Социологийн шинжлэх ухааны доктор Х.Гүндсамбуу
УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө нийгэм, улстөрийн амьдралд орж ирсэн нэгэн шинэ үзэгдэл бол PR буюу улстөрчдийг түмэнд таниулах явдал юм. Олны сонирхлыг татсанаараа, социологчид, судлаачдын нэрийг барьснаараа, зах зээлийн сүүхээ гаргаснаараа энэ ажил бузгай болж, 76, 180, 150 улс төрчийг сонгогч түмэнд танилцуулав. Улстөрчийг сонгогч түмэн танин мэдэх, сонгогч түмэндээ улстөрч нь танигдах үйл явц тун адармаатай болж, улстөрийн менежмент, маркетингийг зүй ёсоор шаардаж байна. Гэтэл үүнийг далимдуулаад төрийн бус байгууллагын нэрээр бизнес хийж, ашиг олж, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэл, зохих цагаатгал, цайруулалттай болгосон нь улстөрийн амьдралын өнөөгийн бодит байдал, үнэн нүүр царай юм. Жинхэнэ PR бол нэр төртэй, ёс зүйтэй зүйл атал түүнийг овжин ашиглаж, сүрхий монголчлов.
PR-ын судалгаа гэгчээр тодрогчдын ихэнх нь УИХ-ын гишүүнээр сонгогдсонгүй. Үүгээр нь PR хийгчдийг баалж бас болохгүй. PR бол шинэ зүйл. Гэхдээ шинэ юм гээд ШУА-ийн ерөнхийлөгч Т.Галбадрахын оронд тэс өөр Д.Галбаатарын зургийг тавьж PR хийхгүй л дээ. PR бол социологи, сэтгэл зүйн нарийн судалгаа, сонгуулийн менежерийн давтагдашгүй торгон ухаан, ур чадвар, урлаг юм. Тийм ч учраас тухайн үедээ АНУ-ын ард түмэнд танил биш байсан Ж.Картер ганцхан үйл явдал, цөөхөн хормын дотор АНУ-ын ард түмэнд танигдаж, улмаар ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын аль нэг тойрогт нэр дэвших сонирхол зарим нэг хүний “шүдний өвчин” болж байхад аль нэг нам, эвсэлд хэн нэгийгээ шахах, түлхэх хэрэгцээ бас гарч, тэр дундаас нь бизнес хийж, ашиг унагаж байгаа нь хөндлөнгөөс харахад инээдэмтэй ч, эрх биш сонирхол татна.
Үндсэн хуулийн агуулгаар бол УИХ ард түмний элч болсон 76 гишүүнээс бүрэлдэнэ. Харин сонгуулийн хуулиар бол манай сонгогчид 76 тойрогт хуваагдаж, УИХ-ын нэртэй, үнэн хэрэгтээ орон нутгийн сонгуулийн оролцогч болон хувирсан юм. Сонгуулийн мажоритор тогтолцоо нь улс төрийн хоёр том намын хуваагдлыг төлөвшүүлэх бус, харин ард түмнийг хооронд нь талцуулж, үймсэн олныг сонгуулиас сонгуульд хоёр туйлын аль нэг рүү санал өгүүлэн савлуулж ирлээ. Социализмын үед албан тушаалыг өмчилдөг байсан бол одоо сонгуулийн тойргийг өмчилдөг болчихлоо. УИХ-ын сонгууль нь нутгаараа, дов жалгаараа булагнахын илэрхийлэл шахуу болов. “Нэг тойрог – нэг мандат” нь жижиг тойрогт ялах хүслэнг бадрааж, горьдлого төрүүлдгээрээ онцлог. Үүнд УИХ-ын гишүүд ч, улстөрийн намууд ч, нэр дэвшигчид ч молигдуулсан. Жишээлэхэд УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр 660-аад хүн нэрээ дэвшүүлж, 17-р тойрогт дөрвүүл, 72-р тойрогт арван хоёулаа өрсөлдөж байсан удаатай. Одоогийн сонгуулийн хууль илт хуучирч, нийгэмд үйлчлэх чадвараа алджээ.
УИХ-ын 2004 оны сонгууль нь хэвлэл, мэдээллийн талбарт томоохон сургамж үлдээлээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг төр, засгийн, тэр дундаа дангаараа шахуу эрх барьж байгаа улстөрийн намын мэдэлд байлгах нь ардчиллыг боомилж, үзэл суртлын төөрөгдөл, албадлагад орж болзошгүйг харуулав. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг удирдлага, хяналтдаа байлгасан эрх баригчид урьд нь ч ялагдаж байсан. Энэ нь монголын сонгогчдод ухуулга, сурталчилгаа төдийлөн нөлөөлдөггүй, өөрөөр хэлбэл сонгогчид түрүүлээд сонголтоо хийчихдэг, эсхүл урагшаа гэхээсээ гэдрэгээ харж, нэр дэвшигчийн удам угшил, үүх түүхийг нь харж саналаа өгдөг онцлогоор голлон тайлбарлагддаг. Тэгвэл саяын сонгуулиар эрх баригч нам ухуулга, сурталчилгаагаар давуу байдалдаа эрдэж, улиг болтол явуулснаас сонгогчдод тонгоруу нөлөөлж, урвуу өгөөж авчирсан болно.
Сонгуулийн ээлжит компани нь улстөрийн гэхээсээ бүхэлдээ урлагийн шоу, үдшийн цэнгүүн болон хувирав. Сонгуулийн зардал, сүйтгэл, үрлэг, ил, далд санхүүжилт сонгуульд бус урлагийн од, бизнес эрхлэгчдэд зориулагдаж, цөөхөн нь хөлжиж, олонх нь хохиров. Ачааны хүнд нь ард иргэд, сонгогчдын нуруун дээр тохогдов. УИХ-ын сонгууль өнгөрөөд нэлээд хугацаа өнгөрсөн ч нам, эвслийн сонгуулийн зардал, зарим нэгэн мэдээллийн хэрэгслийн шуугиулснаар наяан саяар үнэлэгдсэн, дуучдын орлогын татвар ч сураггүй л байна.
