Нэр дэвшигчид юу амлав?

A- A A+
Нэр дэвшигчид юу амлав?

Д.Оюунцэцэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй нүүр тулан уулзах боломж зарим сонгогчид олдохгүй тул тэднийг мөрийн хөтөлбөрөөр нь жишин үзэж болох юм. Монголын төрийн гурав дахь тэргүүн болохын төлөө өрсөлдөж буй Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар сонгогчдодоо ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байгааг харьцуулан сонирхъё. Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы хөтөлбөр товчхон, нэгээс хоёр өгүүлбэрт багтсан 10 зүйлтэй, Зорилт, санаачлагууд гэсэн нэгэн багц дор төвлөрчээ. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хөтөлбөр дээрхтэй харьцуулахад нэлээд дэлгэрэнгүй, "Хөгжлийн төлөө зүтгэл, Хүний төлөө" сэтгэл гэсэн уриан дор өмнөтгөл үг бүхий долоон хэсгээс бүрджээ. Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат гурван бүлэгтэй цомхон хөтөлбөр гаргасан бол БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханых улс төр, шүүх засаглал, эдийн засгийн хүрээг хамарсан нэлээд дэлгэрэнгүй хөтөлбөр дэвшүүлжээ. М.Энхсайханы хөтөлбөр төрийн тэргүүний эрх мэдлийн хүрээнд таарсан бол Н.Энхбаярын хөтөлбөр УИХ, Засгийн газрын хийх ажил үүргийн хуваарьтай нэлээд давхацсан, шинжтэй ажиглагдаж байгаа нь түүний саяхан Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын дарга байгаатай холбоотой, эдгээр албыг хашиж байх үедээ эхлүүлсэн бүхнээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол үргэлжлүүлэх гэсэн санаагаар оруулсан болов уу гэмээр байна.

Монголын улстөрийн голлох хоёр хүчин МАХН, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хөтөлбөрийг эхлээд харьцуулж үзье. М.Энхсайхан: Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж ирсэн бодлогын залгамж чанарыг хадгалан хөгжүүлж, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллана. Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч миний бие түмэн олныхоо язгуур эрх ашиг, үндсний эв нэгдэл, эх орныхоо нэр төр, хууль цаазыг дээдлэн эрхэмлэж үе үеийн Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчдийн ажил үйлс, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг чандлан хадгалж, ард түмнийхээ бүтээлч үйл хэргийн ололт, амжилт бүхнийг бататган бэхжүүлж, хөгжлийн шинэ үеийн дуудлага, шаардлагыг гүйцэлдүүлнэ гэжээ.

Төрийн тэргүүн болбол төр, засгийн тогтвортой байдал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд санаа тавихаа нэр дэвшигчид амлаад байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү ил тод байлгах гэдэг дээр тэдний санаа нийлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч парламент дахь намуудын тэнцвэртэй харилцааг хүндэтгэн намууд хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн бол МАХН-аас нэр дэвшигч мөн л намуудын бүтээлч хамтын ажиллагааг дэмжинэ гэлээ.

М.Энхсайхан: УИХ-ын сонгуулийн дүнг хүндэтгэж, УИХ дахь намуудын тэнцвэртэй харилцааг бий болгох, УИХ-ын үйл ажиллагааг ил тод, үр дүнтэй болгоход анхаарна. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Н.Энхбаяр: Мөрийн хөтөлбөрийн “Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, төрийн байгууллагын тогтолцооны тэнцвэртэй, хяналттай байдлыг хангах” хэмээх нэгдүгээр хэсэгт: "Монголын нийгмийн улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд ардчиллын сонгодог загвар болох Парламентат ёсыг төгөлдөржүүлэхийг дэмжинэ. Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлж, эх орныхоо хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үүднээс улстөрийн нам, хүчин, төрийн болон төрийн бус байгууллагуудын зарчимч, бүтээлч хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ" гэсэн бол “Ардчилсан засаглал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх” гэсэн зургадугаар хэсэгт: "Иргэд сонгогчдодоо ил тод мэдээлж тайлагнадаг, харилцан хариуцлага хүлээж, хяналт тавьдаг ардчилсан засаглалыг бэхжүүлэх хүрээнд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтална" гэжээ.

