Засгийн газрын мөрийн хөтөлбөр ба олон түмний хүлээлт

A- A A+
Засгийн газрын мөрийн хөтөлбөр ба олон түмний хүлээлт

Зөвшилцлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаарх олон түмний хүлээлт аль эрт, бүүр сонгуулийн үеэс л ойлгомжтой байлаа. Энэ бол хоёр гол өрсөлдөгч улстөрийн хүчнүүдийн мөнгө өгөх элдэв амлалт юм. Тэдний энэ хүлээлт нэхэл хатуу байх бололтой. 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 10 мянган төгрөг өгөх, цалин тэтгэврийг нэмэх амлалтуудаа биелүүлэхийг бид Засгийн газраас хатуу шаардана гэж Нээлттэй Нийгэм Форумаас өчигдөр /2004-08-30/ зохион байгуулсан “Их эвслийн Засгийн газар ба түүний мөрийн хөтөлбөр” хөтөлбөр сэдэвт уулзалтын үеэр  олон түмний нэг төлөөлөл болох иргэн Батмөнх  мэдэгдэв.

Тэрбээр тэтгэврийн насны нэгэн агаад Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг аж. Түүнийхээр  бол сар бүр хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгч чаддаггүй юм бол нэн ядуу, ядуу айл өрхийн хүүхдэд зайлшгүй өгөх ёстой гэнэ. Тэр ч байтугай МАХН-ын мөнгө өгөх бусад амлалтыг ч, тухайлбал шинэ төрсөн хүүхдэд 40 мянган төгрөг, шинэ залуу гэр бүлд дор хаяж 300 мянган төгрөг өгөхийг  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  бас тусгах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Иргэн Батмөнхийн саналыг өөрийгөө Барсаа гэж танилцуулсан дунд насны нэгэн иргэн тууштай дэмжиж байлаа. Монголын сонгогчдын дийлэнх олонхийн хүлээлт ийм байгаа гэдэгтэй маргах ч хэрэггүй юм. Яагаад гэвэл сонгуулийн үеэр эгэл олон ердөө л эдгээр заалтын гарцаагүй өгөх эсэхийг “Эх орон-Ардчилал” эвслийн нэр дэвшигчдээс асууж байсан бөгөөд  тэд нь ч энэ тухай хуулийн төслөө бэлэн болгосон гээд сурталчилаад байсан юм. Ийнхүү “хэрвээ өгөхгүй бол үүдэнд минь ирээд хэвтчихээрэй” гэсэн тэдний сурталчилгааг сонгогчид нь биелүүлж, амласнаа өгөхөөс өөр аргагүй байдалд “Эх орон-Ардчилал” эвслээс сонгогдсон Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж гарцаагүй орж мэдэхээр байна.  Гэхдээ Монголын сонгогчид ямар хууртагдаж ханадаг биш дээ гэсэн байр суурийг Эрхзүйн шинэтгэлийн төвийн гүйцэтгэх захирал Д.Сайнзаяа бас хэлж байв. Сонгууль болгоноор ингэж хууртагддаг. Энэ удаа мөн л ийм байгаа. Ер нь тэгээд ч энэ мөнгийг өгөөд хэрэггүй гэж тэр үзэж байна. Улсын төсөв тэртэй тэргүй ийм ачааллыг даахгүй. Өгөхгүй байвал иймэрхүү юманд хууртагдахаа болих ч юм билүү гэж тэр хэлэв.  Парламент дахь суудлын нь тоог үнэхээр тэнцүүлснээс нь үзэхэд  сонгогчид улстөрийн хоёр гол хүчний мөнгө өгнө гэсэн амлалтыг бүгдийг нь авахыг үнэхээр их хүссэн бололтой гэж ёжилно билээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухай дахь олон түмний хүлээлт нэг иймэрхүү л дүр зурагтай байгаа. Харин одоо энэ уулзалтын гол зорилт болох Их эвлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгах ёстой зүйл юу болох,   түүнийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар юу яригдсаныг товч хөндье. Уулзалт дээр МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн мөрийн хөтөлбөрийн талаар хийсэн урьдчилсан дүн шинжилгээг Монголын Үндэсний их сургуулийн багш Хашчулуун танилцуулав. Түүний үзснээр энэхүү үнэ хаялцсан шинжтэй мөрийн хөтөлбөрүүдэд ул суурьтай дүн шинжилгээ хийчихээр тоо баримт, үндэслэл гэхээр зүйл бараг байхгүй байна. Иймд харьцуулсан дүн шинжилгээ хийхэд нэлээд бэрхшээлтэй байсан аж. МАХН яам, агентлагийн үйл ажиллагааны чиглэлд тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулсан байсан бол “Эх орон-Ардчилал” эвсэл ийм мэдээллийг огт ашиглаагүй, өөрсдийн хэрэгжүүлэх ёстой гэж хүссэн ажлаа тусгасан шинжтэй, илүү зүүний тал руу хазайсан  хөтөлбөр боловсруулжээ. Аль аль улстөрийн хүчин нь сонгогчдын саналыг авахын тулд популист шинжтэй амлалтууд бүхий мөрийн хөтөлбөрүүд  боловсруулсан гэсэн түүний энэ саналыг Х.Наранжаргал /Глоб интернейшнл төвийн тэргүүн мөн тэмдэглэж байлаа.

