Дэлхийн байгаль хамгаалах сангийн /ДБХС/ Монгол дахь товчооны захирал Ж.Чимгээгээс тус байгууллагын намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал болгосон зөвлөмж, түүнийг нь хэрхэн тусгасан талаар манай портал сайт тодруулж ярилцлаа.
- ДБХС-гаас УИХ-ын сонгуульд оролцогч улстөрийн намуудад хандан байгаль орчны тулгамдсан асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгуулахаар санал болгожээ. Ямар учраас ийм шийдэлд хүрэв?
- Орон нутагт байгаль орчны тодорхой асуудлуудыг нутгийн хүмүүсийн оролцоотойгоор шийдвэрлэхээр үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүйн орчин нь сайн бүрдээгүйгээс болоод хийж байгаа зүйлд явцтай үр дүн харагддаггүй. Практик дээр боломжтой юм шиг мөртлөө хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь дутагдалтай байдаг. Засгийн газар эдийн засгаа хөгжүүлье гэсэн хөтөлбөртэй байдаг ч тэр бүр тогтвортой хөгжлийн зарчимд нийцэхгүйгээс байгаль орчинд эргээд сөрөг нөлөө үзүүлдэг учраас манай зүгээс бодлогын түвшинд асуудлыг зөв шийдэх орчинг нь бүрдүүлэх үүднээс улстөрийн хүчнүүдийн анхааралд асуудлыг хандуулсан. Цаашдаа аймаг, сум, бүс нутгийн хэмжээнд үүсч байгаа бодлогын чанартай асуудлыг санал болгох зэргээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллах бодолтой байгаа.
- Танай саналыг улстөрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?
- Тусгасан байна. Хорт бодисын асуудлыг дэлхий даяар хурцаар тавьж байна. Бид саналдаа химийн хортой бодисуудын талаар зохицуулах асуудлыг дэвшүүлсэн. Энэ талаар “Эх орон-Ардчилал” эвслийн мөрийн хөтөлбөрт орсон байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын байгаль хамгаалахад хамтарч ажиллах орчин нөхцлийг бүрдүүлнэ гэсэн саналыг МАХН-ын мөрийн хөтөлбөрт нэлээн өргөн байдлаар оруулсан байна. Байгаль орчныг хамгаалах санхүүгийн баттай эх үүсвэр бий болгоно гэдэг МАХН-ын мөрийн хөтөлбөрт орсон.
- Мэдээж тусгасан саналууд бүгд орно гэж үгүй. Гэхдээ тодорхой, чухал зүйлийг тусгаж чадсан уу?
- Бүх асуудлыг тусгаагүй л дээ. Намуудын мөрийн хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийг анхаараагүй, цөлжилтийн асуудлыг голлосон байна. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн цөлжилт биш. Монгол оронд хамгийн ихээр нөлөөлж ч байгаа, цаашдаа ч нөлөөлөхөөр тийм дүр зураг гарчихаад байгаа. Уг нь уур амьсгалын өөрчлөлт дээр тодорхой судалгаануудыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах арга хэмжээнүүдийг тусгах шаардлагатай. Бид уур амьсгалын хөтөлбөрийг нарийвчилж гаргаагүйгээс тодорхой саналыг дэвшүүлээгүй ч байж магад.
- Зайлшгүй шаардлагатай өөр ямар асуудал байна?
- Цөлжилт, бэлчээрийн талхагдал гэж ярьж байна. Малын тоо толгойг өсгөх тухай ярина уу гэхээс тоог хязгаартай байлгана гэж ерөөсөө ярихгүй байгаа. Судалгаагаар Монгол улсын газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөгдөхөөр болчихоод байхад ирээдүйгээ бодож малын тоо толгойн хязгаарлалтын талаар ярихгүй орхиж болохгүй. Аль ч нам нь мөрийн хөтөлбөртөө энэ тухай тусгаагүй байна. Гэтэл “Эх орон-Ардчилал” эвсэл “Малчдыг таван жил аливаа татвараас чөлөөлнө” гэж тусгасан. Бэлчээрийн асуудал нь төрийн бодлого болох ёстой. Хөдөө аж ахуйгаас салангид тусгай бодлого болж хэрэгжих ёстой. Бэлчээрийн даацыг нь тухайн газар бүрт нь тодорхойлоод түүнийхээ дагуу малын тоог барих ёстой. Тооноос гадна сүргийн бүтэц чухал.
Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд ашигт малтмал дээр түлхүү анхаарч байгаа. “Эх орон-Ардчилал” эвсэл ашигт малтмалын лицензийн тоог бууруулна, амархан болгоно гэсэн байна. Хамгийн их байгаль орчин руу хандаж байгаа процесс нь ашигт малтмал олборлох шүү дээ. Нөхөн сэргээж байгаа нь хэд билээ, түрүүчийнхээ нөхөн сэргээж дийлэхгүй л явж байгаа. Үүн дээр хатуу бодлого барихгүй бол болохгүй.
- Байгаль орчны асуудлыг ерөнхий байдлаар оруулсон шиг санагдсан. Та үүнтэй санал нийлэх үү?
- Тэгж хэлж болно. Байгаль орчны салбарт үнэлгээ хийгдсэн нь цөөхөн байдаг. Тусгай хамгаалалттай газрууд гэхэд ер нь юуны төлөө тусгай хамгаалалтад авсан билээ. Менежментийн төлөвлөгөө байдаг л даа. Гэхдээ хэдэн жилийн дараа ийм түвшинд хүрнэ гэдэг нь сайн гарч ирээгүй байдаг. Манайд хууль, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрүүд байдаг. Түүнээс тоо, баримттай зорилтуудаа сайн оруулаагүй л байна.
- Мөрийн хөтөлбөрт тусгасан нь шийдвэрлэхэд дөхөмтэй болж байна гэж итгэж байна уу?
- Үгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гарч ирэхэд дахиж саналаа өгье гэж бодож байгаа. Мянганы сорилын сан нээлттэйгээр саналуудыг авч хийж байна. Засгийн газар ийм байдаг бол сайн л байна.
- Багагүй шуугиан тариад байсан Дөргөний УЦС-ын байгаль орчны үнэлгээ гарсан. Байгаль хамгаалах тал дээр УЦС-ыг бариулахгүй гэсэн танай байр суурь хатуу байсан. МАХН-ын мөрийн хөтөлбөрт Дөргөний УЦС-ыг барихаар төлөвлөсөн байгаа тухайд?
- Ганцхан Дөргөн ч биш. Шинэ мөрийн хөтөлбөрт нь Тайшир, Дөргөн хоёрыг оруулчихлаа. Жижиг оврын УЦС барина гээд нэртэй нь оруулчихсан байна. Зорилт тавьж болно, гэхдээ нэр зааж болохгүй. Тэгэхээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд цаашаа явчихна. Манай байгууллагыг Дөргөний усан цахилгаан станцыг бариулахгүйн төлөө зүтгээд байна гэж ярьдаг. Манай зорилго тэр биш. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг чанартай сайн хийж, тэр нь батлагдсаны дараа газар хөндөх асуудал яригдах ёстой гэсэн зарчмыг бид барьдаг.
Ярилцсан Г.Өлзийсайхан