Нэр дэвшигч М.Энхсайхан нийгмийн баялгийг шударга хуваарилах нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах гарц болно гэж үзжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол “чинээлэг дундаж давхрага” гэсэн хөтөлбөр гарган ажиллах юм байна. Тэгвэл нэр дэвшигч Н.Энхбаяр иргэн бүрийн бүтээлч хөдөлмөр, шударга өрсөлдөөнд үндэслэсэн, зах зээлийн болон төрийн зохицуулалтын зохист хэм хэмжээг хосолсон, соёлтой бизнес, хөгжлийн суурь бүтээн байгуулалтыг дэмжихээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Тэрээр мөн Монгол орны нийгмийн баялгийн гардан бүтээн байгуулагч гол хүч болсон жирийн малчин, тариаланч, ажилчин олон түмнийхээ хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж, урамшуулахад илүүтэй анхаарах юм байна.

Байнгын шүүмжлэлд өртөж, иргэдэд тэгш бус үйлчилдэг хэмээн нэхэл дагал болдог шүүхийн талаар хэн хэн нь мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

М.Энхсайханы хөтөлбөрт хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлого явуулах чиглэл тусчээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ талаар юу хийхээр амлаад буйг зэрэгцүүлж харъя.

-Шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгчийн үйл ажиллагааны эрхзүйн үндсийг боловсронгуй болгож, тэдний хүртээмжтэй, шударга, мэдрэмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шүүгчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчлийг илрүүлж арилгах тогтолцоог бэхжүүлж, боловсронгуй болгоно.

-Анхан шатны шүүгчдийг ард түмний шууд сонголтоор шүүгчдийн дундаас сонгон шалгаруулдаг шүүхийн шударга тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

-Гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй иж бүрэн механизм бүрдүүлэх чигэлэлээр засаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэж Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрт тусаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Энэ үүднээс хоёр нэр дэвшигч улс орны аюулгүй байдал, зэвсэгт хүчний талаар ямар хөтөлбөртэй байгааг авч үзье.

М.Энхсайхан: Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хангах шинэ бодлогыг гаргаж, Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадварыг нэмэгдүүлнэ.

Н.Энхбаяр: Төрийн цэргийн бодлогын дагуу зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, цэргийн анги, салбаруудыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэн оролцуулна. Улс орноо олон улсын терроризмын аюулаас сэргийлэх нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ гэв.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд манай олон иргэний мөрөөдөл бол гадаад оронд ажиллаж ахиу мөнгө олох явдал. Харьд хар цагаанаар ажиллаж буй тэдний хувьд эрсдэл багатай байх нь юунаас ч чухал. Ардчилсан намын нэр дэвшигч М.Энхсайхан гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй гадаад бодлого явуулахаа илэрхийллээ. МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр ч хөтөлбөртөө энэ талаар оруулжээ. Тэрээр “Гадаад оронд ажиллаж, сурч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв. Энэ тал дээр хоёр нэр дэвшигчийн хөтөлбөр бараг үг үсгээрээ таарч байгаа нь гадаадын аль нэг оронд Монголын өрх бүрийн шахам төлөөлөл байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болсны илрэл гэж болно.

