Сонгуулийн булхай

A- A A+
Сонгуулийн булхай

Ч.Тамир
(МУИС-ийн Социологийн тэнхмийн багш)

2004 оны 6 сарын 27-нд Парламентын ээлжит сонгууль боллоо. Сонгуулийн дараа олон хүмүүс санал луйвардуулсан тухай гомдоллож эхэлсэн ба улс төрийн хүчнүүд ч дуу дуугаа аван нэгнийгээ буруутгах нь тэр. Ингээд ч зогссонгүй тэд саналаа хамгаалах хороо, шудрага сонгуулийн хөдөлгөөнийг ч байгуулаад амжлаа. Удалгүй сонгуулийн ерөнхий хорооноос 74 гишүүнийг Ерөнхийлөгчид өргөн барьж бүрэн эрхийг нь батламжиллаа. Өдгөө гагцхүү 24 ба 59-р тойргууд л үлдээд байна. Өнгөрсөн сонгуульд хүмүүсийн хэлсэнчлэн үнэхээр булхай гарсан уу, эсвэл сонгуульд ялагдсан хүмүүсийн гомдол шаралхал илэрч байна уу? Хэрвээ сонгуулийн булхай гарсан бол УИХ-ын гишүүд тангаргаа өргөөд л дараагийн сонгууль болтол энэ бүхнийг мартах уу? Цаашдаа бид сонгуульд ялсан нь чимээгүй өнгөрөөд ялагдсан нь луйвардуулчихлаа гэж дотроо гомдол бухимдлаа тээгээд хоцордог хэвээрээ байх уу? Ер нь сонгуулийн булхай гэж юу вэ? Тиймээс энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 сард хийсэн судалгаан дээр тулгуурлан саналаа солилцох хүсэлтэй байна.

2004 оны хавар бид УБ, Дархан, Эрдэнэт болон хөдөөгийн 11 аймгаас сумаас өмнө нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр, ажиглагчаар ажиллаж байсан туршлагатай 330 гаруй мэргэжилтнээс сонгуулийн булхайн талаар судалгаа авсан юм. Эдгээр хүмүүс нь бүх л намын төлөөлж байгаа. Тиймээс судалгааны түүврийн хувьд харьцангүй төлөөлөх чадвар сайтай учир судалгааны дүн нь сонгуулийн ерөнхий дүр зургийг бүрэн харуулж чадна гэж хэлэх үндэстэй юм. Энд онцлон хэлэхэд энэхүү судалгаа 2004 оны сонгууль болохоос өмнө хийгдсэн болохоор 2004 оны сонгуультай шууд холбоогүй гэсэн үг юм.

Сонгуулийн булхай гэж юу вэ?

Сонгуульд нэр дэвшигчдийн авах саналын дүнг санаатайгаар өөртөө ашигтайгаар өөрчлөх оролдлого, үйлдэл, эс үйлдлийг сонгуулийн булхай гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн булхайг зөвхөн санал авахад гардаг зүйл гэж ойлгож болохгүй бөгөөд сонгуулиас өмнө, сонгуулийн кампанийн явцад, санал авалтын үеэр мөн санал тоолоход, тэр ч байтугай сонгуулийн дүнг мэдээлэх, саналын хуудсыг зөөж тээвэрлэх үед ч илэрч болно.

Сонгуулийн санал авалтын булхайг бөөний болон жижиглэнгийн гэж хоёр төрөлд хуваадаг.

Ямар сонгуульд булхай их гардаг вэ?

Өнөөдөр манайд улсад Ерөнхийлөгчийн, Их хурлын, Орон нутгийн гэсэн гурван сонгууль явагдаж байна. Судалгаанаас үзэхэд 38.3 хувь нь УИХ-ийн сонгуульд, 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн. Тиймээс одоо удахгүй болох гэж байгаа орон нутгийн сонгуулийн үед үүнийг онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нөгөө хоёртой нь харьцуулбал арай бага байдаг гэж үзсэн. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчид цөөхөн хүн дэвшдэг, мөн улс орон нэг тойрог болдог тул сонгогчид шилжүүлэг хийх боломжгүй зэрэгтэй холбоотойгоос бус гарч л байгаа. Үүнийг судалгаанд оролцсон хүмүүсийн 40.4 хувь нь аль аль сонгуульд булхай ордог гэж хариулснаас сонгуулийн булхай хэр зэрэг түгээмэл илэрдэг болсныг харж болно. Ямар боловч эндээс хийх дүгнэлт бол Ерөнхийлөгчийн, УИХ-ийн сонгуулийн, мөн орон нутгийн сонгуулийн хуулийг цогцолбороор нь өөрчилж булхайг багасгах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнд одоо орон нутгийн сонгууль болохоос өмнө хэд хэдэн заалт нэмж оруулж ч болох шүү дээ.