УИХ-ын сонгуулийн туршлага, сургамж нь сонгуулийн дүн гарсны дараах гайхшрал, хөөр баяр, зарга зайлхай зэрэгт бус эрдэм судлалын ажлын үнэ цэнээр хэмжигдэх ёстой. Өнөө хүртэл сонгуулийг сурталчлах талдаа бүхнийг зориулж байснаас бус, түүнийг судлах талдаа гар татсаар ирсэн. Захын жишээ татахад УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр оросын зөвлөхүүдийг урьж, МАХН-ын дэргэдэх хүрээлэнгээс эрхлэн нэг удаа л гэхэд 8000 гаруй хүнээс социологийн судалгааны мэдээлэл авчээ. Энэ бол Монголын түүхэнд тохиолдоогүй, социологийн шинжлэх ухаанд байхгүй түүвэр юм. Гэтэл манай сонгогчид тун мэдрэмжтэй болохоор ямар судалгаанд оролцож буй гэдгээсээ илүүтэй хаанаас явуулж буйд нь тэр дор нь таацуулж, нийцүүлж, хариулт өгдөг болчихоод байгаа юм. Тийм нөхцөлд 8000 ч, 800 ч (Монголын нөхцөлд ийм түүвэр ихдэхээс бус багаддаггүйг олон жилийн туршлага харуулсан юм) адилхан төлөөлөл, магадлал, үнэний хувьтай. Болгарт гэхэд Младневын ерөнхийлөгчийн сонгуулийн үед БКН-ын төв хороо 200 мянган хүнээс, АНУ-ын Голлэпийн хүрээлэн 247 хүнэээс мэдээлэл авахад сонгуулийн дүн ав адилхан гарсан сонгодог жишээ бий.
2004 оны сонгуулийн хамгийн чухал сургамж бол нэгдэхүйн ардчилал Монгол оронд бодит биеллээ олох боломж нээгдсэнд оршино. Манай сонгогчдын санал өгөлт улстөрийн хоёр том хүчний хооронд тэлэгдэж, аль нэг тал руу нь хэлтийгдсээр ирсэн. Энэ нь хоёр талтай, нэг нь гэвэл сонгодог ардчилал Монголын нийгмийн хөрсөнд буухгүй байж болох юм. Нөгөө нь Монголын нийгэм өрнөдийн сонгодог ардчиллыг хүлээн авах хүртлээ хөгжөөгүй байж болох юм. Ийм нөхцөлд ардчиллын завсрын, дундын, эхлэлийн гэмээр нэгдэхүйн ардчилал манай нийгэмд ач тусаа өгч мэднэ. Монголын ард түмний сонголтоор улстөрийн хүчний харьцаа тооны хувьд маргаангүй тэнцлээ. Үүнийг ухамсарт сонголт, эсхүл зөн совингийн сонголт гэж үнэлэхэд эрт байна. Цаг хугацаа бүхнийг харуулж, мадгийг тайлах биз ээ.
Голланддад төрсөн ч, АНУ-д амьдарч, ажилладаг улстөр судлаач Аренд Лейпхарт нэгдэхүйн ардчиллын талаар харьцуулсан судалгаа хийснээрээ зард гарсан. Түүний судалснаар дэлхийн цөөнгүй орны олон бүрэлдэхүүнт нийгэмд нэгдэхүйн ардчилал амжилтад хүрсэн, бас мухардалд орж, бүтэлгүйтжээ. А.Лейпхартынхаар нэгдэхүйн ардчилал нь их эвсэл, түүний олон янз байдал, харилцан тавих хориг, тэнцүүхэн байдал, хэсэглэл ба холбоотны автономи, тусгаарлал ба саланги байдал зэргээс бүрэлддэг.
Монголын нийгэм угсаатны бүрэлдэхүүний хувьд казахчуудыг эс тооцвол нэгэн төрөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн хэдий ч орчин үеийн Монгол дор хаяад хоёр, түүнээс дээш хэсэглэлд хуваагдчихаад байна. Тухайлбал нүүдлийн ба суурин соёл иргэншил хоёр зэрэгцэн оршиж, өрсөлдөж байна. Улстөрийн хувьд мөн ерээд оноос хоёр хуваагдсан, гагцхүү сонгуулийн мажоритори тогтолцооноос хамаарч парламентын суудал аль нэгэн хүчинд нь дангаараа шахуу юмуу үнэмлэхүй олонх болгон хувааж байсан. Харилцан тавих хориг нь Ерөнхийлөгчийн хориг хэлбэрээр л бий болсон. Энэ бүхнээс үзэхэд нэгдэхүйн ардчилал цоо шинэ зүйл биш, ямар нэгэн хэмжээгээр бий. Харин их эвсэл байгаагүй, одоо л онолын хувьд төдийгүй практик дээр бий болж байна. Үүгээрээ 2004 оны сонгуулийн дүн сонирхол татаад зогсохгүй тухайлсан судалгаа, тулхтай, буурьтай зөвшилцөл шаардана. Улстөрөөр зогсохгүй нийгмийн хөгжлийн цоо шинэ нөхцөл байдал бүрэлдээд байна. Одоохондоо хоёр, хоёр жилээр төсөөлөгдөж байна. Цаашдаа хоёрын кубээс эхлээд олон зэрэгтээр тодорхойлогдох бизээ.