Намуудын хөтөлбөр дэх хууль, эрх зүйн шинэтгэлийн тухайд

A- A A+
Намуудын хөтөлбөр дэх хууль, эрх зүйн шинэтгэлийн тухайд

Боржигон Чадраабалын Өнөрбаяр
Хуульч, хууль зүйн магистр (L.L.M)

2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хоёр намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хөндлөнгийн хүний нүдээр тольдож, өөрт анзаарагдсан зарим санааг иргэншсэн нийгмийн гишүүн танд хүргэх гэсэн юм.

Төр хийгээд иргэний нийгмийн мөн чанарыг ойлгох нь эрх чөлөөнд дурлагч хүн бүрийн ёс суртахууны үүрэг байдаг. Монгол улсын шинэ Үндсэн хуулиар "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" зааснаар Монгол Улсын иргэд төрийн аливаа дарамт, шахалт, дур зоргоос  Үндсэн хуулийн үзэл баримтлалын хувьд нь хамгаалагдсан хэдий ч түүнийг төлөвшүүлэх, амьдруулах асуудал өнөө хэр хангалтгүй байна. Эндээс үзэхэд, МАХН-ын 2004 оны сонгуульд дэвшүүлсэн "Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцооны зохистой хэлбэрүүдийг хэвшүүлнэ" гэж заасан нь нэлээд ончтой байр сууринаас, шинжлэх ухааны үндэслэлтэй хандсан, цаг үеэ олсон, зөв алхам болсон байна. Хэдий тийм ч иргэний нийгмийн хүч хэт давамгайлвал нийгэм анархизмд, төр хэт хүчирхэгжвэл тоталитаризмд хүргэдгийг санаж, энэ хоёр ашиг сонирхлыг зохист байдлаар хослуулах ухаалаг гарц нь хэн нэг ухаантай эсхүл хүчтэй, мөнгөтэй нь биш гагцхүү эрүүл саруул "хууль засаглах" юм гэдгийг цаашид анхаарахад илүүдэхгүй. 

“Эх орон – Ардчилал” эвслийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн "Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангана" гэсэн заалтад миний бие хувьдаа ихэд баяртай байна. Учир нь сонгуулгүйгээр ард түмэн юу хүсэж байгааг тааварлах бололцоогүй. Тиймээс бүх иргэдийг сонгуульд оролцуулах нь зөв зүйтэй юм гэдгийг ухаалаг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Тэгээд ч хувь хүний сонгуульд оролцох эрхийг хязгаарлах эрх байхгүй. Аз болоход энэ бүхнийг орчин үеийн мэдээлэл технологийн тусламжтайгаар  даван туулах бодит бололцоо бидэнд байна. Тодотговол, дамжуулах кабелийн телевиз, электрон шууданг ашиглан улс төрийн эрхээ эдлэх боломжтой. Тиймээс “Эх орон – Ардчилал” эвслийн 2004 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дээрх заалт хэрэгжих бүрэн үндэстэй.

Энд МАХН-ын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн "электрон засаг" ч чухал үүрэгтэй. Учир нь орчин үед мэдээллийн тархалтаас болж төр нь олон цэгээс эх үүсвэрээ авсан янз бүрийн мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах замаар нийгмийг удирдана гэх кибернетик хандлага давамгайлах болж үүнээс үүдэн  "электрон засаг" байгуулах асуудал хүчтэй болсон юм. Үлгэрлэвэл, АНУ 1967 онд "Мэдээллийн эрх чөлөөний хуулийг", Франц улс 1978 онд "Эрх чөлөө, мэдээлэлжүүлэлтийн хуулийг", Канадад 1985 онд "Мэдээллийн боломж, нөөцийн тухай" хуулийг гаргасан байна. Ганц жишээ дурдахад, манай хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль саяхан болж өнгөрч, Монголд амьдардаг ОХУ-ын иргэд сонгуульд оролцож саналаа өгснийг та бүхэн мэдэж байгаа.

