах түвшинд ажиллуулахын тулд яах ёстой вэ?

- Сэтгүүлчид ёс зүйгээ барихгүй байгаа нь өнөөдөр тодорхой харагдаж л байна шүү дээ. Сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд нэгдүгээр курсээсээ л сэтгүүлчийн ёс зүйн хичээлийг үзэж судлах ёстой. Манайд их, дээд сургуулийн программыг харахад сэтгүүлчийн ёс зүйн хичээл хоёр долоо хоног л орж байгаа юм. Энэ бол хангалтгүй. Ийм боловсронгуй биш программаар сэтгүүлч бэлтгэж байгаа сургуулиас гарч байгаа сэтгүүлчид нь ямар байх нь ойлгомжтой.

Өмнө нь бэлтгэгдэж гарсан гайгүй сэтгүүлчид маань зах зээлд ороод сонин, сэтгүүлийн эзэн болцгоосон. Тэдний дотор өөрийгөө эзэн, эрхлэгч аль нь болохоо мэдэхгүй явж байгаа хүн ч цөөнгүй.
 

- Өмнөх сонгуулийн үеэр гарч байсан гомдлыг хэрхэн шийдэж байсан бол?

- Өмнөх сонгуулийн үед 10 гаруй удаа гомдол гарсан гэж ярьдаг. Ихэнхдээ Сонгуулийн хууль зөрчсөн гэдгээр асуудал нь яригдаад ямар ч үр дүнгүй өнгөрдөг байсан учраас энэ удаагийн сонгуулийг шударга, зарчимч аль аль талдаа ёс зүйн зарчмыг баримталсан байдлаар явуулах үүднээс Хэвлэлийн цэцийг МСНЭ, МСХ, МЧСХ-ны бага хурлаас байгуулсан. Өмнө нь шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн ноцтой тохиолдол бараг байхгүй гэсэн.

- Хэвлэлийн цэц ажиллуулах гадны жишиг ямар байдаг вэ?

- Бидний баримталж байгаа загвар бол Скандиновын орнуудаас гарсан загвар. Түүхийг нь авч үзвэл анх Хятадаас гарч байсан юм билээ. Дайны дараа Японд хэрэгжиж эхэлсэн. Скандиновын орнуудад эрчимтэй хэрэгжиж амьдралд нь нэлээн өргөн байдлаар туссан болохоор скандиновын загвар гэж нэрлэдэг. Хэвлэлийн цэцээ төрийн зүгээс санхүүжүүлдэг жишиг ч байдаг.

- Манайд ийм байдлаар ажиллаж болох уу?

- Манайд олон жилийн өмнө яригдаж байсан. Тэр үед төрөөс санхүүжүүлэх асуудлыг буруушаагаагүй мөртлөө Хэвлэлийн цэцэд ажиллах бүрэлдэхүүний талаар маргаан гарч байсан. Олон нийтийн байгууллагын төлөөлөл давамгайлсан бүрэлдэхүүнтэй байж Цэц шударга ажиллах боломжтой. Манайд одоохондоо нам, эвслийн амбиц давамгайлаад байна шүү дээ.

Ярилцсан Г.Өлзийсайхан