Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, 2004 оны сонгууль

A- A A+
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, 2004 оны сонгууль

М.Ичинноров
(“Эмэгтэйчүүд-Манлайлал” сангийн гүйцэтгэх захирал)

Ардчиллын үнэ цэнэ нь хүний сайн сайхныг эрхэмлэн дээдлэхэд оршихын ач холбогдлыг мэддэг болсон бид улс төр, нийгмийн амьдралд иргэд идэвхтэй оролцсоноор хүний нэр төр, аюулгүй байдал, үл ялгаварлах зарчмууд хэрэгжих онцгой чухал хүчин зүйл болохыг сайн ойлгодог. Зөвхөн иргэд нийтээрээ, тэр тусмаа эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцсоноор нийгэм урагш хөгжих нөхцөл бүрдэнэ. Ардчиллын өөрийн хуулиуд нь нийгэм доторх хоорондоо өрсөлдөгч бүлгүүдэд чөлөөтэй, тэгш нөхцлийг баталгаажуулж өгөхөд чиглэгддэг. Гэтэл энэ өрсөлдөөн янз бүрийн учир шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн хувьд хэрэг дээрээ хаагдмал байна. Эрх мэдлийн орон зайд эрэгтэй, эмэгтэйчүүд ямар нэгэн хаалт, хязгаарлалтгүйгээр орж ирж өөрсдийн улс төрийн үнэлэмж, хувийн болон бүлгийн нийгмийн шаардлага, сонирхлоо гаргаж тавих боломж олгохыг ардчиллын тогтолцооноос шаарддаг.

Манай Үндсэн хууль, бусад хууль нь бүх иргэд төрийг удирдах хэрэгт тэгш оролцох явдлыг баталгаажуулж өгсөн. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш хаалттай, доогуур түвшинд хэвээрээ байна. Шийдвэр гаргах түвшинд болон улс төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх тоо хуруу дарам цөөхөнд тоологдсоор байгаа нь Засгийн газрын Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр хэр тааруу хэрэгждэгийг нотолно. УИХ-д эмэгтэйчүүд дөнгөж 10,5 хувь эзэлж байгаа нь 80-аад оны эхэн үед хууль тогтоох байгууллагад тэдний эзэлж байсан хувиас гурав дахин бага байна. Гэвч одоогийн парламентад сууж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь мэдлэг боловсролын хувьд ч, төрийн хэргийг барилцах чадвараараа илүү өндөр түвшинд гарсан нь хэнд ч ойлгомжтой. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад өндөр албан тушаалд эмэгтэйчүүд бараг үгүй. Засгийн газрын эмэгтэй гишүүн, аймаг, нийслэлийн эмэгтэй Засаг дарга байхгүй. Гэтэл манай эмэгтэйчүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн хувьд хэнээс ч дутахгүй гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрт 2000, 2004 онд улс төрийн болон сонгуулийн албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь хүртэл өсгөнө гэж амалж байсан. 2000 оны сонгуулийн үр дүнгээс харахад энэ амлалт биеллээ олсонгүй. 2004 оны сонгуулийн явцыг ажиглавал арван хувьд ч хүрэхгүй нь ойлгомжтой болж байна. Улс төрийн хоёр том хүчний гаргаж ирсэн эмэгтэй нэр дэвшигчдийн тоог харвал МАХН 7, Эх орон-Ардчилал эвслээс 6 байна. Сонгууль үндсэндээ энэ хоёр том хүчний хооронд явагдаж, ялалт хоёр талд хуваагдаж ирсэн практикаас дүгнэж үзвэл угаасаа дэвшүүлсэн эмэгтэйчүүдийн тоо цөөн байсаар атал тэр цөөхөн эмэгтэйг хооронд нь өрсөлдүүлж унагаах бодлого баримталж байгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх төрийн бодлого, улс төрийн ашиг сонирхол дутагдалтайг харуулж байна. Тэр тусмаа Болормаа, Ганди гэсэн нэртэй улс төрч эмэгтэйчүүдийг ардчилсан хүчний хүчтэй төлөөлөгчид болох Оюун, Хулан нартай өрсөлдүүлэхээр нэг тойрогт мөргөлдүүлсэн нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн бухимдлыг зүй ёсоор төрүүлж байна. Энэ дөрвөн эмэгтэйн хэн нь ч Монголын нийгэмд хувь нэмрээ оруулж, ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн, цаашид ч ихийг хийж бүтээх хүмүүс гэдэгтэй хэн ч маргахгүй.