Улстөрчид булхайнаас хичнээн хувийн саналаа алддаг вэ?

Улстөрчид сонгуульд хэчнээн хувийн саналаа булхайгаар алддаг вэ? Үүнийг тооцох боломж байна уу? Хэн бүхний сонирхлыг татах энэ асуултанд судалгаанд түшиглэн хариулах гээд үзье. Сонгуулийн үед таны бодлоор хэчнээн хувийн саналд булхай хийдэг вэ гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 22.4 хувь нь 6-9 хувийн саналыг, 19.7 хувь нь 10-15 орчим хувийг, 19.1 хувь нь 4-5 хувийн саналыг алддаг гэж хариулжээ. Мөн энэ нь хот хөдөөгөөрөө ихээхэн ялгаатай байгаа юм.

Хэсгийн хороо

1-3 хувь

4-5 хувь

6-9 хувь

10-15 хувь

16-20 хувь

УБ хот

13.2

18.4

23.7

21.1

5.3

Дархан Эрдэнэт

0

0

33.3

66.7

0

Аймгийн төвийн

5.9

21.8

22.8

28.7

7.9

Сумын төвийн

14.1

18.8

26.2

16.8

10.1

Хөдөө

14.3

14.3

14.3

14.3

28.6

Дээрх хүснэгтэнд тулгуурлан дараах дүгнэлтийг хийж болохоор байна.

Хөдөө орон нутагт 16-20 хүртэл саналыг алддаг гэсэн дүгнэлтийг олонхи нь буюу 28.6 хувь нь хийсэн. Үүнийг явуулын хайрцагтай шууд холбон тайлбарлаж байна. Тиймээс хөдөөгийн тойргууд дээр сонгуульд өрсөлдсөн улстөрчид үүнийг цаашид анхаарч явах хэрэгтэй юм. Сумын төвийн хэсгийн хорооны хувьд 6-9 хувийн саналыг алддаг гэж 26.2 хувь нь, 4-5 хувийн саналыг алддаг гэж 18.8 хувь нь үзсэн нь хамгийн өндөр болж байна. Харин аймгийн төвд 22.8 хувь нь 6-9 хувийн саналыг, 28.7 хувь нь 10-15 хувийн саналыг алддаг гэж хариулсан нь бас анхаарал татах тоо мөн. Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад 66.7 хувь нь 10-15 хувийг, 33.3 хувь нь 6-9 хувийн саналыг булхайгаар алддаг гэж үзжээ. Харин Улаанбаатар хотод 23.7 хувь нь 6-9 хувийн саналыг, 21.1 хувь нь 10-15 хувийн санал алддаг гэж хариулжээ. Энэ бол мэдээж мэргэжилтнүүдийн субьектив үнэлгээ мөн ч одоохондоо үүнээс өөрөөр тооцох боломжгүй л байна. Учир нь тэд сонгуулийн халуун тогоон дотор буцалж байдаг тул сайн муу юм бүхнийг сайн мэднэ. Тиймээс тэдний тооцоо ханатай байгаа гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй болов уу.

Сонгуулийн булхайг ямар хүмүүс хийдэг вэ?

