Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл өнөөгийн бизнесийн орчин болоод улс төрийн сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрт энэ талаар хэрхэн туссан тухай манай порталын асуултад хариулж байна.
- Манай өнөөгийн нөхцөлд бизнесийн орчин тааламжтай бус, эдийн засгийн өсөлт удаан, татварын дарамт ихтэй болохоор бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Мэдээж хэрэг бизнесийн орчин төгс төгөлдөр сайхан байна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бизнесийг хэвийн явуулахад саад болж байгаа янз бүрийн зохицуулалт, хүнд сурталууд бизнест сөрөг нөлөө үзүүлдэг. Үе үеийн Засгийн газар энэ чиглэлээр сайн анхаарч ирээгүй л дээ. Ер нь өнгөрсөн хугацаанд төр эдийн засагт нэлээн оролцох хандлагатай явж ирлээ. Бизнесийн орчин нь төрийн бодлого, Засгийн газрын зохицуулалт, макро эдийн засгийн бодлогоор бий болж байдаг. Эдийн засгийн орчинг сайжруулна гээд дан Засгийн газар явдаггүй.
Өнөөдөр бизнес хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн өсөлт, ядуурал гэх гурван ойлголтыг их холбож ярьж байна. Бүх улс эдийн засгийн өсөлтийг хүсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ гэвэл хөрөнгө оруулах бизнесийн тааламжтай орчинг бүрдүүлэх ёстой. Ингэж хөрөнгө оруулах бизнесийн тааламжтай орчинг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгосноор ядуурлыг бууруулна. Харин бизнесийн орчинг сайжруулахад Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн механизм хэрэгтэй юм.
Энэ талаар Монголд ажил хийгдэж эхлээд байна. Саяхан бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэгээр “Нэг цэгийн үйлчилгээний зарчим”-д шилжих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газар нь бидэнд сонсгосон болоод л явдаг өнгөрсөн үеийн механизм биш, бид дуу хоолойгоо оруулж үүнийг хянаж байх хоёр талын хариуцлагыг тодорхойлж өгсөн шинэлэг механизм юм. Цаашдаа зөв хэрэгжүүлбэл бусад шилжилт хийж байгаа орнуудад үлгэр жишээ болж ч магадгүй. Саяхан болтол их хүндрэлтэй бизнесийн орчинд амьдарч ирлээ.
- Бизнесийг хүндрэлтэй байдалд оруулж буй шалтгааныг тухайн Засгийн газрын бодлоготой холбож ойлгож болох уу?
- Аль ч Засгийн газар хүнд суртлыг бий болгож байдаг. Реформын Засгийн газар ч адилхан. Тийм учраас орчин үед сайн засаглал гэж ярьдаг боллоо шүү дээ.
- Тэгвэл бизнесийн орчинг сайжруулах талаар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө яаж тусгасан байна?
- Би мөрийн хөтөлбөрүүдийг нь нарийвчилж уншаагүй. Ер нь ямархуу баримт бичиг гарна гэдгийг нь төсөөлж байсан. Арван хэдэн жил намуудын мөрийн хөтөлбөрийг уншсаар байгаад мэддэг болчихож. МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Татварын орчин, бизнесийн орчинг сайжруулна, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учруулж байгаа захиргааны хүнд суртлыг хална, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй ажиллах механизмыг зүгшрүүлж өгнө” гэж тусгаж өгсөн нь сайшаалтай. “Эх орон-Ардчилал” эвслийнх ч гэсэн “Бизнес дэх төрийн дарамтыг арилгана” гэж тусгасан байна.
Намууд мөрийн хөтөлбөртөө тусгана гэдэг ард түмнээс дохио авчихсан байна гэсэн үг. Түүнээс биш тэнгэрээс шүүрч хийхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай намууд ухаан сууж байгаа хэрэг.
- Харьцуулалт хийж болох уу?
- Тэр утгагүй л дээ. Нэг нь гоё бичсэн байна, нөгөөх нь муухай бичсэн байна гэж харьцуулж болохгүй биз дээ.
- Татварыг бууруулна, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ гэсэн ерөнхий заалт л байгаа болохоос тодорхой зүйлийг заагаагүй юм шиг санагдаж байна. Сонгогчид илүү бодит зүйлийг хүсч байна?