Засгийн газраас 2003 онд баталсан Жендэрийн тэгш эрхийн талаарх үндэсний хөтөлбөрт Засгийн газрын зүгээс энэ салбарт хийх тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэхээр тогтоосны дотор улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагаандаа жендэрийн квот тогтоох зарчим баримтлахаар заасан байна. Түүнчлэн хүний эрхийн болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудтай хамтран эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талд улс төрийн хүчнүүдтэй яриа хэлцээнд орох ажил зохион байгуулах үүргийг Засгийн газар хүлээсэн байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн улс төрд оролцуулах зорилт амжилтад хүрээгүйн хэд хэдэн шалтгааныг би энд дурдахыг хүсэж байна.

  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын эвсэл, сүлжээ нь улс төрийн намуудтай хэлэлцээр хийх, өндөр боловсролтой, чадвартай эмэгтэйчүүдийг тодруулж улс төрд гаргаж ирэх, тусалж дэмжих ажлыг зохион байгуулсангүй, энэ салбарт эмэгтэйчүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа суларсан тал ажиглагдаж байна.. Эдгээр сүлжээ, эвсэл нь 1996, 2000 оны сонгуулиар харьцангуй идэвх санаачилгатай ажиллаж аль нэг намыг онцлолгүй эмэгтэйчүүдээ сурталчлах, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх ажлыг зохиож байсан.

  • Өөр нэг зүйл бол сонгуулийн тогтолцоотой холбоотой гажуудал яах аргагүй мөн. Ардчиллын зарчим нь улс төрийн ашиг сонирхлын нэг бүлэг, нэг хүчийг нийгмийн амьдралд давамгайлж, бүх эрх мэдлийг тэдний гарт төвлөрүүлэхээс сэргийлж өгдөг. Гэтэл 2000 оны сонгуулийн үр дүнд хэдийгээр ардчилсан хүчин сонгогчдын 46 хувийн санал авсан боловч МАХН 76 нэр дэвшигч өрсөлдүүлж 54 хувийн санал авч 72 суудал буюу 94 хувийг авсан ялалт нь сонгогчдын өгсөн саналын хувь сонгуулийн үр дүнд тусгал болж үнэлэгдэх зарчимтай зөрчилдсөн юм.

  • Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд өөрсдийгөө улс төрд гаргаж ирэх сонирхол бага байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаагаас гол нь улс төрийн систем эмэгтэйчүүдэд хаалттай байгаатай холбоотой. Намд мөнгөтэй хүмүүсийг оруулж ирэх бодлого явагдаж бохир улс төр хийх боломж нээлттэй байна. Мөнгөтэй хүмүүс бизнесийнхээ баталгааг хангахын тулд энд орж ирж байна. Зарим нь ийм шалтгаанаар зөөлөн суудлаа хамгаалж байна. Эмэгтэйчүүд бохир улс төрд орох хүсэлгүй байдаг нь мөнгөтэй холбоотой бөгөөд нөгөө талаас нийгмийн ашиг сонирхлыг мөнгө болон эрх мэдлийн ашиг сонирхлоос дээгүүр тавьдаг нийтлэг шинжтэй байдаг.

Иймээс бохирдсон улс төрийг цэвэршүүлэхэд боловсрол, ур чадвар, ёс зүй, алсын хараатай эмэгтэйчүүдийг улс төрд олноор оруулж ирэх нь чухал ач холбогдолтой болоод байна.