Судалгаанд хамрагдагсдын хүмүүсийн дийлэнхи нь буюу 56.7 хувь нь булхайг сонгуулийн хэсгийн хорооны гишүүдтэй (дарга, нарийн бичгийн дарга) холбосон. Үнэндээ ч олон булхай сонгуулийн хэсгийн хорооны дарга ба гишүүдээс хамаарч байдаг. Харин 31.6 хувь нь улс төрийн нам, нэр дэвшигчийн шадар туслах буюу сонгуулийн кампанит ажлыг явуулж байгаа хүмүүсийг дурдсан. Гэхдээ үүнд хот болон хөдөөгөөр ялгаа бий. Тухайлбал хотод 81.7 хувь нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг, 5.6 хувь нь сонгуулийн кампанит ажлын хүмүүсийг булхай хийдэг гэсэн бол аймгийн төвийнхөн бүгд хэсгийн хорооны гишүүдийг, сумын төвийнхний 58.3 хувь нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг, 35 хувь нь намын байгууллагыг буруутгажээ. Хөдөө орон нутагт сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг 55.5 хувь нь, намынхныг 44.4 хувь нь булхай хийдэг гэж хариулсан. Дээрхээс дүгнэхэд хот ба төв суурин газарт сонгуулийн хэсгийн хорооны гишүүд, бусад газарт хэсгийн хорооноос гадна намын хүмүүс нэлээдгүй оролцдог гэдэг нь харагдаж байна.

Сонгуулийн булхай, түүний хэлбэрүүд

Судалгааны дүндээ тулгуурлан сонгуулийн явцад нийтлэг илэрдэг зарим нэг булхайг та бүхэнд сонирхуулахаар бичлээ.

Нэрийн жагсаалт бэлтгэх:

Сонгогчийн нэрийн жагсаалт гэдэг нь сонгуулийн үеэр саналаа өгөх сонгогчийн нэрийг бичсэн хуудас юм. Угтаа бол нэрийн жагсаалтанд тухайн хэсгийн хорооны харьяаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа сонгуулийн насны иргэд бүгд ордог. Судалгаанд оролцогчдын 26.9 хувь нь сонгогчдын нэрийн жагсаалт гаргахтай холбоотой булхай байнга гардаг, 25.4 хувь нь заримдаа, гардгийг хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа ийм явдал хөдөө орон нутагт элбэг гэж орон нутгийнхны 62.5 хувь нь өгүүлсэн бол, сумын төвийнхний тал нь, харин аймгийн төвийнхний 71.3 хувь нь, Улаанбаатар хэсгийн хорооны гишүүдийн 62 орчим хувь нь болж байна. Нэрийн жагсаалт доор дурдсанаар будлиантуулдаг.

  • Нэрийн жагсаалтанд оруулахгүй орхих: Сонгогчийн нэрийн жагсаалтад зарим нэг хүмүүсийг оруулахгүй орхих явдал түгээмэл гардаг байна. Ялангуяа бие биеэ мэддэг хөдөө орон нутагт улс төрийн үзэл бодлоос шалтгаалж нэрийн жагсаалтад оруулахгүй орхих явдал түгээмэл илэрдэг. 2000 оны УИХ-ийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймагт нөлөө бүхий нэг намын нарийн бичгийн дарга хүний нэрийн жагсаалтад оруулаагүй орхисон тохиолдол гарч байжээ.
  • Хүмүүсийн тоог зохиомлоор нэмэгдүүлэх: Тухайлбал нэрийн жагсаалтанд огт байхгүй хүмүүсийн нэрийг зохиож бичих, хүний овгийг өөрчилж шинэ хүн бий болгодог. Үүнийг хот, аймгийн төвд ихэвчлэн ашигладаг.
  • Тойргийн биш хүмүүсийг нэмж бичих: Нэрийн жагсаалтад өөрийн талын хүмүүсийг нэмж оруулж санал өгүүлдэг.
  • Нэрийн жагсаалтад албаар буруу бичих: Ингэж өөр намыг дэмждэг хүмүүсийг сонгуульд саналаа өгөхөд нь албаар саад тотгор учруулдаг. Хөдөө газар олон тохиолддог.

Чухам ингэж нэрийн жагсаалтыг будлиантуулах нь аль нэг намыг дэмждэг хүмүүсийг санал өгөх боломжгүй болгох, хүмүүсийг зохиомлоор бий болгож саналын хуудас авах, саналаа өгөөгүй хүмүүсийн оронд өөр хүн өгүүлэх зэрэг булхай гарахад хүрдэг. Монгол улсын Их хурлын сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 4-т зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны баталсан маягтын дагуу 2 хувь нэгтгэн, хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломж олгоно гэж заажээ. Гэтэл бодит байдал дээр бүх сонгогчид өөрсдийгөө нэрийн жагсаалтнаас харна гэдэг биелэшгүй зүйл юм. Түүгээр ч барахгүй өнгөрсөн сонгуулиудад хэсгийн хороо нэрийн жагсаалтыг танилцуулахгүй байх явдал ч гарч байсан. Цаашид сонгуулийн булхайг багасгахад нэрийн жагсаалтыг улс төрийн хүчнүүд хамтран бэлддэг харилцан хяналттай болгох хэрэгтэй гэж 33.7 хувь нь гэж үзсэн.