М.Энхсайхан “Авилгачдыг цээрлүүлнэ” гэсэн уриа дэвшүүлээд байгаа. Үүнийгээ ч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тэрээр авилгал, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийг авилгачдаас цэвэрлэх, тэдэнд хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого барихаа тунхаглав. Тэгвэл Н.Энхбаяр нийгмийн дэг журмыг бэхжүүлж, сахилга хариуцлагыг сайжруулах, авилга, архидалт зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд эвлэршгүй тэмцэхээ амлалаа. Ардчилсан намын нэр дэвшигч Тулгар төр байгуулагдсаны их ойн баяраас өмнө “Үндэсний үзэл санаа”-г боловсруулж иргэдийнхээ эх оронч сэтгэлгээг сэргээхээр болов. МАХН-ын өрсөлдөгч нь үндэстний эрхэмсэг оршихуйг дээдлэн эх оронч үзэл, үндэсний бахархлыг нийгмийг нягтруулагч, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч суурь үзэл санаа болгон хөгжүүлнэ гэжээ.

Ардчилсан хүчний төлөөллийн хувьд М.Энхсайхан Монголын төрийг улстөр-бизнесийн явцуу бүлэглэлийн дарамт, шахалтаас ангид байлгах гэсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан нь өрсөлдөгчийнхөөс нь ялгарах нэг онцлог болжээ. Бас нэг өвөрмөц санаа гэвэл М.Энхсайхан иргэдийнхээ сүсэглэх, бишрэх эрх, эрх чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхны шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ гэжээ.

Н.Энхбаярын хөтөлбөрт ч М.Энхсайханыхаас ялгарах олон зүйл туссанаас заримыг тоймловол Мянганы зам, Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, мэдээлэл, харилцаа холбооны хөтөлбөр зэрэг суурь бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн тулгуур төв, аймгийн төв, сум, суурин газрыг холбосон болон дотоод дэд бүтцийг хөгжүүлэх, хот, сууриныг барилгажуулах, тохижуулах үйл ажиллагааг дэмжих, утаагүй түлш ашиглах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангахад Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлнэ гэх зэрэг олон санаа оржээ.

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан Монголын ард түмний амьдрал, тусгаар тогтнолын төлөө төр хариуцлага хүлээхийг амлав. Түүний хөтөлбөр бүхэлдээ нэлээд бүтээн байгуулалтын уур амьсгалтай. Амьдралын бүх хүрээнд бүтээн байгуулалтын эрс шинэчлэлийн эрчимтэй хөгжлийн иж бүрэн оновчтой бодлого хэрэгжүүлэх, ардчилсан бүтээн байгуулалтыг шинэ сэтгэлгээ, дэвшилтэт арга, оновчтой механизмаар хөгжүүлэх хөгжил дэвшлийн зөв гарц олох зэрэг санааг тэрээр дэвшүүлжээ. Хариуцлагатай төр, хөгжилтэй нийгэм, хөрөнгөтэй нийгэм байгуулах зорилтыг мөн дэвшүүлээд байна. Түүний нэг өвөрмөц санаа бол улстөрийн засаглалыг хязгаарлаж иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх явдал. Тэрээр тэнд намуудыг гишүүнчлэлгүй байлгах зарчим дэвшүүлжээ. Улстөрийн намуудад өгдөг санхүүжилтийг багасгах санаа гаргасан байна. Шүүх засаглалыг ард түмэндээ ажлаа тайлагнадаг болгохоор хөтөлбөртөө тусгажээ. Мэдлэгт суурилсан эдийн засаг, оюуны багтаамж сайтай тэргүүний технологи эзэмших нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн өндөр өсөлт бий болгож ард түмний амьдралыг дээшлүүлэх зөв гарц болно гэжээ. Хувьчлагдаагүй үлдсэн үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг хувьчлан авах бэл бэнчинтэй үндэсний хөрөнгөтөн алга байгаа тул төрдөө байх нь одоохондоо зөв гэж Б.Жаргалсайхан үзжээ. Аливаа төр өөрийн гэсэн банк, холбоо, эрчим хүч, экспортын эх үүсвэртэй, үндэсний хүнсний үйлдвэртэй байвал үндэсний аюулгүй байдал баталгаатай болно гэж үүнийгээ тодотгожээ. Тэрээр өнөөгийн нөхцөлд орлогын хэмжээнээс биш өмчийн бүтцээс хамаарсан татварын бодлого хэрэгжүүлэх нь шилжилтийн тодорхой үед тохиромжтой байж болно гэжээ.

