Проф.Олхонуд Д.Баярхүү
- Таны амьдралыг Та л авч явна. Таны амьдралыг МАХН ч, Ардчилсан нам ч, Н.Багабанди ч, Н.Энхбаяр ч, Б.Жаргалсайхан ч, М.Энхсайхан ч … өөр хэн ч авч явахгүй гэвэл Та юу гэхсэн бол? Дасаагүй, чихэнд хатуухан дуулдаж байгаа энэ гашуун үнэнтэй Та эвлэрэх үү?
Хэрэв нүүдэлчний, ах захаа хүндэтгэдэг монгол заншлаар бол Таны чихэнд тун чимэггүй үгийг би хэллээ. Жишээ нь сонгуулиар ард түмэн ялах ёстой гэдэг уриа бол ардчилсан нийгмийн үнэлэмжээр хэлэгдэж буй улстөрийн хэллэг болохоос яг нарийн амьдрал дээрээ бол ард түмний эд эс – хүн болгон хожихгүй, тэгэх нөхцөл ч байхгүй.
Ингэхэд ид өрнөж буй энэхүү Ерөнхийлөгчийн сонгууль маань Танд ямар хэрэгтэй вэ? Танд юу өгөх вэ? Үндсэн хууль дэх Ерөнхийлөгчийн үүргийг хэрэв Та мэддэг, гадарладаг бол яг эрхэм сонгогч Танд өгөх юмаар тун маруухан даа. “Тогтвортой төр”, “Шударга ёсон”, “Хүний төлөө”, ““500 долларын цалин”, “Авилгын эсрэг” гэхчлэн амлалтуудыг 1993 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулиас эргээд нэг үзээрэй. Тэгээд аль нь хэрэгжсэн, таны аж амьдрал, ахуйд аль нь очиж наалдсаныг эргэцүүлээд бодоход мөн ч хөөрхийлөлтэй дүр зураг харагдах биз ээ. 2001 онд Багабандийг дэмжиж санал өгсөн тэр тавин хэдэн хувийнхан бүгд аз жаргалтай сайн сайхан яваа гэвэл үүн шиг худлаа юм байхгүй, мөн Гончигдоржийн төлөө санал өгсөн тэр гучин хэдэн хувийнхнаас боож үхэж босч тэнэсэн хүн бий юү, тэд бүгд хувхайртлаа ядуурсан уу? Галзуу хүн ч үүнд түвдэлгүй хариулж чадах биз.Лав иргэн Д. Баярхүү гэгч миний амьдралд Очирбат, Багабанди хоёрын аль нь ч буян үйлдээгүй, бас хор хүргээгүй, энэ 15 жилд МАХН, Ардчилсан намын аль нь ч над хүчтэй туссангүй, бас миний амьдралыг бусниулаагүй. Овойж оцойтол амьдрал сайжирна гэх итгэл лав надад байхгүй, бусдад байгаа эсэхийг би мэдэхгүй, эцсийн эцэст зах зээлийн нийгмийн хууль тэрийг чинь зохицуулаад амьдрал дээр туршаад өгөхлөөр дээрх эрхэм нөхдийн хэн нь ч чамд хүртээлгүй болж байгаа юм. Ингэхээр өөрийгөө ба өрх гэрээ авч явах эрхэм үүрэг төрд биш, тэгэх тусмаа Ерөнхийлөгчид биш хамгийн түрүүн Танд очиж тусч байгаа нь тэр дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэж юу вэ? Монгол нь нэгэнтээ парламентын засаглал бүхий бүгд найрамдах улс тул гол эрх мэдэл Ерөнхий сайдад байдаг ч Ерөнхийлөчид дөрвөн чухал эрх бодитой өмчлөгдөн үлддэг. Энэ нь :
- Дээд шүүх, бүх шатны шүүхийн дарга нар, Улсын прокурор, бүх шатны прокурорыг томилох, халах
- Цэргийн генерал цол олгох
- Элчин сайд нарыг томилох, эгүүэн татах
- Одон медаль, гавьяат, ардын цол, төрийн шагнал (бөхийн дээд цол нэмэгдсэн) олгох явдал юм.
Эхний хоёр нь тун цөөхөн хүнийг хамрах, хэсэг бүлэгхэн хүний томилгоо, цол байх ба томилуулахын тулд төрийн тэргүүнээ лоббидох, ялсных нь дараа томилуулж буюу шагнуулж аваад хариу тус хүргэх, зүтгэх явдал ганц Монголд гэлтгүй даян дэлхийн олон оронд байдаг практик тул энэ талаар ухаж төнхөх хэрэггүй. Эндээс сонгогчид бултаараа хождог гэвэл ёстой үлгэр дээ. Би 100 хүртэл хүн хожих тухайд л ярьж байна.
Харин дурдсан эрхүүдийн дөрөв дэх нь буюу тэрхүү одон медаль, алдар цолны хойноос Монголын бүх ард түмэн хошуурдаг нь юу юм. Гэхдээ зохих тооны хүмүүсийг 4 жилдээ ховсддог, ид шидтэй гэхэд багадахаар. Чухам энэ нь л сонгуулийн амлалт ба дахин сонгогдох баталгаа нь болдог гайхамшигт эд гэлтэй. Жишээ болгож нэр дэвшигчийг дэмжих тамирчдын, зохиолчдын, урлаг соёлынхны хөдөлгөөнүүдийг нэрлэж болж байна. Тэдний улстөрийн үнэмлэмж, итгэл үнэмшлийг би хэлж чадахгүй, бас үгүйсгэх гээгүй байна. Гэхдээ л Ерөнхийлөгчийн үүрэгт “Урлаг спортын бодлогыг тодорхойлно, гартаа барина” гэсэн заалт байхгүй л тул нөгөө хэдэн одон тэмдэг дээрээ л бууж ирж байна.
Төлөөллийн ардчилал гэдгийг манай ард түмэн нэг талаасаа дэндүү сайн мэдээд байх шиг хэрнээ нөгөө талаасаа анхны мэдэгдэхүүнгүй л явж байх шиг. УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуульд ингэж их идэвхи гаргаад, хоёр талцаад улстөржөөд байгаагаар нь бол монголчуудыг дээд зэргийн ардчилалтай улс гэмээр, гэтэл сонголт нь амьдрал дээр бууж ирдэггүй, сүргээрээ ядуураад золбинтоод, хахууль нь бүр хэтрээд явааг нь харахаар арай ондоо дүгнэлт хийхээр байна. Сонгуулиас хэн хождог вэ гэдэг нөгөө л асуулт эргээд чамд дээр бууж байна. Хэрэв Танд одон медаль, алдар цол хэрэгтэй бол аль бодитой гэсэн нэр дэвшигч рүүгээ хошуурах хэрэгтэй болох нь. Төрийн институциудыг тэнцүүлэх хэрэгтэй гэж танаас шал холуур юмыг Та хүсч байгаа бол арай өөр нэр дэвшигчийг, сайхан амлалтаар сэтгэлээ зугаацуулъя гэвэл бас нэгийг нь гэхчлэн Танд өргөн сонголт байгаа шүү.
Таны амьдрал таны л гарт, бүр чин үүрэг чинь, таны амьдралыг Энхбаяр, Энхсайхан, Жаргалсайхан, Эрдэнэбатын аль нь ч биш… Та л өөрөө авч явна.