Саналын хуудасны нууцлал:

Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтнүүд сонгуульд хэрэглэсэн саналын хуудас тодорхой хэмжээний нууцлалтай хийдэг гэдэг. Энэ ч чухал юм. Учир нь судалгаанд оролцогчдын 16.4 хувь нь саналын хуудсын нууцлалтай холбоотой буюу хуурамч хуудас гарч ирэх тохиолдол байнга, 26.3 хувь нь заримдаа, 16.4 хувь нь ганц нэгхэн тохиолдож байсан, ердөө 11.6 хувь нь огт гардаггүй гэжээ. Хуулинд бол саналын хуудсыг хэвлүүлэх асуудлыг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг. Саналын хуудсын нууцлалтай холбоотой дараах асуудлууд үүсдэг.

  • Стандартын биш дууриамал хуудас:
    Техник үсрэнгүй хөгжсөн өнөө үед саналын хуудсыг дууриалган хийх явдал гарсаар байгаа, тийм ч учраас саналын хуудсыг хэвлэх үйл явцыг нам эвслийн төлөөлөгч нар хянах, нэгдсэн дугаартай болгох, хуудсын нууцлалыг сайжруулж үнэт цаас болгох гэх зэрэг асуудал хөндөгддөг. Мэргэжилтнүүд ч үүнийг онцолж 15.5 хувь нь хуудсын нууцлалыг сайжруулах нь сонгуулийн булхайг багасгах чухал алхам байх болов уу хэмээн үзжээ.

Саналын хуудсыг тамгалж, гарын үсэг зурах:

УИХ-ийн сонгуулийн хуулиар сонгууль болохоос тав хоногийн өмнө санал авах хуудсыг хэсгийн хороон дээр хүргэсэн байх ёстой. Тэгээд хэсгийн хорооны дарга ба нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулдаг. Чухам үүнтэй холбоотой судалгаанд хамрагдсдын 29.3 хувь нь саналын хуудасыг тамгалж, гарын үсэг зурахтай холбоотой булхай байнга гардаг, 26.6 хувь нь заримдаа гардаг, 16.4 хувь нь ганц нэгхэн удаа ийм зүйл тохиолдож байжээ. Ялангуяа УБ болон аймгийн төв дээр хөдөөнөөс хоёр дахин илүү гардаг. Саналын хуудсыг тамгалж гарын үсэг зурахтай холбоотой дараах тохиолдлууд гарч байсан.

  • тамгагүй хуудас
  • гарын үсэггүй хуудас
  • өөр хэсгийн хорооны хуудас
  • гарын үсэг хуурамч байх
  • саналын хуудас илүү хуудас тараагдах
  • саналын хуудас урьдчилаад тараагдсан байх зэрэг.

Өдгөө хэрүүлийн алим болоод байгаа хоёр тойргийн асуудал ч үүнийг ямар их чухлыг харуулж байна. 2000 оны сонгуульд Өмнөговь аймгийн сонгуулийн хэсгийн хороон дээр санал тоолох үед тамгагүй 50 саналын хуудас нэмэгдсэн тохиолдол гарч байсан зэрэг олон жишээ баримт бий. Тиймээс 14.9 хувь нь саналын хуудсыг тамгалах, гарын үсэг зурах үйл явцын хяналтыг сайжруулахыг зөвлөсөн.

Урьдчилан санал өгөх үйл явц:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8.4 хувь нь сонгогч урьдчилж санал өгөх үед сонгуулийн булхай гардаг гэсэн бол, 23.3 хувь нь заримдаа гардаг гэж хариулсан. Сонгуулийн хуулийн 35-р зүйлд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугуйлан битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална гэж заасан. Гэвч практик дээр урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо, өгсөн саналын нууцлал алдагдах явдал гардаг.