Аливаа улс орны хөгжил, дэвшил нь улс төр, эдийн засаг, дэд бүтэц, газар зүйн байршил, хүн ам зүйгээс шалтгаалдаг нь бодит үнэн ч төрд хэн, ямар нөхцөлд (үйл ажиллагаагаа хуулийн дагуу шударгаар явуулах баталгаа хангагдсан эсэх) ажиллаж буй нь угтал хүчин зүйл мөнөөс мөн. Монгол улсын хувьд төрийн албан хаагчдийг мэрэгшүүлж, чадваржуулах асуудал нэн чухал байгааг МАХН олж харж өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь сайшаалтай хэрэг болжээ. МАХН-ын мөрийн хөтөлбөрт санаа нэмэрлэхэд, иргэдийнхээ эрх ашгийг нь хангаж, хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэгдэж буй төр ард түмэндээ нэр хүндтэй байдгийг санах хэрэгтэй.  Тодотговол, төрийн түшээдээ зөв сонгож чадаж буй төр ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдөн тэдний дэмжлэгийг авах чанар өндөр байдаг. Харин МАХН-ын мөрийн хөтөлбөрт төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал тусгагдаагүй юм шиг санагдлаа. Ерөөс ёс зүйгүйгээр шударга төр, эрүүл саруул, зохистой нийгэм амьдарах бололцоогүй л дээ.

Төрийн албан хаагчид мэрэгшсэн, тогтвортой байх нь төрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал нөлөө үзүүлдэг нь хүн бүхэнд ойлгомжтой юм. Харин “Эх орон – Ардчилал” эвсэл мөрийн хөтөлбөртөө "Төрийн албан хаагчдыг намын харъяалалаар ялгаварлахыг зогсооно" гэсэн нь үндэслэл муутай нэлээд эргэлзээ төрүүлэхүйц болжээ. Учир нь төрийн алба нь Монгол Улсын төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилагддаг. Уг хуулийн дагуу төрийн захиргааны ба тусгай албан тушаалын ангилалын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан. Үүний зэрэгцээ төрийн жинхэнэ албан хаагчид нь мэрэгшсэн байж, тогтвортой алба хаших хангагдсан байх боломжийг хуулиар баталгаажуулсан юм. Төрийн улс төрийн албан тушаалтны хувьд сонгуулиар солигдож байдаг нь түгээмэл үзэгдэл. Тиймээс “Эх орон – Ардчилал” эвсэл энд төрийн жинхэнэ албан хаагчдыг хамруулан ойлгож байгаа бол зөв, харин төрийн бүх л албан тушаалтныг хамруулж байгаа бол өөр хэрэг гэдгийг хэлмээр санагдана.

Эдгээр хоёр нам мөрийн хөтөлбөртөө нэг чухал зүйлийг мартсан бололтой. Төрийн албан хаагчид хэдий мэрэгшээд, тогтвортой ажиллах бололцоогоор хангагдаад, намын харъяалалаар ялгаварлахгүй байгаад ч тэдний бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэмжээ хязгаарыг нь хуулиар нарийвчлан тогтоож өгөхгүй бол эл байдал нь торны завсраар уначих боломжтой өчүүхэн сэтгэлтэй хүмүүст, эсхүл торны энгийн нүхээр хуруу нь багтаж орж хүчтэй атгах боломжгүй үлэмж биетнүүдэд л ашигтай байдаг гэдгийг эрх биш мэдмээр юм. 

Би хувьдаа Монгол улсад эрх зүйн шинэтгэлийн үйл явц 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараагаас эрчимжиж, ёстой л нэг хуулийн үер буулгасан гэж боддог. Харамсалтай нь учир утгагүй гаднаас хуулбарласан олон хууль нь биднийг аалзны шүлс шиг ороож, хөл толгой нь мэдэгдэхээ больж, улмаар бидний сэтгэлгээг хуулийг(эрх зүйг) үгүйсгэх, туйлшруулах үзэл рүү хөтөлсөн юм. Ер нь хуулийн согогтой, зэрэмдэглэгдсэн эсэх нь амьдрал дээр хэрэгжих явцад илэрдэг жамтай. Сүүлийн 10-аад жил бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр эрх зүйн шинэтгэл нь гавьтай урагшилсангүй, хуулийн хэрэгжилтэд дорвитой ахиц гарсангүй.