- Монголчууд чинь ерөнхийгөөр ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгнэ ээ л гэж. Уг нь тэгнэ, ингэнэ гэхээсээ илүү яаж хийх вэ гэдэг механизмаа суулгаад өгчихвөл илүү тодорхой болох юм. Гэхдээ 145 мянган ажлын байр бий болгоно гээд тийм замаар шийднэ гэсэн зарим нэг тодорхой зүйл анзаарагдсан.
Манайд хамгийн түрүүнд шийдэх том асуудал нь ажлын байр, ядуурал, эдийн засгийн өсөлт байна. Эдийн засгийн өсөлтийг бизнесүүд хангана. Яаж хийх вэ гэвэл хөрөнгө оруулалт, бизнесийн тааламжтай орчинд хийнэ.
- Татварын хувьд 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж 15 хувь, түүнээс дээш орлоготой нь 30 хувийн татвар төлж байна. Энэ нь өндөр татвартай орны тоонд багтдаг гэсэн. Татварыг бууруулна гэдэг хэр бодитой зүйл вэ?
- Өнөөдөр хүмүүс татварын нэг системтэй болох хэрэгтэй гэдэг. Энэ бол прагматик биш л дээ. Үүнийг эдийн засгийн талаас нь сайтар судалж үзэх хэрэгтэй. Наад зах нь татварын байцаагчдыг бизнест яаж найрсаг ханддаг болгох вэ, татварын байгууллагуудын үзүүлж байгаа үйлчилгээнд бизнесменүүд яаж хамтран ажиллавал үр дүнд хүрэх вэ гэдгийг бодох ёстой. Татвараа төлдөг байя, татварынхаа тайланг авдаг байя гэсэн зарчимд шилжих цаг болсон.
Татварын дээд хэмжээ 45 байсныг 35 хувь болгож бууруулсан. Мэдээж төсвөө бодолгүй яахав. Нэг талдаа төрөө үр ашигтай ажилладаг болгох (хүнд сурталгүй байх, илүү дутуу орон тоог халах, төрийн үйлчилгээг найрсаг болгох гэх мэт), нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг татвараар яаж урамшуулах вэ гэдэг асуудал байна.
Ядуу хүмүүс их байна. Ногоо тарих юм уу, жижиг худалдаа эрхлэхээр дээрээс нь дүрэм журам гэдэг лантуугаар толгой руу нь цохичихдог. Нөгөө хүнд чинь буцаад ядуурал руугаа орох, эсвэл энэ бүхнийг давж гарах гэсэн хоёр л зам байна. Үүнээс харахад ямар бодлого баримтлах вэ гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Ядуурлаас гарахын тулд жижиг бизнесээ дэмжиж, жижиг бизнест эрх чөлөө өгье.
- Зарчмын асуудлууд мөрийн хөтөлбөрт туссан нь биелэгдэж хэрэгжих боломжтой болж байна гэсэн үг үү?
- Мөрийн хөтөлбөрийг би сайхан завшаан гэж боддог. Ялсан нам нь мөрийн хөтөлбөр дээрээ суурилж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх болно. Хэрэгжүүлэхгүй бол худлаа ярьсан болно. Худал хэлсэн бол дөрвөн жилийн дараа сонгогчид өөр талд нь саналаа өгнө. Ард түмэн сурч байна. Харин намууд бие биеэ муулдаг, ерөнхий зорилт тавьдаг, худлаа хэлдэг, боломжгүй зүйлийг амладаг хоцрогдсон арга барилтай байна.
Бид намуудад ямар нэг санал өгөөгүй. Зарим холбоо ийм зүйлийг тусгачих, тэгвэл бид дэмжье гэж хандаж байна. МХАҮТанхимд тийм эрх байхгүй. Мянгаад хүний саналыг би мэдэхгүй. Хэн нэгнийг дэмжинэ гэдэг тэдний улс төрийн сонголтын асуудал.
Харин сонгуулийн дараа Засгийн газар бий болж мөрийн хөтөлбөрөө гаргах үед нь бид зөвлөмж өгнө. Ингэвэл эдийн засгийн өсөлт бий болно, хувийн хэвшил хөгжинө, ядуурал багасна гэсэн тодорхой зүйлийг тусгаж өгнө.
Ярилцсан Г.Өлзийсайхан