Зөөврийн буюу явуулын хайрцаг:

Маш олон хүмүүс явуулын хайрцаг бол будлианы эх үүсвэр гэдэг. Гэвч монголчуудын амьдрах хэв маяг, орчин нөхцөл зэргээс шалтгаалаад явуулын хайрцгийг ашиглахыг хориглож чадахгүй байгаа юм. Цаашид ч гэсэн хэрэглэсээр л байх болов уу. Гэтэл судалгаанд хамрагдагсдын 17.7 хувь нь явуулын хайрцагтай холбоотой булхай олонтоо гардаг, 14.3 хувь нь ганц нэгхэн таарч байсан гэж хариулжээ. Гэхдээ ингэж хариулсан хүмүүсийн дийлэнхи нь орон нутгийнхан байв. Учир нь төв суурин газарт явуулын хайрцгийг төдийлөн хэрэглэдэггүй. Түүнчлэн ямар хүмүүсийн саналыг авахад булхай, зөрчил их гардаг вэ гэсэн асуултад 67.7 хувь нь явуулын хайрцаг гэж нэгэн дуугаар хариулсан нь дээрхийг нотолж байна. Явуулын хайрцагтай холбоотой дараахь булхайг тоочиж болно.

  • Явуулын хайрцгийг нэг намын хоёр хүн авч явах: Хэдийгээр журмаар хориглосон ч явуулын хайрцгийг нэг намын хүмүүс авч явах тохиолдол зөндөө гардаг. Чухам эндээс хайрцаг ямар ч хяналтгүй болдог ба өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, хоёр намын хүмүүс тохирч хувааж бөглөн гуравдахь нэр дэвшигчийг хохироох зэрэг явдлууд гардаг. Тухайлбал Дундговь аймагт явуулын хайрцгийг дагаж явсан хоёр хүн 50 саналын хуудсаа дундуур нь хуваан хийгээд ирсэн тохиолдол бий.
  • Сонгогчдод нөлөө үзүүлэх: Явуулын хайрцгаар санал авах үед сонгогчдод нөлөө үзүүлэх булхай гардаг бөгөөд үүнийг одоогоор зогсоож чадахгүй байгаа. Нэгэн сонирхолтой жишээг татая. 2000 онд Өмнөговь аймагт орон нутгийн сонгууль явагдаж байлаа. Явуулын хайрцаг авч явсан хүнээс саналаа өгөх гэж байгаа эмээд та багийн даргадаа саналаа өгнө биз дээ хэмээн асуух тулгахын хооронд нөлөө үзүүлсэн явдал гарсан.

Үүнээс гадна ажиглагчаар тухайн сум орон нутагт нөлөө бүхий хүнийг явуулах нь бий. Мэдээж орон нутагт олон жил хариуцлагатай алба хашиж байсан хүмүүсийг хөдөөнийхөн ихэд хүндэтгэдэг бөгөөд тэд гэрт ирээд саналыг нь авах нь тухайн хүний саналд нөлөө үзүүлж л таардаг.

  • Нууцаар саналаа өгөх зарчим алдагдах: Монгол улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т, сонгуулийн хуульд сонгогч саналаа нууцаар өгнө гэж заасан. Гэтэл явуулын хайрцгаар санал авч байх үед эл зарчим алдагддаг гэдгийг судлаачид онцолдог. Чухам үүнтэй холбоотой сонгогчийг үзэл бодлоор нь ялгаварлах үндэс тавигддаг, ба нэг сонгогч нөгөөдөө ч нөлөөлөх аюултай байдаг.
  • Урьдчилан бэлтгэсэн хүмүүсийн саналыг худалдан авах: Үүнд явуулын хайрцгаар санал өгөх хүмүүстэй урьдчилж тохироод санал авах өдөр очиж саналыг нь авчихдаг тохиолдол гардаг. Энэ бол зохион байгуулалттай санал худалдан авдаг маш том булхай мөн. Ингэхдээ саналыг нь худалдан авах хүмүүсээ тохироод сонгуулийн өдөр харж байгаад саналыг нь дугуйлуулж авдаг байна. Хөдөө орон нутагт элбэг.
  • Зарим хүмүүсийг орхих: Аль нэг намын гишүүн хүмүүсийг албаар орхиж санал өгөх эрхийг нь боогдуулдаг. Үүнд явуулын хайрцгийн явах цаг хугацаа, маршрутыг нь амжихгүйгээр тааруулах, албаар орхих зэргээр үзэмжээрээ шийдэх явдал бий.
  • Нэрийн жагсаалтанд ороогүй хүмүүсээс санал авах: Ийм явдал маш олон газарт тохиолддог. Үүнээс болж замд тааралдсан өөрийн талын хүмүүсээс санал авах, саналаа өгсөн хүнийг дахин өгүүлэх, санал худалдаж авах зэрэг зэрэг булхай гардаг.