Тиймээс МАХН-ын эрх зүйн шинэтгэлийг гүнгийрүүлж, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах тухай мөрийн хөтөлбөр зөв. Харин эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж байгаа нэрийдлээр Парламентаас баталсан олон арван хуулиуд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалаасаа гажиж, өөр хоорондоо логикийн зөрчилтэй байвал эдгээр нь алтан хавтастай муу номноос нэг их ялгарахгүй биз. Ерөөс Монтескьегийн бичсэн шиг амин сүнсгүй хуулиуд батлагдаад эхлүүт энэ нь хэн нэг хүн эсхүл хэсэг бүлэг хүмүүст үйлчилж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөөнд хамгийн их аюул учруулдгыг санах хэрэгтэй.

“Эх орон – Ардчилал” эвслийн "Иргэн бүрт газар өмчлүүлнэ" гэсэн нь маш зүйтэй болсон гэж би боддог. 2002 онд УИХ-аас баталсан "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуульд иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээ, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Миний санахад, Монгол улсын Үндсэн хуульд: "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" гэж зааснаас үзэхэд, ямартаа ч бид бүхэн иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлыг Үндсэн хуулиараа хориглоогүй бололтой. Газрыг зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлнэ гэснийг Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж байгаа гэж саная. Гэтэл нэг ам бүлийн доторхи насанд хүрсэн хүмүүс яах уу, мөн түүнчлэн цөөн хүүхэдтэй айл, олон хүүхэдтэй айл адил хэмжээний газар өмчлөх нь мөнөөх Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэж байгаа хэрэг үү.  Эсхүл чи яах гэж олон хүүхэд гаргасан юм хохь чинь гэх үү. Ёс суртахуун, тэгш шударга ёсны үүднээс ч тэр, хуулийн эрхийн талаасаа ч ингэх нь буруу. Тиймээс Эх орон - Ардчилал эвслийн мөрийн хөтөлбөрийн дээрхи заалт иргэн бүрийн шударгаар  өмчлөх эрхээ эдлэх боломжийг хангахад чиглэсэн алхам болж чадсан байна.

Шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагууд иргэний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хэдий ч  хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа иргэний эрхийг зөрчих нь түгээмэл байдаг. Тиймээс хуулийн байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлнэ гэдэг бол иргэний эрх зөрчигдөхөөс сэргийлэх гол урьдач нөхцөл болдог учраас энэ нь цаг үеэ олсон шийдэл мөн. Гэсэн хэдий ч шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудаас гадна нийтийн (төрийн) захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, арга барилыг боловсронгуй болгох талаар мөрийн хөтөлбөртөө тусгаагүй байгаа нь учир дутагдалтай болжээ.

Өнөөдөр аль ч нам ялсан зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлын нэг нь авилгал яах аргагүй мөн.  “Эх орон – Ардчилал” эвсэл мөрийн хөтөлбөртөө авилгалтай тэмцэх арга замыг дэвшүүлэн тавьсан нь нүдээ олсон хэрэг болсон гэж үнэлж байна. Гэхдээ авилгалтай тэмцэх бие даасан байгууллага байгуулна гэсэн тэдний мөрийн хөтөлбөр нь цаг үеэ олсон хэрэг мөн үү?  Нийгмийн тогтолцоо хийгээд түүний амин сүнс болсон хүмүүсийн сэтгэлгээ ядмаг байгаа өнөө үед авилгатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах нь хоосон мөрөөдөл юм. Ядаж эхлээд хуулийн байгууллагуудынхаа авилга, хээл хахуултай тэмцэх арга замыг боловсронгуй болгож, тэнд ажиллагсдын нийгмийн баталгааг бүрдүүлэх, мөн иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг эрүүлжүүлэх ажлыг хиймээрсэн. Адгийн наад зах нь чөлөөт хэвлэл, телевизүүд нь иргэний дуу хоолой болохоосоо илүүтэй аль нэг улс төрийн хүчнийг улайран хамгаалж хоорондоо хэрүүлийн үг чулуудаж байна шүү дээ. Нийгмийн зэрэмдэглэгдсэн тогтолцоо жаахан ч гэсэн илааршаагүй байхад нь тусгай институт байгуулчихвал нийгмийн хачиг улам бүр томорч, тэндээс цөөн хэдэн л хожих болно.

Эцэст нь хэлэхэд, миний бие 2004 оны сонгуульд нэр дэвшигч намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг магтан дуулах гэсэнгүй бас хэт үгүйсгэхийг ч оролдсонгүй зүгээр хөндлөнгийн ажиглалтаас үүдсэн санал бодлоо илэрхийллээ.