Сонгуулиар үүссэн, эв эеийг шаардсан улстөрийн өвөрмөц байдал, ард түмний зүгээс  бий болсон эерэг хүлээлтэд хийсвэр хандаж болохгүй. Шинээр байгуулагдах Засгийн газрыг аргагүй эрхийн Засгийн газар гэж нэрлэе гэсэн санал гарч байгаа нь үүнийг харуулж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан, Хөгжлийн стратеги, судлалын төвийн захирал Д.Бямбасүрэн анхааруулсан юм. Хэдийгээр хоёр гол улстөрийн хүчин чин хүсэл гэхээсээ илүү нөхцөл байдалд тохируулан  хамтын үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа ч чухамдаа эвслийн Засгийн газрын үед бүх амлалтыг бүрэн хэрэгжүүлэхээс ч илүүг буюу томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийх боломж бүрддэг гэж Д.Бямбасүрэн үзэж байна. Үүнийг тэрбээр улстөрийн амбицийн зохицол хэмээн нэрлэв. Ийм томоохон өөрчлөлтүүдэд тэрбээр урьд өмнө маргалдаад тодорхой шийдэлд хүрч чаддаггүй байсан банк санхүү, хувьчлалын асуудлуудыг оруулж байна. Д.Бямбасүрэн 1990-1992 онд өөрөө эвслийн Засгийн газрыг тодорхойлж байсан юм.

МАХН-ын сонгуулийн хөтөлбөр нь төрийн зохицуулалт, төлөвлөлтийг өндөрсгөсөн бодлогыг түлхүү дэвшүүлж, уул уурхай зэрэг салбарт тулгуурласан бүтээн байгуулалтын шинжтэй алхамыг онцолсон нь Дэн Сяо Пиний социализмыг санагдуулж байгаа юм. Харин “Эх орон-Ардчилал” эвслийн тухайд төрийн бодлогын тэнхлэгийг өөрчилж хүн рүү чиглэсэн хөтөлбөр боловсруулсан гэж Д.Бямбасүрэн үзэж байна. Хүнд үйлчилсэн эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой. Энэ бол зүүний бодлого биш, харин хэрэгцээгээр нь хүн амаа хөтлөх асуудал юм гэж тэр онцоллоо. Гэхдээ хөгжлийн асуудлыг ярихдаа юуны өмнө хүнээ сургах, экологийн сүйрэл, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн чиглэлийг тогтоох асуудлыг Засгийн газар онцгойлон анхаарах ёстой. Энэ дөрөвт тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулж чадах аваас Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэж тэр мөн үзэж  байна. Монголчуудын 88 хувь нь ардчилсан тогтолцоог дэмжиж буй одоогийнх шиг ийм нөхцөл боломж өнөө хэр байгаагүй гэж тэр онцлов. Энэ тоо түүнийг засаг барьж байх үед буюу 1990-1992 онд дөнгөж 16 хувьтай байжээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад эдийн засгийн талаасаа илүү засаглалын асуудлыг түлхүү тусгах ёстой гэсэн байр суурийг зарим оролцогч барьж байна. Тухайлбал, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа хяналт тавьдаг сөрөг хүчин бас л байхгүй өнөөгийн нөхцөлд  хариуцлага тооцох асуудлыг огт өөр, цоо шинээр харах хэрэгтэй гэсэн саналтай байна. Эдгээрт иргэдийн албаны ёсны мэдээлэл авах эрх чөлөөг хуулиар баталгаажуулах, авилгал, хээль хахуулийн эсрэг тогтолцоо бүрдүүлэх, бүх түвшний сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг, ролийг нэмэгдүүэхийг чухалчилж байна.

Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, олон түмний оролцоо ямар байх тухай ярихдаа иргэд, эрдэмтэн судлаачдын саналыг авах тал дээр төр, засаг шинэ сонголт хиймээр байна гэдэг дээр уулзалтад оролцогчид бүгд санал нийлж байлаа. Манай парламентын гишүүд сонгогдмогцоо ард түмний элч төлөөлөгч гэдгээ мартаад өөрсдийгөө дарга хэмээн сэтгэдэг. Энэ сэтгэхүй  одоо ч хэвээрээ байна гэж тэд дүгнэв. Харамсалтай энэ бүх яриаг төр, засгийнхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс л унших байх гэдэгт найдах л үлдлээ. Юу гэвэл энэ уулзалтад уригдсан төр, засгийн эрхмүүд цөм ирээгүй юм.

Д.Гантуяа