Уг нь явуулын хайрцаг авч явах хүмүүс, маршрут, санал авах нэрийн жагсаалт зэргийг Сонгуулийн ерөнхий хорооны журмаар зохицуулдаг. Гэвч хөдөө орон нутагт хэрэгжихгүй байх тохиолдол элбэг бөгөөд цаашид хуулинд зарим нэг заалтуудыг суулгаж өгөх хэрэгтэй юм.

Шилжүүлэгтэй сонгогч:

2004 онд олон улстөрчийг газардуулж олныг нь их хурлын гишүүн болгосон хуулийн цоорхой бол шилжүүлэгтэй сонгогч юм. Судалгаанд хамрагдагсдын 31.6 хувь нь сонгогчийг шилжүүлэхтэй холбоотой булхай байнга гардаг, 22.4 хувь нь заримдаа гардаг, өөрөөр хэлбэл 54 хувь нь ямар нэгэн байдлаар үүнийг хүлээн зөвшөөрчээ. Уг нь хуулинд сонгогч санал авах өдрөөс өмнө өөр тойргийн, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулж очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ гэж заасан. Бусад асуудлыг нь СЕХ-оос гаргасан журмаар зохицуулж байгаа. Чухам энэ заалтыг л ашиглан булхай хийдэг бөгөөд зардал их гардаг учир үүнийг хүн бүр биш харин мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энд холбогдсон байдаг. Улсын хэмжээгээр нэгдсэн сонгогчдын бүртгэл цэгцрээгүй, шилжиж байгаа сонгогч ямар шаардлагыг хангах, нэг тойрогт шилжүүлгээр хэчнээн хүнийг авч болох хувь хэмжээ зэргийг хуулинд зааж өгөх шаардлагатай байгаа. Нэг удаа шилжүүлэгтэй 5 үнэмлэхтэй хүн явж байсан гэсэн яриа нь үндэсгүй зүйл биш юм. Нэг дор бөөнөөр нь автобус дүүрэн шилжүүлэгтэй хүмүүсийг авчирч саналыг нь өгүүлэх явдал гарч байсан. Тиймээс цаашид шилжүүлэгтэй сонгогчийн асуудлыг онцгойлон судалж мэдээллийн нэгдсэн баз байгуулан хянаж байх шаардлагатай юм.

Гинжлэх болон бөгжлөх, сонгогчийн гарт тэмдэглэгээ хийх зэрэгтэй холбогдсон булхайны талаар “Сонгуульд хийсэн дүн шинжилгээ” нийтлэлд дурдсан тул энд дахин оруулсангүй. Нийт мэргэжилтнүүдийн 23.3 хувь нь сонгогчдын хуруун дээр тэмдэглэгээ хийхтэй холбоотой зөрчил байнга гардаг гэсэн бол 19.4 хувь нь заримдаа гардаг гэж үзсэн байна.

  • Санал өгсөн сонгогчид тэмдэглэгээ хийлгүй гаргах
  • Тэмдэглээтэй сонгогчийг оруулах

Ингэснээр өөрийн хүмүүсээр дахин дахин санал өгүүлдэг. БНОУХ-гээс сонгогчдын гарт тэмдэглэгээ хийлгэх явдлыг сонгогчдын бүртгэл цэгцэртэл хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.

Сонгуулийн булхайг багасгах дөрвөн алхам

Чухамдаа сонгуулийн булхайг багасгах ямар арга зам байдаг юм бол? Энэ талаар хэсгийн хорооны гишүүд ба ажиглагч нар юуг хамгийн чухал гэж үзсэнийг сонирхоё. Учир нь тэдний санал сонгуулийн булхайг багасгахад туйлын чухал байх юм. Тэд сонгуулийн булхайг багасгахад дараах ерөнхий хүчин зүйлсийг дурджээ.