Б.Жаргалсайхан бизнесийн хүний хувьд татварын чиглэлээр бусдаасаа арай нарийн хөтөлбөр боловсруулсан байна. Өөрийн хөрөнгөөр буюу өөрөө зээл авч аж ахуй эрхэлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн орлогын татварыг багасгах чиглэл барьж төрийн өмчийн аж ахуйн нэгжийн орлогын татвар, гадаад оронтой хамтарсан аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэх мэт ялгаатай татвар тогтооё гэж үүнийгээ илэрхийлжээ. Үндэсний үйлдвэрлэл, үндэсний хөрөнгөтөн бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг тэрээр дэмжих юм байна. Дотоодод үйлдвэрлэх боломжгүй нийтлэг хэрэглээний барааны НӨАТ-ыг чөлөөлж өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүний НӨАТ-ыг нэмэх хөтөлбөр гаргажээ. Импортын архи, тамхи, шар айраг, автомашины онцгой албан татварыг нэмэх санал дэвшүүлжээ. Хүн амаас татвар хураахдаа гэр бүлийн гишүүдийн тоог харгалзах гэнэ. Ахмадуудын гомдолтой ханддаг 1995 оноос өмнө тогтоосон тэтгэврийн зөрүүг 2006 он гэхэд бүрэн арилгана. Өндөр настнуудад жил бүрийн ахмадын баяраар нэг удаа 30 мянган төгрөг олгоно. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийн хэмжээг багасгана. Эмч, багш, цагдаагийн цалинг 250-300 мянган төгрөгт хүргэх зэрэг популист маягийн амлалтууд орсон нь харагдлаа. Мөн төрийн тусгай хангамжийг хязгаарлаж оюуны өндөр чадвартай, сонгон суралцах онцгой авьяастай, олон талын бүтээлч сэтгэлгээтэй өсвөр залуу үе Монголын ирээдүйг авч явах болно хэмээн онцолжээ.

Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат “Эрх чөлөөт, чинээлэг иргэдтэй Эрх зүйт шударга төртэй болохын төлөө” гэсэн уриа дэвшүүлжээ. Төр иргэн хоёр хуулийн өмнө эрх тэгш байх бодит эрх зүйн орчин бүрдүүлэх нь авилгал, хээл хахууль, хүнд суртлын сүлжээнээс ангижрах арга зам гэж тэрээр үзэж буй аж. Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэжээ. Гадаад харилцааг эдийн засагжуулж төрийн дипломат бодлогыг улс орны хөгжил, хүн ардын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монгол хүнийг хөгжүүлэхэд түлхүү хандуулна гэсэн санааг оруулжээ.

Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол орны хөгжлийн загвар, төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог хүний хөгжлийн бодлогод нийцүүлэн эрс шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг удирдахаа Б.Эрдэнэбат амлажээ. Тэрээр Ерөнхийлөгч болбол Монгол хүний дундаж насыг уртасгах, хүн амын өсөлтийг төрөөс онцгойлон анхаарах зэрэг бодлого баримтлах юм байна. Нийгмийн эмзэг, ядуу бүлгийнхэнд онцгой анхаарал халамж тавьж тогтвортой ажлын байр, идэх хоол, өмсөх хувцас, гэр оронтой байж үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх нөхцөлөөр хангах нь төрийн бодлогын хойшлуулшгүй зорилт хэмээн нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлнэ гэж хөтөлбөртөө тусгажээ. Тэрээр Монголын ард түмний үнэт зүйлс, түүх соёл, ёс заншлыг эрхэмлэн дээдэлж үндэсний хэмжээнд ёс суртахууны үлгэр үзүүлэн ажиллах талаар тусгай бүлэг оруулжээ.