Харилцан хяналтын тогтолцоо:

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар юун түрүүн хийх ёстой алхам бол улс төрийн намууд харилцан бие биенээ хянах тогтолцоог бий болгох явдал чухал гэж 44.8 хувь нь буюу хамгийн олон хүн хариулжээ. Ямар нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран хамтын хяналтын тогтолцоог бий болгож түүнийг мөрдөх тусгай механизмыг ажиллуулах хэрэгтэй. Ингэхийн тулд сөрөг хүчин байх үедээ тэгш бус байдал, шудрага бус байдлыг устгая гэж гомдоллоод, засгийн эрхэнд гарсныхаа дараа сонгуулийн булхайг мэдсэн ч мэдээгүй юм шиг суудаг богино бодлоо таягдан хаях хэрэгтэй юм. Чухамдаа ялсан ч ялагдсан ч харилцан бие биенээ хянаж чаддаг тийм тогтолцоог сонгуулийн хуулинд суулгаж өгмөөр байна. Ингэхгүйгээр ямар ч сайн хууль, гадны ажиглагч байгаад сонгуулийн булхай гардгаараа гарах болно гэж үзэж байна.

Хариуцлагын механизм:

Сонгуулийн зөрчил булхай, гаргасан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэсэн үзэл 41.2 хувиар удаах байрыг эзэлжээ. Үүнийг маш олон хүмүүс дурдаж байгаа. Тэгвэл одоогийн сонгуулийн хуулинд байдаггүй юм уу? 1992 онд баталсан их хурлын сонгуулийн хуулинд хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн. Хуулийн 6-р зүйлийн 2-т сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хуульд заасан харицулага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал гэм буруутай этгээдийг шүүх 50000 хүртэл төгрөгөөр торгоно, мөн сонгуулийн хэсгийн хорооны гишүүнийг 10000 хүртэл төгрөгөөр торгоно гэж заасан нь өнөөгийн нөхцөлд дэндүү хөнгөн шийтгэл болоод байна. Учир нь сонгуульд можаритар тогтолцоог хэрэглэж байгаа үед ялагч нэг саналаар тодорч болох бөгөөд тийм учраас нэг санал нь маш их үнэ цэнэтэй бөгөөд асар их хариуцлагыг хэсгийн хорооны ажилтнаас шаардаж байдаг. Зөвхөн 2004 оны сонгуулийн тойргуудын 25 тойрогт 0-6 хүртэл хувийн саналаар, 15 орчим тойрог 6.1-12 орчим хувийн саналаар ялжээ. Зарим тойргуудад ялагч маш цөөхөн саналаар тодорсон, ийм нөхцөлд сонгуулийн булхай сонгуулийн үр дүнд багагүй үзүүлсэн байж болзошгүй. Учир нь одоогийн тойргууд хэт жижиг байгаа нь сонгуулийн булхай нөлөө үзүүлэх аюултай байна. Улс төрийн хүчнүүд өөр хоорондоо ойролцоо санал авах болсон үед сонгуулийг будлиантуулсан хүмүүсийн хүлээх хариуцлага дэндүү бага байгаа нь сонгуулийн хэсгийн хороог худалдаж авах зэрэг сөрөг үр дагавар гарч байгааг анхаармаар байна. Сонгуулийг бизнес болох, авилгаас хол байлгахын тулд бид энэ хариуцлагыг өндөржүүлж хүлээлгэх механизмыг боловсронгүй болгох шаардлагатай байгаа билээ.

Сонгуулийн шинэ хууль:

Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулийг боловсронгүй болгох явдал хойшлуулшгүй тавигдаж байна хэмээн 28.1 хувь нь үзжээ. Үнэхээр ч одоогийн сонгуулийн хуулийг шинэчлэх бас нэгэн үндэслэл бол сонгуулийн булхай мөн. Чухам ингэж булхай гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа маш олон зүйлийг хуулинд оруулж нарийвчлан зааж өгөх хэрэгтэй гэдгийг хүн болгон л онцолдог. Ингэхгүйгээр сонгуулийн булхай ихэнхи тохиолдолд сонгуулийн хуулийн хийдэл ба цоорхойгоор явагддаг нь нууц биш. Сонгуулийн ерөнхий хороо эдгээр асуудлыг журмаар зохицуулах гэж оролдсон ч практикт хэрэгжихгүй байна.

1992 онд Сонгуулийн хуулийг анх удаа баталж байсантай харьцуулбал өдгөө бид багагүй туршлагатай боллоо. Учир нь сонгуулийг тэгш шудрага явуулах нь манай улс төрчдийн толгойны өвчин болсон сонгуулийн системээс дутуугүй чухал ач холбогдолтой зүйл мөн. Үүнийг одоогийн хүч тэнцвэртэй парламент л хэзээ хэзээнээс илүү сайн хийж чадна. Хэрвээ сонгуулийн систем дээр зөвшилцөж чадахгүй байвал ядаж сонгуулийн булхайг нэмэлт өөрчлөлт хийж багасгаасай гэж би хүсэх байна.

Идэвхтэй ажиглагч:

Манай судалгаанд хамрагдсан таван хүн тутмын нэг нь сонгуулийн булхайг багасгахад ажиглагч туйлын чухал гэж үзсэн. Үнэхээр эрх үүрэг нь баталгаажсан, өөрийнхөө үгийг хэлж чаддаг ажиглагч сонгуулийн булхайг багасгахад багагүй хувь нэмэртэй байх юм. Хэрвээ ажиглагчийг сайн ажиллуулж чадвал сонгуулийн булхайны талыг нь багасгаж чадна гэсэн тооцоог гадныхан хийсэн нь бий. Тиймээс улс төрийн намууд өөрийн саналыг бусдаас хамгаалахын тулд ажиглагчдад онцгой анхаарал хандуулж мэргэшсэн ажиглагч бэлтгэх хойшлуулшгүй асуудал болоод байна. Ялангуяа 2004 оны сонгуульд ажиглагч хэзээ хэзээнээс илүү их үүрэгтэй оролцож болохыг харууллаа.

Мөн гадаадын байгууллагын ажиглагч нар чухал гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 21.6 хувь нь хариулсан. Үнэхээр глобалчлагдаж нэг нь нэгнээсээ улам их хамааралтай болж байгаа дэлхий ертөнцөд гадны хүчин зүйл чухал болсоор л байна. Гадныхан өөрсдийн ажиглагчдын дүгнэлтээр монгол орны сонгууль ардчилалыг дүгнэдэг улс. Тиймээс гадны ажиглагчдыг авч ажиллуулдаг тийм хэвшил олон оронд дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл бид сонгуулийн булхайг багасгахад гадны ажиглагч нарыг идэвхтэй оролцуулах нь үр дүнтэй гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд үзжээ.

Монголчууд бид ардчиллаараа бахархах түрий барихдаа дуртай улс. Гэтэл ардчиллын хамгийн гол эд эс бол сонгууль юм. Чухам энэ өдөр л ард түмэн засгийн эрх барьж байдаг. Гэтэл ард түмний төрөө сонгох эрх бүрэн хэрэгжиж байгаа нь олон юмнаас тэр дундаа сонгууль тэгш, шударга явагдаж байгаа эсэхээс шууд хамаарна. Үнэндээ 2004 оны сонгууль хэзээ хэзээнээс илүү их булхайтай боллоо гээд л шуугиад л байна. Хэзээ хэзээнээс илүү гэдгийн учир нь өмнө нь огт хийдэггүй байсан гэсэн үг бус харин энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн намууд бүгдээрээ зохион байгуулалттай булхай хийсэн явдал байлаа. Сонгууль өнгөрсний дараа намууд хэн хэнийхээ булхайг дэлгэнэ хэмээн оролдож байгаа ч яг үнэндээ ингэж хэн нь ч чадахгүй байгаа.

Сонгууль шударга явагдах нь хэнд ашигтай вэ гэж хэн нэгэн хүн асуувал сонгогчдод, нэр дэвшигчдэд, цаашилбал монгол орны ардчилал, хөгжил дэвшилд гэж хариулмаар байна. Хэдийгээр бид сонгууль явуулаад удаагүй боловч сонгуулийн булхайг өөрсдөө л хөгжүүлж боловсронгүй болгосон билээ. Өнөөдөр надад ашигтай байна гээд та сонгуулийн булхайг мэдэхгүй юм шиг дуугүй өнгөрч болохгүй юм. Учир нь маргааш та өнөөдөрийнхөөс ч илүү их булхайтай таарч ч магадгүй юм.